Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0082/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    С.Мөнхтөр,

Улсын яллагч                                                  Я.Сансар,

Хохирогч                                                           Л.Булган

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан,

                                                                           П.Амаржаргал,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч            Ш.Баттуяа,

                                                                          Б.Түдэвдорж,

Өсвөр насны шүүгдэгч                                  Т, Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, Т нарт холбогдох 1939000190042 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймаг Дадал суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Булгийн 12-12 тоотод оршин суух хаягтай, тус сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн авто засварын 1б ангид сурдаг Ө /РД:

 

 Монгол улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-21 тоотод оршин суух хаягтай, тус сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 11в ангид сурдаг, Боржигон овогт Баттуяагийн Б /РД:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр” мал мах бэлтгэх газрын хашаанд байх иргэн Ж.Энхцэцэцгийн приус-20 маркын 16-44 ХЭҮ улсын дугаартай автомашин дотроос нууцаар, хууль бус аргаар 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг хулгайлсан,

Шүүгдэгч Т нь давтан үйлдлээр Бтэй хамтран 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 4-12А тоот хашааны гадна байх иргэн Л.Булганы приус-20 маркийн 88-49 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн автомашин дотроос нууцаар, хууль бусаар эмэгтэй хүний гар цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлнээр 873.000 /найман зуун далан гурван мянга/ төгрөгийг хулгайлж нийт 910.000 /есөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, 

 шүүгдэгч Т давтан үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 4-03 тоот хашааны гадна байх иргэн У.Нандин-Эрдэнийн приус-20 маркын 23-28 ХЭА улсын дугаартай автомашин дотроос нууцаар, хууль бусаар түрийвч, бэлнээр 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг хулгайлж 1.623.400 /нэг сая зургаан зуун хорин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б нь Т-тай  хамтран 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 4-12А тоот хашааны гадна байх иргэн Л.Булганы приус-20 маркийн 88-49 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн автомашин дотроос нууцаар, хууль бусаар эмэгтэй хүний гар цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлнээр 873.000 /найман зуун далан гурван мянга/ төгрөгийг хулгайлж нийт 910.000 /есөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багт “Өгөөмөр” мал мах бэлтгэх газрын хашаанд байх иргэн Ж.Энхцэцэцгийн 16-44 ХЭҮ улсын дугаартай приус-20 маркын автомашин дотроос 420.000 төгрөгийг хулгайлсан,

мөн Б-тэй хамтран 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 4-12А тоот хашааны гадна байх иргэн Л.Булганы приус-20 маркийн 88-49 ХЭҮ улсын дугаартай автомашин дотроос эмэгтэй хүний гар цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн мөнгө хулгайлж нийт 910.000 төгрөгийн хохирол учруулсан, 

 мөн ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 4-03 тоот хашааны гадна байх иргэн У.Нандин-Эрдэнийн приус-20 маркын 23-28 ХЭА улсын дугаартай автомашин дотроос түрийвч, бэлэн мөнгө хулгайлж 1.623.400 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б нь Т-тай  хамтран 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 4-12А тоот хашааны гадна байх иргэн Л.Булганы приус-20 маркийн 88-49 ХЭҮ улсын дугаартай автомашин дотроос эмэгтэй хүний гар цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн мөнгө зэргийг хулгайлж нийт 910.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Ж.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 11сарын 29-ний орой 18 цагийн үед би Өгөөмөр бойны хашаан доторхи контейнерын хажууд тавьсан байсан 16-44 ХЭҮ улсын дугаартай приус-20 маркын бор шаргал өнгөтэй автомашин дотор байсан түрийвчнээсээ 420.000 төгрөг хулгайд алдсан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 44 хуудас/

2. Хохирогч Л.Булган мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гадуур дэлгүүрээр явж зарагдсан гурилнуудынхаа мөнгийг ойролцоогоор 800 гаран мянган төгрөгийг хурааж авсан. Тэгээд тухайн өдрөө Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхий 12а тоотод оршин суудаг манай нөхрийн дүү Хэрлэнтуулынд өөрийн 88-49 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн машинтайгаа өөрийн хүүхэд Л.Нарандагинатай 15 цагийн орчимд очсон. Тэгээд хашааных нь хаалганы  хажууд баруун тийш харуулан байршуулж, хүүхэдтэйгээ хамт дүүгийндээ орсон. Орохдоо Хэрлэнтуулынх нохойтой болохоор яараад машинаа түгжлээ гээд түлхүүрнийхээ коноп дээр дараад эргэж шалгалгүй гүйгээд орсон юм.Тэгээд Хэрлэнтуулынд байж байгаад 16 цаг өнгөрөөгөөд гараад машиндаа суухдаа машинаа түгжээгүй байгааг мэдээд машинаа онгойлгоод цүнхээ хайсан чинь цүнх маань байхгүй байсан. Тухайн үед миний гар цүнх машины дунд хайрцган дээр тавьсан байсан. Цүнх байхгүй байсан болохоор нь би гайхаад машинаа сайтар шалгаж үзээд, байхгүй болохоор нь дүү Хэрлэнтуулын хамт машинаа унаад цагдаагийн газар ирж мэдэгдсэн юм. Миний цүнхэн дотор хүрэн улаан өнгийн түрийвч, дотор ндь хаан банкны 2 ширхэг виза карт, иргэний үнэмлэх 1 ширхэг, бэлнээр 800.000 гаран мянган төгрөг зэрэг өөр бусад эд зүйл байсан…гэх мэдүүлэг. /Хх-ийн 37-38 хуудас/

3. Хохирогч У.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2019 оны 01 сарын 13-ны өдөр 14 цагийн үед Хэрлэн сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр” мал нядалгааны газарт очиж захирал Адил эгчтэй уулзаж зээлдүүлсэн байсан 1 сая төгрөг 50 ширхэг 20000 дэвсгэрт авсан. Би Адил эгчээс авсан 1 сая төгрөгийг өөрийн улаан өнгийн эмэгтэй хүний түрийвчинд хийж барьж явсан хүрэн өнгийн цүнхэнд хийсэн. Миний түрийвчинд мах зарсан үнэ болох 600.000 төгрөг байсан. Ингээд би Өгөөмөрөөс найз Заяагийн хамт түүний гэрт очиж 15 цаг 45 минутын үед гарч машинд суухад миний машины жолооч талын хаалга онгорхой байхаар нь юм алга болсныг анзаараагүй машинаа асаагаад явсан. Ингээд төв Хаан банкин дээр очиход миний цүнхэнд байсан түрийвчтэй мөнгө байхгүй байсан.... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 49 хуудас/

4. Гэрч Ж.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 11 сарын 29-ний орой 19 цагийн үед бойн дээр Цэцэгээ өөрийн машинаасаа 420.000 төгрөг алдчихлаа камер шалгая гэж байсан гэсэн мэдүүлэг.

5. Гэрч Ш.Хэрлэнтуулын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2018 оны 12 сарын 29-ний өдөр намайг гэртээ байж байхад өдөр 15 цагийн орчимд манай бэр эгч Булган хүүхэдтэйгээ хамт манайд ирсэн. Тэгээд байж байгаад бид гурав гараад хамаатны гэрт айл хэсэх гээд 16 цаг өнгөрөөгөөд гарсан тэгээд гараад Булган эгч машинаа онгорхой орхисон байна штээ гээд машинаа онгойлгож үзээд цүнх байхгүй байна гээд машин дотроо цүнхээ хайж үзсэн боловч байхгүй байсан тэгээд цагдаагийн газарт ирсэн.... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 58 хуудас/

6. Шүүгдэгч Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: .....Он сарыг сайн санахгүй байна. Нэг өдөр манай гэрт Ө орж ирээд намайг сангийн аж ахуй руу цуг яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд бид 2 цуг явсан. Намайг бие засч байхад Ө мөнгө авчихсан байна лээ. Тэгээд эргэж харахад Ө эргэж хараад гүйж байсан. Тэгээд би цаашаагаа гүйгээд цэцэрлэгт хүрээлэнгийн котокны хажууд Өыг хүлээгээд зогсож байсан. Тэгээд яагаад гүйсэн юм гэсэн чинь сая машины хаалга онгорхой байна, дотор нь мөнгө байна гэсэн. Хэд байна гэж асуусан чинь эмэгтэй хүний цүнх, гоо сайхны зүйл, 2 500 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгөөрөө дэлгүүрээс юм авч идсэн. Анх бид 2 юм авч идье гэж бодоогүй. Тэгээд бид 2 салаад би ээж рүүгээ явсан. Ө гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг

7. Шүүгдэгч Т-ын шүүх хуралдаанд өгсөн: ....2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Өгөөмөр мал нядалгааны хашаанд байсан машинаас 420 000 төгрөг авсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр приус 20 маркийн машинаас 873 000 төгрөг, гоо сайхны зүйл, эмэгтэй хүний гар цүнх авсан. Нийт 910 000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр приус 20 маркийн авто машинаас 1 600 000 төгрөг ганцаараа хулгайлсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын хамтран бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Нандин-Эрдэнэд 1.623.400 төгрөгийн, хохирогч Ж.Энхцэцэгт 420.000 төгрөгийн, хохирогч Л.Булганд 910.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч У.Нандин-Эрдэнэд 700.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд өгсөн, хохирогч Л.Булган нь 100.000 хүлээж авсан гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн, шүүгдэгч Т, Б нарын хулгайлсан эд зүйлүүдийг шүүгдэгч Т захиран зарцуулсан болох нь насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул үлдэх хохирлуудыг иргэний хариуцагч  Б.Түдэвдоржоос гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Тын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан  түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, өсвөр насны шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т, Б нарыг хамтран бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан уг ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хорих ялыг эдлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Бд тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Тт оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тт 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангиийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Тт гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг 3 сарын хугацаанд төлж дуусгах, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, зөрчил үйлдэхгүй байх, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэний тэнсэгдсэн хугацаанд болон түүнд авсан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эх Ш.Баттуяад болон Хэнтий аймгийн Хүүхдийн асуудал эрхэлсэн хууль зүйн хороонд даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тын шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Тт анхааруулсугай

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч Б.Түдэвдоржоос 923.400 төгрөгийг гаргуулж хохирогч   Нандин-Эрдэнэд, 420.000 төгрөгийг гаргуулж хохирогч Энхцэцэгт, 810.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Булганд тус тус олгосугай.

 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба шүүгдэгч Б, иргэний хариуцагч Ш.Баттуяа нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.ГАНЗОРИГ