| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0087/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/94 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 1938001290085 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Б-,
Шүүгдэгч А.Б- нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын ХХ дугаар баг сумын төвд гэр бүлийн хамааралтай хүн болох эхнэр Ц.Т-тай маргалдан улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ ХХ аймгийн ХХ сумын ХХ дугаар баг, сумын төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Т-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхрийг гэртээ байж байхад гаднаас 1-р багийн эмч Эрдэнэбаатарын найз болох Мягаа гэдэг залуу нар орж ирсэн. Би бууз жигнэж байсан юм. Тэгээд тэр залуу тоглоом хийгээд Ц.Т- “чи эр хүнийг хоолыг нь хасаж ажлыг нь хийлгэдэг юм шүү дээ” гэж хэлэхээр нь би “тийм үү, тэгвэл би А.Б-г хоолыг нь хасаад гэрийн ажилд туслуулмаар юм байна шүү дээ” гэж хэлсэн юм...Би хадам ээжийнд ороод А.Б-гийн эмэгтэй дүүгийнх нь хүүхдийг тэврээд зүүн талын орон дээр нь сууж байтал намайг хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байсан. Надад хэлэхдээ “чи амьдралаа ганцаараа авч явдаг гэсэн үү, чи дүүгээ гэрээс зайлуулайрай, танайхан хоосон муу гуйлгачингууд” гэж хэлж байсан. Би хэрүүл хийе гэж бодоогүй “дуугүй гэртээ орж унт, чам шиг юм битгий солиороод бай” гэж хэлсэн. Тэгээд байж байтал ээжийн гутал хийдэг авдрыг онгойлгоод байсан, ээж нь “яах гэж байгаа юм бэ” гэж асууж байсан. Би хадам дүү болох Энхцэцэгтэй юм яриад сууж байтал миний зүүн талын шанаа руу нэг хатуу юмаар шидчихсэн. Тэгтэл ууттай хатуу том цайгаар шидчихсэн байсан. Миний нүүр, нүд халуу оргиод гал манарах шиг болсон. Тэгээд Энхцэцэг манайх руу ороод манай дүү Отгонбямбад хэлсэн байсан. Тэгээд манай дүү орж ирсэн байсан. Тэгээд намайг дахиж зодох гээд байж байтал манай хадам ээжийн хамтран амьдрагч Баттөр нь босож ирж салгасан. Тэр үед манай дүү гаднаас орж ирээд А.Б-г “та яаж байгаа юм бэ, намайг ирсэнд дургүй чинь хүрээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгтэл “чи эгчийгээ өмөөрөөд байгаа юм уу” гээд тэр хоёр хоорондоо маргалдсан...Тухайн өдөр ууттай цайгаар нэг удаа цохисон өөр цохиогүй. Урьд нь гэр бүлийн хэрүүл маргаан байнга хийж надад гар хүрч байсан. Би тэр болгонд нь цагдаа хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Манай ах дүү нар хотод байдаг болохоор би гэрийнхэндээ ч хэлэлгүй нуугаад өнгөрөөдөг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,
Гэрч Ц.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед манай бага охин Отгонбямба над руу утасдаад “Ц.Т- эгчийг А.Б- ах ууттай том цайгаар цохиод эгчийн нүднээс цус гараад юм харахгүй байна” гэж утсаар хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 12-р тал/,
Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би А.Б- ахынд хүүхдүүдтэй нь хамт байж байтал гаднаас Нямжав гуайнд хөдөөнөөс ирсэн байсан Энхцэцэг гэдэг хүн нялх хүүхдээ тэврээд орж ирээд “танай эгчийг нөхөр нь цайгаар шидээд нүд рүү нь цохичих шиг боллоо, би хүүхдээ аваад гарлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг /15-17-р тал/,
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Тэгтэл А.Б- зүүн талын орны доод талд байдаг хөлийн авдарны өмнө сууж байснаа хөлийн авдарны дээр байсан тал шахмал цайг аваад боль гэхийн завдалгүй Ц.Т- руу шидчихсэн. Ц.Т- дээд талын орон дээр сууж байсан юм. Тэгтэл Ц.Т- орилж уйлаад нүүрээ дараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/,
Гэрч Н.Э-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...А.Б- ах Ц.Т- эгч хоёр маргалдаж байгаад А.Б- ах Ц.Т- эгчийг гэнэт юмаар цохичих шиг болсон. Би тэр үед яг юу болсон талаар мэдээгүй байж байсан юм.Тэгтэл Ц.Т- эгч нүүрээ дараад уйлаад байхаар нь би хүүхдээ айчих байх гэж бодоод хүүхдээ өлгийнд нь ороогоод гараад А.Б- ахынд ортол Ц.Т- эгчийн төрсөн дүү Отгонбямба /Отгоо/ байхаар нь Ц.Т- эгчийг А.Б- ах юмаар шидчихлээ гэж хэлчихээд хүүхдээ өлгийдөөд хамар хашаанд нь айдаг Ренчинмядаг гэдэг айлд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
Шүүгдэгч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад 2 найзынхаа хамт гадуур гарч айлын хашааны гадаа машинд сууж 2 шил архи уучихаад Эрдэнэбаатартай хамт гэрлүүгээ харихаар явсан...Тэгтэл гаднаас манай эхнэр Ц.Т- орж ирсэн. Тэгээд намайг архи уусныг мэдээд над руу уурласан. Манай эхнэр намайг “амьдралаа авч явж чадахгүй байж архи уулаа, би чамаас сална, чи 3 хүүхэдтэй хүүхэнтэй мессеж бичдэг биз дээ” гээд хий хардаж загнаад байхаар нь би уурандаа ээжийн орны доод хэсэгт байдаг авдарны урд байсан тал шахмал цай харагдахаар нь аваад шидчихсэн юм Тэгтэл манай эхнэрийн зүүн шанаа руу нь онож цохисон. Тэгээд манай эхнэр уйлаад намайг загнаад байсан.Тэгээд би ээжийн үгэнд ороод сууж байтал гаднаас удалгүй сумын цагдаа Ганболд ирээд намайг аааад явсан. Маргааш нь манай эхнэр 4 хүүхдээ аваад мөн дүү Оттонбямбатайгаа хамт аймгийн төврүү явсан байсан. Би урьд нь эхнэрээ зодож цохиж байсан удаа байхгүй. Манай хадам аав, Цэцэв гэдэг хүн эхнэр бид 2-ын амьдрал руу орж ирээд байдаг юм. Хотод ажил хиймээргүй байхад байнга утсаар манай эхнэртэй ярьж хотруу орж ир гээд байдаг юм. Үүнээс нь болж бид 2-ын дунд маргаан болдог байсан гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай: 1.Ц.Т-гийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Ц.Т-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч А.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ ХХ аймгийн ХХ сумын ХХ дугаар баг сумын төвд эхнэр Ц.Т-тай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт шахмал цай шидсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Улсын яллагч шүүгдэгч А.Б-д холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь шүүгдэгч А.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Т-тай эхнэр, нөхрийн таарамжгүй харилцаанаас болж маргалдах явцдаа хохирогчийн нүүр хэсэгт шахмал цай болох хатуу зүйл шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан халдсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэлд байнгын буюу хэвшмэл байдлаар хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй
байна гэж дүгнэв.
Харин шүүгдэгч А.Б- нь хохирогч Ц.Т-гийн нүүрэн тус газар шахмал цай шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна
Иймд шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн 1938001290085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,2,36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б-д холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч А.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1938001290085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбаргүй, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР