Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 215/МА2024/00008

 

 

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2024/00096 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч У овгийн Л.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хамтран хариуцагч “ГАА-ийн ИТХ”-д тус тус холбогдох иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Д.Ц-ийн өмгөөлөгч Ж.Д, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:

 

1.1. “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ гэх/-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар Л.Г-ийг ажлаас халах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай

 

1.2. “Говь-Алтай аймгийн ИТХ”-аас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

 

2.1. Миний бие нягтлан бодогч мэргэжилтэй, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ байгууллагын нягтлан бодогчоор одоог хүртэл 16 жил тасралтгүй ажиллаж ирсэн. 2005 оноос хойш олон жил дамжсан өр авлага нь одоог хүртэл үргэлжилсээр байдаг орлогоороо зарлагаараа нөхдөг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Миний бие дарга солигдох гээд ээлжийн амралтаа эдэлж чадаагүй гэдгээ хэлэхэд дуугүй сууж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ээлжийн амралт олгох тушаал гаргасан. Ингэхдээ намайг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс амраасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь миний бие 2022 оны 09 дүгээр сард бүтэн ажиллаж, цалин хөлс бүрэн олгогдож, нийгмийн даатгал бүрэн төлөгдсөн байгаа.Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ахын хүүхдийн сэвлэг үргээхэд оролцохоор аймгийн төв явж, 3 хонож байхад яагаад ажил таслаад байгаа юм бэ гэж утсаар ярьсан амралттай байна гэхэд утсаа тасалсан.

Миний бие 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ажлын 33 хоног амарна. Амралтын хугацаанд гаргах ёстой тайлан, мэдээ, ирсэн нүүрс бүртгэж авах, байгууллагын бүх гүйлгээг хийж байсан.

Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурал таслаагүй, өөрөө оролцох байсан боловч оролцоогүй. Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлыг би хойшлуулах боломжгүй, ийм эрх сумын нягтлан бодогчид байхгүй. Миний бие ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Хэрэв архи уусан бол хамт архи уусан гэх Б.Б-д арга хэмжээ авагдсан байх ёстой.

Аудитын албан шаардлагын хариуг хугацаанд нь гаргаж, тухай бүрт нь албан бичгээр явуулж байсан. Тавигдсан актыг тухайн онд нь бага, багаар барагдуулж, төлбөрийг ажилчдын цалингаас бүрэн суутгаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2015 оноос хойш тавигдсан бүх актыг барагдуулж, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын дансанд 22,722,400 төгрөгийг бүрэн төлсөн.Санхүүгийн тайлангийн тухайд алдагдлыг жил бүр бага, багаар барагдуулж байсан. Жишээ нь 2020 оны тайлангаар 19,032,342.66 төгрөгийн алдагдалтай байсан бол 2021 оны тайлангаар 6,208,266.35 төгрөг болгож, алдагдлыг бууруулсан. Ер нь олон жил дамнасан өр, авлага амархан барагдах боломжгүй.

Нүүрсний үнс ачих ажлын гэрээг сумын хогийн машины жолооч Г.Л-тэй хийсэн учир гэрээний хүний дансанд 04 дүгээр сард, үнс зөөсөн н.Л-ийн мөнгийг гэрээний хүний дансанд 20,500 төгрөг хийж, н.Л-д өгсөн.

“Ж” ХХК-иас шатахуун авдаг жолооч нар нүүрс ачиж, ирэхэд тус байгууллага мөнгөгүй учир шатахуун зээлээр авч өгөөд явуулдаг. Орлого орж ирэхээр нь шатахууны тооцоо хийдэг байсан.

Я.Б-аас 26,000,000 төгрөгийг, “М” ХХК-иас 14,000,000 төгрөгийг эрчим хүчний дансанд хийлгэж авсан. Үүнийг аудит шалгаад зарлага, орлогыг хянасан.

Нягтлан бодогчоор ажиллах хугацаанд жил бүр төрийн аудит, дотоод аудит, татварын шалгалтаар ороход ноцтой зөрчил илрээгүй, шүүх хяналтын байгууллагаар нотлогдоогүй байхад хүний нэр төрийг унагаах зүйл ярьж байгаад гомдолтой байна.

“Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсан байхад дахин энэ асуудлаар сануулга өгөлгүйгээр, сонсох ажиллагаа хийлгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар тушаалаар ажлаас халсан нь “...сахилгын шийтгэл нь нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхар ногдуулахгүй...” гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3 дах хэсэг 123.7 дахь хэсгийг зөрчиж байна.

2.2. Миний бие нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөөд нэхэмжлэл гаргаж, шүүхэд хэрэг хянагдаж байхад “Говь-Алтай аймгийн ИТХ”-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ыг татан буулгасан.

Татан буугдаж байгаа “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын өр, авлагын хаалтын тайлан одоо хүртэл гараагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй байгаа тул Л.Г миний надад учирсан хохирол болох 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх цалин хөлсийг тухайн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах буруу шийдвэр гаргасан “Говь-Алтай аймгийн ИТХ”-аас гаргуулж өгнө үү.

Төрийн өмчийг жилийн эцсийн тайлан гараагүй байхад хувьчилж болохгүй байх. Өмч хувьчлал явагдахын өмнө хийгдэх ёстой тайланг хийгээгүй байхад “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ыг татан буулгасан “Говь-Алтай аймгийн ИТХ”-ын шийдвэр буруу гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын газрын татгалзлын агуулга, үндэслэл: 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр М.Б тус газрын даргын 16 дугаар тушаалаар санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар актын биелэлтийг хугацаанд хангуулаагүй зөрчил гаргаж, цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байдаг.

Тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажлын байран дээр ажлын цагаар архи уусан, санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт авч, гаргасан зөрчлөө арилгаагүй, санхүүгийн хариуцлага алдаж, өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу бий болгож, байгууллагад санхүүгийн хохирол учруулж, сахилгын ноцтой зөрчил гаргасан.

Тухайлбал 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажлын байранд ажлын цагаар байгууллагын галч Б.Б-тай архи уусан. 2022 оны 08 дугаар сард “Эрчим хүчний зохицуулах зөвлөл”-ийн хурал болох өдөр ахынхаа хүүхдийн найртай гээд хурал тасалж, улмаар тэр өдрөөс 9 хоног ажил тасалж, ирээд би амралтаа авъя гэж гуйсаар тасалсан өдрөө амралт болгосон.

Гэтэл албан тушаалаа урвуулан ашиглаж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл амралт эдэлж, амралтын мөнгө 814,660 төгрөгийг шатахуун түгээгчийн дансанд хийж, байгууллага дээр шатахууны үнэ хэлбэрээр гаргаж, өөртөө авсан.Өөр хүний данс руу шатахууны үнэ гэж амралтын мөнгө гарган авч байгаа нь байгууллага тухайн ажилтанд ээлжийн амралтын мөнгийг олгоогүй мэт үйлдэл гаргасан. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай гэж ажилдаа ирээгүй атлаа 09 дүгээр сар бүтэн ажилласнаар цалин хөлс өөр дээрээ бодож гаргасан.

Мөн н.Л-д нүүрсний үнэ, тээврийн хөлс 285,000 төгрөгийн баримтыг дур мэдэн 205,000 төгрөг болгон өөрчилж, н.Л-ийн данс руу хийж, эргүүлэн өөрийн данс руугаа шилжүүлэн авсан. Энэ үйлдлийг нь тодруулахад 2 удаа мөрийтэй тоглоод буцааж хийсэн гэсэн тайлбар өгсөн.

Я.Б-аас 26,000,000 төгрөгийг байгууллагын нэр дээр 5 хувийн хүүтэй гэрээ байгуулж, зээлж авсан. Я.Б-ын данс руу 6,800,000 төгрөгийн гүйлгээ хийж, 3,000,000 төгрөгийг өөрийн данс руу буцаан хийлгэсэн.

Н.М-ээс 14,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн гэх боловч 4,000,000 төгрөг нь байгууллагын данс руу ороогүй. Г.Д-аас 18,000,000 төгрөгийн шатахууныг анхан шатны баримт бүрдүүлэлгүй авч, өр үүсгэсэн.

Ажил олгогчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэлийг байгууллагын архив бичиг хэргийн ажилтан Б.Б-ээр хүргүүлэхэд Л.Г нь хэл амаар доромжилж, сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсанд гарын үсэг зураагүй.

Л.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 07, 21, 23 болон мөн оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан, 2018-2022 онуудын санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, 2022 оны 09 дүгээр сарын тухайд ээлжийн амралтын мөнгө болон цалин хөлс давхардуулан авсан зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь халсан.

“Говь-Алтай аймгийн ИТХ”-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ нь татан буугдаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар Д.Ц намайг тус газрын даргын ажлаас чөлөөлсөн тул миний бие өөрийгөө хариуцагчийн төлөөлөгч биш гэж үзэж байна гэжээ.

 

4. Хамтран хариуцагч “Говь-Алтай аймгийн ИТХ”-ын татгалзлын агуулга, үндэслэл: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хамтран хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй. Л.Г-ийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүйг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй ба гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ. Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаагүй, тухайн ажилтны тухайд ажил олгогч биш учир нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар “Л.Г-ийг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалтыг баримтлан “хэргийн харьяалал” зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлтэй хамтран хариуцагч “Говь-Алтай аймгийн ИТХ”-д холбогдох 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хамтран хариуцагч “Говь-Алтай аймгийн ИТХ”-д тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж ... шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар “Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн тушаал”-ыг хууль зүйн үндэслэлгүй гэж хүчингүй болгосон. Шийдвэртээ ажилгүй байсан хугацааны цалинг өөр шүүхээр /Захиргааны хэргийн шүүх/ шийдвэрлүүлэхээр заасныг зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч Л.Г нь “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан”  гэж хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-т холбогдуулан тус орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар “Л.Г-ийг ажлаас халах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

9. Хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ нь “Сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

10. Зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлийн үед байгуулагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн хугацаанд үргэлжилсэн тул шүүх Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

11. Хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 83 дугаар зүйлийн 83.3, Хөдөлмөрийн гэрээний 2.3, Дотоод журмын 1.2, 4.6, 5.2, 8.1.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Г-ийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс нягтлан бодогчийн ажлаас нь халжээ.

12. Л.Г нь ажил олгогч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1 дэх заалтад зааснаар гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. /1 хавтас хэргийн 2 хуудас/

13. Ажил олгогч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар тушаалдаа ажилтан Л.Г-ийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлээ ажилдаа хариуцлагагүй хандаж, санхүүгийн тайлангийн аудитаар удаа дараа сөрөг дүгнэлт авч, санхүүгийн хариуцлага алдсан гэж тодорхойлжээ. /1 хавтаст хэргийн 13 хуудас/

14. Нэхэмжлэгч Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд түүнийг архидан согтуурсан гэх зөрчлийг үндэслээгүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлага үүсээгүй байна.

15. “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар”-ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар албан бичгээр “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-ын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт өгчээ. /2 хавтаст хэргийн 54 хуудас/

Уг дүгнэлтэд: “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-ын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өмнөх аудитын шийдвэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, өмнөх аудитын зөрчлийг давтсан, нүүрс тээвэр, шатахуун, сэлбэг, бараа материалын тайлан гаргаагүй, шууд зардалд тайлагнасан. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг журам, зааврын дагуу хөтлөөгүй, санхүүгийн тайланг батлагдсан маягтаар гаргаагүй, харилцагч байгууллагуудтай өр, авлагын тооцоо нийлсэн боловч нотлох боломжгүй, материаллаг байдал ихтэй учраас санхүүгийн тайлан бүхэлдээ буруу болох үндэслэлтэй буюу хангалттай зохистой нотолгоо олж авах боломжгүй гэж “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар”-ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05/164 дугаар албан шаардлагад тодорхойлжээ. /2 хавтаст хэргийн 70 хуудас/

Уг албан шаардлагаар санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан тул нягтлан бодогч Л.Г-т хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-ын дарга М.Б-д даалгажээ.

16. “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар”-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 169 дугаар албан бичгээр “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт өгчээ. /2 хавтаст хэргийн 34 хуудас/

 

17. Сөрөг дүгнэлт өгсөн үндэслэлээ тайлант онд 75,746,5 мянган төгрөгийн нүүрс болон тээврийн хөлс төлсөн гэх боловч зарцуулсан баримтгүй, бөөн дүнгээр зарлагдсан, орлого тодорхой бус, анхан шатны баримт хангалтгүй, нүүрсний тайлан гаргаагүй, өглөг авлагыг тооцох боломжгүй, жолоочийн тооцооны хуудасгүй, 21,644,6 мянган төгрөгийг зарцуулсан анхан шатны баримтгүй, шатахууны тайланг гаргаагүй, нягтлан бодох бүртгэлд шууд зарлагад бичсэн зөрчил давтан гаргасан, шилэн дансанд байршуулах 478,397,7 мянган төгрөгийн 53 мэдээллээс 371,216,1 мянган төгрөгийн 27 мэдээллийг байршуулаагүй, өмнөх онуудын санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитын шийдвэрийн үлдэгдэл 194,796,4 мянган төгрөгийн албан шаардлага, 23,300 мянган төгрөгийн төлбөрийн актыг барагдуулаагүй гэж “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар”-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/165 дугаар албан шаардлагад тодорхойлжээ. /2 хавтаст хэргийн 50 хуудас/

Уг албан шаардлагаар санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан тул нягтлан бодогч Л.Г-т хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-ын дарга М.Б-д даалгажээ.

Иймд нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-ын тайлбарт дурдсан 2020, 2021 онуудын санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож байна.

18. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно, мөн зүйлийн 42.3 дахь хэсэгт Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгээс үзэхэд санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан тохиолдолд тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байхаар, уг үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөхөөр байна.

19. Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэжээ. Иймд нэхэмжлэгч Л.Г нь “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-ын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2020, 2021 онуудын санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан үйл баримтыг хуулийн дээрх хэсэгт заасан сахилгын зөрчил гэж үзнэ.

20. Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, уг хэсгийн 80.1.4 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байдаг.

21. Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

Зохигчоос иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн “Хөдөлмөрийн гэрээ”-нээс үзэхэд санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан сахилгын зөрчлийг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчилд тооцохоор тухайлан нэрлэн заагаагүй байна. /1 хавтаст хэргийн 4 хуудас/

 

22. Хариуцагч талаас иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.2 дахь хэсэгт байгууллагын санхүүд хохирол учруулсан бол сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл байхаар заасан /2 хавтаст хэргийн 73 хуудас/ боловч нэхэмжлэгчийн 2020, 2021 онуудын санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан сахилгын зөрчлийг ажил олгогчид хохирол учруулсан үр дагавартай, ноцтой зөрчил хэмээн дүгнэх боломжгүй байна.

Үндэслэл нь хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаар албан бичгээр урьд тус орон нутгийн өмчит хуулийн этгээдийн даргаар ажиллаж байсан М.Б, нягтлан бодогч Л.Г нарыг шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт гаргаж байсан байна. /1 хавтаст хэргийн 117 хуудас/

23. “Говь-Алтай аймгийн Прокурорын газар”-ын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай хяналтын прокурорын тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Д.Ц-ийн гомдлоор нээсэн 231600004 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаажээ. /1 хавтаст хэргийн 169-175 хуудас/

Уг прокурорын тогтоолд нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгон тодорхой хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байна.

Хяналтын прокурорын дээрх тогтоолыг эс зөвшөөрсөн хариуцагчийн төлөөлөгч Д.Ц-ийн гомдлыг дээд шатны прокуророос хангахаас татгалзсан нь “Говь-Алтай аймгийн Прокурорын газар”-ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 71 дугаар хариу мэдэгдэх хуудаст тусгагджээ. /1 хавтаст хэргийн 249 хуудас/

Уг хариу мэдэгдэх хуудас “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтан нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Сангийн сайдын баталсан холбогдох журмыг зөрчсөн байна. Харин нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэжээ.

24. Хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Д.Ц нь нэхэмжлэгч Л.Г зарим нэр бүхий иргэнтэй холбогдох өр, авлагын асуудлыг эрүүгийн журмаар гомдол гарган шийдвэрлүүлжээ.

25. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.

26. “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар”-ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05/164 дугаар албан шаардлагад санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан тул нягтлан бодогч Л.Г-т хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын дарга М.Б-д даалгажээ.

27. Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсэгт дурдсан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтан гэдэг нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх шийдвэр гаргах, эсхүл эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулсан ажилтныг ойлгоно.

 

28. Зохигчоос иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.7 дахь хэсэгт ажилтан өөрийн буруугаас ажилд олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу арилгана гэжээ.

Тухайн хөдөлмөрийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар зохицуулжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Л.Г-ийг эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтан гэж үзэхээр байх тул түүний 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан сахилгын зөрчилд нь “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар”-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/165 дугаар албан шаардлагаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах боломжтой.

29. Хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар тушаалаар нэхэмжлэгч Л.Г 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан сахилгын зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв боловч, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан сахилгын зөрчлийг талууд  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заагаагүй байна.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдлыг ноцтой зөрчилд тооцож заасан байх ба нэхэмжлэгч Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалд уг нэрлэсэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх ноцтой зөрчил тусгагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэжээ.

30. Хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар тавигдсан актын биелэлтийг хугацаанд хангуулаагүй зөрчил гаргасан нэхэмжлэгч Л.Г-т үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1 хавтаст хэргийн 14 хуудас/

Харин нэхэмжлэгч Л.Г 2020, 2021 онуудын санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан зөрчилд нь хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан.

31. Ажил олгогчийн дээрх шийдвэрээр санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар тавигдсан актын биелэлтийг хугацаанд хангуулаагүй, 2020, 2021 онуудын санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан зэрэг өөр өөр сахилгын зөрчилд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулжээ. Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэх нэхэмжлэгч Л.Г тайлбар үндэслэлгүй байна.

32. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ гэжээ.

33. Хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгч Л.Г-т 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтыг олгосон 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн огноотой, А/18 дугаартай тушаалыг нотлох баримтаар гарган өгсөн.

Зохигчоос иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн ажилтанд ээлжийн амралт олгосон ажил олгогчийн шийдвэрийг хооронд харьцуулахад огноо, дугаарын хувьд зөрүүтэй боловч баримталсан хуулийн зүйл, хэсэг, заалт болон ажилтны ээлжийн амралт эдэлж эхлэх огноо /2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр/ зэрэг агуулгын хувьд зөрүүгүй байна.

Дээрх ээлжийн амралт олгох агуулга бүхий тушаал тус бүрт ажил олгогчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг нь хариуцагчийн төлөөлөгч Д.Ц-ийн гарын үсэгтэй тохирч буй нь Говь-Алтай аймгийн “Шүүхийн шинжилгээний хэлтэс”-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

34. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гарган өгсөн “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын 2022 оны ээлжийн амралтын хуваарь /1 хавтаст хэргийн 53 хуудас/-т түүний ээлжийн амралтын хугацаа ажлын 33 хоног, уг хугацаа 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар тусгажээ.

Уг ээлжийн амралтын хуваарь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага /эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/ хангаагүй боловч нэхэмжлэгч Л.Г ээлжийн амралт эхлэх огноо 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, амрах хугацаа ажлын 33 хоног, ээлжийн амралт дуусах огноо 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зэрэг үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

Харин хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Л.Г-ийг 2022 оны 09 дүгээр сард ээлжийн амралттай байсан атлаа тухайн сарын цалин хөлсийг өөр дээр бодож, ээлжийн амралтын цалинтай давхардуулан авсан, ээлжийн амралтын цалин 814,660 төгрөгийг шатахууны үнэ хэлбэрээр өөр хүний дансанд шилжүүлж, өөрөө авсан гэж буруутгажээ.

 

35. Нэхэмжлэгч Л.Г нь ээлжийн амралтын цалин 814,660 төгрөгийг шатахууны үнэ хэлбэрээр өөр хүний дансанд шилжүүлж, өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, санхүүгийн гүйлгээ хийх, тайлан мэдээ гаргах зэрэг албан ажлын шаардлагаар 2022 оны 09 дүгээр сарын тухайд ажилласан өдөрт ногдох цалин хөлсийг авсан гэжээ.

36. “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын дарга, нягтлан бодогчийн гарын үсгээр албажсан 2022 оны 08 дугаар сарын цалин хөлсний цэсэнд нягтлан бодогч Л.Г ажилласан хоног 12, нийт цалин хөлсний дүн 416,178 төгрөг, гарт олгох цалин хөлсний дүн 340,458 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын цалин хөлсний цэсэнд нягтлан бодогч Л.Г ажилласан хоног 22, нийт цалин хөлсний дүн 797,676 төгрөг, гарт олгох цалин хөлсний дүн 653,682 төгрөг гэж тус тус бичигджээ. /1 хавтаст хэргийн 50-51 хуудас/

 

37. Нэхэмжлэгч Л.Г 2021-2022 онуудын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тодорхойлолт”-д 2022 оны 09 дүгээр сарын тухайд даатгуулагчийн цалин хөлсний дүн 797,676 төгрөг, даатгуулагчийн төлөх шимтгэлийн дүн 172,298.02 төгрөг, ажил олгогч шимтгэл төлсөн хэмээн тусгагджээ. /2 хавтаст хэргийн 78 хуудас/

Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сарын тухайд ажлын 22 хоногийн цалин хөлс 797,676 төгрөгийг өөртөө бодож, зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, 653,682 төгрөгийн цалин хөлс авчээ.

 

38. Хаан банк ХК дахь “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын 53............... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 53................. тоот дансанд 814,660 төгрөгийг шатахууны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

Энэхүү шатахууны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар өөр харилцагчийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн 814,660 төгрөг нь нэхэмжлэгчийн ээлжийн амралтын цалин бөгөөд уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч өөртөө авсан болохоо хүлээн зөвшөөрч, үгүйсгээгүй.

Уг нөхцөл байдлыг хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Д.Ц хожим мэдсэн боловч уг 814,660 төгрөгийг нэхэмжлэгч Л.Г ээлжийн амралтын цалин болохыг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрчээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Л.Г нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал ажлын 33 өдрийн ээлжийн амралтын цалинг 2022 оны 09 дүгээр сарын үндсэн цалинтай давхардуулсан үйл баримт тогтоогдож байна.

39. Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 99 дүгээр зүйлийн 99.10 дахь хэсэгт ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ыг баталжээ.

 

40. “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын 3.1 дэх хэсэгт ажилтны ээлжийн амралтын цалинг ээлжийн амралт эдлэхээс өмнө олгоно гэж зааснаас үзвэл ээлжийн амралтын цалин нь ээлжийн амралтаа биечлэн эдэлж буй ажилтан олгогдоно. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно гэж Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт заажээ.

41. Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэжээ.

Иймд нэхэмжлэгч Л.Г хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сард үндсэн цалин болон ээлжийн амралтын цалинг давхардуулан авсан үйлдлийг сахилгын зөрчил гэж үзнэ. Уг сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй.

Учир нь зохигчоос нотлох баримтаар гаргасан Хөдөлмөрийн гэрээ тус бүрт дээрх сахилгын зөрчлийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил байхаар тусгайлан заагаагүй. Дээрхи үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хууль зүйн боломжгүй байна.

42. Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл байхаар заажээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

43. Нэхэмжлэгч Л.Г хариуцагч “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-ын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ээлжийн амралтын цалин 814,660 төгрөгийг шатахууны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар 53.............. тоот дансанд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлж, улмаар өөртөө гаргуулан авсан үйлдэл нь хуулийн дээрх заалтад дурдсан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл мөн байна.

Гэвч уг үйлдэл нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх тул ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай хуулийн дээрх заалтад дурдсан урьдчилсан нөхцөл энэхүү иргэний хэргийн тухайд хангагдсангүй.

44. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/6 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

45. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр Худалдах хөрөнгийн 2023 оны жагсаалт баталж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан 2023 онд орон нутгийн өмчөөс худалдах хөрөнгийн жагсаалтын 7 дахь хэсэгт “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын барилга байгууламж багтаж, нээлттэй дуудлага худалдаагаар худалджээ.

46. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь дуудлага худалдааны ялагч болсон И хоршоотой 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй багц эд хөрөнгийг 531,100,000 төгрөгөөр худалдан борлуулжээ. /1-р хавтаст хэргийн 185-187 хуудас/

 

47. Нэхэмжлэгч Л.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон нутгийн өмчит хуулийн этгээдийг татан буулгасан тул “Говь-Алтай аймгийн ИТХ”-д холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /1 хавтаст хэргийн 240-242 хуудас/

48. Хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ нь нэхэмжлэгчийг ажлаас хууль бусаар халсныг шүүх тогтоогоогүй, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй, ажил олгогч этгээд биш гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариу тайлбар гаргажээ. /1 хавтаст хэргийн 250 хуудас/

49. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно,

Уг хэсгийн 5.1.5 дахь заалтад нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн ИТХ нь захиргааны байгууллага байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна, уг хэсгийн 52.5.2 дахь хэсэгт хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана, уг хэсгийн 106.3.7 дахь заалтад захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах эсэх тухай маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заажээ.

50. “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ыг татан буулгасан “Говь-Алтай аймгийн ИТХ”-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Л.Г-т цалин хөлсний хохирол учирсан эсэх маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлээгүй, хуулийн дээрх хэсэгт заасан иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх тохиолдол үүсээгүй байна.

51. Иргэний хэргийн шүүх өөрт хуулиар эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас хохирол учирсан эсэх маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй.

52. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллагаас хохирол гаргуулахаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл нь тухайн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус гэдэг нь тогтоогдсон байх явдал юм.

 

53. “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ыг татан буулгасан Говь-Алтай аймгийн ИТХ-ын шийдвэр хууль бус гэдэг тогтоогдоогүй байхад уг шийдвэрийн улмаас цалин хөлсөөр хохирсон гэх агуулга бүхий нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М-ийн хохирол нэхэмжилж буй үндэслэлээ тайлбарласан хууль зүйн үндэслэл буюу нэхэмжлэгч татан буугдсан хуулийн этгээдийн эрх үүргийг залгамжилж буй гэдэг агуулгаар бус, шийдвэр гарган хохироосон агуулгаар гэм хор гэж үзэж Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж буй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалтад энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар, энэхүү үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заажээ. Иймд Л.Г нэхэмжлэлтэй “Говь-Алтай аймгийн ИТХ”-д холбогдох “2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай” хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 54. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Говь-Алтай аймгийн .............. сумын эрчим хүч” ОНӨААТҮГ нь татан буугдсантай холбогдуулан нэхэмжлэгч Л.Г нь урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. /1 хавтаст хэргийн 226 хуудас/

 55. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн бөгөөд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2024/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.О

                 ШҮҮГЧИД                            Ч.Э

                                                               Ш.Б