Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00801

 

 

 

 

 

 

 

 

    2024        04            19                                    210/МА2024/00801

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/00601 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Н-, Б.Э- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,023,731 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Т ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Н.Н-, Б.Э- нартай “Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ”-ний дагуу 12,700,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч Н.Н-, Б.Э- нар нь гэрээний 2.2.1-т заасны дагуу “Зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг баталсан хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээл төлөх үүргээ 2023 оны 06 дугаар сараас хойш биелүүлээгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч Н.Н-, Б.Э- нар нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 9,460,057 төгрөг, хүүд 4,633,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 926,612 төгрөг, нотариатын авлагад 4,000 төгрөг буюу нийт 15,023,731 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагч Н.Н-, Б.Э- нараас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,023,731 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас зээлийн хугацаанд нийт 7,416,000 төгрөгийг төлсөн тул машин зарсан 6,109,660 төгрөгийг нэмэхээр нийт 13,523,664 төгрөг болж байгаатай маргахгүй гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т ХХК-аас 2,600,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд 12,700,000 төгрөгөөр “Тоёота приус 30” маркийн автомашин худалдан авсан. Эхний жил мөнгөө төлж явж байтал “Ковид-19” цар тахал гарсны улмаас 2 жил бүх ажил үйлчилгээ зогсож, төлөлт хийгээгүй болно. 2021 оны 05 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сард уг машиныг Т ХХК хурааж авсан болно. 2022 оны 07 дугаар сард уг машинд үнэлгээ хийлгэхэд 9,300,000 төгрөг болсон байсан. Машины тухайн үеийн зах зээлийн ханш 21,000,000 төгрөг байсан. Иймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талаас зээлийн хугацаанд 7,416,000 төгрөгийг төлсөн. Барьцааны гэрээнд зааснаар “үүргийн гүйцэтгэлийг авто машинаар хангуулна” гэж заасан. Т ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тухайн “Тоёота приус 30” маркийн 00-00 УНИ улсын дугаартай автомашиныг хурааж авснаар үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэж байна. Тухайн машиныг надаас хураан авснаас хойш 11 сарын дараа 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээ дээр авто машины зах зээлийн үндсэн үнэ 14,000,000 төгрөг гэсэн байхад нэхэмжлэгч машиныг 6,100,000 төгрөгөөр зарсан гээд байгаа. Манай зүгээс машин хураагдсан өдрөөс гэрээ дуусгавар болсон гэж үзээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дах хэсэгт заасныг үндэслэн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Н.Н-, Б.Э- нараас 6,838,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,184,789 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-, Б.Э- нараас 204,554.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            4.1. Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан тухайд:

Зээлдэгч Н.Н-, Б.Э- нар нь гэрээгээр тохирсон зээл төлөх үүргээ 2021 оны 04 дүгээр сараас зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сард барьцааны автомашиныг хураан авч 2023 оны 03 дугаар сард хөрөнгийн үнэлгээний А ХХК-аар үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ 9,283,100 байхаар тогтоосон. Хэдийгээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Автомашин худалдан авах болон зээлийн барьцааны гэрээ”-нд барьцааны автомашиныг 11,250,000 төгрөгөөр үнэлсэн боловч зээлдэгч нар нь уг хөрөнгийг ариг гамгүй ашигласнаас үүдэн урд 2 крыло хонхойж будаг халцарсан, хормой эмжээр сэв зураастай, хагарсан гэх мэт хэрэглээний эвдрэл доголтой ихтэй эдэлснээс үүдэлтэйгээр даатгалын гэрээгээр нөхөн төлөх боломжгүй эвдрэл гэмтлийг хасаж тооцон зах зээлийн үнэлгээ буурсан. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 53.2.1-т заасны дагуу худалдан борлуулсан бөгөөд тус барьцаа хөрөнгө эвдрэл гэмтэл ихтэйн улмаас үнэ хүрэхгүй байсан тул үнэлгээний үнэ болох 9,283,100 төгрөгийн 70 хувьд дүйцүүлж 6,106,644 төгрөгөөр худалдан борлуулсан. “Автомашин худалдан авах болон зээлийн барьцааны гэрээ”-ний 1.1.11-т “Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ” гэж заасны дагуу 2023 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийн төлбөрт автомашиныг зарсан 6,106,644 төгрөгийг хасаж үндсэн зээлд 9,460,057 төгрөгийн үндсэн зээлийн төлбөртэй үлдсэн. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан боловч хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийн төлбөрт төлөгдөөгүй мөнгө үлдсэн тул бид зээлдэгчийн зээл, хүүгийн тооцоог гарган 2023 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлийн төлбөрийг бүрэн дуусах хүртэлх хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасан журмыг баримтлан барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч зохих төлбөрийг хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 36 сарын хугацаатай зээл авсан гэж тооцоход 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж байна. Гэвч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр барьцааны эд зүйл болох автомашиныг хураан авч байна. Үүргийн гүйцэтгэл хангагдсан гэх утгаар нэмэгдүүлсэн хүү бодогдох эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар гэж дурдсан. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т зааснаар талууд барьцааны зүйлийг худалдан борлуулна гэж заасан. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасны дагуу худалдан борлуулна гэж зохицуулсан боловч давж заалдах гомдолд 9,283,100 төгрөгийн 70 хувьд дүйцүүлэн худалдсан. Гэвч 70 хувийг яаж тогтоосон болон ямар тусгай мэдлэгийн хүрээнд 70 хувь гэж тогтоосон нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч автомашиныг 6,106,644 төгрөг гэх бутархай мөнгөөр худалдан борлуулсан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.Н-, Б.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,023,731 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхээс, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ”-гээр Т ХХК нь 12,700,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Н.Н-, Б.Э- нар зээлийн төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөх, үүргийг биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, “Тоёота приус 30” маркийн 00-00 УНИ улсын дугаартай  тээврийн хэрэгслийн өмчлөх, эзэмших эрхийг Т ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 7-9/

 

2.2. Дээрх гэрээний 3.7-д заасны дагуу “Тоёота приус 30” маркийн 00-00 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэр дээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шилжин бүртгэгдсэн байна. /хх 36-37/

 

3. Нэхэмжлэгч нь, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь frc.mn/#sct/org-detali/2626209 гэсэн цахим хаягт байрлах нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байна.

 

3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин, уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

4. Нэхэмжлэгч нь, фидуцийн зүйл болох “Тоёота приус 30” маркийн 00-00 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хураан авсан, улмаар 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бусад этгээдийн нэр дээр шилжсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон байна./хх 36-37/

 

4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж дээрх тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хураан авч, улмаар хөрөнгийн үнэлгээний А ХХК-аар үнэлүүлэхэд 9,283,100 төгрөгөөр үнэлсэн байх ба уг үнэлгээний 70 хувь буюу 6,106,644 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг зээлийн төлбөрт суутгасан байна./хх 9, 58-73/

 

5. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээний үүрэг дуусгавар болдог.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь автомашиныг хураан авч худалдан борлуулснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 6,838,942 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/00601 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ