Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 149

 

 

 

 

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2016/00149

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дугаар хэлтсийн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж, 902а тоотод оршин суух, эрэгтэй, УЖ72041316 дугаарын регистртэй, Балдан овогт Цэрэгийн Цогтсайханыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж цагдаагийн хошууч М.Идэрболд, гуравдагч этгээд Ц.Цогтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн хошууч М.Идэрболдоос шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.Цогтсайхан нь  2016 оны 6 дугаар сарын 22-нд архи ууж гэртээ агсам тавьж цагдаад ар гэрийнхэн нь дуудлага өгсний улмаас машинт эргүүлийн 115 чиглэлийн офицер ахмад Батсайхан очиж Ц.Цогтсайханыг саатуулах байранд авчирч түр саатуулсан. Ц.Цогтсайхан нь удаа дараа архидан согтуурч захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Ар гэрээс нь эхнэр Д.Баясгалан нь албадан эмчигээнд явуулах хүсэлт гаргасан. Архи уусан үедээ эхнэр болон хүүхдүүддээ агсам тавьж амгалан тайван байдлыг алдагдуулж, хүүхдүүдээ гэр орноосоо хөөж зоддог юм билээ. Өмнө ингэж дуудлага өгч саатуулагдаж байсан. Энэ хүнийг албадан эмчилгээнд явуулах шаардлагатайг нотолсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан. Мөн хорооны Засаг даргын тодорхойлолт байгаа. Иймд энэ хүнийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ц.Цогтсайханаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би найзтайгаа 2 хоногийн өмнө архи уусан юм. Би архи угаад агсам тавьсан зүйл байхгүй. Өмнө бол архи уусан үедээ эхнэр хүүхдээ загнаж, зодсон зүйл байгаа. Удаа дараа эрүүлжүүлэгдсэн нь үнэн. Архины эмчилгээнд явуулахад татгалзах зүйлгүй. Би 4 жилийн өмнөөс архи уудаг болсон, цаашдаа архи уухгүй байж чадна. Намайг архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй гэж онош гаргасныг зөвшөөрч байна. Би энэ  материалтай танилцсан. Цаашид архи уухгүй, гэр орныхоо хүмүүст агсам тавьж айлгахгүй байж чадна гэв.                                                                                                                         

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дугаар хэлтсээс ирүүлсэн Ц.Цогтсайханыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ц.Цогтсайхан нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэн, бусадтай архи ууж гэр бүлийн хүмүүсийн болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан нийгмийн хэв журам зөрчдөг болох нь гуравдагч этгээдийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан тайлбар, захиргааны зөрчлийн тухай жагсаалт, иргэн Д.Баясгалан, Н.Алтантуяа нараас цагдаагийн байгууллагад гаргасан тайлбар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 6 дүгээр сарын 24-ний өдрийн 176 тоот тодорхойлолт болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Ц.Цогтсайхан  архинд донтох эмгэг  өвчтэй болох нь согтуурах мансуурах донтой өвчтэй болохыг тогтоосон 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135-р зүйлийн 135.2.14.-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 12 дугаар зүйлийн 12.1.-д зааснаар Балдан овогт Цэрэгийн Цогтсайханыг албадан эмчилгээнд явуулсугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.