Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

 

      Э.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Цэнд-Аюуш,

ялтан Э.Лхагвасүрэн /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан Э.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Лхагвасүрэнд холбогдох 201525012019 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Баяжих овгийн Энхтөрийн Лхагвасүрэн, 1986 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 7 дугаар гудамжны 159 тоотод оршин суух,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: ТГ86031417/

 

Э.Лхагвасүрэн нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их монгол” хорооллын 905 дугаар байрны 108 тоот Б.Баярмаагийн гэрт архидан согтуурах үедээ Л.Батзаяаг Б.Баярмаатай хардаж хэвлий тус газар нь хутгалан бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Лхагвасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Лхагвасүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хохирогч Л.Батзаяа өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо: “Хэрэг болдог өдөр Л.Батзаяа их согтолттой, хэнд ямар хутгаар хутгалуулснаа зааж өгөөгүй. Шууд намайг хутгалсан гэж гүтгэсэн. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй. Тухайлбал: хохирогч Л.Батзаяа “...ягаан иштэй хутга...” гэж, гэрч А.Сүхбаатар “... шар өнгийн хутга байсан ба би хараа муутай...” гэж, гэрч Баярмаа “...манайд модон бор иштэй хутга байдаг...” гэж тус тус мэдүүлдэг.

Л.Батзаяа бид хоёр зодолдож байх үед хэн хэн нь хутга бариагүй ба хутгалах боломжгүй байсан. Гэрч А.Сүхбаатарын “өөдөөс харж суусан залуу босч ирээд Л.Батзаяагийн хэвлий рүү 2-3 удаа хутгалсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлэг нь шинжээчийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл, шарх гэсэн дүгнэлттэй зөрүүтэй байдаг. Хохирогч Л.Батзаяа, гэрч А.Сүхбаатар нар төрөл садангийн холбоотой хүмүүс учир А.Сүхбаатар худал мэдүүлэг өгсөн байх магадлалтай. Уг хэрэг болсноос хойш миний биед учирсан шархыг үнэн зөв тодорхойлохгүйгээр хэт нэг талыг барьж хэрэгт хандан хэргийг бодитой шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтэй байна...” гэжээ.

 

Ялтан Э.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Учир нь давж заалдах гомдол гаргасны дараа ар гэрийн зүгээс хохирогчид хохирол төлсөн болохыг мэдсэн. Ийм учраас оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Э.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болсон, Э.Лхагвасүрэн нь үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар Э.Лхагвасүрэнд оногдуулсан ялыг багасгаж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ялтан Э.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдол, хүсэлтийг эсэргүүцэх зүйл байхгүй. Үүнийг шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэнэ үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Э.Лхагвасүрэн нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их монгол” хорооллын 905 дугаар байрны 108 тоот Б.Баярмаагийн гэрт архидан согтуурах үедээ Л.Батзаяаг Б.Баярмаатай хардаж хэвлий тус газар нь хутгалан бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч Л.Батзаяагийн: “... 2015 оны 9 дүгээр сарын 17-ны орой дээр ажил дээрээ байхад Б.Баярмаа “утасны зай аваад ир” гэж ярьсан. Тэгээд А.Сүхбаатар ахын хамт Б.Баярмаагийн гэрт очиход Б.Баярмаа, Лхагваа хоёр байсан. Бид ярьж сууж байхад Б.Баярмаа бид гурвыг “яв, би найзындаа очлоо” гэсэн. Лхагваа Б.Баярмааг гаргахгүй гээд хэрэлдээд байхаар нь би Лхагваад “хэрүүл хийгээд хэрэггүй, А.Сүхбаатар ахыг аваад явлаа” гэж хэлсэн... жорлонгоос гараад ирэхэд Б.Баярмаа гараад явсан байсанд Лхагваа уурласан. Бид явах гэтэл Лхагваа “байж бай, жоохон юм ярьж байгаад явчих” гэсэн. Лхагваа “чи хаачих гээд байгаа юм бэ” гэхээр нь “Баярмаатай уулзана” гэж хэлсэн шиг санаж байна... тухайн үед Лхагваатай хэрэлдэж байсан болохоор хэлсэн ярьснаа санахгүй байна. Лхагваа баруун гараараа над руу чичих шиг болсон. Миний хэвлийн зүүн талаар бүлээн оргиод байсан... Лхагваа руу харахад хөргөгч налаад суугаад “би өнгөрсөн хүн” гэж орилоод өөрийнхөө хөлний цусыг гараараа тараагаад сэгсрээд байсан. Удалгүй цагдаа нар орж ирсэн...” /1-р хх-13-17, 117-118, 127, 2-р хх-25-26, 49-50/,

            - Гэрч А.Сүхбаатарын: “... Л.Батзаяа бид хоёр ороод удаагүй байхад Л.Батзаяа, Б.Баярмаа, хамт сууж байсан залуу гурав гарах шиг болсон. Удалгүй Л.Батзаяа, Б.Баярмаатай цуг сууж байсан залуутай орж ирсэн ба Б.Баярмаа байхгүй байсан. Тэгээд тэр хоёр орж ирээд Л.Батзаяа миний баруун гар талд сууж, нөгөө залуу миний урд сандал дээр өөдөөс хараад суусан. Нөгөө өөдөөс хараад сууж байсан залуу гэв гэнэт босч хаанаас ч юм хутга гаргаж ирсэн. Тэр хутгаа баруун гартаа бариад Л.Батзаяагийн хэвлийд 2-3 удаа хутгалсан. Их хурдан хөдөлж хутгалсан. Түүнийг сандал дээр сууж байгаад боссон чинь хөлнөөс нь цус гарч байсан...” /1-р хх-24-25, 117, 2-р хх-30-31/,

- Гэрч Б.Баярмаагийн: “... тэр өдөр Э.Лхагвасүрэнтэй хамт байхад Л.Батзаяа ахтайгаа ирсэн. Ирэхдээ нэг шил “Улаанбаатар” нэртэй архи авчирч Л.Батзаяа, Э.Лхагвасүрэн, А.Сүхбаатар ах бид 4 хувааж уугаад юм яриад сууж байхад Э.Лхагвасүрэн, Л.Батзаяа хоёр хоорондоо маргалдаж муудалцаад байсан. Би тэр хоёрт “хүний гэр оронд муудалцаж болохгүй, та нар манайхаас гарцгаа, эсвэл бөөнөөрөө гарцгаая” гэхэд Э.Лхагвасүрэн “чадахгүй, гарахгүй” гээд орилоод байхаар нь “та нар гарахгүй бол би явлаа” гэсэн чинь тэр гурав намайг гаргахгүй байсан... Л.Батзаяа, Э.Лхагвасүрэн хоёр бие засах өрөө рүү орж хаалга хаачихаад юм яриад, хэрэлдээд ч байгаа юм уу шивнэлдээд байсан. Би А.Сүхбаатар ахад “явлаа” гэж хэлээд гарсан...” /1-р хх-18-19, 120, 2-р хх-10-11, 24, 39/,

- Гэрч М.Батжаргалын: “... Э.Лхагвасүрэн манай ээжийн дүүгийн хүүхэд юм. Намайг ороход үүдэнд нь манай дүү Э.Лхагвасүрэн өмдөө доош нь шувталсан, баруун хөлний өвдөгний дээд хэсэгт шархтай цус гарсан сууж байсан. Цагдаа нар Л.Батзаяаг том өрөөний жижиг ширээний хажууд сууж байхаар нь “бос” гэж хэлэхэд “босч чадахгүй нь” гэж хэлсэн.  Цамцыг нь сөхөж үзээд “өө чи бас хутгалуулсан байна” гээд... надтай цуг орж ирсэн цагдаа нар эмнэлэг дуудсан... Ногоон өнгийн цустай хутга байсан... Манай дүү Э.Лхагвасүрэн, Л.Батзаяа хоёр найзууд бөгөөд нэг хүүхнээс болоод маргалдаад байдгийг сүүлд сонссон...” /1-р хх-22-23, 124, 2-р хх-58-59/,

- Гэрч А.Гансүхийн: “... дуудлагаар очсон... ногоон иштэй, ногоон өнгөтэй жижгэвтэр хутгыг хураан авсан... Уг айлд ороход 25 орчим насны залуу гуяндаа хутгалуулсан гээд зүүн талын гуяа алчуураар боосон байдалтай хэвтэж байсан. Мөн том өрөөний буйдан дээр 25-30 орчим насны залуу хэвлийдээ хутгалуулсан, хэвлийнээс нь цус гарсан, газраар цус болсон байдалтай хэвтэж байсан...” /1-р хх-122, 2-р хх-54-56/,

- Гэрч С.Батчулууны: “... Тухайн өдөр цагдаагийн ахлах ахлагч А.Гансүхийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэг гарсан айлд дуудлагаар очиход хутгалуулсан 2 эрэгтэй хүн байсан. Хэргийн газраас хутга хураан авсан...” /2-р хх-51-52/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Л.Батзаяад хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, зүүн бөөрний доод хэсэг, бүдүүн гэдэсний чацархай, хэвлийн арын зайн ханыг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн чамархай, зүүн гуя, зүүн гарын чигчий хурууны зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо... хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн №856  дугаар дүгнэлт /1-р хх-32/,

- Хохирогч Л.Батзаяагийн өвчний түүх /1-р хх-76-84/,

- Э.Лхагвасүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Шүүх хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Э.Лхагвасүрэн нь хохирогчийн хэвлийд хутгалсны дараа өөрийнхөө хөлийг зүсч гэмтээсэн болох нь хохирогч Э.Лхагвасүрэн, гэрч А.Сүхбаатарын мэдүүлгээр, уг хутга нь Б.Баярмаа гэгч эмэгтэйн гэрт байсан ногоон иштэй хутга болох нь гэрч М.Батжаргал, А.Гансүх, Б.Баярмаа нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул хэргийн үйл баримтын талаар маргасан Э.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв. 

 

Э.Лхагвасүрэн нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлоосоо татгалзаж үйлдсэн хэргээ хүлээж, чин санаанаас гэмшиж байгаагаа илэрхийлсэн тул түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, “гомдол, саналгүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хохирогчийн хүсэлт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын “хорих ялыг хөнгөрүүлэхэд татгалзахгүй” гэсэн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой. Энэ талаар ялтан Э.Лхагвасүрэнгийн хүсэлт, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Э.Лхагвасүрэнд 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Лхагвасүрэнд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

М.ПҮРЭВСҮРЭН