Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00803

 

 

 

 

 

 

 

 

    2024        04            19                                    210/МА2024/00803

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00516 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 18,500,000 төгрөг гаргуулах, 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах үндсэн,

Гүйцэтгэсэн ажлын доголдлуудыг өөрийн зардлаар арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Э.Ү, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай М ХХК нь 2020 оны 10 дугаар сард О ХХК-тай Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Улаан чулуут”-ын хогийн цэгийн баруун талд агуулахын зориулалттай 18x12 хэмжээтэй 216 м.кв талбай бүхий сэндвичин байшинг нийт 68,500,000 төгрөгөөр барихаар харилцан тохиролцсон.

Тухайн сэндвичин байшинг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүрэн хийж гүйцэтгэсэн.О ХХК-ийн зүгээс ажлын хөлсийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 18,000,000 төгрөг, нийт 43,000,000 төгрөгийг манай компанийн Голомт банкны 0000 тоот данс руу тус тус шилжүүлсэн. Мөн ажлын хөлсөнд тооцон 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгт тооцож манай компанийн эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байна.О ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 18,500,000 төгрөгийг төлөхийг шаардахад “удахгүй төлнө” гэдэг боловч төлөхгүй өнөөдрийг хүрсэн.

О ХХК нь гэрээний үүрэгт тооцуулан манай М ХХК-д 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг бодит байдлаар бидний эзэмшилд шилжүүлсэн ба өмчлөх эрхийг бодит байдлаар компанид шилжүүлээгүй тул нэхэмжлэгч М ХХК-ийн нэр дээр хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэл хийлгэж нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Тус компани сэндвичин барилга барих туршлагатай гэж бидэнд тайлбарлаж, улмаар ажлыг гүйцэтгэсэн боловч барилга барих зөвшөөрөлгүй бөгөөд чанарын шаардлага хангаагүй технологийн горим зөрчсөн, гарал үүсэл нь тодорхойгүй чанаргүй материал ашиглан байшин барьсан. Түүнчлэн, тус компани нэхэмжлэлдээ ажил хүлээлцэх акт 6 хуудас баримт өгсөн байх боловч тийм акт үйлдээгүй бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй. Бид тус компанид нийт 50,000,000 төгрөгийг төлсөн, бидний өгсөн мөнгөөр чанарын шаардлага хангаагүй барилгын материал авч ажил гүйцэтгэсний улмаас бидэнд багагүй хэмжээний хохирол учраад байна. Түүнчлэн 7,000,000 төгрөгт тооцон 00-00 УНӨ улсын дугаартай ажилтныхаа автомашиныг тус компанийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ажлын хөлсөнд 7,000,000 төгрөгт тооцож, тухайн үед “Тоёота приус” маркийн 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус компанийн эзэмшилд шилжүүлэн хүлээлгэн өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар ажил гүйцэтгэгч буюу М ХХК-аас манай компанид ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүйгээс гадна түүний хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой буюу зохих норм, стандарт, шаардлагад нийцээгүй тухай шинжээчийн дүгнэлтүүд гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Барилгын ажлыг болон бараа материалыг холбогдох стандартын шаардлагад нийцсэн, чанартай байдлаар хийж гүйцэтгэн, ажил гүйцэтгэгчээс ажлын үр дүнг хүлээлгэн өгсний үндсэн дээр үлдэгдэл ажлын хөлсийг төлөхөөр аман гэрээ байгуулсан. Ажлын хөлсийг 68,500,000 төгрөгөөр тохиролцсон ба манай компаниас урьдчилгаа төлбөрт 2020 оны 10 дугаар сарын 13-29-ний хугацаанд 43,000,000 төгрөг, “Тоёота приус” маркийн 00-00 УНӨ улсын дугаартай автомашиныг 7,000,000 төгрөгийн төлбөрт тооцон  шилжүүлж, ажлын хөлсөнд буюу урьдчилгаанд нийт 50,000,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл ажлын хөлс болох 18,500,000 төгрөгийг төлөөгүй. Учир нь ажил гүйцэтгэгч М ХХК нь манайд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, мөн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой буюу бидний анх харилцан тохиролцсон чанарын шаардлагад нийцээгүй бөгөөд энэ нь хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед манай компанийн гүйцэтгэх захирал О.Б- нь М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ө-той 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд гар утасны мессежээр харилцаж, гомдлын шаардлага буюу хийсэн ажлын үр дүнг манайд хүлээлгэж өгөх, ажлын доголдлыг арилгуулах талаар удаа дараа шаардлага гаргаж байсан боловч ажил гүйцэтгэгч нь өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, доголдлыг арилгаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт “Захиалагч дараах шаардлага гаргах эрхтэй” гээд 352.2.1-т “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн...зардлаар уг доголдлыг арилгуулах” эрхтэй гэж заасан тул хариуцагч М ХХК-д шинжээчийн дүгнэлтэд дурдсан ажлын доголдлуудыг өөрийн зардлаар арилгахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Энэ сэндвичин барилгад орох бүхий л бараа материалуудыг О.Б-ийн заасан газраас худалдаж авч, түүний зааварчилгааг ажлыг явуулж, холбогдох баримтуудыг тухай бүрт нь өөрт өгөөд явж байсан.Манай ажил ерөнхийдөө 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эхлээд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусч хүлээлгэн өгсөн.

Хийж гүйцэтгэсэн ажлыг товчхон байдлаар дурдвал манай компани О ХХК-д дараах ажлуудыг хийж өгсөн байна. Үүнд:

Эхлээд барилга барих газар хэт хазгай байсан учир экскаватор түрээсэлж, барилгын газрын талбайг тэгшилсэн, 12x18 хэмжээтэй барилгын аяган суурийн нүхийг ухсан, хэв хашмал түрээсэлж, баригдах байшингийн аяган суурийг хэв бэлдэж, арматур зангидаж, бетоноор цутгасан, Т ХХК болон “ХТ” ХХК-аас барилгад орох төмөр каркасыг худалдаж авсан. Худалдаж авсан каркасаа Сүхбаатар дүүрэгт байрших өөрийн компанийн төмрийн бэлдэцийн цехэд аваачиж бүтээцээр хэлбэрт оруулах буюу гагнаж бэлдсэн. Өөрөөр хэлбэл, барилгын каркасыг хэлбэрт оруулж хооронд нь гагнаж бэлдсэн гэсэн үг, бэлэн болсон карказ төмрүүдийг крантай машин түрээсэлж барилгын талбай дээр буулгаж, угсарсан. БС ХХК-аас барилгад орох сэндвичин хавтанг захиалсан. Ханын сэндвич нь 324 м.кв, дээврийн сэндвич нь 240 м.кв болсон. Уг сэндвичийг 2 удаагийн үйлдлээр техник түрээсэлж, барилгын талбайд буулгаж, угсарсан. Ханын сэндвичийг эхэлж угсарч байхад О.Б- нь тэнгэр хүйтрэх гээд байна бетоны ажил буюу шугаман суурийн ажлаа яаралтай хийж эхэл гэж хэлсэн учраас манай компани нь шугаман суурийг хэв хашмал түрээсэлж, арматур зангидаж, бетоноор цутгасан.

Шугаман суурийн бетон бэхжилт 3-4 хоног болох учраас тэр хугацаанд нь байшингийн хана болон дээврийн сэндвичийг угсарсан. Баригдсан байшингийн дотор талын гэрэлтүүлэг, цахилгааны дотор монтажийн ажлыг хийж гүйцэтгэсэн, Байшингийн том жижиг хаалгыг угсарч, суурилуулснаа шал цутгах гэж байсан чинь улс орон даяар “Ковид-19” цар тахал гарч, засгийн газраас хөл хорио тогтоосон. Хөл хорио нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тавигдаж эхэлсэн тэр үед нь шалаа бетоноор цутгаж 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүх ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй О ХХК-ийн захирал О.Б- нь өөрийн биеэр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр барилгын ажлын хүлээж авсан. Байшингийн хаалгыг эдний бараа ачсан машин мөргөж гагнаас салсан. Харин, чанарын хувьд ямар хавтан, бетоныг ямар маркийн гэж тохиролцсон зүйл байхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлэн өгөхийг хариуцагч О ХХК-д даалгаж, хариуцагчаас 18,500,000 төгрөг гаргуулах М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, О ХХК-ийн нэхэмжлэлтэй гүйцэтгэсэн ажлын доголдлуудыг өөрийн зардлаар арилгахыг М ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,650, О ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, О ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, М ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан О ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт цугласан бусад нотлох баримтуудтай бодит байдлаар харьцуулан үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтээр барилгын холбогдох норм, норматив, хууль зөрчсөн, гэм буруутай хариуцагчийн үйл ажиллагаа тогтоогдож байхад түүнийг үгүйсгэж дан ганц нэхэмжлэгчийг буруутай байдлаар тайлбарлан 18,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт “...Барилгын ажилд захиалагч дараах чиг уургийг хэрэгжүүлнэ,” мөн зүйлийн 37.1.3 дахь хэсэгт “....барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 37.1.4 дэх хэсэгт барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах...” хуулийн үүргийг О ХХК биелүүлж ажиллагаагүй байхад нэхэмжлэгчийн дээрх үндэслэлээр буруутгаж, шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцүүлж, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцүүлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд нарийвчилсан хууль буюу Барилгын тухай хуулийн зорилт, дээр дурдсан заалтуудыг хариуцагч нь зөрчсөн байхад үнэлж дүгнэж шийдвэрлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаанд орж, 2020 оны 10 дугаар сард ажлыг хийж гүйцэтгэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “үзлэг хийсэн тэмдэглэл”, нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэл зэргээс дүгнэн үзвэл ажлын доголдлыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шаардаж байсан нь үндэслэлгүй гэдэг нотлогдоно.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт “....Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана....” гэж заасан бөгөөд хариуцагч О ХХК нь ажлын хүлээж авсан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2 жил гаруй хугацаанд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан аль нэг шаардлагыг огт гаргаж байгаагүй.

Мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.4 дэх хэсэгт зааснаар барилгын үйл ажиллагааг гэрээ байгуулж ажиллуулах захиалагчийн үүргийг эс биелүүлж хууль тогтоомж зөрчсөн. Шинжээчийн дүгнэлт болон хууль тогтоомжид барилгын чанар, стандарт, бүтээгдэхүүнийг гэрээгээр заавал тохиролцож хийж гүйцэтгэхээр хуульчилсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч нь тухайн барилгыг тухайн зориулалтын дагуу ашиглах боломжтой гэж тайлбар өгсөн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5 дахь хэсэгт “...Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно....” гэж заасан бөгөөд мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт “...эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан...” бол гомдлын талаар шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Шинжээчийн дүгнэлт нь шүүх шийдвэрээ гаргахад үйл баримтыг тогтооход туслалцаа үзүүлэх нотолгооны ач холбогдолтой боловч шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрийн үндэслэлээ болгох учиргүй.

Иймд О ХХК нь Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлыг гүйцэтгэгч талтай гэрээ байгуулж ажиллаагүй, барилгыг ажлыг гүйцэтгэгчид зураг төсөлгүйгээр хийж гүйцэтгүүлсэн, гэрээ байгуулаагүй учир барилгад орох материал, бүтээгдэхүүний стандартыг тохиролцоогүй, энэ талаар шаардлага гаргаж байгаагүй, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “...барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах...”-аар заасан тул нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгэлд 18,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан бөгөөд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй атлаа гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч О ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 18,500,000 төгрөг гаргуулах, 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гүйцэтгэсэн ажлын доголдлуудыг өөрийн зардлаар арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган талууд маргажээ.

 

2. М ХХК нь, О ХХК-тай 2020 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улаан чулуутын хогийн цэгийн баруун талд агуулахын зориулалттай 18x12 хэмжээтэй 216 м.кв талбай бүхий сэндвичин байшинг гүйцэтгэгч М ХХК нь барьж хүлээлгэн өгөх, захиалагч О ХХК ажлын хөлсөнд 68,500,000 төгрөгийг өгөхөөр амаар харилцан тохиролцжээ.

 

2.1. Талууд дээрх барилгын ажлыг гүйцэтгэх талаар бичгээр гэрээ хэлцэл байгуулаагүй, мөн барилгын зураг, төсөвгүйгээр хийсэн талаар талууд маргаагүй.

 

3. Анхан шатны шүүхээс, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

 

4. Гэрээний төлбөрт хариуцагчаас нийт 43,000,000 төгрөгийг төлж, “Тоёота приус” маркийн 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгт тооцон, нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч, нийт 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн талаар талууд маргаангүй.

 

4.1. Хариуцагчаас гэрээний төлбөрт шилжүүлсэн дээрх тээврийн хэрэгслийн бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөх тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Талууд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 18,500,000 төгрөг үлдсэн тухайд маргаагүй боловч хариуцагчаас ажлын гүйцэтгэл болон чанарын доголдлын талаар маргасан.

 

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн барилгын ажлын чанарын талаар Барилга хөгжлийн төвийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээчийн 2028 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтэд “нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн барилгын ажил нь барилгын норм ба холбогдох дүрэм, стандартын шаардлагыг хангаагүй, барилгад хэрэглэсэн материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, барилгыг батлагдсан зураг төслийн дагуу барьсан, полиуретан болон эрдэс хөвөн дүүргэгчтэй сэндвич хавтангийн угсралтын ажил зураг төслийн дагуу хийгдэх ёстой.” /1хх75-79/

 

5.2. Мөн, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэлт дүгнэлтэд “Байшингийн ханын хавтангийн уулзвар хэсэг болгонд зай завсар 1см-3 см зайтай угсарсан байна. Полиуретан болон эрдэс хөвөн дүүргэгчтэй сэндвич хавтан металл баганатай холбогдох хэсэгт зай завсар үүсч, хазайлт үүссэн байдалтай байна. Дээврийн хэсэг, сэндвич хавтангийн уулзвар хэсэгт 1см-3см завсар зай үүссэн байна” гэжээ./хх161-163/

 

5.3. Хариуцагч талаас маргаан бүхий барилгын засварын ажлын төсвийг төсөвчин Б.С-гаар хийлгүүлж ирүүлсэн байх ба уг төсөвт “сэндвич барилгын хана, хучилтын хавтан гажилт болон технологийн горим зөрчсөн, 30 хувийн буулгалт хийж хуучин ашиглах боломжгүй хэсэгт шинээр сэндвич хавтангаар угсралт хийх, том хаалга сэргээж угсрах, суурийн болон хаяавч хагарсан хэсэгт нөхөх тэгшилгээ хийх, вакум цонхыг буулгах, угсрах засварын ажил хийх” төсөвт өртгийн дүнг 30,049,029 төгрөгөөр тооцон гаргасан байна.

          /хх 1хх181-191/

 

5.4. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон хариуцагч талаас ирүүлсэн засварын ажлын төсөв, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, барилгын гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн барилгын ажлын үр дүн доголдолтой байна.

 

5.5. Нэхэмжлэгч талаас дээр дурдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгэх, няцаах баримтуудыг гаргаж ирүүлээгүй байна.

 

6. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах.” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн үнэ буурах учраас нэхэмжлэгчийн 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангахгүй.

 

7. Харин, хариуцагчаас ирүүлсэн маргаан бүхий сэндвичин барилгыг засварлах нийт төсөвт өртгийн дүн 30,049,029 төгрөг байх тул нэхэмжлэгчид өгөх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 18,500,000 төгрөгийг дээрх ажлын доголдлыг арилгах засварын зардлаас тооцон хасч, нэхэмжлэгчээс 11,549,029 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож сөрөг нэхэмжлэлийг хангаж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3-т зааснаар “Тоёота приус” маркийн 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч М ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч О ХХК-д даалгаж, нэхэмжлэгч М ХХК-аас 11,549,029 төгрөгийг хариуцагч О ХХК-д олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Мастер төмрийн уран дархан ХХК-иас 70,200” гэснийг “М ХХК-аас 199,734” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ