Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0075/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                              Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Д.Гангантөгс,

Шүүгдэгч                                                                      Б. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох 1939000230030 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникийн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Титэм” худалдааны төвийн хашаанд оршин суух хаягтай Б. /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б. нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Өгөөж” худалдааны төвийн хашаанд иргэн О.Алтанзулыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б. нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Өгөөж” худалдааны төвийн хашаанд иргэн О.Алтанзулыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч О.Алтанзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б. машинтай явж байхдаа их хурдан давхиад байсан. Би Б.ыг гэртээ ирчихсэн юм чинь гэж бодоод тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь булааж авсан. Тэгээд машинаас буутал Б. бас машинаас бууж ирээд миний аймхай хэсэгт 1 удаа цохисон. Би дээшээ хараад газар унасан. Дээшээ хараад хэвтэж байхад хөлөөрөө миний гэдэс хэсэгт дэвссэн. Тэгээд намайг орхиод машинтайгаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,

Гэрч Л.Дүнжингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би “Өгөөж” ХХК-ийн хашаанд амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой гадуур явж байгаад гэртээ ирэхэд манай хашаан дотор нэг согтуу залуу төмөр налаад сууж байсан. Би гарнаас нь татаж босгоод төв зам руу гаргаж өгөөд такси бариад яваарай гэж хэлээд үлдээсэн. Гэртээ буцаж орж ирэхэд манай хүүхдүүд, манай хашаанд амьдарч байсан ах машинтай орж ирээд хүмүүстэй зодолдсон, тэгээд нэг ахыг манай хашаанд үлдээчихээд явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Гэрч Б.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...10-р зуухны гадаа байхад Алтанзул Б.ын машиныг барьж явна гэсэн. Би Хэнтий аймгийн төвөөр согтуу хүн машин барьж болохгүй гэж Алтанзулд хэлсэн. ...Тэгээд Б.ыг машинаа унуулсангүй гээд 750 граммтай “Соёрхол” нэртэй архиар гар руу нь цохиод байсан. “Өгөөж” худалдааны төвийн хашаанд ороод зогсоход Алтанзул Б.ын машины түлхүүрийг булааж аваад машинаас буугаад жолоочийн талын хаалга дээр очоод машины карлоныг хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед Б. машин дотроо сууж байгаад уурлаад машинаас буусан. Б. Алтанзулыг газар унагаасан, би машин дотор сууж байсан. ...Тэгээд би машинаас буугаад Алтанзул, Б. хоёрыг салгасан. Тэгээд Б.ыг машинд нь суулгаад аваад явсан. Алтанзул тэнд суугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №2019.050 дугаартай: “...О.Алтанзулын биед хэвлийн битүү гэмтэл, ходоодны нугалуур хэсэг, 12 хуруу гэдэс, бүдүүн гэдэс, элэгний булан, их сэмж орчмоор няцрал, цус хуралт, нойр булчирхайн толгой хэсгийн язрал, нарийн гэдэсний чацархайн хэсэг, хэвлийн баруун хэсэг нэвчдэс их, нойр булчирхайн ферментийн гаралтай хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

Б.ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.ад эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Бат-эрдэнэд  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хохирогч О.Алтанзул нь “...Б.аас эмчилгээний төлбөр 2.600.000 төгрөгийг

хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, бид хоёр эвлэрсэн...” гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгсөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байх тул Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.ад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс нь мөн 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б. нь эрхэлсэн тодорхой ажилтай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Хэнтий Ус” ХХК-ийн тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгч Б.ад Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Б. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.г 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.ад нь түүнд оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 278.000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөг төлж хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай:

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА