Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/93

 

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Э.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Г-т холбогдох 1821006200379 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар баг “...” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Боржигон овогт Д.Г.

 

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар баг “Дөрөө нуур” гэх газар нутаглах хохирогч Т.Х-ийн саарал зүсмийн 1 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.Г-ыг “үхэр, адуу худалдаж авч өгнө” гэж хуурч, ... банкны дансаар 100.000 төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “...” зочид буудлын гадна уулзаж 900.000 төгрөгийг авч бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, нийт 1000.000 төгрөгийг залилан авсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “....” бааранд хохирогч Т.Э-ын хэтэвчтэй 200.000 төгрөг болон цахим үнэмлэхийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 205.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 01 сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 сарын 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” зочид буудлын гаднаас хохирогч Э.Д-ийн унаж явсан “Тоёота Приус-10” маркийн ...  УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсаны улмаас эвдэлж уг тээврийн хэрэгслийн гэмтэлд 640.000 төгрөгийн, шууд бус зардалд 115.200 төгрөгийн нийт 755.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 01 сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 сарын 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.М-ын эзэмшлийн ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар картыг 19 дүгээр байрны АТМ-д уншуулж 770.000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогч Т.Э-ын мөнгийг авахдаа би ганцаараа байгаагүй. Мажигаа гэх хүнтэй хамт явсан. Бид хоёр хамт Т.Э-ын мөнгийг авсан. Тухайн мөнгөөр баарны өрийг төлөөд, үлдсэн мөнгийг Мажигаа авсан. Би бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Э.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өөрт учирсан 755.200 төгрөгийн хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай адуунууд “Дөрөө нуур”-ын орчмоор бэлчээрлэдэг. Шуурга болохгүй л бол хол гүйгээд байдаггүй. Би 2018 оны 01 сарын дундуур Дорнод аймаг руу хувийн ажлаар явах үед адуунуудаа бүгдийг хураагаад явсан бөгөөд мал дээр хүн үлдээгүй. Ингээд 7 хоног аймгийн төвд байж байгаад сум руу гэртээ очоод адуугаар хураахад гэрээс баруун зүгт 4-5 км зайд манай адуунууд байсан боловч нэг тооны саарал зүсмийн соёолон насны буйл загасан тамганы доор дахин галтай зуузай тамгатай тарган морь алга болсон байсан учраас 7 хоног орй хавиар хайгаад олоогүй. Д.Г-той таараад адуугаа асуухад хараагүй гэж хэлдэг байсан. Д.Г бид хоёр учраа ололцсон учраас түүнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 9-10 тал/

 

Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.Г миний утас руу залгаад 50 тооны адуу бэлэн байна, Дорнод аймагт хүрээд ир, иртлээ бензин тосны мөнгө 100.000 төгрөг зээлчих гэхээр нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 22-ны өдөр Дорнод аймагт ирээд уулзахад маргааш өглөө эрт мотоциклоор явна, адуу өгөх юм чинь мотоциклын моторын 900.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь 900.000 төгрөг бэлэн өгсөн. Ингээд маргааш өдөр нь ч ирээгүй болохоор утас руу нь залгахад эмэгтэй хүн аваад Д.Г-ийг биллъяард тоглож байгаа гэж хэлсэн. Тэгээд уг газраас Д.Г-ийг аваад Дашбалбар сум руу дагуулаад явсан боловч суманд очоод утсаар яриад ирье гэж хэлээд алга болчихсон. Одоог хүртэл хохирлыг минь барагдуулаагүй учраас хохирлоо нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 69-71 тал/

 

Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө өөрийнхөө Приус 10 маркийн ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад 19-р байрны АТМ-с мөнгө аваад Бумбат хүргүүлнэ гэж хэлээд 2 залуу суусан. АТМ-ын гадаа Д.Г гэх залуу түрүүлээд буугаад АТМ ороход цуг явсан залуу нь 20 дугаар байрны зүүн талаар хойшоо яваад өгсөн. Д.Г гарч ирээд нөгөө залууг явсан гэхэд гэр лүүгээ явж байгаа юм аа гэж хэлээд Баян буудал хүргээд өгчих гэсэн. Тэгээд Баян буудал ороод удалгүй гарч ирээд Тулга буудал оръё гэсэн. Энэ хооронд 20.000 төгрөгөөр бензин хийлгүүлсэн. Тулга буудлын гадаа очоод намайг ороод хүүхэн асуугаад өгчих гэхээр нь машинаа унтраах гэхэд даараад байна, асаалттай орхичих гэсэн. Ингээд буудал ороод гарч ирэхэд машин байхгүй байсан. Дараа нь машинаа эвдсэн байхад олж авсан бөгөөд машинд учирсан хохирол 755.200 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.  /хх-ийн 91-92 тал/

 

Хохирогч Я.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тулгаа, Д.Г бид 3 гадагшаа гараад том савтай 2 пиво уугаад эхлээд Редбулл, дараа нь Мустанг бааранд орсон. Мустанг бааранд ороод 0.75 граммын Соёрхол нэртэй архи уугаад би согтоод тасарчихсан байсан. Өглөө сэрэхэд эрүүлжүүлэхэд байсан. Эхнэрийн гар утсанд данснаас мөнгө авсан талаар мэдээлэл ирсэн бөгөөд Д.Г миний виза картын нууц дугаарыг яаж мэдсэнийг мэдэхгүй. Д.Г-оос 690 гаруй мянган төгрөг авсан бөгөөд үлдэгдэл мөнгийг аваагүй. Гэхдээ Д.Г-оос үлдэгдэл мөнгөө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 95-96 тал/

 

Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 12 сарын 29-ний өдөр Лимонс гэх бааранд найз нартайгаа 3 шил архи уусан. Тэгээд бааранд сууж байхад Мажигаа гэх залуу тэд бааранд нэг танихгүй залуутай хамт орж ирээд хамт архи уусан. Тэр залуу надаас мөнгө гуйхаар нь 40.000 төгрөг өгсөн. Тэгээд хэсэг байж байгаад би ариун цэврийн өрөөнд байж байтал нөгөө залуу араас орж ирээд миний өмдний баруун талын халаасанд байсан хүрэн түрийвчийг аваад зугтсан. Уг түрийвчинд миний иргэний үнэмлэх, 200.000 төгрөг байсан. Хохирлоо барагдуулчихвал надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 131-132 тал/

 

Гэрч А.Энхтайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 1 сард Болдбаяр ах 2 адуу ажиллаж аймаг авч явах гээд Д.Гийг адуу туугаад ир гэхэд Д.Г саарал зүсмийн соёолон насны байж магадгүй адуу цуг туугаад ирсэн. Би Д.Гоос наад адуугаа яах гэж байгаа юм бэ гэхэд надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө мэдэж байгаа юм байлгүй гэж бодоод өөр юм хэлээгүй” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

 

Гэрч Г.Дэнсмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Э.Д миний нөхөр байгаа юм. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй ч сүүлийн 12 жил хамт амьдарч байна. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. Машинд уг явдлаас болж урд гүпер хагарсан, буруу талын урд дугуй хагарч папришка шатсан, обуд сэнсэрсэн, буруу талын хойд дугуй хагарч хэрэглэх боломжгүй болсон, буруу талын урд карло үрчийж чихэгдсэн байсан. Вендо ХХК-ийн үнэлгээг зөвшөөрч байна” гэжээ. /хх-ийн 97 тал/

 

     Гэрч Б.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Манай нөхөр 2019 оны 01 сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд хүнтэй уулзана гээд гарсан. Ингээд орой 23 цаг 48 минутад 600.000 төгрөгийн гүйлгээ хийсэн боловч гараагүй. Дараа нь 23 цаг 53 минутад 700.000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл дахин ирж 23 цаг 58 минутад 70.000 төгрөгийн зарлага гарсан талаар мэдээлэл ирсэн. Тэгээд миний дансанд 15890 төгрөг үлдсэн. Ингээд би нөхөр Я.М руу залгахад 2 дуудаад холбогдохгүй болсон. Манай нөхөр Я.М виза картнаас яаж мөнгө авдаг талаар мэдэхгүй. Миний картанд анх 885.290 төгрөг байсан. Тэгээд Мустанг бааранд ороод гарахад 786.440 төгрөг үлдсэн. Ингээд Д.Г гэх хүүхэд 770.000 төгрөгийг манай нөхрийг тасарсаны дараа авчихсан байна” гэжээ. /хх-ийн 106 тал/

 

     Гэрч Ж.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой баар хаах үед Т.Эыг Мажигаатай хамт ирсэн залуу дуудаад ариун цэврийн өрөөнд ороод мөнгө хэрэгтэй байна, 40.000 төгрөг өгөөч гэхээр нь Т.Э өгсөн байсан. Т.Э өөрөө ярьж чадахгүй боловч хүний ярьж байгааг ойлгоод байдаг. Гэтэл Т.Э миний түрийвч алга болчихлоо гэхэд нь юу болсон талаар асуухад нөгөө залуу намайг ариун цэврийн өрөөнд бие засаж байхад өмдний халаасанд байсан түрийвч аваад зугтсан гэж хэлэхэд нь араас нь гарахад тэр залуу байхгүй байсан. Түрийвчинд юу байсан талаар асуухад иргэний үнэмлэх, 200.000 төгрөг байсан гэсэн” гэжээ. /хх-ийн 136 тал/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12, 133 тал/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 127-128 тал/

Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 116-117 тал/

Д.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 161-163 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Боржигон овогт Д.Г нь 2018 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар баг “...” гэх газраас хохирогч Т.Х-ийн саарал зүсмийн 1 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж бусдад 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын малыг хулгайлсан,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.М-ын эзэмшлийн ... банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар картыг 19 дүгээр байрны АТМ-д уншуулж 770.000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг авсан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Лимонс” бааранд хохирогч Т.Э-ын хэтэвчтэй 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг болон цахим үнэмлэхийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, нийт 205.000 /хоёр зуун таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Э.Г-ыг “үхэр, адуу худалдаж авч өгнө” гэж хуурч, ХААН банкны дансаар 100.000 /нэг зуун мянган/ төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Ган Хэрлэн” зочид буудлын гадна Э.Г-тай уулзаж 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг авч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, нийт 1000.000 /нэг сая/ төгрөгийг залилан авсан буюу бусдын эд хөрөнгийг залилсан,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тулга” зочид буудлын гаднаас хохирогч Э.Д-ийн унаж явсан “Тоёота Приус-10” маркийн ...  УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсаны улмаас эвдэлж уг тээврийн хэрэгслийн гэмтэлд 640.000 /зургаан зуун дөчин мянган/ төгрөгийн, шууд бус зардалд 115.200 /нэг зуун арван таван мянга хоёр зуун/ төгрөгийн нийт 755.200 /долоон зуун далан таван мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...би Болдбаяр ахын адууг туугаад явж байхад ойролцоо 5-6 тооны адуу бэлчээрлэж байхаар нь саарал зүсмийн соёолон адууг ялгаж хамт туугаад явсан. Э.Г гэдэг хүнээс мал авч өгнө гэж хэлээд 1000.000 төгрөг авсан бөгөөд хохирлыг барагдуулаагүй, Э.Д ахын машиныг авч явахдаа согтуу байсан болохоор яаж авч явснаа санахгүй байна, машиныг унаж яваад дугуй нь хагараад явж болохгүй болохоор нь буугаад харсан чинь гүпер нь салчихсан байсан. Тэгэхээр нь төмөр замаас хойш замын хажууд танихгүй айлд машиныг орхисон. Тэр өдөр Я.М ахын виза картнаас 770.000 төгрөг авсан бөгөөд бид хоёр хоёулаа согтчихсон байсан. 19-р байрны АТМ-с мөнгө аваад гарч ирсэн чинь Я.М ах байхгүй байсан бөгөөд жолооч энэ хүн харина гээд байна шүү дээ гэхэд нь харих юм байлгүй гэж хэлсэн. Т.Эын тухайд санахгүй байгаа боловч тэр ах өөрөө чи мөнгийг минь авсан байна лээ, камерт бичигдсэн байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Т.Х, Э.Д, Э.Г, Я.М, Т.Э, гэрч А.Энхтайван, Г.Дэнсмаа, Б.Гантуяа, Ж.Батбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хохирлын үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

Шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Г-ийг бусдын малыг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бусдын эд  хөрөнгийг залилсан, бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г-ийг бусдын малыг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг залилсан, бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Г нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн учраас түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийтгэх тогтоолын заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6  сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Тус хэрэгт шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Х-т 1 тооны адууны буюу 800.000 төгрөгийн, хохирогч Э.Г-д 1000.000 төгрөгийн, хохирогч Т.Э-т 205.000 төгрөгийн, хохирогч Э.Д-т 755.200 төгрөгийн, хохирогч Я.М-д 770.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Я.М-д 697.000 төгрөгийг төлж, хохирогч Т.Х нь 800.000 төгрөгийг, хохирогч Я.М нь үлдэгдэл хохирол 73.000 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Г-оос гэм хорын хохиролд нийт 1960.200 төгрөгийг гаргуулж, 1000.000 төгрөгийг хохирогч Э.Гд, 205.000 төгрөгийг хохирогч Т.Э-т, 755.200 төгрөгийг хохирогч Э.Д-т тус тус олгож, хохирогч Т.Х, Я.М нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн” 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийн цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-оос гэм хорын хохиролд нийт 1960.200 /нэг сая есөн зуун жаран мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, 1000.000 /нэг сая/ төгрөгийг Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо ... тоотод оршин суух хохирогч Э.Г-д, 205.000 /хоёр зуун таван мянган/ төгрөгийг Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Т.Э-т, 755.200 /долоон зуун тавин таван мянга хоёр зуун/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ... тоотод оршин суух хохирогч Э.Д нарт тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь хохирогч Я.М-д 697.000 төгрөгийг төлсөн болон хохирогч Я.М, Т.Х нар нь шүүгдэгч Д.Г-оос хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ