Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 4764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх    дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь эх гудамжны 7-931  тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэнпэлийн Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мангууд овогт Очирбатын Орхон /Регистрийн дугаар ЕП61012401/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь эх гудамжны 7-932  тоотод оршин суух, Модчин овогт Бат-Амгалангийн Мөнхтөр /Регистрийн дугаар ИЦ89041976/-д холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Орхон, хариуцагч Б.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Орхон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Ц.Мягмарыг төлөөлж О.Орхон миний бие 2013 оны 06-р сарын 18-ны өдрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, БЗД-ийн 27-р хороо, 7-931 тоот хаягт байршилтай, 366 м2 талбай бүхий, 18644314952324 нэгж талбарын, Г-2204018900 дугаартай хашааны газрыг газар өмчлөх кадастрын дагуу бөглөсөн билээ. Тухайн үед 7-932 тоотод оршин суугч, Мөнхтөрийн эхнэр Мартад: манайх хашаагаа бөглөлөө, Танайх хүүхдүүд байгаа дээр хаалгаа аль талдаа гаргахаа сонгоод хийлгээд ав гэтэл үл зөвшөөрч, чаддаг юм бол бөглө, шүүхэд өгнө, галдан шатаана... гэх мэтчилэн заналхийлсэнд хүүхдүүд маань дургүйцэж, хашаагаа кадастрын дагуу бөглөсөн билээ. Тухайн үеэс /2015-07-26-наас/ одоог хүртэл орох гарахад нь хаалгаа тайлж өгсөөр ирсэн. Олон удаа хашааг минь эвдэж, сүйтгэж, дөнгөж нярайлсан нялх биетэй охиныг минь зодож танхайрч байсан. /Эхнэр Март нь/ Гол нь бидний 16 жил амьдарсан газар руу болон баруун айлынхаа үл хөдлөх рүү оруулж кадастраа гаргуулж авсаныг бид үл зөвшөөрч, маргаан тасрахгүй байгаа тул уг маргааныг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Жич: Бид тухайн газартаа бараг айлгүй байхаас нь одоог хүртэл, тогтвор суурьшилтай амьдарч ирсэн /2000 оноос/ Мөнхтөрийн гудамжны айлууд бүгд хойд талдаа хаалгатай бөгөөд, хамгийн эхэнд байсан айл болох Баянжаргалынх: Хаалгаа урд талдаа түр гаргачихъя, хөл муутай болохоор тойрч явахад хэцүү байх юм гээд биднээс гуйж байж урдаа хаалга гаргаж, орж гарч байсан билээ. Мөнхтөрийнх өмнө нь тус шүүхэд хандахдаа: аль ч талдаа хаалга гаргах ямар ч боломжгүй, зай байхгүй гэж өчсөн нь огт худал бөгөөд, шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэсэн гэж үзэж байна. Үнэн хэрэгтээ хойд талдаа 15 м, зүүн талдаа 5-10 м зайтай болно” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Орхон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Манай гэр бүл нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 7 дугаар гудамж, 931 тоот хаягт 2000 оноос хойш 16 жил тогтвор суурьшилтай амьдарч байна. Б.Мөнхтөрийнх гэдэг айл сүүлд 3, 4 жилийн өмнө ирж амьдарч байгаа байх, бид хоорондоо дотно тааламжтай харилцаатай хүмүүс биш юм. Бидний 16 жилийн турш амьдарсан арын газар луу Б.Мөнхтөрийнх кадастрын зураг авахдаа оруулан авсан байсан. Б.Мөнхтөрийн зүгээс кадастрт оруулан авсан газраа авна, хаалгаа гаргана гэдэг, уг газар нь манай хууль ёсны эзэмшлийн газар тул кадастрын дагуу хашаа хатгаж бөглөхөөр болж Б.Мөнхтөрийн эхнэрт энэ тухайгаа хэлэхэд эхнэр нь татгалзаж байсан. Уг газар нь доголтой, Б.Мөнхтөрийн үүд нь урдаа байсан. Манайх  хашаагаа огт хөдөлгөөгүй юм. Гэтэл 2012 онд Мянганы сорилтын сангаас кадастр авахаар манай зүгээс мөнгө төлөөгүй, Б.Мөнхтөрийнх кадастрын зургаа Ц.Мягмарыг авахаас өмнө авсан байдаг. Сүүлд албан ёсоор Мянганы сорилтын сангаас тэр орчмын айлуудад кадастрын зураг өгөхдөө Ц.Мягмарын хашааны буланд архичин, согтуу хүмүүс маш их цугларч байна гэж 8 жилийн турш яриад Ц.Мягмар нь жижигхэн газартай тул эзэмшилд нь уг буланг оруулж өгөх нь зүйтэй гэсэн саналыг гарган Мянганы сорилтын сангаас бичиг гарган Ц.Мягмарынх албан ёсоор бөглөх болсон. Тухайн үед мөнгөний боломжгүй байсан тул өнгөрсөн зун хашаа бөглөхөөр боллоо гээд эхнэр Мартад танайх хаалгаа аль талдаа гаргах юм, хүүхдүүд байгаа дээр гаргуулчих гэж хэлэхэд зөвшөөрөлгүй асуудал үүсэн, хэрүүл маргаан үүссэн. Газрын албанд хандахад асуудлыг кадастрын зургийн дагуу шийдвэрлэ, хаалга үүдээ хаанаа гаргах нь та нарын асуудал гэж албан ёсоор хэлсэн. Манай арын газар руу оруулаад хаалгаа гаргасан байгаа. Газар өмчлөлийн гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа кадастр бол биш, Ц.Мягмар нь 16 жилийн турш амьдарч байгаа газар тул кадастр гэж ойлгож байгаа тэр газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Албан ёсны бичиг баримт байхгүй. Ар талын хашааны газраа авахыг хүсэж байна” гэв.

 

Хариуцагч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“Бат-Амгалан овогтой Мөнхтөр миний бие  2013.09.06-нд БЗД-ийн 27-р хороо, 7-932 тоот хаягт байршилтай, 566 м2 талбай бүхий, 18644314974341 нэгж талбарын, Г-2204008804 бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээтэй газрыг гэр бүлийн хэрэгцээнд зах зээлийн үнээр худалдан авсан нь үнэн болно. Гэтэл 2015.07.17-ны өдөр БЗД, 27-р хороо, 7-932 тоотод оршин суугч О.Орхон нь охин хүүхдүүдийн хамт хүч түрэн манай эрхэд халдан орох гарах газрыг хаан хашаагаа сунгах явцад манай эхнэр Март тухайн үед байсан бөгөөд /миний эзгүйд/ охин Туулд нь: энэ болохгүй, зохисгүй үйлдэл гэж сануулж, хуулийн байгууллагад хандана гэж хэлсэн боловч үл тоомсорлож хүч түрэн хашаагаа сунгаж барьсан болно. 2015.08.03-нд автомашинаа хашаандаа оруулах гэтэл О.Орхон нь хүүхдүүдийн хамт хаалгаа үл тайлан оруулахгүй байсан болно. Иймд Мөнхтөр миний бие нь хорооны цагдаад хандан биечлэн уулзаж учир байдлаа тайлбарлатал хорооны цагдаа хаалгаараа оруулахгүй бол эвдээд орох санал тавьсан. Иймд автомашинаа орох зайны хашааг нээж автомашинаа оруулсан болно. Тухайн айлтай хэрүүл маргаан тасрахгүй байгаа бөгөөд О.Орхон гэгч нь охин Туулын хамт миний эхнэр болон 1,7 сартай охины минь хамт гэрээс нь гарган ирж хэл амаар доромжилж, зодож танхайрч, хашааны том хаалгыг эвдэж хохирол учруулсан болно. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан болно. БЗД, 27-р хороо, 7-932 тоот айлын өмчлөлийн гэрчилгээ 2008 онд гарсан байдаг. Манайх 2013 онд өмчлөлийн гэрчилгээ газрын албанаас хүлээн авсан болно. БЗД, 27-р хороо, 7-932 тоот айл зүүн талдаа 5 м, хойд талдаа 6 м байгаа бөгөөд энэ нь том оврын автомашин орох боломжгүй бөгөөд газрын хуулийн дагуу орох гарах гарцыг анх байсанд нь байрлуулж, нэхэмжлэгч айлын хашааг татаж өгнө үү “гэжээ.

Хариуцагч Б.Мөнхтөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа намайг ажлаасаа ирэхэд том хаалга, явган хаалга бөглөсөн байдалтай байсан. Манай эхнэр 7, 8 залуучууд ирээд манай хашааны орох гарах гарцыг хаагаад Ц.Мягмарынх хашаагаа сунгаад хашаа татаад бөглөчихлөө гэж хэлсэн. Энэ асуудлаар манайх шүүхэд хандахад шүүхээс цуцалсан. Газрын албаар зөндөө явсан. Би 2013 онд кадастр хийсэн хашаа худалдаж авсан. 2008 онд надад хашаагаа зарсан айл гэрчилгээгээ авсан байсан. Ц.Мягмарынх 2013 онд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байдаг. 2008 онд манайхыг авахад хашааны хаалга нь урдаа байсан. Уг хашаа нь доголтой хашаа юм. 2008 онд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан тул Газрын тухай хуулийн дагуу манайх хаалгаа хаана гаргах, урдаа гаргах эсэх нь 100 хувь манай эрхийн асуудал байсан. Ц.Мягмар танил талаа ашиглан манай хашааны хаалгыг хааж кадастрын зураг хийлгэсэн байсан. Ямар кадастрын байгууллага айлын хашааны хаалга байхад хаалгыг нь хааж, байхгүй мэтээр зураг хийхгүй юм байна лээ тухайн үед би энэ талаар судлаж үзсэн. Манай хаалгыг хааж байхгүй мэт зураг хийлгэсэн байгаад гомдолтой байна. Бид одоо байнга айлын хашаагаар дамжин ордог. Ц.Мягмарынх 2 том нохойтой. Манайх хоёр бага насны хүүхэдтэй, орж гарахад маш хэцүү байдаг. Манай том хаалгыг эвдэлсэн байдаг. Ц.Мягмарын Туул гэдэг охин нь манай эхнэрийг хүүхдийн хамт орох гэхэд нь түлхэн унагаасан байдаг. Энэ газрын маргааны асуудлаас болж маш их асуудал үүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо хүртэл хашаа барьсан хэвээрээ байгаа. Баахан залуучуудтай ирсэн байсан. Хорооны Засаг дарга, зохион байгуулагч, цагдаатай уулзахад хашааг эвдээд орж болно гэж 2015 оны 07 сард хэлсэн байгаа. Манай хашааг эвдсэн байгаа, би Ц.Мягмарын хашааг эвдэлсэн зүйлгүй нэг дай модыг нь холдуулан орж байсан. Ц.Мягмартай байнга хэрэлдэж муудалцах хүсэлгүй байна. Манай орц гарцыг хааж хашаа татаад жил гаран болсон.  Орц гарцаа чөлөөлүүлэх хүсэлтэй байна ” гэв.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Орхон нь Б.Мөнхтөрд холбогдуулан Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 7 дугаар гудамж, 931 тоот хаягт байрлах Ц.Мягмарын өмчлөлийн газрын ар талын хашааны газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ө.Мөнхтөр нь нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүссэн газар нь түүний хууль ёсны дагуу өмчилж буй газар тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч дур мэдэн хашаагаа сунгаж орц, гарцыг нь хаасан тул хашааны орц, гарцаа чөлөөлүүлнэ хэмээн маргасан.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 7 дугаар гудамж, 931 тоот хаягт 2000 оноос хойш 16 жил тогтвор суурьшилтай амьдарсан арын газар луу Б.Мөнхтөрийнх кадастрын зураг авахдаа оруулан авсан байсан, уг газар нь Ц.Мягмарынх гэж үзэн тэр газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж мэдүүлсэн.

 

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эх гудамжны 7-931 тоот хаягт байршилтай 18644314952324 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204018900 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 366 м.кв газрын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000124375 дугаартай гэрчилгээг Ц.Мягмар нь 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр авсан байна. /хх-4 дүгээр хуудас/

 

Б.Мөнхтөр нь худалдах, худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 7 дугаар гудамжны 932 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 566 м.кв газрыг өмчлөгчөөс нь худалдан авч, тус газрын өмчлөгч болсон гэх тайлбарыг өгсөн.

 

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 7 дугаар гудамжны 932 тоот хаягт байршилтай 18644314974341 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204008804 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 566 м.кв газрыг Б.Мөнхтөр, эхнэр Б.Мартын хамт өмчилж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00132537 дугаартай гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авсан байна. /хх-23 дугаар хуудас/

 

Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн  лавлагаагаар Б.Мөнхтөр, эхнэрийн хамт өмчилж буй 566 м.кв газрыг 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Э.Ган-Эрдэнэ /нш81111372/, Б.Буяндэлгэр /аэ80020801/, Г.Дэмбэрэлдодов /аю01292331/ нар төрөөс газар хувьчилсны дагуу газрын өмчлөх эрхийг авсан, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Мөнхтөр /иц89041976/, Б.Март /жи86030805/ нар худалдах, худалдан авах гэрээний дагуу газар өмчлөх эрхтэй болсон байна. /хх-22 дугаар хуудас/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Ц.Мягмарын өмчлөлийн 366 м.кв, Б.Мөнхтөр нарын өмчлөлийн 566 м.кв газар нь давхцалгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь чөлөөлүүлэхээр шаардаж буй газар нь Ц.Мягмарын хууль ёсоор өмчилж буй 366 м.кв газарт хамааралгүй газар, гэхдээ уг газарт Ц.Мягмарынх Б.Мөнхтөрийнх ирэхээс өмнө хашаагаа барьж амьдарч байсан гэх тайлбарыг өгсөн.

 

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн  лавлагаагаар Б.Мөнхтөрийн өмчилж буй 566 м.кв газрыг 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Э.Ган-Эрдэнэ нарын 3 иргэн өмчилж авсан, уг газрыг нь Б.Мөнхтөр худалдан авч газар өмчлөлийн гэрчилгээ авсанаас үзэхэд Ц.Мягмарын газраас Б.Мөнхтөрд хууль бусаар олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Ц.Мягмар нь 366 м.кв газрын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр авсан байна

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газар өмчлөгч иргэний эрхийг зааж өгсөн бөгөөд 27.1.1-д “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” эрхтэй гэж заажээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу өмчилж буй газраас хариуцагч хууль бусаар эзэмшиж, өмчилж байгаа, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь “...чөлөөлүүлэхээр шаардсан  газар нь Ц.Мягмарын Газар өмчлөлийн гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа кадастр бол биш, Ц.Мягмар нь 16 жилийн турш амьдарч байгаа газар тул кадастр гэж ойлгож байгаа тэр газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. ...Сүүлд албан ёсоор Мянганы сорилтын сангаас тэр орчмын айлуудад кадастрын зураг өгөхдөө Ц.Мягмарын хашааны буланд архичин, согтуу хүмүүс маш их цугларч байна гэж 8 жилийн турш яриад Ц.Мягмар нь жижигхэн газартай тул эзэмшилд нь уг буланг оруулж өгөх нь зүйтэй гэсэн саналыг гарган Мянганы сорилтын сангаас бичиг гарган Ц.Мягмарынх албан ёсоор бөглөх болсон...”гэх тайлбарыг өгсөн.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гарчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ....тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр шаардсан газар нь иргэн Б.Мөнхтөрийн өмчилж буй газарт хамаарч байх бөгөөд иргэн Ц.Мягмарт өмчлөх болон эзэмшүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарсан шийдвэр байхгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбартаа дурдсан Мянганы сорилтын сан гэх байгууллагад газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргах эрх олгогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь Б.Мөнхтөрийн хашааны хаалгыг хааж хашаагаа сунган барьж зохигчдын хооронд маргаан үүссэн байна. Хариуцагч нь орц, гарцаа чөлөөлүүлэхээр цагдаа, хорооны Засаг дарга, газрын албанд хандаж байсан гэх тайлбарыг өгсөн.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 26/67 дугаартай албан бичигт “Тус хорооны Дунд дарь эх 7-931 тоотын өмчлөгч н.Мягмар нь 2015 оны 07 сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж 7-932 тоотын өмчлөгч Б.Мөнхтөрийн орох гарцыг хаасан. Хорооноос хүргүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй болно” гэжээ.

 

Шүүхэд гэрчээр дуудагдсан гэрч Т.Мөнхтуяа “...Ц.Мягмар нь гэр бүлийн хамт 2000 оноос хойш оршин сууж байгаа нь үнэн. ...Ц.Мягмар, Б.Мөнхтөр нарын газар нь кадастрын дагуу хаагуураа салдагийг мэдэхгүй. ...Ц.Мягмарын хашаа, Б.Мөнхтөрийн урд талын хашаа хөдөлгөөнгүй байгаа гэдгийг нотлохоор ирсэн” гэх мэдүүлгийг өгсөн.

 

Шүүхэд гэрчээр дуудагдсан гэрч Э.Лхагвасүрэн “...Манайх 2005 онд ирсэн. Үүнээс хойш Ц.Мягмарынхаар орж гараад л явдаг байсан. Хойд тал нь хэвээрээ байгаа гэдгийг гэрчлэхээр ирсэн.Урагшаа хашаа сунгасан нь үнэн. ...Ц.Мягмар, Б.Мөнхтөрийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар, хашааны уулзварыг мэдэхгүй...” гэх тайлбарыг өгсөн.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хөрш залгаа газрын өмчлөгч нар байна.

 

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “ хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ”, 134.2-т “хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хууль ёсны дагуу олгогдоогүй газрыг өмчлөх эрхтэй гэж үзэн, хөрш газар өмчлөгчийн орц гарцыг нь хааж хашаа барьсан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

 

Газрын тухай хуулийн 21, 33 дугаар зүйл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12, 14, 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу зохих шатны Засаг даргын шийдвэрийн дагуу газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх тул нэхэмжлэгч нь Б.Мөнхтөрд газар өмчлүүлэхдээ түүний өмчлөлийн болон өмчлөх ёстой гэж үзэж байгаа газраас нь олгосон гэж үзэж байгаа бол тухайн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан газар чөлөөлүүлэхийг хүссэн Ц.Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Орхоны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжад урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЦЭРЭНДОЛГОР