Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00757

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00757

 

хххх, хххх нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/04090 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх, хххх нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6,590,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч хххх, хххх нар нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ххххх дүүрэг хх дугаар хороо, ххххххххххххххххх тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл амьдарч байна.

1.2. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаа тараад гэртээ ирэх үед манай гэрийн үүдэнд орон сууц ашиглалтын конторын дуудлагын сантехникч ирчихсэн танайхаас ус алдаад доод айлаас чинь дуудлага ирсэн гэсэн. Ингээд гэр лүүгээ ороход манай гэрт бороо орсон мэт дээрээс их хэмжээний халуун ус гоожиж байсан. Сантехникчтэй хамт дээд айл болох 605 тоот руу ороход гал тогооных нь халуун усны уян хоолой задарснаас болж их хэмжээний ус алдалтын байдалтай гэрийн эзэн болох хххх нь усаа шавхсан байдалтай зогсож байсан.

1.3. Тухайн үед хххх нь манай гэр лүү хамт орж үзсэн ба бүх хохирлыг өөрийн биеэр төлж барагдуулна уучлаарай гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг. Бид орон сууцны даатгалтай байсан хэдий ч засварын материал, ажлын хөлс, тавилгыг бүгдийг нь янзалж өгнө гэсэн болохоор даатгалын байгууллагатай холбогдолгүйгээр хүлээсэн болно.

1.4. Гэвч 5,000,000 төгрөг өгөөд дахин мөнгө өгч чадахгүй гэж хэлээд өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй байна. Бид хөрөнгийн үнэлгээний байгууллагад хандаж үнэлгээ хийлгэсэн. Ингээд өөрийн зардлаар материал авч 14 хоногийн дотор засварын ажлыг хийж дуусгасан болно.

Иймд орон сууцны засварын материал, ажлын хөлс, гал тогооны тавилгын зардалд орсон нийт 11,390,500 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 200,000 төгрөг, нийт 11,590,500 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 6,590,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч ххххыг эзгүй байхад гал тогооны шугам хоолой хагарсны улмаас алдсан. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тухайн орон сууцад ус алдсан, эвдрэл гэмтэл авсантай холбогдуулан Итгэлт эстимэйт ХХК-д хүсэлт гаргаж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний тайлангаар 4,692,173 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан. Тэгэхээр энэ үнэлгээний тайланг үндэслээд хариуцагч ххххын зүгээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгчээс энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өөрсдөө үнэлгээ хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл хохирол учирсанаас хойш засвараа хийлгэсний дараа үнэлгээ хийлгэсэн гэж харагдаж байгаа.

2.2. Манай хийлгэсэн үнэлгээ дээр тааз бүтнээр нь солих, засварлах, гипсдэх, будах, замаскадах, обой засах, наах гэх мэт хохирлыг барагдуулах үнэлгээ нь 4,692,173 төгрөг, гал тогооны тавилгыг засварлана гэж оруулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гал тогооны тавилгыг сольсон, шалыг сольсон гэдэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд хуучин тавилгаа хэрхэн яаж сольсон, шалыг буулгаж авсан бол хуучин тавилга шал нь хаана байгаа гэх мэт зүйлүүд тодорхой тусгагдаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн үнэлгээ дээр шалыг зайлшгүй солих шаардлагатайгэдэг үг, үсэг өгүүлбэр байхгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ххххаас 6,059,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххх, хххх нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 531,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххххгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххххаас 111,896 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххххд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримт болон бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх энэхүү маргаан бүхий иргэний хэрэгт бодитой бүрэн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Учир нь, хариуцагч ххххын зүгээс санаатайгаар ус алдуулаагүй, эзгүй байх хойгуур гал зуухны өрөөний угаалтуурын уян хоолой усны даралтаас болж задарснаас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ус алдсан байсан. Доод айлдаа ороод учир байдлаа яриад уучлалт гуйж үнэлгээ хийлгэж хохирлыг төлөх болохоо илэрхийлсэн.

Ингээд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК-д хандаж үнэлгээ хийлгэхийг хүссэн ба үнэлгээчин нэхэмжлэгч талын гэрт нь орж үзэж фото зураг авч баталгаажуулан хохирол үнэлгээний тайланг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргаж өгсөн байна. Энэ үнэлгээг ххххт хэлж 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 5 сая төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгсөн.

Хариуцагч талаас Итгэлт эстимэйт" ХХК-ийн хуулийн шаардлага хангасан үнэлгээний тайланг иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байхад ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хуулийг зөрчиж байна.

4.2. Анхан шатны шүүхээс ус алдсанаас хойш 1 сарын дараа үзлэг хийж, бодит байдалтай танилцсан нь үнэн бодитой байна гэж дүгнэсэн үнэлгээний тайланд ус алдсан байсан үеийн буюу тааз нурсан, абжур унасан, гал тогооны тавилга хөөж эвдэрсэн фото зураг хавсаргасан байна. Засварлах ажиллагааг 14 хоног дотор дуусгасан байсан гэж нэхэмжлэгч тайлбарлан мэтгэлцдэг. Бодит байдлаас өөрөөр нөхөж төсөөллөөр хийсэн үндэслэлгүй тайлан болох нь нотлогдож байна.

4.3. Анхан шатны шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг нэг сарын дараа үзлэг хийж, бодит байдалтай танилцсан нь үнэн бодитой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ гэснийг хуульд заасан үндэслэлээр тайлбарлаагүй. Үнэлгээчин нарын аль аль нь очиж үзэж бодит байдалтай танилцсан байгааг анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгчээс анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хохирол шаардаж байсан. Шүүхэд нэмж ямар нэг хүсэлт шаардлага гаргаагүй.

Хариуцагчаас ус алдсаны улмаас эвдэрсэн бодитой зардлыг төлөх болохоо анхнаасаа илэрхийлсэн. Гал тогооны тавилгын хэсэг газарт ус орж хавтан хаалга ашиглах боломжгүй болсныг хэсэгчилэн засварлах, хаалгыг хэсэгчилэн солих бололцоотой ба гал тогооны тавилгыг бүхэлд нь солих шаардлага байгаагүй илүү зардал гаргаж үүнийг шаардаж байна гэж харилцан маргадаг. Өөрөөр хэлбэл, болгоомжгүйгээр бусдад учруулсан хохирлыг бодитоор төлөхийг хүссэн.

4.4. Анхан шатны шүүгчээс шүүх хуралдаан нээж энэ гэм хорын хохирол байна бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлүүлэх ёстой гэдгийг илэрхийлэн шүүх хуралдааныг өөрийн санаачилгаар хойшлуулсан. Өөрт олгогдсон хэм хэмжээг хэтрүүлсэн ба анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэх захирамжид тусгагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй зүйл, шаардлагыг шүүх өөрийн санаачилгаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж нотлох баримт болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Итгэл эстимэйт ХХК үнэлгээ хийсэн. Гэрт орж ирээд хохирол барагдуулахад шаардлагатай фото зургуудыг баталгаажуулж байна гээд 2, 3 зураг дараад гарсан. Өөрөөр хэлбэл, бусдын гэрт зөвшөөрөлгүй үнэлгээчин орж ирээд үнэлгээ хийх боломжгүй учраас Итгэл эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй. Хохирсон хүмүүс нь бид өөрсдөө учраас үнэлгээний газраа өөрсдөө сонгож, үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээчин манайд 3 удаа ирсэн. Ус алдсан өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээчин ирэхэд ус алдаж байгаа учраас үнэлгээ хийх боломжгүй гээд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирээд сольж, засварлах зүйлүүдээ бичиж аваад явсан. 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ирэхдээ солих шаардлагатай эд зүйлийг сольсон эсэхийг шалгаад 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээний тайлан гарсан.

5.2. Хавтан хаалгыг л зөвхөн солиход болох байсан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл дээд айлын гал тогооны уян хоолой задарсан учраас манайд хамгийн хохирол учирсан хэсэг тогооны хэрэгсэл тэр чигтээ эвдэрсэн. Үүнийг хэсэгчлэн солих боломжгүй гэдгийг талууд болон үнэлгээний компани ч мэдэж байсан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх гэж зохицуулсан. Гэтэл зөвхөн хаалгыг нь солиход өмнөх байсан байдалдаа очих ямар ч боломжгүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.             Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.             Нэхэмжлэгч хххх, хххх нар хариуцагч ххххд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6,590,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3.            2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ххххын оршин суудаг хххххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххххххххххх тоот орон сууцны гал тогооны халуун усны шугам хоолой хагарсаны улмаас их хэмжээний ус алдаж доод давхрын ххх тоот орон сууц руу нэвчин орж, тус орон сууцны өмчлөгч хххх, хххх нарын эд хөрөнгөд гэм хор учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

Хариуцагч нь ...учирсан хохиролтой холбоотой бодит зардлыг төлнө, ... Итгэлт эстимэйт хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн 5,000,000 төгрөг төлсөн тул гэм хорын хохирлыг бүрэн барагдуулсан гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

4. Нэхэмжлэгч хххх нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...ойролцоогоор 3 цаг орчим ус алдсан байна гэж сантехникч хэлсэн, их хэмжээний ус алдсаны улмаас манай цахилгаан тасарсан, гал тогооны хэсэг рүү маш их ус орсон, зочны өрөөний хана, тааз, шал гээд тавилгууд идэгдсэн, ...халуун ус алдсаны дараагаар заавал мөөгөнцөр үүсдэг, тэр бүгдийг хатааж байж, сольж засвар хийх шаардлага гардаг учир 14 хоногийн хугацаанд засвар хийсэн, гал тогооны тавилгыг бүгдийг нь шинээр солиулсан ... гэж тайлбарлажээ.

4.1. Хэрэгт нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 124 тоот Хохирлын үнэлгээний тайлан, хариуцагчаас гаргаж өгсөн Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хохирлын үнэлгээний тайлан тус тус авагдсан байна.

4.2. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь нэхэмжлэгч ххххийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 11,059,100 төгрөгөөр үнэлэхдээ зочны өрөө, галын өрөө, коридор, жижиг өрөөний тааз, хана засварлахад орох материалын болон засварын зардал /элэгдэл 20 хувиар/ 3,461,100 төгрөг, ажлын хөлсний зардал 2,392,000 төгрөг, паркетан шалны талбайг 37 м.кв-аар /2,020,800 төгрөг/, гал тогооны тавилгын 6,628,000 төгрөгөөр тус тус тооцсон байна.

4.3. Итгэлт эстимэйт ХХК нь эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг үнэлэхдээ материалын зардал 745,987 төгрөг, ажиллах хүчний зардал 1,825,625 төгрөгөөр тооцохдоо паркетан шалны талбайг 19,87 м.кв-аар /445,287 төгрөг/, бусад зардал буюу гал тогооны тавилга 1,134,000 төгрөг /2.70 м.кв х 600,000 төгрөг, элэгдэл тооцсон үнээр/, абажур 800,000 төгрөг, нийт 4,692,173 төгрөгөөр тус тус тооцсон байна. уг хоёр тайланд учирсан хохирлыг таазны замаска, эмульс хууларч, гипсэн тааз норж нурж унасан, гипсэн таазанд тогтоосон абажур унаж хагарсан, хананы обой хууларсан, паркетан шал норж пөмбийсөн, гал тогооны шүүгээ норж хөөж хагарсан гэж дүгнэжээ. /хх-12, 40/

 

5. Анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон дээрх нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээг үнэн, бодитой гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна. Энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Харин хариуцагч ххххаас гэм хорын хохиролд 6,059,100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу болжээ. Давж заалдах заалдах шатны шүүх уг алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзлээ.

5.1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

5.2. Нэхэмжлэгч нар хххххх дүүрэг, хх дугаар хороо, хххххххх дүгээр байрны ххх тоот орон сууцыг 2022 оны 12 дугаар сард худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх24/

5.3. Нэхэмжлэгч нар гал тогооны тавилгын үнэд 5,784,688 төгрөг төлсөн болох нь хэргийн 26 дахь талд авагдсан и-баримтаар нотлогдсон.

5.4. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хохирлын үнэлгээ хийхдээ засварын зардлаас элэгдлийг 20 хувиар тооцсон атлаа тогооны тавилга болон паркетан шалны үнээс элэгдэл тооцоогүй байна.

Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, гал тогооны тавилганы үнэ болох 5,784,688 төгрөг /5,784,688 х 20%=1,156,937/ паркетан шалны үнэ 2,020,800 /2,020,800 х 20%=404,160/ төгрөг тус бүрээс 20 хувиар элэгдэл тооцож, нийт учирсан бодит хохирлыг 9,498,003 төгрөг гэж үзэх нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Үүнээс хариуцагч ххххаас төлсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцон, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг 4,498,003 төгрөгийг хэмжээнд хангаж, үлдэх 2,092,497 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нараас хариуцагчид холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэж заасантай нийцэх тул шүүгч шүүх хуралдаан нээж, гэм хорын хохирол байна, бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой гээд шүүх хуралдааныг өөрийн санаачилгаар хойшлуулж, өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

7. Мөн шүүх зохигчдын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/04090 дугаар  шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 6,059,100 гэснийг 4,498,003 гэж, 531,400 гэснийг 2,092,497 гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 111,896 гэснийг 86,919 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,896 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД