Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 216/МА2024/00002

 

 

 

 

 

 

 

 

Б.Ө нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар:

        Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2024/00050 дугаар шийдвэртэй

             Нэхэмжлэгч Б.Ө нэхэмжлэлтэй

             Хариуцагч Д.Н холбогдох

           Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Ө сумын З ө гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аман хэлцлээр хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Н шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг  гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намнансүрэн, түүний өмгөөлөгч П.Итгэл нар /цахимаар/, хариуцагч Д.Н, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие 2020 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 60,000,000 төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг гаргаж, хэрэг бүртгэлтийн 201101434 дугаартай хэрэг нээж, шалгаад Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн прокурорын 472 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Уг тогтоолын 5 дугаар хуудсанд Б.Ө нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул дээрх асуудлыг иргэний маргаан гэж дүгнэлээ. Мөн тогтоолын тогтоох нь: 2-д Б.Ө нь хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэсэн байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би Дорноговь аймгийн Ө сумын З ө гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Д.Н ХААН банкны - тоот дансанд 60,000,000 төгрөгийг 2 удаагийн /28,000,000+32,000,000 төгрөгийг Ө газрын урьдчилгаа төлбөр гэж/ гүйлгээ хийж шилжүүлсэн. Хэд хоногийн дараа тухайн газрын бичиг баримтыг мэргэжлийн хүнд үзүүлэхэд энэ газар чинь А лицензтэй талбайд ордоггүй юм байна, чиний авсан гэх газар хажууханд нь байдаг газар байна гэхээр нь би ноцтой төөрөгдсөн байна гээд Д.Н 60,000,000 төгрөгөө буцааж авья гэхэд миний мөнгийг өгөөгүй, дахиж уулзаагүй.

          Иймд, Дорноговь аймгийн Ө сумын З ө гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аман хэлцлээр хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Н шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1.  Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би Б.Ө уулзаж, ярилцаж холбогдох нь байтугай 1 удаа ч утсаар ярьж түүнээс мессеж хүлээн авч байгаагүй, огтоос танихгүй хүн. Гэтэл Б.Ө нь надтай уулзаж, аман гэрээгээр тохирсоны үндсэн дээр 60,000,000 төгрөгийг над руу шилжүүлж “С к” ХХК болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компанийг газартай нь худалдаж авахаар болсон, удалгүй авахаа болиод мөнгөө нэхсэн боловч төлөөгүй гэсэн нь намайг илтэд худал гүтгэж байгаад гомдолтой байна. Харин эсрэгээрээ энэ өдөр нь би доорх компанийг бусдад зарах биш би өөрөө уян хатан нөхцөлтэйгээр худалдаж авсан байдаг юм. Яагаад авах болсон шалтгаан нь Б.Б нь ...компанийн хүмүүстэй уулзахад төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд эрхээ шилжүүлнэ гээд тохиролцоонд хүрч чадаагүй болохоор намайг гуйсан, туслахыг хүссэн. Учир нь “С к” ХХК-ийн захирлыг миний сайн таних ах Э таньдаг, найз нь юм. Энэ хүнээрээ дамжуулж хэлж, яриад өгөөч гэж Б.Б гуйсан. Би ярьсан боловч зөвшөөрөөгүй, харин намайг авахаар бол тусалж өгье гэсэн. Энэ талаар Б.Б хэлэхэд тэр намайг өөрийн нэр дээр аваад өгөөч, дүүд нь өгөхгүй байгаа юм чинь дүү нь бүх мөнгөө гаргаж зарцуулах болохоор танд асуудал гарахгүй гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч, дээрх компанийг худалдаж авч Б.Б өгөхөөр 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хотод ирсэн байдаг. Тэгээд энэ өдөртөө компанийн хүмүүстэй уулзаж ярилцаад урьдчилгаа мөнгөө төлөөд үлдэгдлийг нь 1 жилийн дотор үйл ажиллагаагаа явуулж байгаад төлж дуусгаад компанийн хувьцааг 100 хувь шилжүүлж авахаар тохирч, гэрээ хийж, нотариатаар батлуулаад компанийн 30 хувь хувьцаа болон эрхийг шилжүүлж авсан. Урьдчилгаа болох 60,000,000 төгрөгийг Б.Б нь миний дансыг авч шилжүүлсэн. Энэ мөнгийг тэр доор нь би компанийн хүмүүсийн дансанд шилжүүлснээр гэрээ хийгдсэн, гэрээ болон холбогдох бичиг баримтыг Б.Б өгсөн. Б.Б нь компанийн гэрчилгээ солигдож гарч ирэхээр түүнийг аваад над дээр ирж компаниа өөрийн нэр лүүгээ шилжүүлж авахаар тохироод үлдсэн. Зорилго нь А лицензтэй газрыг л авах ёстой байсан. Тэр лицензтэй газар нь миний нэр дээрх газар биш Л.Д нэр дээр байсан. Тэгээд би хүсэл зоригийг нь хангаад гэрээг нь хийгээд өгсөн болохоос биш мөнгө Б.Ө орж ирж байгааг мэдэхгүй. Гэрч болон нотлох баримт, хавсаргаж өгсөн материалуудаар нотлогдоод гараад ирэх байх. Тийм болохоор үүнийг би бүрэн хариуцах ёсгүй, би хэн нэгнийг хуурч мэхэлж мөнгийг нь авч хувьдаа ашиглаагүй, бусдад тусалж сайхан сэтгэл гаргасан болохоор энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Ө сумын З ө гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аман хэлцлээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Н 60,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ө олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ө олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Д.Н дансыг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ дуусгавар болохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

        4. Хариуцагч Д.Н давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б.Ө нь Дорноговь аймгийн Ө с З ө гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29,43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар болж, ингэхдээ Б.Б найз Д.Н-О эгч Д.Н нэрээр худалдах, худалдан авах гэрээг байгуулуулж мөнгөө түүгээр дамжуулан компанийн захирал Д.Д өгсөн байна. Өөрөөр хэлбэл, А лиценз бүхий газрыг зарах гэнэ гэсэн мэдээг Д.Н сонссон дүү Д.Н-О нь өөрийн найз Б.Б энэ тухай хэлснийг Б.Б нь цааш Б. тус тус хэлжээ. Б.Ө нь Б.Б, Д.Н-О нараар зуучлуулан тус компанийг авахаар болсон байна. Гэтэл газрын эзэн Л.Д нь танихгүй хүнд итгэж газраа зарахгүй, өгөхгүй гэсэн тул тэд арга буюу Д.Н нэр дээр шилжүүлэн авсан байна. Б.Ө шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг Д.Н тэр даруй Л.Д болон түүний шилжүүлэхийг хүссэн Баярмаа гэх мэт хүмүүс рүү шилжүүлэн өгчээ. ...Б.Ө нь өөрийн шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч биш этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Б.Ө болон Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж улмаар талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж, худалдан авах хэлцлээ улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэмээн үзэж 60,000,000 төгрөгийг Д.Н гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй юм.

...Эцэст нь тэмдэглэхэд компанийн эзэн Л.Д нь өгсөн мөнгөндөө жонш олборлож аваарай гэсний дагуу Б.Б нь тус газраас жонш олборлож авсан байдаг. Гэвч Б.Б нь Б.Ө мөнгөнд тооцож жонш олборлож авсан атлаа одоог хүртэл мөнгийг нь өгөөгүй тул нэхэмжлэгч нь хамтран ажиллахаар тохирсон Б.Б өөрийн мөнгийг шаардах нь зүйтэй юм. ...үүнээс гадна гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Учир нь А лиценз бүхий газар нь өмчлөгдөөгүй, зөвхөн эзэмших эрх бүхий газар тул үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхгүй юм. ... 2023 оны 08 дугаар сарын 17-нд компанийг нь нэг хятад хүний нэр дээр шилжүүлж өгсөн.

Иймд, ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

            5. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Б.Ө нэхэмжлэлийг харахад ашигт малтмалын талбай бүхий газрыг компанийн хамт худалдаж авахаар 60,000,000 төгрөгийг Д.Н данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа үзүүлэхэд тухайн газар тус газарт хамаардаггүй гэдгийг мэдээд 60,000,000 төгрөгөө авъя гэж нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэлдээ хэнээс юуг худалдаж авах талаар ярьсан, яагаад Д.Н дансанд шилжүүлэх болсон талаараа огт дурдаагүй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь ойлгомжгүй, тодорхойгүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад, шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч тал тайлбарлахдаа Б.Б, Д.Н-О, Б.Ө бид 3 хамтарч ажиллахаар тохиролцоод, газрын эзэн Л.Д гэдэг хүнээс компанийг нь газрын хамт аваад ажиллая, хөрөнгийг нь Б.Ө гаргая, газрыг ухах, үйл ажиллагаа явуулахыг Б.Б хариуцъя, бичиг цаас, бас бус ажлыг Д.Н-О хариуцъя гэдэг байдлаар ярилцаж тохиролцоод, мөнгө гаргаж байгаагаараа Б.Ө нь 60 хувийг, нөгөө 2 нь 20, 20 хувиар эзэмшээд энэ компанийг 100 хувиар худалдаж аваад уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллая гэсэн яриаг ярьсан байдаг. Энэ газрыг “С к” ХХК эзэмшдэг, компанийг авч өөрсдөө эзэмших замаар тэр газрыг ашиглах эрхтэй болно. Тэрнээс газрыг тусд нь худалдаж авах боломжгүй. “С к” ХХК-ийн эрхийг шилжүүлж авах талаар яригдахад “С к” ХХК-ийн захирал би огт танихгүй, мэдэхгүй хүмүүст өгөхгүй, хувь хэмжээгээ цувуулж өгөх байдлаар гэрээ хийгдэх юм байна, мөнгийг нь дараа нь өгөх юм байна, огт хараагүй хүмүүстэй гэрээ хиймээргүй байна гэдэг асуудал тавингуут Б.Б, Д.Н-О, Б.Ө нар таньж мэддэгээр нь Д.Н-О эгч Д.Н нэр дээр энэ компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээгээр авъя, Д.Н нэр дээр авангуутаа дараа нь өөрсдийн нэр дээр шилжүүлж авах талаар яриа хийсэн. Ингээд Д.Н гуйсан. Ялангуяа Б.Б, Д.Н-О хоёр. Хариуцагч татгалзаад байхад энэ хүмүүс удаа дараа гуйсаар байгаад арга буюу хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр шилжүүлж аваад гэрээ хийх гэж байгаа бол би аваад өгье, харин та нар хурдхан шиг шилжүүлж аваарай, би нэр дээрээ компани аваад явж чадахгүй гэдэг асуултыг тавьсан. Б.Ө энэ байдлыг хэлэхэд Б.Ө нэгэнт галт тэрэг хөдөлсөн, одоо тэр хүнийг гуйгаад нэр дээр нь ав, эхний ээлжинд 60,000,000 төгрөгийг өгье гэж Б.Б хэлсэн байдаг. Тухайн өдөр Д.Н гэдэг хүн компанийн 30 хувь авах гэрээг өөрийнхөө нэр дээр байгуулж, Д.Н руу 60,000,000 төгрөг шилжүүлж, Д.Н нь цааш “С к” ХХК-ийн захирлын хэлснээр эдгээр хүмүүсийн данс руу хувааж хийсэн. Д.Н нэр дээр компанийн 30 хувь ирлээ. Яг энэ үед нэхэмжлэгч Б.Ө жоншны газраа үзэхээр очдог. Өмнө нь очиж үзээд болж байна, жонш гарах юм байна, судал нь гарчихсан юм байна гэдэг асуудлыг тавьсныхаа дараа Д.Н авахуулдаг. Тухайн үед газрын зураг ирэнгүүт нэхэмжлэгч Б.Ө газрын зургийг компьютерт хийгээд үзэхэд судал нь кадастрийн зургийн гадна болж таарсан. Гадна байгаа учраас би болилоо гэснээр тэр гурвын хамтран ажиллах худлаа болж, Б.Ө 60,000,000 төгрөгөө буцааж авъя гэдэг асуудлыг Б.Б тавьдаг. Тэр гурав хамтран ажиллах гэрээ байгуулсан учраас Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар энэ гурван хүний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Б.Б хэлэхдээ тэр мөнгө компани руу явсныг чи мэдэж байгаа, нөгөө компани мөнгийг хэрэглэсэн байна, компани нь та нар жонш ухаад наад мөнгөө гаргаад авчих, тэгээд буцаагаад 30 хувиа авъя гэж хэлсэн. Тухайн үед Б.Ө энэ жоншийг надад үзүүлээд миний 60,000,000 төгрөгийг залилчихлаа гэдэг асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргадаг. Харин Цагдаагийн байгууллага дэлгэрэнгүй сайн шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг гаргасан. Энэ хэргийг хаасан хэрэг бүртгэлтийн тогтоол хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Энийг шүүх огт үнэлээгүй. Яагаад эдгээр баримтуудыг үнэлээгүй талаараа анхан шатны шүүх заагаагүй. Нөгөө баримтыг нь үнэлээд, зарим баримтыг нь үгүйсгэж байгаа бол энэ талаараа үндэслэлдээ заах ёстой. Б.Ө дараагаар нь Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь одоо хэлэлцэгдээд явж байна. Нэхэмжлэл гаргахдаа Д.Н гэдэг хүнд холбогдуулаад гаргачихсан. Д.Н холбогдуулан гаргах ёсгүй. Хариуцагчаа буруу тодорхойлсон. Яагаад гэхээр Б.Ө, Д.Н тохироогүй. Мөн Л.Д тохироогүй.  Б.Б, Д.Н-О нартай тохироод энэ гурвын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа худлаа болонгуут энэ хоёр намайг залилчихлаа гээд цагдаад хандаад 4 жилийн өмнөөс явдаг. Тийм учраас Д.Н холбогдуулж ямар ч гомдол гаргалгүй 4 жил явсан. Б.Б ч чиний мөнгийг гаргаж өгнө, санаа зоволтгүй гэдэг асуудлыг тавиад Б.Б тэрнээс хойш компанийн жоншийг ачиж тээвэрлүүлэх ажлыг хийсэн. Гэхдээ мөнгөө Б.Ө өнөөдрийг хүртэл өгөөгүй. Шүүх Б.Ө, Д.Н хоёрын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж үзсэн нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбартай нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Шүүх бүр талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж буруу дүгнэлт хийсэн. Талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө байтугай хөдлөх эд хөрөнгийн гэрээ ч байгуулагдаагүй. Б.Ө, Д.Н хоёрын хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй. Миний харж байгаагаар даалгаврын гэрээтэй төстэй харилцаа яваад байгаа. Өөрөөр хэлбэл хамтарч ажиллаж байгаа 3 хүн Д.Н даалгавар өгөөд байна. Д.Н даалгаснаар нь нөгөө хүнээс 30 хувийг нь аваад мөнгийг нь өгчихсөн. Мөнгөө Б.Б, Д.Н-О нараасаа нэхэмжлэх ёстой. Энэ нөхцөл байдлыг Б.Ө өөрөө мэдэхийн дээдээр мэдэж, өөрөө хүсэж үйлдсэн. ...Манай талаас шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн, талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байсан байна. Хариуцагч энэ талаар мэтгэлцэх нотлох баримтаа гаргуулах боломжийг эдлэх боломжтой байж. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл бий болж байна гэж харж байна. Хэрвээ энэ хүмүүсийн аль аль нь хариулснаар Д.Н, Л.Д нарын хооронд хийгдсэн гэрээг хүчингүй болгох гэж байгаа бол Л.Д гуравдагч этгээдээр орж ирэх ёстой. Энэ ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай болж байна. Ийм үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх нь зөв гэж үзэж байна гэв. 

  6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намнансүрэнгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 

2020 онд Цагдаагийн байгууллага шалгаад хяналт тавьсан прокурор шийдвэрээ гаргасан. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Н гэдэг хүн 2 удаа очиж гэрчийн мэдүүлэг, тайлбар өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдаг. Хэнээс ямар мөнгө орж ирсэн, энэ мөнгөө хэрхэн яаж зарцуулснаа гэрчийн мэдүүлгээр хэлдэг. Б.Ө гэдэг хүн 60,000,000 төгрөгийг Д.Н гэдэг хүний дансанд шилжүүлсэн учраас л өнөөдөр 60,000,000 төгрөгөө авъя гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...Мөнгө авсан гол үндэслэл нь лицензийг худалдах, худалдан авах гэрээ, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлчихээд байгаа асуудал байгаа учраас энэ хүчингүй болж байж нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөний эрх нь үүсэх юм байна гээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.

        7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Итгэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 

Анхан шатны шүүх дээр цугларсан баримтын хүрээнд “С к” ХХК-ийн захирал Л.Д, Д.Н нарын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээтэй хамт газрын тусгай зөвшөөрөл  шилжих гэрээ байсан. Б.Ө тухайн газартай холбоотой 60,000,000 төгрөгөө Б.Б хэлснээр Д.Н руу шилжүүлсэн. Б.Б энэ гэрээ болон зуучлалаас нэг ч төгрөг аваагүй гэдгийг гэрчийн мэдүүлгээр хангалттай тайлбарласан нь хэрэгт авагдсан. 60,000,000 төгрөгийг Д.Н цааш нь дамжуулж өгсөн гэж байгаа боловч Л.Д өгсөн эсэх, өөрөө хувьдаа зарцуулсан юм уу, задаргаа нь өөрийнх нь гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдоогүй. Д.Н цааш яаж зохицуулсан нь сонин биш. Энэ гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, ямар нэгэн итгэмжлэл Д.Н өгөөгүй, аман маягаар “С к” ХХК-тай гэрээ хийсэн, газартай холбоотой үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авахтай холбоотой гэрээг анхан шатны шүүх тодорхой дурдсан байгаа. Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх байсан бүртгүүлээгүй, итгэмжлэл аваагүй, хэлбэрийн шинжийг хангаагүй гэрээ хэлэлцээр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэгэнт энэ гэрээ хүчин төгөлдөр бус учраас өгсөн авснаа буцааж авах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу 60,000,000 төгрөгөө гаргуулах нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж энэ хуралдаанд оролцож байна. Б.Ө нь Б.Б ямар нэгэн харилцаа үүсгээгүй, хоорондоо гэрээ хэлцэл хийгээгүй учраас бид нар Б.Б мөнгө нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй, Д.Н өгсөн 60,000,000 төгрөгөө авах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Манай нэхэмжлэлийн шаардлага бол гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулаад 60,000,000 төгрөгөө гаргуулъя гэсэн үндсэн шаардлага гаргасан. Яг манай үйлчлүүлэгчийн сонирхол нь 60,000,000 төгрөгийн төлбөрөө гаргуулъя гэсэн хүсэл эрмэлзэл байгаа гэв.

ХЯНАВАЛ:

             Давж заалдах шатны шүүх, хариуцагч Д.Н  гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

          1. Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Д.Н холбогдуулан Дорноговь аймгийн Ө сумын З ө гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29,43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020.08.06-ны өдөр аман хэлцлээр хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 3/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022.04.13-ны өдрийн 472 дугаар тогтоол /хх-ийн 4/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 91-92/, эрүүгийн хэргийн гэрч Д.Н мэдүүлэг /хх-ийн 94-99/, ашигт малтмал газрын тосны газрын 6/2008, 8/1007 дугаартай албан бичгүүд /хх-ийн 128-129/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.03.16-ны өдрийн 261-10/2086 дугаартай албан бичиг /хх-ийн 130/, Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ 2020.08.06-ны өдрийн 0319 дугаартай /хх-ийн 131-132/, Компанийн эрх шилжүүлэх гэрээ 2020.08.06-ны өдрийн 0320 дугаартай /хх-ийн 133-135/, “С к” ХХК-ийн 000159055 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 136/, “С к” ХХК-ийн дүрэм /хх-ийн 137-139/, “С к” ХХК-ийн 2020.08.06-ны өдрийн 1 дугаартай “Хувьцаа худалдах, эрх шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-ийн 140/, Хувьцаа болон түүнд дагалдах бичиг баримт шилжүүлэх төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцох гэрээ 2020.08.06-ны өдөр /хх-ийн 141-142/, Д.Н эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 145-151/ зэрэг нотлох баримтад үндэслэсэн.

          2. Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...би Б.Ө огт танихгүй. Би энэ компанийг Б.Б хүсэлтээр худалдан авч, гэрээ байгуулж тусалсан. Урьдчилгаа болох 60,000,000 төгрөгийг Б.Б миний дансанд шилжүүлсэн. Энэ мөнгийг тэр дор нь би компанийн хүмүүст нь шилжүүлснээр гэрээ хийгдсэн. Б.Б компанийн гэрчилгээ солигдож гарч ирэхээр өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохирсон...” гэж маргаж, татгалзлаа гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 91-92/, “С к” ХХК-ийн дүрэм /хх-ийн 65-67/, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /хх-ийн 70/, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 108-109/, Хас банкны дансны хуулга /хх-ийн 140/, 2021.03.31-ний өдрийн 0185 дугаартай итгэмжлэл /хх-ийн 154/ зэрэгт үндэслэжээ.

            3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг хэрэглэж Дорноговь аймгийн Ө сумын З ө гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29,43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020.08.06-ны өдөр хийсэн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Н 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ө олгохоор шийдвэрлэснийг хариуцагч Д.Н эс зөвшөөрч “ ...Б.Ө худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, ...надаар гэрээ хийлгэн дараа нь өөрөө хувьцааг шилжүүлэн авах зорилготой байсан нь хангалттай тогтоогддог. Шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримттай тохирохгүй байна. Нэхэмжлэгч хамтран ажиллахаар тохирсон Б.Б өөрийн мөнгийг шаардах нь зүйтэй. Шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө гэж үзсэн нь ойлгомжгүй ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтанд хамаарах нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, маргааны зүйлийг зөв тогтоож, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байна гэж үзэв.

               5. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Б.Ө, Б.Б Д.Н-О нарын хооронд Дорноговь аймгийн Ө сумын З ө гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29,43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авч, ашиг олох зорилгоор хамтран ажиллах хэлцэл хийгдэж, улмаар “С к” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Л.Д, Д.Н нарын хооронд хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн болох нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

        хохирогч Б.Ө “...найз С манай нэг найзын ах нь Дорноговь аймгийн Ө суманд жоншны А лицензтэй газартай, хамтарч ажиллах хүн хайж байгаа юм байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоё, наад хүмүүстэй чинь уулзъя гэсэн юм. ...Б.Б уулзахад ...манай ахын газар, тохиролцоод худалдаж авч болно, ...эхний ээлжинд 60,000,000 төгрөг өгөөд газар ухаж болно гэсэн юм. ...Би тэр хоёртой уулзахад Д.Н-О  надад боломж олгож байгаа газар юм, манай ах надад итгэсэн болохоор танихгүй хүнд газрынхаа хувийг шилжүүлж болохгүй байхаа. Эхлээд манай эгч рүү нотариатаар орж шилжүүлээд дараа нь эгчээсээ чам руу шилжүүлье гэж хэлсэн” гэсэн,

           гэрч Д.Н-О “Би ангийн найз Б.Б лицензийн талаар санал болгосон. ...Б.Ө очиж дээж авч үзээд боломжийн газар байна гээд хамтарч ажиллах санал тавьсан. Б.Ө, Б.Б бид гурав ярилцаад Б.Ө бүх санхүүжилтийг би гаргая, Б.Б манай дүүтэй хамт хариуцаад ажилла, намайг бичиг баримтыг хариуц гэсэн. Тэгээд компанийн лицензийг Б.Б бид хоёр 20, 20 хувь, Б.Ө 60 хувь эзэмшихээр тохирсон. ...Бичиг баримтыг манай эгч Д.Н нэр дээр шилжүүлж авсан гэсэн байна” /хх-ийн 4-8/ гэсэн мэдүүлгүүд,

             гэрч Б.Б шүүхэд өгсөн “...би Б.Ө манай ахын найз ийм лиценз зарах гэж байгаа үүн дээр хамтарч ажиллах уу, надад мөнгө алга, чи хөрөнгө оруулж чадах уу гэж асуусан. Б.Ө ...би уул уурхай сонирхож байгаа гэж хэлсэн. Тэгээд би Д.Н-О найзтайгаа уулзаад Б.Ө авна гэж байна, урьдчилгаа 60,000,000 төгрөг буюу 30 хувиа өгнө гэж ярьсан. ...гэтэл Э би та нарт итгэхгүй байна, Д.Н бол сайн мэднэ, өмнө нь хамтран ажиллаж байсан. Та нар үнэхээр орохоор бол 600,000,000 төгрөгөө аваад ир гэсэн. Тэгээд би Д.Н хөдөө байхад нь яриад ирэхгүй бол болохгүй байна, хоёр дүүдээ тус болооч гэсэн. Ийм асуудал болсон, Д.Н гэж хүнд итгэнэ гээд байна гэхэд Б.Ө нэгэнт галт тэрэг хөдөлсөн тэр хүнээ авч ирээд бичиг баримтаа бүрдүүлээд гэрээ хийлгээд өгөө гэсэн” /хх-ийн 91-92/ мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

          6. Хариуцагч Д.Н “дансанд нь орсон 60,000,000 төгрөгийг Б.Б, Л.Д нарын даалгавраар Л.Д дансанд 20,000,000 төгрөгийг, Э дансанд 19,000,000 төгрөгийг, Баярмаагийн дансанд 10,000,000 төгрөгийг, Д.Н-О дансанд 9,000,000 төгрөгийг шилжүүлж, бичиг баримтанд 1,000,000 төгрөгийг зарцуулсан” гэсэн тайлбар нь гэрч Л.Д “...ингээд энэ ажлыг зуучилж өгсөн Б, Б нар 30.0 төгрөг аваад надад эхний ээлжинд 20.0 сая төгрөгийг шилжүүлсэн. ...би гэрээг Н-О эгч Д.Н гэх эмэгтэйтэй хийж байсан шиг санагдаж байна” гэсэн, гэрч Б.Б “...60,000,000 төгрөгийг авсан. 1,000,000 төгрөгийг бичиг цаасны зардалд зарцуулсан. 9,000,000 төгрөгийг Н-О данс руу шилжүүлсэн. ...Тухайн мөнгийг геологчийн зардал, бензин тосны зардал болон бусад зардалд зарцуулсан” гэсэн мэдүүлгүүд болон банкны дансны хуулгаар давхар нотлогдож байна.  

           7. Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Д.Н нэр дээр бичгээр гэрээ хийгдсэн нь маргаангүй харилцаа байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага буюу хүсэл зориг нь 60,000,000 төгрөгөө буцаан авах болохоос “С к” ХХК, Д.Н нарын хооронд хийгдсэн хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээнд нэхэмжлэгч Б.Ө биечлэн оролцоогүй, ямар нэгэн байдлаар сонирхолгүй байх тул уг гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус шаардлагын үндэслэлээ тодорхойлж буй агуулга гэж үзэхээр байна.

         Учир нь, нэхэмжлэгч Б.Ө нь энэ хэргийн хувьд компанийн эрхтэй холбоотой хүсэл сонирхол байхгүй зөвхөн өөрийн шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг л авах хүсэлтэй гэдэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Н нэр дээр гэрээ хийгдэнэ, өөрийнх нь шилжүүлсэн мөнгийг Л.Д шилжүүлнэ” гэдгийг мэдэж байсан” гэсэн тайлбараас харагдаж байна.

      8. Аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэ үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлж, үүнээс  шүүх тухайн шаардлагын төрлийг тогтоох боломжтой болдог буюу маргааны зүйлийг тогтоодог. Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу тэдний хооронд үүрэг үүсээгүй зөвхөн Б.Б хүсэлтээр Б.Ө нь Д.Н дансанд мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг Д.Н нь, Б.Б, Л.Д нарын хэлснээр цааш нь дамжуулан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

          Харин нэхэмжлэгч талын тайлбарлаж буй “Д.Н нь надаас итгэмжлэл олгоогүй байхад намайг төлөөлж, миний өмнөөс гэрээ байгуулсан” гэсэн үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

      9. Иймд, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээд, энэ хэргийн жинхэнэ хариуцагч Д.Н биш гэж дүгнээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           10. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

        11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч Д.Н банкны дансыг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдэх нь зүйтэй.

        12. Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагчаа зөв тодорхойлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2024/00050 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасныг баримтлан Б.Ө нэхэмжлэлтэй Д.Н холбогдох дансаар шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангасугай. 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч Д.Н банкны дансыг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ОДНЯМАА

              ШҮҮГЧ                                                   Н.БОЛОРМАА

              ШҮҮГЧ                                                   Б.НАРАНЧИМЭГ