Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00858

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 24 210/МА2024/00858

 

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01160 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч БГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хөрөнгийн үнэлгээний харьцуулах жишээний хүснэгтэд мэдээллийн эх сурвалжид авахдаа борлуулагдсан мэдээллээс огт аваагүй албан ёсны эх сурвалж нь батлагдаагүй зөвхөн сошиал фэйсбүүк зураг мэдээлэл зэргийг ашиглаж үнэлгээ хийсэн. Үүнийг бодитой эх сурвалж гэж үзэх үндэслэл болохгүй. Мэдээллийн эх сурвалжийг хуулийн хүрээнд албан ёсоор баталгаажуулж аваагүй, албан ёсны тодорхойлолт, ярилцлагын тэмдэглэл огт байхгүй. Зах зээлийн мэдээлэл цуглуулж үнэлгээ хийсэн гэсэн боловч хаанаас, ямар замаар зэх зээлийн үнэлээ хийсэн нь тодорхойгүй гэж үзэж байна. Манай зүгээс Ремаксаас авсан Гранд плазад байрлах ижил төстэй үл хөдлөх хөрөнгийг албан ёсоор зарагдсан тодорхойлолтыг гаргуулаад авсан байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бид судалж авсан албан ёсны эх сурвалжуудаа үндэслэн 1 м.кв-ыг 14,261,555 төгрөгөөр үнэлж байна. Иймд А ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан үндэслэлгүй гэж үзэж, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч Ч ХХК нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037905 дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 0-00 тоотод байрлах, 142.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Ч ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн үнийн саналдаа тус үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв талбайг 15,000,000 төгрөг буюу нийт 2,137,650,000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлсэн. Төлбөр авагч Х ХК-аас тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй талууд албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9/08 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор А ХХК-ийн шинжээч Ч.Ж-г томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхэд 1,451,104,799 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Үнэлгээний тайлан-г хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад мэдэгдэж, мэдэгдлийг гардуулан өгсөн. Дээрх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Үнэлгээний тайланд шинжээч үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу үнэлгээг гаргасан байгаа нь нэгэнт тодорхой бичигдсэн.

Төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн боловч хуулийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа хэлбэр юм. Үүнээс шалтгаалж төлбөр барагдахгүй байсаар Худалдаа, хөгжлийн банкны зөрчигдсөн эрх хамгаалагдахгүй, цаашилбал Худалдаа, хөгжлийн банканд тодорхой хэмжээний хохирол учирсаар байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан БГ-т холбогдох Ч ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 46 байр, үйлчилгээний 0-00 хэсэг тоот хаягт байршилтай, 142.51 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,451,104,799 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

А ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлангаар Ч ХХК-ийн байгууллагын хөрөнгийг 1,451,104,799 төгрөгөөр тогтоосон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бүхий л нотлох баримт, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага болох А ХХК-ийн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн эсэх, үнэлгээ гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар холбогдох баримтыг ялгаа заагийг анхаарч үзэхгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

А ХХК нь Санхүүгийн Зохицуулах хорооны даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй. Хөрөнгийн үнэлгээчин н.Ж нь хөрөнгийн үнэлгээ гаргах эрхтэй ч харин хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт үнэлгээ хийх хуулийн этгээд нь Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан нь Монгол Улсын Сангийн яамны тусгай зөвшөөрөл авах үүрэгтэй этгээд, Санхүүгийн Зохицуулах хорооны даатгалын хохирлын үнэлгээний эрхээр хууль зөрчиж, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийсэн нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж хүчингүй болгож, тухайн шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт нийтийн эрх ашгийг хөндсөн дараах үүргийн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ гэж заасныг зөрчиж үнэлгээчнээр үнэлгээ тогтоосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдаж үнэлгээ тогтоосон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч биш бөгөөд нийтийн эрх ашгийг хөндсөн гэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж үзэж байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Г-Т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/00020 дугаар шийдвэрээр хариуцагч Ч ХХК-аас 956,658,452 гаргуулж Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,331,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Ч ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037905 дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 46 байр, үйлчилгээний 0-00 хэсэг тоот хаягт байршилтай, 142.51 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Э овогтой А-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011990 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 14 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Л овогтой Н-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058347 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32а байр, 00 тоот хаягт байршилтай 93.01 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх25-29/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

 

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх31/, Ч ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037905 дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 46 байр, үйлчилгээний 0-00 хэсэг тоот хаягт байршилтай, 142.51 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23360314/07 дугаар тогтоолоор битүүмжилж /хх37-39/, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23360314/10 дугаар тогтоолоор хураан авсан /хх42-44/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

5. Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлэх талаар төлбөр төлөгч Ч ХХК-ийн захирал Л.Н-д 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 23360314/11 дугаар албан бичгээр мэдэгдэж, хүлээлгэн өгсөн байх ба төлбөр төлөгч нь заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9/08 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор барьцааны эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилсон байна. /хх45,48/

 

5.1. Шинжээчээр томилогдсон А ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоор Сангийн сайдаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тайлбарлан, танилцуулсан байх тул энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх49/

 

5.2. Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,451,104,799 төгрөгөөр үнэлсэн. /хх 55-72/ Үнэлгээний тайланг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3482 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарт тухайн өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна. /хх 75-76/

 

6. Шинжээч А ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж дүгнэлт гаргахдаа орон сууцны зах зээлийн үнийг судалж, зах зээлийн жишиг үнийн хандлагыг арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээг тогтоох нь тохиромжтой гэж үзэж, мөн жишиг зах зээлийн үнийн судалгаа хийж үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,451,104,799 төгрөгөөр тогтоосон байна. Ийнхүү үнэлэхдээ тухайн үйлчилгээний талбайтай ойролцоо төрлийн 3 ширхэг үйлчилгээний талбайг харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...барьцаа хөрөнгийг өртгийн болон орлогын хандлагын аргуудаар үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.1. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн үйлчилгээний талбайг зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ