Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/01121

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 206дугаар шийдвэр,           

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15дугаар магадлалтай,

Д.Б-ийннэхэмжлэлтэй,

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Ажлын хөлс 15.000.000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Дулмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргалнар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Бөхмөрөн сумын 90 жилийн ойгоор сумын Засаг дарга асан Д.Ядамжавтай ярьж тохирон тус сумын ойн баримтат кино хийхээр болсон. Ингээд баримтат киноны зохиолыг шуудангаар сум руу хүргүүлэн, ойгоор нь очиж зураг авч “Өөдлөн дэвжсэн хязгаар нутаг” нэртэй телевизийн бүрэн хэмжээний 30 минутын баримтат кино бүтээж, МҮОНТ-ээр орон даяар цацсан. Гэтэл Засаг дарга Д.Ядамжав ойн дараа ажлаа өгч, шинээр сонгогдсон дарга П.Гансүх энэхүү баримтат киноны мөнгийг гаргаж өгч чадахгүй, байгуулсан гэрээ байхгүй гэсэн. Иймд Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газраас 15.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа:Д.Б- нь кино хийлгэх албан ёсны гэрээг сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Ядамжавтай байгуулаагүй тул дээрх төлбөрийг хариуцан төлөх үндэслэл байхгүй. Төрийн мөнгөөр аливаа ажил үйлчилгээ, худалдан авалт явуулахад тендерийн шугамаар шалгаруулалт явуулж, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсны дараа худалдан авалт хийгдэх ёстой. Д.Ядамжав нь ямар ч тохиролцоо хийгээгүй, кино хийлгэх шаардлага байхгүй, урьд нь Монгол телевиз, Сама телевиз мөн нутгийн зөвлөл хамтран хийсэн кино байгаа, кино хийлгэх зардал мөнгө байхгүй гэдгээ Д.Б-д хэлсэн байдаг. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15дугаармагадлалаар:Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б-ийн төлсөн 232.950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Увс аймгийн анхан, давах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие Увс аймгийн Бөхмөрөн сумын 90 жилийн ой 2014 онд болохоос нэг жилийн өмнө тухайн үеийн засаг дарга асан Д.Ядамжавтай амаар тохирон сумын ойд зориулж баримтат кино хийхээр болсон. Ингээд ой дөхөж 90 жилийнх нь ой болохоос 7 хоногийн өмнө тус сумын нутагт очиж сум орны бүхий л үзэсгэлэнтэй газар, хүн ард, байгаль, ан амьтад, түүх дурсгалт газруудын зургийг авсаар ойн өдөр нь сум дээр ирж холбогдох зургаа авч гүйцээсэн. 2015.01.30-нд МҮОНТ-ээр улс орон даяар давталттайгаар цацсан. Үүний хамт мөнгөө хурдан шийдэж өгөхийг хүссэн боловч мөнгө байхгүй гээд өгөөгүй. Миний нэхэмжлэлийн дагуу Увс аймгийн анхан шатны шүүхийн 2016.11.29-ний өдрийн 775 тоот шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй үнэн зөв шийдвэр гаргасан. Давах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож дахин хуралдуулахаар шийдвэрлэснээс энэ завхрал эхэлсэн. Өөрөөр хэлбэл шүүхэд ямарчхэргийг (нотлох баримтыг) туршлагатай хүн хэрхэн будлиантуулж хэрхэн эсрэгээр ньэргүүлж орхидгийн нэг тод жишээ гэж үзэж байна. Иймд энэ хэрэгт дараах зарим баримтыг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

Хариуцагчийн гомдлоор хуралдсан давах шатны хурал дээр даргалагч М.Нямбаяр энэ асуудлыг танай өмгөөлөгч мэдэж байгаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ үг шүүхээс гарах шийдвэрийг манай өмгөөлөгч мэдэж байжээ гэдгийг сүүлд ойлгосон.

Шүүх хуралд нөлөөлсөн гол эзэн гэвэл хариуцагчийн өмгөөлөгч. Энэ хүн аймгийн давах шатны шүүхэд олон жил ажилласан арвин туршлагатай хүн бөгөөд энэ байдлыг нь шүүхээс тодруулахад нөлөөлөх зүйлгүй гэж хариулсан.

Хариуцагчийн гомдлоор хуралдсан урдах давах шатны шүүхэд хариуцагчийн гаргасан гомдолд нэг ч бодитой нотолгоо байхгүй.

Энэхүү давах шатны шүүх өмгөөллийн хуулийг зөрчсөн. Нэг байгууллагын хоёр шүүх нэг сэдвээр эсрэг тэсрэг 2 шийдвэр гаргасан. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Баримтад тулгуурлаж зөв шийдсэн анхан шатны шүүхийн 2016.11.29-ний өдрийн 775 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон нь өөрөө энэ хуулийг зөрчиж анхан шатны шүүх цаашид хуулийг буруу хэрэглэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэх гэсэн иргэний хуулийн тухайн заалтуудыг зөрчихөд хүргэсэн. Хавтаст хэрэгт урьд өмнө нь огт сонсоогүй, огт яригдаагүй, гүтгэлгийн чанартай ам яриаг шинээр оруулсан нь шүүхийн шийдвэр буруу гарахад нөлөөлсөн.Ямар ч тохиолдолд, хэн ч бай ажил үүрэг гүйцэтгэсэн л бол ажлынхаа хөлс мөнгийг нэхэх нь зүй ёсны шаардлага. Хэрвээ хариуцагч тал ийнхүү бүхий л байдлаар хариуцлагаас бултаж зугтаах арга хэрэглэж байгаа бол Иргэний хуулийн “Ажил гүйцэтгэхтэй холбогдсон хэлцэл хүчин төгөлдөр бус байх” гэсэн бүлгийг иш үндэс болгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч талажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэчхээд мөнгөө авч чадахгүй байна.

Иймд анхан болон давах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож, миний хууль ёсны эрхийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 15.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг баримтат кино бүтээсний ажлын хөлс гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...кино хийлгэхээр харилцан тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй ...” гэж маргажээ.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох, нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлаа үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч ажлын хөлс төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Ядамжавтай тохирч, 2014 онд тус сумын 90 жилийн ойд зориулж “Өөдлөн дэвжсэн хязгаар нутаг” нэртэй баримтат кино бүтээх, захиалагч ажлын хөлсөнд 15.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд  ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т заасан, өөрийн бүтээсэн гэх баримтат киног хариуцагчид хүлээлгэн өгөөгүй болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчээ. 

Түүнчлэн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 353 дугаар зүйлийн 353.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй буюу гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирсон үр дүн шилжүүлэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй болно.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг захиалагчид, эсхүл түүний томилсон этгээдэд хүлээлгэн өгсөн, улмаар түүнийг ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ  тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлс шаардах эрхгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцжээ.

Шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ