| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 588 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Б.Т , Б.М , тэдний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
Шүүгдэгч П.Б , Д.Т , А.Т , тэдний өмгөөлөгчид Б.Отгонбаяр, Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т , Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар,
мөн шүүгдэгч П.Б , Д.Т , А.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 06447 0345 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 4 дүгээр гудамж 17 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП99102934, хэрэг хариуцах чадвартай, П.Б .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Сургуулийн гудамжны 1828 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УҮ99112736, хэрэг хариуцах чадвартай, Д.Т .
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд, боловсролтой, сантехникч мэргэжилгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 36 дугаар гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК99032714, хэрэг хариуцах чадвартай, А.Т .
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 37 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ01230119, хэрэг хариуцах чадвартай, Б.Т .
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 35 дугаар гудамжны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЖ01231314, хэрэг хариуцах чадвартай, Б.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Т Б.М нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
мөн бүлэглэн иргэн Х.Батбаярт хүч хэрэглэн довтолж гар утас, түрийвч, 15.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,
шүүгдэгч П.Б , Д.Т , А.Т нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг дээрэмдэж авсан бөгж, гар утас, бэлэн мөнгө зэргийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ харамсаж байна. Дахин хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Бид нарын ялыг
хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ харамсаж байна. Дахин хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Бид нарын ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ харамсаж байна. Дахин хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Бид нарын ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ харамсаж байна. Дахин хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Бид нарын ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ харамсаж байна. Цаашид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж хөдөлмөрлөх боломж олгож өгнө үү. Дахин хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Бид нарын ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-9, 82/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9302 дугаартай дүгнэлт /хх-33/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-89-90/, хохирогч Х.Батбаярын ажил байдлын тодорхойлолт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи баримтууд /хх-92-96/, А.Т ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-11-12/, Д.Т ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-13-14, 120/, П.Б ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-16-17/, Б.Т гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-19-20/, гэрч Б.Баяржаргалын өгсөн мэдүүлэг /хх-26-27/, шүүгдэгч Б.Т гийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94/, шүүгдэгч Б.Т гийн хувийн байдлын тухай баримтууд /хх-55-56/, шүүгдэгч Б.М ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/, шүүгдэгч Б.М ын хувийн байдлын тухай баримтууд /хх-62-63/, насанд хүрээгүй Б.М ын нас тоолсон тэмдэглэл /хх-100/, насанд хүрээгүй Б.Т гийн нас тоолсон тэмдэглэл /хх-101/, гэрч Ц.Алтантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-28-29/, гэрч М.Нарангаравын өгсөн мэдүүлэг /хх-30-31/, П.Б ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, Д.Т ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-59/, Д.Т ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, А.Т ийн хувийн байдлын тухай баримтууд /хх-65-66/, гэрч Б.Зулсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-126/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-145/, П.Б ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-50/, П.Б ийн хувийн байдлын тухай баримтууд /хх-52/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Т Б.М нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
мөн бүлэглэн иргэн Х.Батбаярт хүч хэрэглэн довтолж гар утас, түрийвч, 15.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,
шүүгдэгч П.Б , Д.Т , А.Т нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг дээрэмдэж авсан бөгж, гар утас, бэлэн мөнгө зэргийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Батбаярын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар руу ирэх замдаа ажлын газрын хүмүүс болох Алтангэрэл, Оюунгэрэл нарын хамт 0.75 граммын 2 шил архи хувааж уусан. Тэгээд шөнийн 23 цагийн үеп хотод ирээд найзтайгаа уулзахаар Ботаникийн эцсийн ойр байдаг Монгол нэртэй караокед очтол найзын утас холбогдохгүй байхаар нь би харих гээд такси барих гээд гараа өргөтөл цагаан өнгийн гэр бүлийн жип маркийн машин зогссон. Тэгээд суутал урд талд нь 2 хүн, ард нь бас 2 хүн нийт 4 залуу сууж байснаа нэг нь багаж хэсэг рүү орсон. Надаас хаашаа явах талаар асуухаар нь Натур руу явна гэж хэлэхэд ямар том юм бэ гээд миний ард суусан залуу толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би “ах нь өгөх юмыг нь өгье, болилдоо” гээд нэгийг нь эсэргүүцээд тохойдсон чинь “ямар овоо гар вэ” гээд толгой, нүүр рүү олон удаа цохисон. Би өмднийхөө халаасанд түрийвч болон 2 ширхэг утсаа хийсэн байсан ба миний өмдний халааснаас тэдгээрийг авсан удалгүй мухар гудамжинд ирээд зогссон. Урд сууж явсан нэг залуу нь намайг татаж унагаагаад нүүр нүдгүй цохисон...Миний түрийвчийг 3 жилийн өмнө эхнэр бэлгэнд өгч байсан 80.000 төгрөгөөр авсан. Түрийвчин дотор иргэний болон жолооны үнэмлэх, бэлнээр 30.000 төгрөг, “Хаан”, “Төрийн банк”-ны виза картууд, хуримын бөгж 700.000 төгрөгөөр авч байсан. Мөн 2 ширхэг хар, саарал өнгийн Самсунг эс-5 маркийн гар утсыг нэгийг нь 150.000, нөгөөг нь 270.000 төгрөгөөр тус тус авч байсан.” /хх-9/ гэх мэдүүлэг,
Мөн түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “...Хохирол барагдсан, гэм хор арилсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Дээрхи хүүхдүүдэд холбогдох хэргийг аль болох хөнгөн шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9302 дугаартай дүгнэлтэд:
1. Х.Батбаярын биед бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зовхи уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, дух баруун бугалгад цус хуралт, дух зүүн чихний урд, баруун шуу, бүсэлхий, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл хүндэвтэр бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй.” /хх-33/ гэх дүгнэлт,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-89-90/,
Хохирол нэхэмжилсэн баримт /хх-94-95/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51, 54, 60, 61, 66/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т , Б.М нарын өмгөөлөгчийн гаргасан “…Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Нөгөө талаас эрүүгийн хариуцлагийн хувьд шүүгдэгч Б.Т , Х.Мөнхзул нарын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ямар нэг ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Иймд Эрүүгийн хулуийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн өсвөр насны шүүгдэгчид хорих ял оногдуулахад тогтоол биелүүлэхийг хойшлуулах журмыг хэрэглэж өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т , Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар,
мөн шүүгдэгч П.Б , Д.Т , А.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Т Б.М нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2-д заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,
мөн бүлэглэн иргэн Х.Батбаярт хүч хэрэглэн довтолж гар утас, түрийвч, 15.000 төгрөг зэргийг дээрэмдсэн үйлдэл нь “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу бүлэглэн дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч П.Б , Д.Т , А.Т нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг дээрэмдэж авсан бөгж, гар утас, бэлэн мөнгө зэргийг мэдсээр байж ашигласан үйлдэл нь “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан буюу мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч П.Б , Д.Т , А.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Т , Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулинд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.Т , Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж, мөн тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б , Д.Т , А.Т нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Т , Б.М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
мөн бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. П.Б , Д.Т , А.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Б.Т , Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т , Б.М нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт тэдний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Т , Б.М нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б , Д.Т , А.Т , Б.Т , Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Б , Д.Т , А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Т , Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Б , Д.Т , А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Т , Б.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС