| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0103/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М.А-т холбогдох эрүүгийн 1921 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураг технологийн багш мэргэжилтэй, “ сургуульд дизайн технологийн багш ажилтай, ам бүл хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЮ регистрийн дугаартай, 70 хувийн групптэд байдаг, Х овогт М.А.
Шүүгдэгч М.А нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Түшиг” зочид буудлын баруун талын зам дээр “Тоёота Приус” 11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ганбатыг мөргөж зам тээврийн осол гаргаж Д.Ганбатын биед хуйханд зүүн зулайн няцарсан шарх, баруун хөлийн дотор шагайн хавчаар ясны хугарал, баруун хөлийн дотор шагайн зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн гадна шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би ганцаараа нилээн согтуу согтолттой 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар баг “Түшиг” зочид буудлын баруун талын замын зүүн талаас баруун зүг рүү зам хөндлөн гарсан юм. Гараад алхахад хойд талаас нэг тээврийн хэрэгсэл ирээд ... хөл хэсгээр минь мөргөсөн. Тэр үед миний зүүн, баруун хөл эвгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Гэрч Ш.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 23 цагийн орчим сургуулийнхаа багш А тээврийн хэрэгсэлтэй багш Тогоо, Ган-Эрдэнэ бид дөрөв ... “Түшиг” зочид буудлын баруун замаар урагш төв зам руугаа явж байхад зүүн талаас гэнэт нэг залуу гарч ирээд мөргүүлсэн. ... Баруун хэсгээрээ мөргүүлсэн бөгөөд явган зорчигч зүүн талаас баруун тал руугаа явж байсан. Хөл болон толгой хэсгээрээ мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
Гэрч Н.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаан өгсөн мэдүүлэгтээ: “...Мөргүүлсэн ах нилээн архи уусан байсан. Баруун хэсгээрээ ... биенийхээ хөл болон толгойн хэсгээрээ мөргүүлсэн. Сүүлд сонсоход шагайн хэсгээр хугарсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч М.А нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Түшиг” зочид буудлын баруун талын зам дээр “Тоёота Приус” 11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Д.Ганбатыг мөргөж биед нь хуйханд зүүн зулайн няцарсан шарх, баруун хөлийн дотор шагайн хавчаар ясны хугарал, баруун хөлийн дотор шагайн зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн гадна шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М.А-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Манай байгууллага 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Восток” ресторанд эрэгтэй багш нараа урьж хоолонд оруулсан юм. Улмаар тухайн газраас бид нар 23 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд би өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр багш Тогоо, Ган-Эрдэнэ, Энхтуяа нарыг хүргэж өгөх зорилготой “Восток” ресторанаас гарсан. Хөдлөөд би Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Түшиг” зочид буудлын баруун талын зам дээр явж байхад замын зүүн талаас гэнэт нэг залуу гарч ирээд миний тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Тухайн үед бид нар гараад харсан чинь 40-50 насны нилээн согтуу ах байхаар нь тээврийн хэрэгсэлдээ суулгаад эмнэлэг авч явсан. ... би учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Ганбатын өгсөн: “...Би ганцаараа нилээн согтуу согтолттой 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар баг “Түшиг” зочид буудлын баруун талын замын зүүн талаас баруун зүг рүү зам хөндлөн гарсан юм. Гараад алхахад хойд талаас нэг тээврийн хэрэгсэл ирээд ... хөл хэсгээр минь мөргөсөн. Тэр үед миний зүүн, баруун хөл эвгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Ш.Энхтуяагийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 23 цагийн орчим сургуулийнхаа багш А-н тээврийн хэрэгсэлтэй багш Тогоо, Ган-Эрдэнэ бид дөрөв ... “Түшиг” зочид буудлын баруун замаар урагш төв зам руугаа явж байхад зүүн талаас гэнэт нэг залуу гарч ирээд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч Н.Ган-Эрдэнийн өгсөн: “...Мөргүүлсэн ах нилээн архи уусан байсан. Баруун хэсгээрээ ... биенийхээ хөл болон толгойн хэсгээрээ мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 193 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. Д.Ганбатын биед хуйханд зүүн зулайн няцарсан шарх, баруун хөлийн дотор шагайн хавчаар ясны хугарал, баруун хөлийн дотор шагайн зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн гадна шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрхи гэмтлүүдийн баруун хөлийн дотор шагайн хавчаар ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” /хх-ийн 42/ гэх дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 7 тоот дүгнэлтийн хэсэгт: “Жолооч М.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Приус-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна. 3. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс жолооч М.А /ЖЮ: / регистрийн дугаараар жолоочийн лавлагааг авахад /В-/ серийн дугаартай тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. 4. М.А-гийн жолоодож явсан Т.Приус-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын цагдаагийн тасгийн зохиуцуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 5. Т.Приус-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.А нь аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол болох шалтгаан гэж үзлээ. 6. Явган зорчигч Д.Ганбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Д.Ганбатын биед учирсан хүндэвтэр хохирол /гэмтэл/ нь шүүгдэгч М.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2-д заасан заалтыг тус тус болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.А-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд торгох ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.А-гийн ЖЮ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.А-т мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, будад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч М.А-ийн ЖЮ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.А-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР