Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00800

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 19 210/МА2024/00800

 

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00128 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Э-, Э.Б-, Э.Т- нарт холбогдох,

Э.Э- 0000 дугаарыг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоолгох, Л.Б-ийг 0000 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 121,100,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч Э.Э-, Э.Т- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч Э.Э- нь анх 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Л.Б-т 8,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 0000 дугаарыг эзэмших эрхийг Э.Э-од шилжүүлэн фидуцийн гэрээ байгуулсан, Нэхэмжлэгч Л.Б- миний бие тус зээлийг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулж төлбөр тооцоо дууссан.

Барьцаа хөрөнгө болох дугаарыг шилжүүлэн авах гэсэн боловч миний бие Америкийн Нэгдсэн Улс руу ажлаар явах болсон учир тухайн үед шилжүүлэн авч чадаагүй. Үүний дараа 2016 оны 06 дугаар сард Монголд ирэн хариуцагчаас дугаараа шилжүүлэн авах гэж удаа дараа оролдсон боловч Э.Э- нь элдэв янзын шалтаг хэлсээр өнөөдрийг хүртэл 0000 дугаарыг шилжүүлж өгөхгүй явсаар байна.

2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг бүрэн дууссан учраас хууль бус хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг арилгаж 0000 дугаарын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгоно.

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Л.Б-, Э.Т- нарын хооронд хийгдсэн гэрээ шилжүүлэх хэлцэл, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Э.Т-, Э.Б- нарын хооронд хийгдсэн гэрээ шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлүүд бөгөөд хуулийн шаардлага хангаагүй хэлцлүүд болно. Мөн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж заасан. Энэ тохиолдолд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Э.Т-, Э.Б- нарын хооронд хийгдсэн гэрээ шилжүүлэх хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 0000 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Л.Б- мөн болохыг тогтоож, 0000 дугаарын хууль ёсны эзэмших эрхийг Л.Б-т шилжүүлэн өгөхийг Э.Б-т даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Э-ын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тус дугаар барьцаалсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй болно гэжээ.

 

3. Хариуцагч Э.Т-гийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь анх 2014 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр миний төрсөн хүү Э.Э-оос 8,000,000 төгрөгийг зээлж барьцаанд нь өөрийн 0000 дугаарыг тавьсан байсан. Гэтэл энэ зээлээ төлөөгүй учраас 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тухайн дугаар нь миний нэр дээр шилжсэн. Энэ тухай баримт хэрэгт авагдсан. Л.Б- нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн сайн дураар 0000 дугаарыг миний нэр дээр шилжүүлсэн нь баримтаар нотлогддог.

Л.Б- нь 2016-2020 оныг хүртэл миний төрсөн дүү Э.Э-оос маш олон удаа зээл авч уг зээлийн барьцаанд 0000 дугаараа барьцаалж байсан болох нь хэргийн нотлох баримтуудаар тогтоогддог.

Л.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд миний төрсөн дүү Э.Э-од 80,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. Хэрэв үүргээ биелүүлэхгүй бол Л.Б- нь барьцааны эд хөрөнгүүд болох 0000 дугаар болон 00-00 УБК дугаартай КХ-350 автомашин, Баянзүрх дүүрэг дэх өмчийн газрыг захиран зарцуулах эрхийг Э.Э-од олгож байна гэж бичээд Л.Б- өөрөө гарын үсгээ зураад, баталгаажуулсан байна.

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Л.Б- нь дээрх дугаарыг над руу шилжүүлсэн ба 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Л.Б- нь миний дүүд төлөх ёстой төлбөрөө өгөөгүй учраас би 0000 дугаарыг Э. Б-т шилжүүлсэн. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Э.Б-ийн тайлбарын агуулга:

Э.Б- утасны дугаарын ченж гэх О.Б 0000 гэсэн дугаарыг санал болгосон. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр миний ээж Б нь өөрийн Хаан банкны 0000 тоот данснаас миний Хаан банкны 0000 тоот данс руу 63,000,000 төгрөгийг шилжүүлж би тэр мөнгийг тус дугаарын эзэмшигчтэй хамаарал бүхий Э.Э-ын хүү н.Ц-ийн Хаан банкны 0000 тоот данс руу шилжүүлсэн. Ээжээс энэ талаар асуухад О.Б дээрх данс руу шилжүүлээрэй гэсэн гэж хэлсэн. Тухайн дугаарын үнийг би анх тохиролцсон дүнгээр бүрэн төлсөн тул Э.Э-ын эгч Э.Т- нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр надад шилжүүлэн өгсөн. Иймд би 0000 гэсэн дугаарыг шударгаар олж авсан гэж үзэж байна.

Иймд Л.Б-ээс иргэн Э.Э- болон надад холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Э.Э-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Л.Б- нь надаас хамгийн анх 2016.06.13-ны өдөр 8,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, мобикомын 0000 дугаар барьцаалан зээлж байсан. 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус зээлэхдээ нэмэлтээр Л.Б-ийг өмчлөлийн Г-2204000585 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалан зээлдсэн. Дахин 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг зээлж тухайн өдрөө бүх зээлийн гэрээгээ нэгтгэн, нийт 28,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлж 25 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Иймд Л.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28,000,000 төгрөг, 1 сарын 5 хувийн хүү 1,400,000 төгрөг * 25 сарын хүү =35,000,000 төгрөг, алданги 100 хоногийн 14,000,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөг, мөн олох ёстой байсан орлогод хохирол 107,100,000 төгрөг, нийт 184,100,000 төгрөгийн үүрэг үүссэнээс барьцаа дугаарыг зарсан 63,000,000 төгрөгийг хасаад үлдэх 121,100,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Хариуцагч Э.Э- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн хүүгийн орлого нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ хадгаламжийн хүүгийн орлого олох байсан хэмээн өөрчилж, хүүгийн орлогоос 56,445,270 төгрөг олох байсан гэж 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Хадгаламжийн хүү бодогдох хугацаа нь 2020 оноос 2023 оныг дуусталх хугацааг хамаарч байгаа тул хадгаламжийн хүүгийн орлогод 56,445,270 төгрөг байсныг 29,823,443 төгрөг олох боломжтой байсан гэж багасгаж байна.

Уг 29,823,443 төгрөг дээр зээлийн гэрээний үүрэг 63,250,000 төгрөгийг нэмэхэд 93,073,443 төгрөг болж байгаа ба үүнээс дугаарыг борлуулсан 63,000,000 төгрөгийг хасаад 30,073,443 төгрөгийг нэхэмжилж байгааг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлийн гэрээний дагуу буцаагаад 17,600,000 төгрөг төлсөн. Гэтэл хариуцагч тал яг энэ төлөгдсөн зээлийн гэрээг, энэ төлөгдсөн мөнгөн дүнг аль зээлийн гэрээ рүү нь яаж оруулаад ямар тооцооллоор үндсэн зээлээ хэд болгож гаргаж ирсэн талаар тодорхойгүй байна. Энд хэдэн барьцааны гэрээтэй, хэдэн зээлийн гэрээ байгаа юм бэ, газартай барьцааны зээлийн гэрээ яваад байна, 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 3 сарын хугацаатай анх байгуулагдсан байна. Яг бодитоор зээлсэн мөнгө нь 23,000,000 төгрөг байдаг. Үүнээс 17,600,000 төгрөг төлсөн. Төрлийн шинжийг тодорхойлох эд хөрөнгө ч орж ирээгүй, хамгийн анхны барьцаалбар нь дуусгавар болоогүй байхад дахиад л барьцаалчихсан. Анхнаасаа бүгд хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан учраас энэ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ хэлцлээс үүдэлтэй бусад бүх хэлцлүүд хүчин төгөлдөр бус байна. Гуравдагч этгээдийн хувьд нэгэнт өөрөө хохирсон учраас худалдан авагч талаасаа буюу хариуцагч талаас өөрөө хохирлоо барагдуулах тэр хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн этгээд нь үүнийг хариуцаж арилгах үүрэгтэйг хуульд зохицуулаад өгчихсөн. Иймд 0000 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Л.Б- мөн байх үндэслэлтэй байна гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д заасан үндэслэлгүй тул Л.Б-, Э.Т- нарын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн, мөн Э.Б-, Э.Т- нарын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээ шилжүүлэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 0000 дугаарын хууль ёсны эзэмшигч Л.Б- болохыг тогтоож, уг дугаарыг Д.Б-т шилжүүлэхийг Э.Б-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Б-ээс 30,073,443 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах Э.Э-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т зааснаар Э.Э-оос 13,981,750 төгрөгийг гаргуулж, Л.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /140,400+140,400/ нийт 280,800 төгрөгийг болон хариуцагчаас төлсөн /70,200+763,450/ нийт 833,650 төгрөгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

8. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Л.Б- миний бие хариуцагч Э.Э-, Э.Т-, Э.Б- нарт холбогдуулан хариуцагч нар Мобикомын 0000 дугаарыг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох, Л.Б-, Э.Т- нарын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн, Э.Т-, Э.Б- нарын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ шилжүүлэх хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, 0000 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Л.Б- мөн болохыг тогтоож, 0000 дугаарын хууль ёсны эзэмших эрхийг Л.Б-т шилжүүлэн өгөхийг Э.Б-т даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын үндсэн шаардлага ойлгомжгүй байна. Талуудын хооронд зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулагдсан бөгөөд өгч, авсан үнийн дүн, хүү, алданги, эрх үүргийн асуудлаар маргаагүй гэжээ.

 

10. Хариуцагч Э.Э-, Э.Т- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Э.Э- болон Л.Б- нар 6 удаа гэрээ байгуулсан боловч Л.Б- нь гэрээ тус бүрийн зээлийн хүүг тусад нь төлөөгүй, нэгтгэж төлж байсан байхад анхан шатны шүүх тус тусад нь салгаж тооцсоноос төвөгтэй, буруу тооцоолол хийхэд хүргэсэн байна. Мөн хүүд төлсөн төлбөрийн тооцоолол хийхдээ хүүгийн төлөлтөөс хамаарч зээлийн үлдэгдэл гэрээний хугацаа болон хугацааны сунгалтыг сайн анхаараагүйгээс хүүг дутуу тооцсон байна.

Л.Б- нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр л зөвхөн үндсэн зээл, хүү гэсэн гүйлгээний утгатайгаар 5,500,000 төгрөгийг төлсөн, түүнээс хойш төлсөн бүх төлөлтийн гүйлгээний утга дээр өмнө авсан болон нэмж авсан зээлийн дүнгээс хамаарч зөвхөн хүү төлж байсан болох нь хэнд ч ойлгомжтой байна.

Анхан шатны шүүх Л.Б-ийн зээлийн гэрээний үүргийг тооцохдоо үндсэн зээлийн үлдэгдэл 17.825,000 төгрөг, хүү 22,281,250 төгрөг, алданги 8,912,500 төгрөг, нийтдээ 49,018.750 төгрөгийг Л.Б- нь Э.Э-оос авсан гэрээний үүрэг төлөхөөр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2018 оны 02 сарын 12-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-ийн гэрээний дагуу уг гэрээ байгуулснаас хойших үндсэн зээлийн үлдэгдэл 23,000,000 төгрөг, хүү 28,750,000 төгрөг, алданги 11,500,000 буюу нийтдээ Л.Б- нь 63,250,000 төгрөгийг Л.Б- нь Э.Э-оос авсан гэрээний үүрэгт төлөхөөр байна гэж тооцооллыг нь зөвтгөн дүгнэж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Э.Э-оос 13,981,750 төгрөгийг гаргуулж. Л.Б-т олгосугай. гэснийг хасч өөрчлөлт оруулан, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

11. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлоос анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрээс 13,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг дүгнэхдээ үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Э.Т-гийн өмчлөлд байсан утасны дугаар байсныг худалдаж мөнгийг нь авсан. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Э.Э-, Э.Б-, Э.Т- нарт холбогдуулан Л.Б-ийг 0000 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ шилжүүлэх хэлцэл, мөн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Э.Т-, Э.Б- нарын хооронд хийгдсэн гэрээ шилжүүлэх хэлцэл зэрэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 0000 дугаарын хууль ёсны эзэмших эрхийг Л.Б-т шилжүүлэн өгөхийг Э.Б-т даалгуулах тухай шаардлагыг хариуцагч Э.Б-, Э.Т- нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба хариуцагч Э.Э-, зээлийн гэрээний үүрэгт 30,073,443 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулсан байх боловч өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа эсэх, нэмж тодруулсан эсэх нь тодорхой бус байна. Учир нь Л.Б- нь Э.Э-той байгуулсан зээлийн гэрээний үүрэг болон маргаан бүхий 0000 дугаарыг Э.Т-д 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ шилжүүлэх хэлцэл, мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоны үр дагаврын талаарх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох байвал шүүх үндсэн нэхэмжлэлтэй шийдвэрлэнэ.

 

Гэтэл, анхан шатны шүүх Л.Б-, Э.Э- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээний нь барьцаатай байгааг анхааралгүй сөрөг нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

5. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 210,600 төгрөг, хариуцагч Э.Э-оос төлсөн 227,858 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

  ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ