Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/0050

 

 

С.Хишигжаргалын нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн  М.Батсуурь

Шүүгчид:                                       Л.Атарцэцэг

П.Соёл-Эрдэнэ

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                              Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:                 Э.Номин-Эрдэнэ    

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн С.Хишигжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0571 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.Хишигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дугармаа нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 24 дугаар зүйлийн 24.1, 26 дугаар зүйл 26.1, Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн дугаар зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 27 дугаар зүйл 27.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн С.Хишигжаргалд холбогдох хэсэг /Сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Хишигжаргалд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон хэсэг/-ийг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0571 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Хишигжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн хавсралтын 29-д заасан 10 иргэнд хамаарах хэсгийн нэхэмжлэгч С.Хишигжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Зуунмод сумын иргэн С.Хишигжаргалаас “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн С.Хишигжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэж 221/МА2018/0571 дүгээр магадлалаар Төв аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

5. Иймд энэ шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

6. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч Төв аймгийн Засаг дарга А/110 дугаар захирамжаар С.Хишигжаргалд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгоогүй зэрэг нь хууль бус талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн ч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичиглэлийн алдаа гаргасан бөгөөд маргаж буй Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг орхиж бичсэн тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв гэсэн нь Зуунмод сумын 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд “Төв бетон зуурмаг” ХХК-тай Зуунмод сумын Засаг дарга хамтран ажиллах гэрээ байгуулан 8 айлын амины сууцны суурийн ажлыг урьдчилан хийлгэснээ 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн тусгахдаа Биеийн тамир спорт хорооны эзэмшлийн газарт давхцуулан газар олгохоор тусгасан Иргэдийн Хурлын тогтоол зэргийг хууль зөрчөөгүй үйлдэл гэж буруу дүгнэснийг шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байна” гэж үзэж байна.

7. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “захиргааны акт илт хууль бус болох” гэсэн үндэслэлээр Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын А/110 дугаар захирамж хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

8. Иймд дараах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 221/МА2018/0571 дүгээр магадлал, иргэн С.Хишигжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

10. Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/110 дугаар захирамжийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч С.Хишигжаргал нарын нэр бүхий 10 иргэнд газар эзэмших эрх олгосон Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/32 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

11. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 02 дугаар тогтоолоор маргаан бүхий газрыг дахин төлөвлөлтөөр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  А/15 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч С.Хишигжаргалд маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон, мөн оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар тухайн газрыг 15 жилийн хугацаатай, ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

12. Гэтэл хариуцагч мөн аймгийн Засаг даргыг маргаан бүхий  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжаар асуудлыг шийдвэрлэхдээ тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй буюу тухайлбал нэхэмжлэгчийн тайлбар саналыг авалгүйгээр “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэж үзсэн нь буруу талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

13. Нөгөөтэйгүүр маргааны үйл баримттай холбоотой хууль зүйн үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй  давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байхгүй тул “...Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ... 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн тусгасан... Биеийн тамир спорт хорооны эзэмшлийн газарт давхцуулан газар олгохоор тусгасан...” гэх агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0571 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН