| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/04761/и |
| Дугаар | 4761 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 4761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 15-523 тоотод оршин суух Жавжгайш овогт Цэрмаагийн Баасанхүү /РД:УК93043001/, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 77 дугаар байрны 47 тоотод оршин суух Хайрхан овогт Жамбазундуйгийн Дашдэмбэрэл нарын хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батсуурийн Ган-Эрдэнэ /РД:ЧЙ74091016/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Дашдэмбэрэл, хүсэлт гаргагч Ц.Баасанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ж.Дашдэмбэрэл, Ц.Баасанхүү нар шүүхэд гаргасан хүсэлт болон Ц.Баасанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганзул шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Батсуурь овогтой Ган-Эрдэнэ нь иргэн Ц.Баасанхүү болон Ж.Дашдэмбэрэл нараас нийт 6,055,700 төгрөгийн хохирол учруулан залилсан.
Цэрмаа овогтой Баасанхүү нь 2015 оны 12 сард Чех улсын виз гаргуулахаар 2,200,000 төгрөг өгсөн ба Жамбазундуй овогтой Дашдэмбэрэл нь 2014 оны 11 сард 500,000 төгрөг болон 3,355,700 төгрөгний нислэгийн тийз захиалан өгөөд тус тус залилуулсан. Энэ тухай 2015 оны 5 сарын 4-ний өдөр СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж, Б.Ган-Эрдэнэд Эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч СХД-ийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагч Б.Ган-Эрдэнэ-н оршин суух хаягийг тодорхой болгож, эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Дашдэмбэрэл, Ц.Баасанхүү нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Ж.Дашдэмбэрэл, Ц.Баасанхүү нар нь Б.Ган-Эрдэнэд залилуулсан мөнгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан байх ба эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Хүсэлт гаргагч Ц.Баасанхүү нь Б.Ган-Эрдэнээс 2,200,000 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 8937 дугаар захирамжаар, хүсэлт гаргагч Ж.Дашдэмбэрэл нь Б.Ган-Эрдэнээс 3,855,700 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 9190 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд, Б.Ган-Эрдэнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Батсуурийн Ган-Эрдэнэ /РД:ЧЙ74091016/-ийг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэст тус тус үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР