Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 80

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0098/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                              Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Б.Жавхлан,

Шүүгдэгч                                                          А нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох 1939000920076 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 16-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, А /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 16-02 тоотод өөрийн гэртээ Б.Баасанжавын нүүрэн тус газар саваа төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 16-02 тоотод өөрийн гэртээ иргэн Б.Баасанжавын нүүрэн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Б.Баасанжавын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би Хэнтий аймгийн Батноров сумаас хүүтэйгээ уулзах гээд аймгийн төвд ирсэн... Тэгээд би хүүтэйгээ уулзах санаатай хаана байгааг нь мэдэх гэж ийш тийшээ олон хүн амьтан руу залгасан. Тэгээд хүүгээ хаана байгааг нь мэдэж чадаагүй. Хадам ээжийн гэрт ирсэн үгүйг мэдэх гэж хадам ээжийн гэрээр 3, 4 удаа очсон. Тэгээд хадам ээжээс хүү маань хаана байна гэж асуухад ерөөсөө нуугаад хүүг  хаана байгааг хэлэхгүй байсан... Тэгсэн чинь манай дүү Нямжав уурлаад та манай аав, ээж хоёрыг битгий доромжлоод байгаарай гээд зуухны урд байсан тогоог нь өшиглөчихсөн. Тэгсэн чинь хадам ээж зуухны зүүн талд  сандал дээр сууж байснаа цочсондоо ар тийшээ уначихсан. Тэгээд л шууд босож ирээд зуухны тэндээс хавтгай төмөр авч босож ирээд та хоёр намайг нийлж зодох нь уу, дээрэлхэх нь үү гэж хэлээд нөгөө барьсан төмрөөрөө миний нүүр лүү цохьсон. Тэгээд миний зүүн нүдний доод талд оночихсон. Тэгээд бүр ахиж цохиод миний зүүн гарын бугалга руу цохьсон... миний нүдний доод талын арьс язарч 2 оёдол тавиулсан. Зүүн гарын бугалганы тэнд хөхөрсөн байсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 17-19 хуудас/

2. Гэрч Б.Нямжавын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгтэл Баасанжав эгч миний урдуур ороод та манай дүүг цохьлоо гэтэл л манай эгчийн нүүр рүү ахиад төмрөөрөө цохьчихсон. Тэгээд та нар манайхаас гарцгаа гээд эгч бид хоёрыг ахиад цохих гээд нөгөө төмрөө барьж савчуулаад нүүр нүд рүү хатгачих гээд дайраад байсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 27-29 хуудас/     

3. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаартай дүгнэлт:

-Б.Баасанжавын биед зүүн нүдний доод зохинд шарх, зүүн нүдний дээд зовхи, хамар, зүүн бугалаганд цус хуралт, зүүн доод зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх 31 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Аийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баасанжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан ялыг 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 30 000 /гучин мянга/ төгрөг төлөхөөр буюу 15 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ат оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн никел саваа төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ГАНЗОРИГ