| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0103/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0103/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасанжавийн Бид холбогдох 1921000210105 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 48-78 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Б /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн нутагт “Өлийн даваа” гэх газар “Стана” маркын 77-49 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж уг автомашинд зорчиж явсан иргэн Л.Оюунтунгалагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн нутагт “Өлийн даваа” гэх газар “Стана” маркын 77-49 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж уг автомашинд зорчиж явсан иргэн Л.Оюунтунгалагийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Л.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай нийт 20 гаран багш ажилтан нар 2 стана маркын тээврийн хэрэгсэлд хуваагдаж суугаад Хэнтий аймгийн Дадал сум руу хөдөлсөн. ... 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дадал сумаас Дорнод аймгийн Хэрлэн сум руу явсан. Тэгээд явж байгаад Хэнтий аймгийн Норовлин суманд 21 цагийн орчим ороод удалгүй аймгийн зүг рүү явж байгаад бүгд унтсан. Тухайн үед зам өмнөх өдөр нь цас бороо орчихсон байсан болохоор их халтиргаатай байсан. Гэнэт тээврийн хэрэгсэл халтираад зүүн талаараа онхолдсон. Миний баруун эгэм хугарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/
2. Гэрч Г.Эрдэнэсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Хэнтий аймгийн Норовлин суманд 21 цагийн орчим ороод удалгүй аймгийн зүг хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад зорчигч нар бүгд унтсан болохоор яг яаж осол болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л тээврийн хэрэгсэл онхолдсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
3. Гэрч Г.Түмэндэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 16 цагийн орчим Хэнтий аймгийн Дадал сумаас Дорнод аймгийн Хэрлэн сумын зүг рүү хөдөлсөн бөгөөд аймгаас ирсэн хүмүүс хоёр станад хуваагдаж суугаад хөдөлсөн. Манай тээврийн хэрэгсэлд захирал Жаргалтуяа, англи орос хэлний багш Оюунтунгалаг, охин Маргад-Эрдэнийн хамт, цахилгаанчин Гэрэлт, бага ангийн багш Энхнайрамдал, жижүүр Энхцэцэг, харуул Болорбаатар, харуул Цогтжаргал, Ганбаатар нар зорчиж явсан. Тэгээд явж байгаад Хэнтий аймгийн Норовлин суманд 21 цагийн орчим ороод удаагүй аймгийн зүгрүү хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад зорчигч нар бүгд унтаад өгсөн болохоор яг осол яаж болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь тээврийн хэрэгсэл онхолдсон байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25 хуудас/
4. Гэрч Р.Жаргалтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд явж байгаад Хэнтий аймгийн Норовлин суманд 21 цагийн орчим ороод удаагүй аймгийн зүгрүү хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад зорчигч нар бүгд унтаад өгсөн болохоор яг осол яаж болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь тээврийн хэрэгсэл онхолдсон байсан.... ... Бид нарыг явдаг өдөр цас орж байсан болохоор буцах үед гулгаа ихтэй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28-29 хуудас/
Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дугаартай
-Л.Оюунтунгалагийн биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай
...”Стана” маркын 77-49 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”
-12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
- Нөхөн үзлэгээр “Стана” маркын 77-49 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээс тоормосны мөр илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна.
- Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЧЗ83070333 регистрийн дугаартай/ Баасанжав овогтой Б нь тээврийн хэрэгсэл жолооодох “BCD” ангилалын 455010 дугаартай хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна.
- Хэрэг ослын газарт очсон Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Соёл-Эрдэнийн үзлэгийн дүгнэлтээс харахад жолооч Бийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
- Дээрх тээврийн хэрэгсэл нь тухайн үед техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан байна. Жолооч Б нь замын нөхцөл байдал хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдыг тохируулж яваагүй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ.... гэх дүгнэлт /хх-ийн 62-63 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Бийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Оюунтунгалагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Оюунтунгалаг нь шүүгдэгч Б-той хохирол 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс сар бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр 4 хувааж төлөхөөр тохиролцсон байх тул /хх-103 хуудас/ шүүгдэгч Боос 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Оюунтунгалагт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүдэгч Б овогт Б-гийн Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б-оос 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Оюунтунгалагт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч, шүүгдэгч нар нь хохирлыг төлүүлэхдээ сард 1.000.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцож бичгээр илэрхийлсэн болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ