Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 66 дугаар гудамж, 888 тоотод оршин суух, эрэгтэй, УУ63032837 дугаарын регистртэй, Боржигон овогт Пүрэвжавын Батхуягийн нэхэмжлэлтэй,

улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Батхуягаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд Хилийн цэргийн 064 дүгээр ангид 3 жил цэргийн алба хаасан юм. 1984 оны 6 дугаар сард цэргээс халдагдаж ирээд Улаахбаатар хотын Цагдан сэргийлэх газрын эргүүлийн ротод жолооч, сэргийлэгчээр орж ажилласан. 1984 оны 4 дүгээр сард Цагдаагийн автобааз нь дотроо тусдаа жолооч нарыг харъяалдаг газартай болж, тэнд үргэлжлүүлэн ажиллааад 1991 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд би ачааны автомашины жолоочоор ажиллаж байсан. 1990 оны ардчиллын хувьсгал болоход би том машинтайгаа хамгаалалтанд зогсож байсан, тэгээд хэдэн сарын дараа удалгүй өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан юм. Бид нарт хөдөлмөрийн дэвтэр гэж байгаагүй. Тушаалууд бүгд Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагддаг. Одоо би өндөр насны тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох гэхэд ажилласан жилгүй болоод байна.  Намайг ажлаас чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй байна. Дандаа л  нэг байгууллагад ажиллсан, өөр газар ажиллаж байгаагүй. Намйаг ингэж ажиллаж байсныг надтай хамт баазад жолооч байсан Ц.Барзул, Ц.Агваансовд нар гэрчилж байгаа. Надад 1986 онд авхуулсан ганц зураг л байдаг, түүнийгээ өгсөн. Тагнуулын ерөнхий газрын архивын лавлагаа байгаа. Миний улсад ажилласан хугацаа маань энэ 1984 оны 6 дугаар сарын 12-ноос 1991 оныг хүртлэх хугацаа юм. Надад өөр хувийн баримт юу ч байхгүй олдохгүй байна.Иймд миний дээрх улсад ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                 

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Батхуягийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 П.Батхуяг нь 1988 оны 1 дугаар сарын 01-нээс 1995 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Эргүүлийн ротод сэргийлэгч, Цагдаагийн авто баазад ачааны автомашины жолоочоор тасралтгүй ажиллаж байсан болох нь Тагнуулын ерөнхий газрын 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 02/1570 дугаартай, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02/1462 дугаартай архивын лавлагаанууд, П.Батхуягийн 1986 онд авхуулсан гэрэл зураг, шүүхэд мэдүүлсэн гэрч Ц.Барзул, Ц.Агваансовд нарын мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Иймд нэхэмжлэгч П.Батхуягийг 1984 оны 6 дугаар сарын 12-ноос 1991  оныг хүртэл нийт 6 жил 06 сар 19 хоног улсад ажилласныг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон  

 

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Боржигон овогт Пүрэвжавын Батхуягийг 1984 оны 6 дугаар сарын 12-ноос 1991 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Эргүүлийн ротод сэргийлэгч, Цагдаагийн авто баазад ачааны автомашины жолоочоор ажиллаж байсныг буюу нийт 6 жил 06 сар 19 хоног улсад ажиллаж байсныг тогтоосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.