| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0098/э |
| Дугаар | 2019/ШЦТ/100 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/100
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хавхчин овогт Э.Э-д холбогдох 1921002540094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ... банкны Дорнод аймаг дахь салбарт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хавхчин овогт Э.Э.
Шүүгдэгч Э.Э нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ... тоот гэртээ эхнэр Э.Ц-ийн толгойн тус газарт 23 удаа цохиж зодон биед нь “зүүн хацар, баруун даланд, баруун чихний ар хэсэг, хүзүүний урд хэсэгт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн орчим ажлын хүмүүстэй нүүдэл хийж дуусаад, хамт олноороо хоол идэж, архи уугаад харьсан. Гэртээ очоод хүүхдүүдээсээ болж эхнэртэйгээ маргалдаж зодсон” гэв.
Хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд гэртээ байхад нөхөр Э.Э гаднаас согтуу орж ирсэн. Орж ирээд 2 хүүхдээ эрхлүүлж байна гэж миний толгой дээр хүүхдээ суулгахаар нь хүүхдээ ав гэсэн чинь дахин дахин 3 удаа хүүхэд толгой дээр суулгасан. Би босоод яах гээд байгаа юм бэ гэхэд Э.Э нь “чи хоёр хүүхдээсээ бузартах гээд байна уу” гээд миний толгой руу 23 удаа хүрч алгадаж цохисон. Үс зулгаагаад буйдан руу түлхэж унагаахаар нь босч ирээд ээжийнх рүү явахаар хувцасаа өмсөх гэтэл миний хувцасыг өмсгөхгүй байсан. Архи ууж согтуу ирэхээр нь намайг уурлахад цохиж зодсон. Зүүн хацарт гараараа алгадаж баруун чихний ар хэсэгт зангидсан гараараа цохисон. Миний үснээс зулгааж сэгсэрсэнийг бас алчуураар толгой руу ороолгосныг хүртэл тоолсон. Тухайн үед би уурандаа толгойд хүрсэн болгоныг тоолсон юм. Миний зүүн хацар дээр гараараа зангидаж байгаад маш хүчтэй нэг удаа цохисон. Миний хувьд нөхөр Э.Эг уучилсан бөгөөд бид учир зүйгээ олж эвлэрсэн тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-ийн 20-21 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 234 тоот актын дүгнэлтэд
1. Э.Ц-ийн биед зүүн хацар, баруун даланд, баруун чихний ар, хүзүүний урд хэсэгт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 26 тал/
- Э.Э-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хавхчин овогт Э.Э нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 78-22 тоот гэртээ эхнэр Э.Ц-ийн толгойн тус газарт 23 удаа цохиж зодон түүний биед зүүн хацар, баруун дал, баруун чихний ар хэсэг, хүзүүний урд хэсэгт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...эхнэр над руу дайраад байхаар нь цааш түлхэх гэж байгаад баруун хацар луу нь нэг удаа алгадсан, улам дайраад байхаар нь үсдэж байгаад буйдан руу түлхэж унагаад толгойны ар хэсэгт нь нэг удаа зангидсан гараараа цохичихсон...“ гэх мэдүүлэг, хохирогч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 234 тоот актын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Э.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Э.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд бөгөөд хохирогч нь “Нөхөр Э.Э-г уучилсан, бид учир зүйгээ олж эвлэрсэн тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Э-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавхчин овогт Э.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Э-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ