Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 109/2018/0010/З |
Дугаар | 221/МА2019/0415 |
Огноо | 2019-08-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2019/0415
“Ө-А” ХХК-ийн гомдолтой
зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ө-А” ХХК-ийн гомдолтой, Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-т заасныг баримтлан гомдол гаргагч “Ө-А” ХХК-иас Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б-д холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б-ийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулан тухай” №01042018001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч “Ө-А” ХХК-ийн төлөөлөгч Л.Ч давж заалдах гомдолдоо: “...Манай байгууллага нь “И” ХХК-ийн даймонд программыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа ба 2016 оны 5-р сарын сүүлээс Монгол Улсын стандартад нийцсэн RP-325-L пос машин, хор, 80мм-н тасалбарын цаасыг ашиглан төлбөрийн баримт одоог хүртэл олгож байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 01 сарын 24-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан кассын машин ашиглах журам, 2016 онд хүчингүй болсон бөгөөд кассын машин гэж ямар эд зүйлсээс бүрдсэн иж бүрдэл байх ёстойг журамлаагүй. Үйлчлүүлэгчдийн шаарддаг и-баримт буюу НӨАТ-н 2%-н урамшуулалт, тусгай дугаарлалт бүхий тохирлын сугалаанд хамрагдах төлбөрийн баримтыг хэвлэж өгөхийн тулд
- Борлуулалтын кассын программ хангамж
- Баримт хэвлэх принтер, интернэт холболт байх ёстой. Манай байгууллага эдгээр шаардлагыг хангасан тоног төхөөрөмжтэй болох нь татварын байгууллагын зөрчлийн хэрэг нээж бүрдүүлсэн баримтаар тогтоогдож байгаа. Татварын байгууллага өөрсдөө ирж үзлэг хийж, гэрэл зургаар баталгаажуулж авснаа захиргааны хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Гэтэл эдгээр шаардлагыг хангасан и-баримт хэвлэж өгдөг компьютер, пос машин, программ хангамжтай байхад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр хуулийн 6.5 дахь заалтаар Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал хэрэглэх үүргээ биелүүлээгүй гэж торгосон нь үндэслэлгүй байна. Худалдан авагчид и-баримтыг хэвлэж өгөхөд зарим үед интернэт холболт тасарсан хэвлэх боломжгүй үед худалдан авагчдын хүсэлтээр и-баримтыг утас болон и-мэйл хаягаар хүргүүлж байсан. “Ө-А” компанийн дэлгүүрээр гомдол гаргасан 2 хүнээс гадна өөр олон хүмүүс үйлчлүүлдэг. Тэдгээр хүмүүс нь и-баримт илгээгдээгүй аваагүй гэж гомдол гаргаж байгаагүй. Тухайн гомдол гаргасан н.Энхтуяагийн и-баримтыг тухайн сард хэвлээд өөрийнх нь өгсөн /хүүхдийнх нь гэх/ и-мэйл хаяг руу явуулсан баримтаа сайтаас нь орж хэвлээд хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн ба гомдол гаргагч н.Ч-гийн баримтыг хэвлэж өгөөгүй касс н.Т-д хариуцлагын арга хэмжээ авсан болно. И-баримт хэвлэж хэрэглэгчдэд өгөөгүй кассчины буруутай үйлдэл нь Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос, терминал хэрэглэх үүргээ биелүүлээгүй гэж хуулийн этгээдийг торгох үндэслэл болохгүйг анхаарч үзнэ үү. Хуулийн энэ заалт нь борлуулалтын кассын программ хангамжгүй, баримт хэвлэх принтергүй, интернэт холболтгүй, и-баримт огт хэвлэдэггүй хуулийн этгээд, худалдаа эрхлэгчдэд хамааралтай заалт билээ. Ийм учраас Архангай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01042018001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07-р сарын 02-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01042018001 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ө-А” ХХК нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминалын машин хэрэглэж худалдан авагчид төлбөрийн баримтыг олгоогүй зөрчил гаргасныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу 1 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “Ө-А” ХХК-иас “...манай дэлгүүр Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминалын машиныг үйлчилгээндээ хэрэглэдэг, зарим тохиолдолд интернэт саатсан үед хэрэглэгчдийн и-мэйл хаягаар төлбөрийн баримтыг явуулдаг” гэж маргажээ.
Хариуцагч татварын улсын байцаагч нь гомдол гаргагчийг “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминалын машингүй” гэж үзээгүй, гагцхүү, зохих ёсоор хэрэглээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан байна.
Хэрэгт цугларсан баримтууд болон гомдол гаргагчийн тайлбараас үзэхэд, “Ө-А” ХХК-ийн “Х-О” хүнсний дэлгүүр нь С.Э, Н.Ч нарт бараа борлуулсан тухай төлбөрийн баримтыг хэвлэж өгөөгүй байх төдийгүй тухайн дэлгүүрээс худалдан авалт хийсэн иргэдэд төлбөрийн баримтыг тухай бүр олгохгүйгээр “төлбөрийн баримтын дугаарыг нь нөхөж явуулах зорилгоор тусгайлсан дэвтэр дээр цахим хаягийг нь тэмдэглэн авдаг” болох нь тогтоогдсон, гомдол гаргагчаас уг үйл баримтад холбогдуулан маргахгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.8-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл, “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” гэдэг нь албан татвар суутган төлөгчийг зөвхөн кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машинтай байхыг ойлгохгүй бөгөөд уг төхөөрөмжийг “Нэгдсэн ба хэрэглэгчийн систем”-д нийцүүлэн хэрэглэж, бараа борлуулсан тухай бүртээ татвар төлөгчид төлбөрийн баримтыг хэвлэж өгөхийг үүрэг болгосон зохицуулалт юм.
Гэтэл “Х-О” хүнсний дэлгүүр нь С.Э, Н.Ч нарт борлуулсан бараанд төлбөрийн баримт хэвлэж өгөх үүргээ биелүүлээгүй нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй, зөрчлийн хэрэг үүссэн хойно төлбөрийн баримтыг нөхөн хэвлэж өгснөөр түүнийг тус үүргээ биелүүлсэнд тооцохгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүрэг нь татвар төлөгч аж ахуйн нэгжийн үүрэг учраас татварын улсын байцаагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжид шийтгэл оногдуулахаас биш тухайн аж ахуйн нэгжийн ажилтанд холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэхгүй тул гомдол гаргагчийн “...И-баримт хэвлэж хэрэглэгчдэд өгөөгүй кассчины буруутай үйлдэл нь Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос, терминал хэрэглэх үүргээ биелүүлээгүй гэж хуулийн этгээдийг торгох үндэслэл болохгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ө-А” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН