Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 26

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Хуралдааны тов зарлах тухай 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Н.Баярмаа, П.Гаравмаа нарын нэхэмжлэлтэйзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Гаравмаа, Н.Баярмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбаатар, хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, гуравдагч этгээд Ж.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Гаравмаа болон түүний төлөөлж буй Ц.Алтангэрэл, Я.Зоригт, Ш.Чулуунбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:

Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, Улиастай сумын Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, уг хуралдаанаас гаргасан 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах гэв.

Нэхэмжлэгч Н.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, Улиастай сумын Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, уг хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэв.

Нэхэмжлэгч П.Гаравмаа нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:Багийн иргэдийн Нийтийн Хурал товлож, зарлан хуралдуулах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно... гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй... гэсэн заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна... гэсэн заалт, 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт .Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно... гэж зааснаар зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хурал болон Тэргүүлэгчдэд хадгалагдаж байдаг. Гэтэл Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг, Засаг дарга Б.Эрдэнэбаатар нар нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас хууль бусаар далд зарлан хуралдуулж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн болон Засаг даргын сонгуулийг явуулсан нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох багийн иргэдийн Нийтийн Хурал, Тэргүүлэгчид, иргэдийн бүрэн эрхэд халдсан үйл явдал боллоо. Улмаар Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь Товцог багийн Засаг даргаар П.Даваадэмбэрэлийг томилсон нь багийн иргэдийн эрхэнд халдсан гэж үзэж байна. Тухайн хууль бус хурлаас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон байна гэв.

Нэхэмжлэгч Н.Баярмаа шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт...Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна... гэсэн заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт... багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно... гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 2. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно... гэсэн заалтуудыг Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг нь ноцтой зөрчиж, Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9 цагаас хуралдуулахаар 56 тоот албан тоотыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, улмаар Ардчилсан намын гишүүддээ далд зарлан хуралдууллаа. Уг хууль бус хурлаас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгож чөлөөлсөн 2 дугаар тогтоол, багийн Засаг даргын сонгосон 3 дугаар тогтоол гарсан байдаг. Гэвч энэхүү 2, 3 дугаар тогтоолоо иргэд батлалгүй тарсан байна. Иймд тухайн хурлаас гарсан 2, 3 дугаар тогтоолууд хууль бус байна. 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлыг иргэн Жамган овогтой Лхагважав удирдан явуулсан тул Ж.Лхагважавыг хариуцагч байх ёстой гэж үзэж байна. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдаж, хууль бус хуралдааныг зохион байгуулах, шийдвэр гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэгийг хариуцагч байх ёстой гэж үзэж байна. Дээрх хууль бус хурлаас гарсан шийдвэрүүдийн улмаас багийн Засаг дарга миний ажлыг хууль бусаар авч, намайг цалин мөнгө, сэтгэл санаа, хөдөлмөрлөх эрхээр хохироолоо. Миний бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-нд дуусах байсан.

Мөн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг болон Тэргүүлэгчдээс 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гаргасан 36 дугаар тогтоол нь дугаар нь ижил хэрнээ нэг нь 3 заалттай, нөгөө нь 4 заалттай гарсан байдаг. Нэг тогтоол нь 4-р заалтаараа багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах эрхийг Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарт олгосон байхад нөгөө тогтоол нь 3-р заалтаараа багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах эрхийг Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарт олгосон байна. Багийн иргэдийн нийтийн Хурлыг зарлан хуралдуулах эрх нь зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд хадгалагдаж байдаг тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг нь энэхүү эрхийг Засаг дарга Б.Эрдэнэбаатарт олгосон нь хууль зөрчсөн явдал юм. Нэг нь 4 заалттай, нөгөө нь 3 заалттай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан 36 дугаар 2 тогтоолын аль нь хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгох шаардлагатай байна. Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг нь Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах 56 тоотыг гаргахдаа хүчин төгөлдөр эсэх нь тодорхой бус 36 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдаж, хууль бус хуралдааныг зохион байгуулах шийдвэр гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн дарга Б.Мэндбилэгийг хариуцагч байх ёстой гэж үзэж байна. ...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 56 дугаар албан бичиг дээр Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолын дөрөв дэх заалтыг үндэслэн гэж бичсэн албан бичгийг багийн түшмэл надад авч ирж өгсөн. Манай багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нас барсан учраас тухайн албан бичгийг Тэргүүлэгч Алтангэрэлд 17.45 минутанд гардуулж өгсөн. ... Үүний дагуу Тэргүүлэгчид 6 цагаас өмнө цуглараад багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж албан ёсны хариуг хүргүүлсэн байхад багийн Хурлыг хуралдуулсан байсан. Ийнхүү 12 дугаар сарын 18-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал болсны дараа 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10.38 минутанд Улиастай сумаас миний ажлыг хүлээлцүүлж авсан. Ингээд миний бие 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш Улиастай сумаас өөрт холбоотой хувийн хэргээ авах гэж очсон. Тэгэхэд 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоол гурван заалттай байсан юм. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гурван заалттай 36 дугаар тогтоолыг эх хувиар нь Цэдэнсодномоос авч нотариатаар батлуулаад, буцаагаад өгсөн байгаа. Гэрч Цэдэнсодномын мэдүүлгээс харахад он сарын зөрүүтэй тайлбар өгсөн байна. Тухайлбал намайг шүүхэд материал бүрдүүлж өгснөөс хойш дөрвөн заалттай 36 дугаар тогтоол засаж гаргасан байна. иймд энэ 4 заалттай тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өгсөн гурван заалттай 36 дугаар тогтоолыг хүчинтэй гэж үзэж, уг тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгуулахыг хүсч байна гэв.

Нэхэмжлэгч Н.Баярмаагийн төлөөлөгч А.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэгээс 56 дугаар албан бичгийг гаргаж, Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж хуралдуулсан байдаг. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын илт хууль бус хуралдаанаас 03 дугаар тогтоол гарч, багийн Засаг дарга Н.Баярмааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан байдаг. Энэхүү багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Н.Баярмаа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах тухай эрхийг Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарт олгосон заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагууд нь П.Гаравмаа нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэгтгэгдсэн...Товцог багийн түшмэл Банзрагчийн мэдүүлгээс харахад тухайн баг нь 665 өрхтэй, 1415 сонгогчидтой гэсэн байна. Тэгэхээр Б.Мэндбилэг даргын хэлснээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.4-т заасны дагуу иргэд өөрсдийн санаачилгаар хурал хийсэн гэж үзвэл 12 дугаар сарын 18-ны өдөр цугласан иргэдийн ирц яагаад ч хүрэхгүй байгаа. Яагаад гэвэл тухай өдрийн хуралд багийн 399 хүн ирсэн гэж баримт, материал дээр байна. Тухайлбал Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.4-т заасны дагуу иргэд өөрсдийн санаачилгаар хурал хийсэн гэж үзвэл дор хаяж багийн 440-өөс доошгүй иргэн ирэх ёстой байжээ. Гэтэл тухайн багийн хуралд 440 иргэн ирээгүй байгаа тул уг хурлаас гарсан шийдвэр хүчингүй юм...Нэхэмжлэгч Н.Баярмаагийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар хариуцагч тал асуугаад бйагаа. Тэгэхээр Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын илт хууль бус хуралдаанаас гарсан шийдвэрийн улмаас Н.Баярмаагийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл илт хууль бус хуралдаанаас гарсан 03 дугаар тогтоолыг үндэслэж, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар багийн Засаг дарга Н.Баярмааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ийм учраас яах аргагүй Улиастай сумын Засаг дарга энэ хэрэгт хамааралтай юм. Нэхэмжлэгч Н.Баярмаа нь Улиастай сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэдэг саналаа аймгийн Засаг даргад тавьсан байдаг. Гэтэл энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг аймгийн Засаг дарга албан бичгээр өгсөн байгаа. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан... Хариуцагч талаас Улиастай сумын Засаг даргыг хариуцагч байх үндэслэлгүй гэж маргаж байна. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурал хууль бус хуралдаад багийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоол гарсан. Энэхүү тогтоолыг үндэслэж Улиастай сумын Засаг дарга нэхэмжлэгч Н.Баярмааг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан байгаа. Эхлээд бид нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг захирамжийг хамт өгсөн. Тэгэхээр яах аргагүй Улиастай сумын Засаг дарга бол хариуцагч мөн. Мөн Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар дээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах талаар та ямар санал бодолтой байна вэ? гэж Н.Баярмаа бид хоёр асууж байсан. Тэгэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлыг хэдийд, яаж хуралдуулахаа би өөрөө мэднэ, яаж та нараас албан тушаалыг нь авахаа би өөрөө мэднэ гэж хэлж байсан. Тийм учраас хууль бус хуралдаанаас гарсан 03 дугаар тогтоолыг үндэслэж Н.Баярмааг ажлаас чөлөөлсөн учраас хариуцагч байх ёстой. ... Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаар нь 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханд гомдлоо гаргасан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг дарга Д.Батсайхан сарын дотор хариу өгсөн байгаа. Энэхүү хариуг авсны дараа Захиргааны хэргийн шүүхэд шууд нэхэмжлэлээ гаргасан юм. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байгаа. Иймд Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд зохион байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах бодлого Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрөө боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаас өмнө багийн иргэд сонгогч нарт танилцуулж санаа бодлыг сонсох зайлшгүй шаардлага байсан тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9, 20.2, 22 дугаар зүйлийн 22.1.9, 22.2 дахь заалтуудын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хурлаараа хэлэлцэж 36 дугаар тогтоолоор багийн иргэдийн хурал, уулзалт зохион байгуулах зөвшөөрлийг сумын Засаг даргад олгосон юм. Гэтэл багууд хурлаа зохион байгуулаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 18-ны хагас сайны амралтын өдрийг ашиглан Товцог, Өлзийт багийн иргэд, сонгогч нартай уулзалт хийхэд иргэдээ цуглуулж бэлтгэхийг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр албан бичгээр багийн иргэдийн нийтийн хурал, Засаг дарга нарт мэдэгдсэн юм. 2016 оны 12 дугаар сарын 18-ны Бямба гаригт өглөө очиход 400 гаран хүн цугласан байсан тул бид 2020 он хүртлэх хийх ажлаа танилцуулаад, иргэдийн санаа бодлыг сонсоод гарсан. Иргэдээс багийн иргэд нийтийн хурлыг хавьд хийгээгүй учраас цуласан дээрээ хурлаа хийе гэсэн санал гарч байсан. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлыг жилд 3 аас доошгүй удаа хуралдуулна гэсэн заалттай. Гэтэл Улиастай сумын Товцог багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 1 дүгээр тогтоолоор иргэдийн нийтийн хурлаа зарлаж мөн өдрийн 15 цагт 110 иргэний оролцоотой иргэд нийтийн хурал хийснээс хойш нэг ч удаа хурал хийгээгүй юм билээ. Иймээс Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудын дагуу Товцог багийн цугласан 399 иргэдийн дийлэнх олонх буюу 362 иргэдийн саналаар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хурлаа хийж багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид, Засаг даргаа сонгосон юм билээ. Иймээс Товцог багийн иргэн П.Гаравмаагийн нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолын 4 дэх заалт Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид иргэдийн бүрэн эрхэд халдсан, хурлын шийдвэрт нөлөөлсөн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Харин багийн иргэдийн дийлэнх олонхийн эрх ашгийг дээдлэн хуулийн дагуу шийдвэрлэн төрийн ажлыг тасалдахгүй байхыг хичээнгүйлэн хүсье гэжээ.

Хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3 дахь заалтад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган, биелэлтийг хангаж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад үүрэг болгосугай гэж тусгасан бөгөөд энэ нь уг хэрэгтэй холбогдолгүй бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод үйл ажиллагаатай холбоотой заалт болохыг мэдэгдье. Харин уг тогтоолын 4 дэх заалтад багийн иргэд нийтийн хурлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга, хотын захирагч Б.Эрдэнэбаатар-д зөвшөөрсүгэй гэж заасан нь уг захиргааны хэргийн маргаантай холбогдох үндэслэлтэй тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Тухайн өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааныг зарлан, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөюлөгөөний 5,6 дугаарт сумын Засаг дарга, хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг чухал баримт бичгүүдийг хэлэлцэх тул иргэд сонгогчдын оролцоотой олон нийтийн хэлэлцүүлэг, санал асуулыг багийн иргэдийн нийтийн хурлын зохион байгуулалтаар дамжуулан хийх чиглэлийг сумын Засаг даргад зөвшөөрч үүрэг өгсөн юм. Бүх нийтийн сонгуулийн үр дүнд зохион байгуулагдсан, бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчидМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалтын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэн хуулийн хүрээнд гаргасан тогтоол шийдвэр билээ. Энэхүү тогтоолын заалт нь багийн иргэдийн хуулиар олгогдсон эрхээ эдлэж багийн иргэдийн нийтийн хурал, Засаг даргаа сонгоход ямар ч нөлөөлөл байхгүй гэж байна. Цаашид багийн иргэдийн нийтийн хурлаа хийж, тайлангаа тавьж, иргэд олныхоо санаа бодлыг сонсохгүй байгаа багийн иргэдийн нийтийн хурал, Засаг даргад манай иргэдийн Төлөөлөгчдийн хурал ямар хариуцлага ногдуулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж болох вэ? гэдэгт арга зүйн зөвлөгөө шийдэл гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.Гаравмаа нь Улиастай сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг, Засаг дарга, хотын захирагч Б.Эрдэнэбаатар нар нь Товцог багийн иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зарлан хуралдуулж багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийн болон Засаг даргын сонгуулийг явуулсан нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох багийн иргэдийн нийтийн хурал, тэргүүлэгчид, иргэдийн бүрэн эрхэд халдсан үйл явдал боллоо. Улмаар Засаг дарга, хотын захирагч Б.Эрдэнэбаатар нь Товцог багийн Засаг даргаар П.Даваадэмбэрэлийг томилсон нь багийн иргэдийн эрхэнд халдсан гэж үзэж байна гэжээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолоор багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахыг Засаг дарга, хотын захирагч Б.Эрдэнэбаатарт зөвшөөрсөн. Мөн Товцог багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 3 дугаар тогтоолоор хуралдаанд оролцогсодын 54.3 хувийн санал авсан П.Даваадэмбэрэлийг багийн Засаг даргаар томилуулах санал уламжилсны дагуу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141 дүгээр захирамж гарган Товцог багийн Засаг даргаар томилж, Н.Баярмааг Товцог багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Товцог багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.5, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоол гаргасан тул Н.Баярмаагийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 19-нд дуусах байсан гэх асуудал үндэслэлгүй юм. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа нь тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж заасан нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдэд нэгэн адил хамаарах тул Н.Баярмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд эдгээр шийдвэрүүд багийн иргэдийн эрхэнд халдсан гэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна...Нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн хоёр заалт Засаг дарга, хотын захирагч Б.Эрдэнэбаатарт хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Тэгэхээр энэ хэрэгт Улиастай сумын Засаг даргын үйл ажиллагаа хаана, ямар байдлаар оролцсон нь харагдахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна... Нэгдүгээрт тухайн тогтоолуудыг хүчингүй болгох асуудал нь Н.Баярмаатай ямар холбоотой юм бэ? Өөрөөр хэлбэл Н.Баярмаагийн ямар эрх, ашиг зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байна. Н.Баярмаагийн тухайд гэвэл багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоол л эрх ашгийг нь хөндөж байгаа. Харин бусад тогтоолууд нь Н.Баярмаагийн эрх ашгийг хөндөөгүй байна. ... Нэхэмжлэгч Н.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байна. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч Н.Баярмаа нь Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гурван заалттай 36 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Мөн Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлыг хурал болохоос өмнө мэдсэн гэж тайлбарлалаа. Тэгээд 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлын дараа 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолыг авах гэж Улиастай сум дээр очсон байна. Тэгэхээр хурал болсон өдөр, хурал болсны дараах өдрөөс тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Яагаад гэвэл өөрийнхөө эрх ашгийг зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой байсан. Тэгэхээр нэхэмжлэгч Н.Баярмаа нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалахаар 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэхэд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэдгийг түрүүн тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаандаа ямар нэгэн байдлаар гадагшаа яваагүй, эмнэлэгт хэвтээгүй гэж хэлсэн. Тиймээс нэхэмжлэгч Н.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй. Хариуцагчаар хэнийг татсан гэдэг асуудал нэхэмжлэгч нарын хувьд хоорондоо ялгаатай байгаа. Нэхэмжлэгч Н.Баярмаа нь Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Улиастай сумын Засаг дарга, мөн хууль бус хуралдааны даргалагч Ж.Лхагважав нарыг хариуцагчаар татсан байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ойлголоо. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч П.Гаравмаагийн хувьд захиргааны хэрэг үүсэх үед ямар захиргааны актыг хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхой байсан. Тухайн үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд явсан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч гэсэн энэ зүйлээ ярьж байна. Өөрөөр хэлбэл хүчингүй болгуулах асуудал ярьлаа. Хэрвээ хүчингүй болгуулах асуудал яригдах юм бол заавал хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Энэ асуудал нь нэхэмжлэгч Н.Баярмаа дээр ч яригдаж байгаа. Нэхэмжлэгч П.Гаравмаагийн хувьд хариуцагчаар хэнийг татсан болон нэхэмжлэлийн шаардлагаа хэнд нь холбогдуулаад байгаа юм бэ? гэхээр Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүй болгуулах, хууль бус хуралдааныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагадаа хуралдаан даргалагч Ж.Лхагважавыг хариуцагчаар огт татаагүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгч П.Гаравмаагийн хариуцагч нь тодорхойгүй, хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна. Иймд багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүй болгуулах боломжгүй. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан 03 дугаар тогтоол нь нэхэмжлэгч П.Гаравмаагийн эрх ашгийг шууд хөндөөгүй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч П.Гаравмаа 12 дугаар сарын 18-ны өдөр хурал болохыг мэдсэн байна, тэр хурал дээр өөрөө очоогүй байна, мөн багийн Засаг даргад өрсөлдөх саналгүй гэдгээ түрүүн хэлсэн байгаа. Тийм учраас багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоол нэхэмжлэгч П.Гаравмаагийн эрх ашгийг зөрчөөгүй учраас хүчингүй болгуулах боломжгүй. Нэхэмжлэгч П.Гаравмаа нь ямар хүмүүсийг хариуцагчаар татсан юм бэ? гэхээр Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Улиастай сумын Засаг дарга нарыг татсан байдаг. Гэтэл Улиастай сумын Засаг дарга тухайн хурлыг зохион байгуулахаар ямар нэгэн байдлаар үүрэг даалгавар өгсөн баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Энэ хэрэгт Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулахыг сумын Засаг даргад үүрэг болгосон асуудал яригддаг. Гэтэл сумын Засаг даргад үүрэг болгосон зүйл огт байхгүй. Харин багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулахыг сумын Засаг даргад зөвшөөрсүгэй гэсэн тогтоол байдаг. Өөрөөр хэлбэл нэг захиргааны байгууллага нөгөө захиргааны байгууллагадаа багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулахыг зөвшөөрч, эрх олгосон асуудал байгаа. Тэгэхээр Улиастай сумын Засаг дарга нь ямар захиргааны актаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулсан гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаар ямар нэгэн баримт, захиргааны акт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Тэгэхээр Улиастай сумын Засаг дарга нь эрх олгосон асуудлыг хэрэгжүүлсэн ч болно, хэрэгжүүлэхгүй байсан ч болно. Өөрөөр хэлбэл Улиастай сумын Засаг дарга нь Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлыг шууд хуралдуул гэсэн ямар нэгэн баримт байхгүй байгаа. Маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар захиргааны актаар хэнд үүрэг болгосон, хэн хэрэгжүүлэх нь үүнээс тодорхой харагддаг. Тэгэхээр энэ 36 дугаар тогтоол нь Улиастай сумын Засаг даргатай ямар ч холбоогүй юм. Энэ нь гэрч Цэдэнсодномын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайлбал Улиастай сумын Засаг даргыг бүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад байна л даа. Ийнхүү нэхэмжлэгч П.Гаравмаа нь нэхэмжлэлийн бүх шаардлагадаа Улиастай сумын Засаг даргыг холбогдуулж, хариуцагчаар татаад байгаа нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл маргаан бүхий 36 дугаар тогтоолыг Улиастай сумын Засаг дарга гаргаагүй, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын 01, 02, 03 дугаар тогтоолуудыг Улиастай сумын Засаг дарга гаргаагүй. Улиастай сумын Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн Хурал дээр ямар зорилготой очсон гэдэг нь гэрчийн мэдүүлгүүдээс харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөрөө танилцуулах гэж очсон байдаг. Тэгээд багийн иргэдээс санал гарангуут бид нарын оролцох асуудал биш гээд гараад явсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудтай Улиастай сумын Засаг дарга ямар ч хамааралгүй.

Нэхэмжлэгч Н.Баярмаагийн хувьд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Харин нэхэмжлэгч П.Гаравмаагийн хувьд юу хүсээд байгаа юм бэ? гэхэр Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн гурван заалттай 36 дугаар тогтоолын гурав дахь заалтыг хүчингүй болгуулна гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч гэсэн ярьж байна. Гэтэл энэ тогтоол нь архивын тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулагдсан эх хувьтай нь тулгах асуудал яригдаж байгаа. Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолын эх хувь нь хаана байна вэ? гэхээр Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд гаргаж өгсөн. Ийнхүү гаргаж өгсөн тогтоол бол 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дөрвөн заалттай 36 дугаар тогтоол байгаа. Тийм учраас дөрвөн заалттай 36 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой. Яг энэ тогтоол нь Улиастай сумын Засаг даргад очсон байгаа. Тэгэхээр эх хувиараа байхгүй гурван заалттай 36 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гээд байгаа нь боломжгүй юм. Мөн хариуцагчаа зөв татаагүй, хариуцагч биш хүмүүсийг хариуцагчаар татсан гэж ойлгож байгаа. Маргаан бүхий 36 дугаар тогтоолд шууд үүрэг болгосон заалт ерөөсөө байхгүй. Нэхэмжлэгч нар нь 56 дугаар албан бичгийн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Бид Товцог багийн иргэдийн нийтийн хуралтай гэдэг зарын дагуу 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний үүргээ биелүүлж хуралд очсон. Багийн нийтийн хуралд Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, орлогч дарга, Тамгын газрын дарга нар хүрэлцэн ирсэн бөгөөд иргэдийн нийтийн хуралд оролцож байгаа Товцог багийн иргэдэд Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар 2017-2020 оны мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулга, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг сумын иргэдийн хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Улиастай сумын Тамгын газрын дарга Т.Мөнхбаатар мэдээлэл хийсэн дарга нарын өгсөн мэдээлэлтэй холбоотой асуулт санал байна уу гэж асуухад багийн иргэн Цогтбаатар сумын удирдлагууд ажлын талаарх мэдээлэл өгч иргэдийнхээ санаа бодлыг сонсож байгаад баярлаж байна. Багийн иргэдийн нийтийн хурал энэ онд болоогүй, багийн иргэд 400 гаран цугласан дээр иргэдийн нийтийн хурлаа хийж иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, багийн засаг даргын сонгуулиа явуулах саналтай байна гээд иргэдээс дэмжиж байна уу гэхэд хуралд оролцож байгаа 400-гаад иргэдийн 300 гаран иргэн дэмжиж гараа өргөсөн болно. Ингээд сумын удирдлагууд багийн хуралд амжилт хүсээд гарч явцгаасан. Хурлаа албан ёсоор удридах тэргүүлэгчдээхэдэн хүний бүрэлдэхүүнтэй хэн хэнээр сонгох санал байна гэхэд иргэн Энхжаргал 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгоё гэсэн санал гаргасныг 100% -ийн саналаар баталсан. Заалнаас хурлын ттэргүүлэгчдэд доорх нэр бүхий иргэдийг дэвшүүлсэн. Ж.Лхагважав, Б.Жавзмаа, Д.Чулуун, Д.Чойжилсүрэн, Ж.Цэрэндорж, С.Цэрэнсамбуу, Б.Энхтөр, Ж.Махвал, Ч.Алтанчимэг нарны нэрийг дэвшүүлсэн. Иргэн С.Цэрэнсамбуу, Д.Чойжилсүрэн, Д.Чулуун, Б.Жавзмаа нар өөрийн саналаар татгалзаж, Ж.Лхагважав, Ж.Цэрэндорж, Ч.Алтанчимэг, Ж.Махвал, Б.Энхтөр гэх бид олонхийн саналаар хурлын тэргүүлэгчдээр сонгогдсон. Бид хоорондоо зөвшилцөөд хурал даргалагчаар Ж.Лхагважавыг сонгоод хурлаа цааш үргэлжлүүлсэн. Багийн дарга болон иргэдийн нийтийн хурлын даргад нэр дэвшүүлэх санал байна уу гэхэд багийн иргэдийн нийтийн хурлын даргад иргэн Б.Энхжаргал, Д.Зэдбазарыг иргэн С.Цэрэнсамбуу, Д.Норовсамбуу, Т.Уранчимэг нарыг, багийн Засаг даргад иргэн М.Эрдэнэсувд, П.Даваадэмбэрэлийг, иргэн Д.Чойжилсүрэн, Н.Мөнхбаатарыг тус тус дэвшүүлсэн. Багийн иргэн Т.Уранчимэг өөрийн хүсэлтээр иргэдийн нийтийн хурлын даргаас нэрээ татав. Хурлын дэгийг дагуу тооллогын комисст иргэн Ж.Лхагважав, Ш.Банзрагч, Д.Чулуун нарыг, иргэн П.Даваадэмбэрэл, Л.Цогтбаатарыг, иргэн Н.Мөнхбаатар, Д.Гантөмөрийг, иргэн Д.Зэдбазар, Өнөрбаярыг тус тус нэр дэвшүүлэв. Иргэд олонхийн саналаар тооллогын комисст нэр дэвшигчидийг баталсан. Саналын хуудас хэвлэх хооронд нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулсан. Нийт 399 иргэн санал өгсөнөөс хүчинтэй хуудас 362, хүчингүй хуудас 36, хоосон саналын хуудас 1 гарсан багийн иргэдийн нийтийн хуралд нэр дэвшигч Д.Зэдбазар 237, Д.Норовсамбуу 107, Н.Мөнхбаатар 163, П.Даваадэмбэрэл 197 хүний санал авлаа. Д.Зэдбазар нийт сонгогчдын 65%-н санал, Д.Норовсамбуу 30%-н санал, Н.Мөнхбаатар 45%-н санал, авсан болно. Иймд Д.Зэдбазарыг иргэдийн нийтийн хурлын даргаар томилж, багийн Засаг даргад П.Даваадэмбэрэлийг уламжилсан тогтоол гаргасан. Хурал явах ёс журмын дагуу олонхийн саналаар шийдвэрлэгдэн хийгдсэн тул энэ хурлаас томилогдсон албан тушаалтанууд хууль ёсны дагуу томилогдсон гэж үзэж байна. Иймд П.Гаравмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний хувьд 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Товцог багийн иргэдийн Нийтийн Хурал нь хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Багийн иргэдийн Нийтийн Хурал болохоос өмнө намайг П.Даваадэмбэрэлтэй хамт айлуудаар ороод явж байсан гэж хэллээ. П.Даваадэмбэрэл бид хоёр Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд цуг нэр дэвшихэд П.Даваадэмбэрэл маань унаж үлдсэн юм. Бид нар хааяа энд тэнд цуглаад хөзөр тоглодог асуудал байсан. Түүнээс биш П.Даваадэмбэрэлийг сурталчлаад айлуудаар ороод явсан зүйл байхгүй. Нэг удаа хөзөр тоглохдоо манай багийн иргэн Энхжаргалынд очиж мах чанаж идчихээд салцгаасан. Өмнө нь би багийн хурал болох гэж байгаа юм болов уу? гэж багийн байраар ороод асууж байсан. Тухайн үед Н.Баярмаа байхгүй байсан учраас Банзрагчаас асуучихаад гараад явсан. 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр багийн хуралтай гэж ард түмэн бүгд ярьж байсан. Мөн буудал болон худаг дээрээс энэ талаарх зарлалыг харсан юм. Миний хувьд багийн иргэдийн Нийтийн Хуралдаа иргэний үүргийнхээ дагуу очсон. Тэр хуралд очсон 400-аад хүнээс хэдэн хүнийг Тэргүүлэгчээр сонгох уу? гээд санал хураахад таван хүнийг сонгосон байгаа. Энэ таван хүн дотор миний нэр байсан. Тэргүүлэгчдэд нийт найман хүн нэр дэвшихэд гурав нь нэрээ татаад, таван хүн нь сонгогдсон. Үүний дараа Тэргүүлэгчид хуралдаад намайг даргалагчаар нь сонгосон юм. Тухайн өдрийн хурлыг яагаад хүчин төгөлдөр гэж үзээд байгаа юм бэ? гэхээр иргэдээс хүсэлт гаргасны дагуу хурал хийсэн байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурал эхлэх үед дарга нар байж байснаа иргэдээс багийн иргэдийн Нийтийн Хурлаа хийе гэдэг хүсэлт гарангуут бид нар энэ хуралд чинь оролцохгүй, та нарын эрх гээд гараад явсан юм. Тийм учраас Улиастай сумын Засаг даргыг бүх зүйлд оролцуулаад байгааг буруу гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Гаравмаа болон түүний төлөөлж буй Ц.Алтангэрэл, Я.Зоригт, Ш.Чулуунбаатар нар нь Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид болон сумын Засаг дарга нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Хуралдааны тов зарлах тухай 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, мөн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон сумын Засаг дарга нарт холбогдуулан Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гаргасан 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.Баярмаа нь мөн Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хуралдааны тов зарлах тухай 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, Улиастай сумын иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын дарга, сумын Засаг дарга болон Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчнарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын  18-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн иргэдийн Нийтийн Хурал /цаашид багийн Хурал гэх/-ын Тэргүүлэгч болон Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, түүнчлэн Багийн Хурлыг зарлан хуралдуулах эрхийг хуулиар зөвхөн Хурлын Тэргүүлэгч нарт хуулиар олгосон байхад хариуцагч нар Товцог багийн Хурлыг зарлан хуралдуулж, тус багийн Засаг дарга, Хурлын дарга, Тэргүүлэгч нарыг сонгосон нь хууль бус хэмээн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлан маргажээ.

Улиастай сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улиастай сумын хэмжээнд хийж гүйцэтгэсэн болон цаашид хийх ажлынхаа талаар танилцуулахаар Товцог багийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан, харин 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг зохион байгуулаагүй, багийн Хурлын дарга, Тэргүүлэгч болон Засаг даргыг сонгох ажиллагаанд оролцоогүй, тус багийн Хурлын Тэргүүлэгчид зохих ёсоор ажиллаагүй, 2016 онд ганцхан удаа хуралдсан учраас Товцог багийн иргэд өөрсдийн хүсэлтээр хуралдаанаа зохион байгуулж, багийнхаа удирдлагуудыг шинээр сонгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэсгүй, түүнчлэн нэхэмжлэгч Н.Баярмаа шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн хэмээн хариуцагч талууд тус тус маргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэн доорх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэг. Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Хуралдааны тов зарлах тухай 36 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгуулах шаардлага болон уг 36 дугаар тогтоолын хүчин төгөлдөр эсэх тухайд:

Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдааныг товлон зарлах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах, хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган биелэлтийг хангах, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулахыг сумын Засаг даргад зөвшөөрөх асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч талуудаас тус бүр гаргаж өгснөөр хэрэгт авагдсан уг маргаан бүхий 36 тогтоол нь 3 болон 4 заалттай буюу хоорондоо ялгаатай өөр өөр байх ба уг тогтоолуудын аль нь хүчин төгөлдөр болох талаар талууд маргаж байна.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 36 дугаар тогтоолын[1] 3 дугаар заалтанд, мөн хариуцагч талаас гаргаж өгсөн 36 дугаар тогтоолын[2] 4 дүгээр заалтанд Багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /Б.Эрдэнэбаатар/-д зөвшөөрөх тухай агуулга адилхан тусгагджээ.

Тодруулбал, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дээрх асуудлаар 36 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд уг тогтоолыг эхлээд 3 заалттайгаар албажуулан гаргасан байх ба тус сумын Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах агуулгыг 36 дугаар тогтоолыг боловсруулан гаргахдаа орхигдуулснаас уг агуулга бүхий заалтыг тухайн Хурлын дарга Б.Мэндбилэгийн зөвшөөрснөөр нэмж оруулан 4 заалттайгаар өөрчлөн гаргасан талаар гэрч Б.Цэдэнсодном[3] мэдүүлж байна.

Нэхэмжлэгч нарын маргаж буй уг тогтоолын 3 дугаар заалт нь сүүлд өөрчлөн гаргасан гэх 4 заалттай тогтоолд хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд уг 4 заалттай тогтоолд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хавсралтаар батлах агуулга бүхий заалтыг нэмж өөрчлөн гаргасан нь нэхэмжлэгч нарын маргаж буй асуудалд уг заалт хамааралгүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол руу чиглэгдээгүй байна.

Тэргүүлэгчдийн тогтоолыг баталгаажуулан албажуулах эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь уг 36 дугаар тогтоолыг дахин өөрөөр боловсруулан баталгаажуулан гаргасан байх бөгөөд Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас архивын нэгж болгон үдэж цэгцэлсэн баримтанд 3 заалттай бус, 4 заалттай тогтоолын эх хувь хадгалагдан үлдсэн байгаа тул хариуцагч талын гаргаснаар хэрэгт авагдсан 4 заалттай 36 дугаар тогтоолыг албан ёсны хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэхээр байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар Тэргүүлэгчдээс гарах шийдвэрийн төслийг боловсруулах, тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулах эрх хариуцагч Хурлын даргад олгогдсон байна.

Тиймээс нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн 3 заалттай 36 дугаар тогтоолыг эрх бүхий албан тушаалтнаас хожим өөрчлөн 4 заалттайгаар албажуулан гаргасан байх тул нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн 36 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр бус байх тул уг 3 заалттай 36 дугаар тогтоолын талаар гаргасан шаардлага нь үндэсгүй байна.

Түүнчлэн 4 заалттай 36 дугаар тогтоолын 4 дүгээр заалтад туссан буюу нэхэмжлэгч нарын маргаж буй Багийн Хурлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /Б.Эрдэнэбаатар/-д зөвшөөрөх тухай заалт нь нэхэмжлэгч нарын Товцог багийн Хурлыг зарлан хуралдуулах эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

Уг заалтаар зөвхөн багуудын Хурлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, чиглүүлэх талаар хуулиар олгогдсон эрхээ сумын Засаг даргад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан зохицуулалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь багийн Хурлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ сумын Засаг даргад шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн уг заалт нь Товцог багийн Хурлыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр товлож, зарлан хуралдуулах тухай агуулга тусгагдаагүй байна.

Тиймээс маргаан бүхий 36 дугаар тогтоолын маргаж буй холбогдох заалт нь Товцог багийн Хурлын Тэргүүлэгч болох нэхэмжлэгч П.Гаравмаа, Ц.Алтангэрэл, Ш.Чулуунбаатар, Д.Зоригт болон багийн Засаг дарга болох нэхэмжлэгч Н.Баярмаа нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Хуралдааны тов зарлах тухай 36 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хоёр: Улиастай сумын Товцог багийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гаргасан 01, 02, 03 дугаар тогтоолуудыг[4] хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, тус хуралдаанаас Тооллогын комисс томилох тухай 01, багийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг чөлөөлж, сонгох тухай 02, багийн Засаг даргыг сонгох тухай 03 дугаар тогтоолуудыг батлан гаргасан байх боловч тус хуралдаан нь дараах үндэслэлүүдээр хууль зөрчиж явагдсан байна.

Анх Товцог багийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн анхдугаар хуралдааны 1, 2, 3 дугаар тогтоолоор[5] нэхэмжлэгч П.Гаравмаа, Ц.Алтангэрэл, Ш.Чулуунбаатар, Д.Зоригт нар Тэргүүлэгчдээр, нэхэмжлэгч Н.Баярмаа багийн Засаг даргаар тус тус сонгогдон, улмаар Улиастай сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/194 дүгээр захирамжаар Н.Баярмаа нь тус багийн Засаг даргаар томилогдсон байх ба тэдний хуульд заасан бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д анхдугаар хуралдаанаар Тэргүүлэгчдийг 4 жилийн хугацаагаар сонгохоор, 26 дугаар зүйлийн 26.3-д багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилохоор тус тус заажээ.

Дээрх заалтын дагуу хугацааг тоолж үзэхэд нэхэмжлэгч П.Гаравмаа, Ц.Алтангэрэл, Ш.Чулуунбаатар, Д.Зоригт нарын тухайд Хурлын Тэргүүлэгчийн, нэхэмжлэгч Н.Баярмаагийн тухайд Засаг даргын бүрэн эрхийн хугацаа нь 2017 оны 9 дүгээр сард тус тус дуусгавар болохоор байна.

Товцог багийн Хурлын Тэргүүлэгчид болон Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусаагүй байхад Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг, сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нараас тус Товцог багийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зарлан хуралдуулж, багийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэхийг зохион байгуулсан нь нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд доорх хуулийн зохицуулалтанд нийцэхгүй байна.

Учир нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох Хурлын Хуралдааны талаар хууль тогтоогчоос Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд нэгтгэн зааснаас өөрөөр тусгайлан зохицуулаагүй байна.

Иймд дээрх зохицуулалт нь бүх шатны Хурлын хуралдааны үйл ажиллагаанд хамааралтай тул уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар багийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах эрхийг зөвхөн тухайн Хурлын Тэргүүлэгчид эдлэхээр байна.

Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мэндбилэг нь Товцог багийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагаар зарлан хуралдуулж, багийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан нь түүний 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар албан бичиг[6] болон дараах гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрч Н.Мөнхбаатар[7] ...Хурал 12 сарын 18-ны өдөр болсон. Энэ өдрийн өмнөх 5 дахь өдрийн орой, 17 цаг өнгөрч байхад манай багийн түшмэл Банзрагчийг Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхбаатар дуудаад сумын Хурлын даргын гарын үсэгтэй албан бичгийг өгсөн байсан. Уг албан бичигт багийн Хурлыг 2016 оны 12 сарын 18-ны өдрийн дотор хуралдуулах тухай дурдсан байсан. Хуралдааны зохион байгуулалт, техник хэрэгслийг бэлтгэхийг багийн түшмэлд даалгасан байсан...Хуралдааны зарыг иргэдэд хүргэх зарлал наа, хурлын бэлтгэл ханга гэсэн үүрэг өглөө гэж түшмэл Банзрагч ярьж байсан... гэж, гэрч Ш.Банзрагч[8] ...12 дугаар сарын 16-ны өдрийн орой 17 цаг өнгөрч байхад Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын дарга дуудаад Хурлын тэргүүлэгч нарт гэсэн албан бичиг өгсөн. Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 12 сарын 18-ны өдрийн 09 цагт хуралдуулах тухай албан бичиг байсан. Уг хуралдааны зарыг тарааж, техник зохион байгуулалтыг сайн хангахыг надад даалгасан. Багийн Хурлын дарга, Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцүүлнэ гэж байсан...Хэл сайн хүрсэн бололтой хүмүүс сайн цугларсан...Улиастай сумаас Хурлын дарга Мэндбилэг, Засаг дарга Эрдэнэбаатар, орлогч дарга Ядамжав, Тамгын газрын дарга Мөнхбаатар нар ирсэн, хуралдааныг сумын Засаг дарга Эрдэнэбаатар нээсэн...Ирсэн хүмүүс Улиастай суманд хийсэн болон хойшид хийх ажлынхаа талаар танилцуулаад багийн Засаг дарга, Хурлын даргыг сонгох шаардлагатай гэж хэлж байсан... гэж, гэрч Т.Мөнхбаатарын[9] ...Би Өлзийт, Товцог багуудын Хурлыг хуралдуулах талаар сонссон байсан. Миний ажлын чиг үүрэгт багуудын ажлын албаны ажлыг чиглүүлэх, зохион байгуулалт, арга зүйгээр хангах үүрэг байдаг. Энэ үүргийнхээ дагуу багийн Хурлын хуралдааныг зохион байгуулалттай байлгах үүднээс дээрх 56 дугаар албан бичгийг Улиастай сумын Хурлаас авч Товцог, Өлзийт багийн түшмэдийг дуудан ирүүлж, уг албан бичгийг танилцуулж, иргэдэд зар хүргэх, техник хэрэгслийг хангаж ажиллахыг анхааруулсан...Бид ажлаа танилцуулахаар багуудын Хурал хуралдахыг хүлээгээд байсан. Багууд хуралдахгүй байсан учраас иргэдтэй уулзалт зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж сумын Засаг дарга бид 2 санал солилцож байсан. Хамгийн гол нь багийн Хурал үүргийнхээ дагуу ажиллахгүй байсан. Энэ хүмүүс үүргийнхээ дагуу багийн Хурлыг хуралдуулах ёстой байсан. Гэхдээ бид ямар ч байсан иргэдийн уулзалт зохион байгуулъя гэж шийдвэрлэсэн, түүнээс багийн Хурлын ажилд оролцсон зүйлгүй... гэж, мөн гэрч Д.Норовсамбуу, Л.Цогтбаатар нар Товцог багийн Хурал 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, Хурлын дарга, тэргүүлэгч, Засаг дарга нарыг шинээр сонгосон талаар тус тус мэдүүлжээ.

Хэдийгээр хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нар нь Товцог багийн Хурлын дээрх өдрийн хуралдааныг зохион байгуулаагүй, зөвхөн иргэдийн уулзалт зохион байгуулж ажлаа танилцуулсан гэх боловч Улиастай сумын Хурлын дарга /Б.Мэндбилэг/-ын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар албан бичигт Товцог багийн Хурлыг зарлан хуралдуулах талаар тодорхой зааж, цаг хугацааг товлосон бөгөөд уг албан бичгийн хэрэгжилтийг хариуцагч Улиастай сумын Засаг даргын ажлын албанаас хангаж, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн уг хуралдаанаар тус багийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэх талаар иргэдэд зар хүргүүлж, сумын Засаг дарга хуралдааныг нээж эхлүүлсэн дээрх үйлдлүүдээр зохион байгуулалттайгаар зарлан хуралдуулсан нь тодорхой байна.

Товцог багийн Хурлын Тэргүүлэгчид зохих ёсоор ажиллаагүй, Хурлыг зарлан хуралдуулахгүй байсан хэмээн хариуцагч нар тайлбарлаж байгаа боловч тус багийн Хурлын ажлыг чиглүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх талаар тодорхой арга хэмжээ урьд нь аваагүй мөртлөө зөвхөн цаг хугацааны хувьд хэрэгжүүлэх боломжгүй Улиастай сумын Хурлын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар албан бичгийг хүргүүлснээр тус багийн Хурлыг зохион байгуулалтаар хангаж, Тэргүүлэгчдийг ажлыг чиглүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нар нь багийн Хурлыг мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэй байх ба энэ үүргийнхээ хүрээнд өмнөх Хурлын Тэргүүлэгчидтэй уулзах, харилцан тохиролцох, хуралдааныг зарлан хуралдуулах талаар цаг хугацааны хувьд боломжтой нөхцөл байдлыг санал болгох зэргээр тус багийн Хурлын хуралдааныг зохион байгуулах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох ёстой байтал уг үүргээ буруу хэрэгжүүлж, багийн Хурлын Тэргүүлэгчдийн эрхэнд халдсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д тухайн хуралдааныг 15-аас доошгүй хугацааны өмнө зарлан хуралдуулахаар заасан байгаа тул Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар албан бичигт заасан хугацаагаар буюу уг албан бичгийг хүлээж авсан өдрөөс хойш 2 хоногийн дараа болох 12 сарын 18-ны өдрөөр Товцог багийн Хурлын хуралдааныг товлон зарлаж, хуралдуулах боломжгүй, хуульд нийцэхгүй байсан гэх хариуцагч нарын тайлбар үндэстэй байна.

Дээрх 56 дугаар албан бичгийн хариуг тэр өдөрт нь буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор[10] Товцог багийн Хурлын Тэргүүлэгчдээс хүргүүлсэн хэмээн нэхэмжлэгч нар тайлбарлаж байгаа ба уг тогтоолыг хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн эсэхийг хэрэгт заавал тогтоох шаардлагагүй байна.

Учир нь 56 дугаар албан бичгийг хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүйгээс үл хамааран хариуцагч нараас Товцог багийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулсан нь хуульд нийцэхгүй байгаа талаар бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Иймд Товцог багийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд багийн иргэд олноороо хүрэлцэн ирж, ирц хангалттай байсан, иргэд тус багийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг дарга нарыг сонгож батлах талаар асуудлыг хэлэлцэхийг бүгд дэмжсэн, санал нэгтэй байсан гэх үндэслэлээр тус Товцог багийн Хурлын хуралдааныг хууль бусаар зарлан хуралдуулж, холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг зөвтгөх, хүлээж авах үндэслэлгүй бөгөөд энэ нөхцөл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Товцог багийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Гаравмаа, Ц.Алтангэрэл, Я.Зоригт, Ш.Чулуунбаатар нарын тухайд Товцог багийн Засаг даргын албан тушаалтай холбогдуулан маргаагүй, иргэдээс сонгогдсоны дагуу чиг үүргийг нь хэрэгжүүлж буй багийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд нь хамааралгүй байгаа тул Товцог багийн иргэдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Товцог багийн Засаг даргыг чөлөөлж, томилох тухай 03 дугаар тогтоол нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Харин дээрх хуралдааны Тооллогын комисс томилох тухай 01 дүгээр тогтоол нь багийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох асуудалтай шууд хамааралтай байх тул уг тогтоолыг хүчингүй болгуулах тэдний шаардлагыг үндэстэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч Н.Баярмаагийн тухайд Товцог багийн Засаг даргыг чөлөөлж, томилох тухай 03 дугаар тогтоолоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

Товцог багийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гарсан 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч Н.Баярмаа хэтрүүлсэн эсэх тухайд:

Хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Н.Баярмаагийн тухайд дээрх шаардлагыг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол, 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заажээ.

Уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Н.Баярмаа Товцог багийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны талаар уг хуралдаан явагдсан өдөр мэдсэн байгаа тул уг өдрөөс хойших 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар байсан хэмээн хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

Н.Баярмаагийн нэхэмжлэлийг хүлээж авсан тэмдэглэлээс[11] харахад тэрээр нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлийг гаргахын өмнө Товцог багийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр явагдсан хуралдаан хууль болсон гэх үндэслэлээр уг хуралдаанаас гарсан тогтоолын дагуу багийн Засаг даргаас чөлөөлж, П.Даваадэмбэрэлийг томилох асуудлаар гарсан сумын Засаг даргын захирамжийн талаар аймгийн Засаг даргад гомдол гарган урьдчилан шийдвэрлүүлсэн нь хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/139 дүгээр албан бичгээр[12] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хянуулахаар түүнийг гаргасан дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах тухай Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх заалтын дагуу зөвхөн багийн Засаг даргыг томилох асуудлаар гарсан сумын Засаг даргын захирамжийн талаар аймгийн Засаг даргад гомдол гаргахаар байсан, харин багийн Хурлын шийдвэр, үйл ажиллагааны талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Н.Баярмаа шууд шүүхэд гаргахаар байсан гэх хариуцагчийн тайлбарыг дараах үндэслэлээр хүлээж авах боломжгүй байна.

Багийн Засаг даргын томилогдох үйл явц нь нэг нь нөгөөгөөсөө хамаарал бүхий 2 шатлалаар явагдахаар хуульчилагдсан тул Н.Баярмаагийн тухайд хууль бусаар хуралдсан гэх анхдугаар хуралдааны тогтоолыг үндэслэсэн сумын Засаг даргын захирамжийн талаар буюу нэг нь нөгөөгөөсөө хамааралтай хоорондоо хамаарал бүхий асуудлаар нэхэмжлэгч гомдлоо урьдчилан шийдвэрлүүлсэн нөхцлийг анхаарч, түүний шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолоход харгалзан үзэх нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг гардуулсан бол ... гэх нөхцөл Н.Баярмаагийн хувьд хангагдаагүй учраас маргаан бүхий тогтоолын талаар өөрөө олж мэдэж, түүний талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацаа-г баримтлавал түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд Завхан аймгийн Засаг даргаас гомдлыг урьдчилан шийдвэрлэж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/139 дүгээр албан бичгээр хариу өгснөөс хойш Товцог багийн Хурлын хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгч Н.Баярмаагаас гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамж хуваарилах талаар:

Улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төсвийн орлогын дансанд зөвхөн нэхэмжлэгч П.Гаравмаагийн нэрээр төлөгдсөн[13] байна.

Харин энэ хэрэгт нэгтгэгдсэн хэргийн тухайд нэхэмжлэгч Н.Баярмаагаас улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгоно. гэж заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн дээрх 70 200 төгрөгийг төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон сумын Засаг дарга нараас хувь тэнцүүлэн гаргаж, нэхэмжлэгч П.Гаравмаад олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баярмаа, П.Гаравмаанарын нэхэмжлэлийн шаардлагуудаас Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улиастай сумын Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр явагдсан хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Б.Мэндбилэг/-аас 35 100 төгрөгийг, тус сумын Засаг дарга /Б.Эрдэнэбаатар/-аас 35 100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Гаравмаад олгож, энэ хэрэгт тусгаарлан нэгтгэгдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан нэхэмжлэгч Н.Баярмаагаас улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ

 


[1] Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 189 дүгээр хуудсанд

[3] Хавтаст хэргийн 186-187 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудсанд

[5] Хавтаст хэргийн 111-112 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд

[7] Хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудсанд

[8] Хавтаст хэргийн 85-86 дугаар хуудсанд

[9] Хавтаст хэргийн 91-92 дугаар хуудсанд

[10] Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд

[11] Хавтаст хэргийн 123 дугаар хуудсанд

[12] Хавтаст хэргийн 132 дугаар хуудсанд

[13] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд