Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00859

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 24 210/МА2024/00859

 

 

Д.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00463 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.А-эд холбогдох,

80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагч Л.А-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Х- болон Л.А- нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Э ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан. Тус гэрээгээр Л.А- нь Э ХХК-ийн 50 ширхэг хувьцааг нийт 330,000,000 төгрөгөөр худалдан авч үнийг төлөх, Д.Х- нь компанийн 50 ширхэг энгийн хувьцааг худалдах, хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлэхтэй холбоотой өөрөөс шаардагдах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хувьцааг шилжүүлэх үүргүүдийг тус тус хүлээсэн. Худалдан авагч тал болох Л.А- нь гэрээний үнэ болох 330,000,000 төгрөгийг 4 ээлжээр хуваан төлөхөөр гэрээг байгуулсан. Үүнд, 1 дүгээр ээлжийн төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болсноор 100,000,000 төгрөг, 2 дугаар ээлжийн төлбөрийг Л.А-ийн нэр дээр хувьцаа шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэний дараагаар 100,000,000 төгрөг, 3 дугаар ээлжийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сард багтаан 50,000,000 төгрөгийг, 4 дүгээр ээлжийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 80,000,000 төгрөгт /хоолны үйлчилгээ, хүлээн авалт, арга хэмжээ зэрэг/ үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон.

Хариуцагч нь гэрээний дагуу 1, 2, 3 дугаар ээлжийн төлбөрт 250,000,000 төгрөгийг төлсөн боловч 4 дүгээр ээлжийн төлбөрийг төлөөгүй буюу төлбөрийн үнийн дүнд дүйцэхүйц хүлээн авалтын арга хэмжээг зохион байгуулаагүй, хүлээн авалтын арга хэмжээ зохиох нөхцөл боломжийг олгоогүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-т ...Үлдэгдэл 80,000,000 төгрөгийг худалдан авагч нь худалдагчийн хүсэлтийн дагуу хоолны үйлчилгээ болон хүлээн авалтын зохион байгуулах хэлбэрээр 2018 оны 01 дүгээр сараас эхлэн төлөхөөр талууд тохиролцов, гэрээний 3.2-т ... Дөрөв дэх ээлжийн төлбөр болох 80,000,000 төгрөгт үйлчилгээ үзүүлэх байдлаар төлөх бөгөөд чанартай гүйцэтгэх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон боловч 2019 оны 01 дүгээр сараас хойш 1-2 удаа л хоолны үйлчилгээг үзүүлсэн ба өнөөдрийг хүртэл Л.А- нь гэрээний 4 дүгээр ээлжийн төлөлттэй холбоотой гэрээний үүргээ бүрэн гүйцэд чанартай биелүүлээгүй, гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй болно.

Иймд Л.А-ээс хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Д.Х-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд 80,000,000 төгрөг өгөхөөр заагаагүй бөгөөд гэрээний 3.2-т зааснаар хүлээн авалт хэлбэрээр төлбөрийг барагдуулахаар заасан. Гэрээнд хүлээн авалт хийх тодорхой хугацаа заагаагүй, мөнгөөр сольж болох талаар ч зохицуулалт байхгүй.

2018 онд гэрээг байгуулсан бөгөөд цар тахлын нөлөөгөөр нийтийн хоолны салбарт хүндрэл үүссэн, хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй хөл хорио удаан үргэлжилсэн, зээлийн үүрэг, гэрээний үүрэг бүгд хойшлогдсон. Энэ талаар Д.Х-т удаа дараа хэлж байсан. Миний бие гэрээнд заасан үүргээ тодорхой хэмжээнд биелүүлсэн, хэд хэдэн удаа Д.Х- манай ресторанаар үйлчлүүлсэн. Энэ тооцоогоо нэхэмжлэлээс хасаагүй байна. Гэрээнд заасныг зөрчиж мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А-ээс 76,107,213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,892,787 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 538,486 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт болсон. Нэхэмжлэгч тал хохирол шаардаагүй бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 80,000,000 төгрөг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, гэрээний дагуух төлбөр гэж шаардаж байхад хохирол гэж шаардах нь зүйтэй хэмээн дүгнэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байр сууринаас хандах зарчим алдагдаж байна.

Тус гэрээний үлдэгдэл төлбөр 80,000,000 төгрөгийг худалдагчийн хүсэлтийн дагуу хоолны үйлчилгээ болон хүлээн авалтын хэлбэрээр 2018 оны 01 дүгээр сараас эхлэн үзүүлэхээр гэрээний 2.5-д заасан. Гэрээний үүргийг зөрчсөн үйл баримтыг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй болно.

Хариуцагч Л.А-тэй 2021-2023 онд харилцсан мессежиндээ нэхэмжлэгч тал үзлэг хийлгүүлж, хэрэгт хавсаргасан байх бөгөөд хамгийн сүүлд хоол идэх талаар хүсэлт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд гаргасан. Гэрээний онцлог нь худалдагч тал өөрөө хоол идэх хүсэлтээ гаргах болзолт нөхцөлийг заасан байна. Харин гэрчүүдийн мэдүүлэг болон хоол идсэн баримтуудаар хариуцагч тал хүсэлтийнх нь дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж байснаа нотолсон. Нөгөө талаар хоол идье, хүлээн авалт хийлгэе гэх хүсэлтээ Д.Х- илэрхийлэхгүй бол Л.А- үүргээ гүйцэтгэх боломжгүй гэрээний тохиролцоотой. Өөрөө хүсэлтээ илэрхийлэлгүй таг болсон үйлдэлдээ Л.А-ийг буруутгах нь үндэслэлгүй. Гэтэл шүүх зөвхөн нэхэмжлэгч талын байр суурийг хамгаалах үүднээс гэрээг тайлбарлаж, гэрээгээр тохирсон үүргийг шаардах нь ач холбогдолгүй болсон гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаагүй, гэрээг цуцлах талаар шаардлага гаргаагүй, талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх бөгөөд гэрээний дагуу шаардлага гаргаж байхад гэрээнд зааснаас өөр үүргийг хариуцагчид хүлээлгэж, нэхэмжлэлд заагаагүй хохирол гэх байдлаар тайлбарлаж байгаад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

2019 оны 01 дүгээр сараас эхлэн үүргээ гүйцэтгэх ёстой бол үүргээ гүйцэтгэх хугацааг тодорхой заагаагүй бол үүргээ шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. 2023 оны 04 дүгээр сард хариуцагчид хандаж үйлчилгээгээ авъя, асуудал чинь шийдэгдсэн үү гэж ярьж байсан болох нь нотлогдож байна. Хэрвээ шүүхээс хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хоолны үйлчилгээг барагдуулах талаар шийдвэрлэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шүүхийн зарчим ноцтой зөрчигдөнө гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчээс хоолны үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлэхэд хариуцагчаас тодорхой үйлчилгээ үзүүлээгүй, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оноос 2020 оны хооронд н.Т гэж хүн үйлчилгээ авсан гэж хариуцагч талаас тайлбарладаг боловч н.Т үйлчилгээ авсан бол гарын үсэг нь зурагдана. Гэтэл үйлчилгээ авсан тооцооны хуудаст гэрчээр асуугдсан А.А-ын гарын үсэг зурагдсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Д.Х- нь хариуцагч Л.А-эд холбогдуулан 80,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

1.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь 80,000,000 төгрөгийн хоолны үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлээгүй тул миний бие үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд мөнгөөр шаардана гэж заагаагүй гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр нэхэмжлэгч Д.Х- нь Э ХХК-ийн 50 хувийн хувьцааг 330,000,000 төгрөгөөр хариуцагч Л.А-эд худалдаж, төлбөрийг 4 хуваан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх5-6/

 

2.2. Дээрх гэрээний 2 дугаар зүйлд зааснаар эхний ээлжийн төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болсноор 100,000,000 төгрөг, 2 дугаар ээлжийн төлбөрийг Л.А-ийн нэр дээр хувьцаа шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэний дараагаар 100,000,000 төгрөг, 3 дугаар ээлжийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сард багтаан 50,000,000 төгрөг, 4 дүгээр ээлжийн төлбөрт 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 80,000,000 төгрөгт /хоолны үйлчилгээ, хүлээн авалт, арга хэмжээ зэрэг/ үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон байна.

 

2.3. Дээрх гэрээний дагуу хариуцагч талаас мөнгөн төлбөр болох 250,000,000 төгрөгийг бүрэн төлсөн байх ба, үлдэгдэл 80,000,000 төгрөгийн төлбөрөөс 3,892,787 төгрөгийн хоолны үйлчилгээ авсан байна.

 

3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Талууд гэрээний төлбөрт 250,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй бөгөөд харин үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгт маргасан байна.

 

4.1. Дээрх гэрээний 2.5-д Үлдэгдэл 80,000,000 төгрөгийг худалдан авагч нь худалдагчийг хүсэлтийн хүсэлтийн дагуу хоолны үйлчилгээ болон хүлээн авалт зохион байгуулах хэлбэрээр 2019 оны 01 дүгээр сараас эхлэн төлөхөөр талууд тохиролцов гэж заасан байх ба энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4.2. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Д.Х-ийн Samsung S10 маркийн гар утсанд үзлэг хийсэн байх ба 2021-2023 оны хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцсан мессежээр Д.Х- нь Л.А-эд хоолны үйлчилгээний авах талаар хэд хэдэн удаа санал тавихад ямар нэгэн байдлаар татгалзсан хариуг өгч байсан байх болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /хх59-73/

 

5. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.3 дахь хэсэгт зааснаар хугацаа тогтоогоогүй үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардсанаас хойш хариуцагч 10 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү шаардлагыг хариуцагч тал биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн үлдэгдэл хэсгийг мөнгөөр шаардсан нь үндэслэл бүхий гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо шаардах эрхтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Харин, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсгийг баримтлан хийсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн үйлчилгээ авсан төлбөр болох 3,892,787 төгрөгийг хасч тооцон хариуцагч Л.А-ээс 76,107,213 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 538,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7,248,288 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ