Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00857

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 24 210/МА2024/00857

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00555 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Н-т холбогдох,

Гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Н.О- нь О.Н-тэй 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сургалтын гэрээ байгуулан маникюр артист чиглэлээр 14 хоногийн 500,000 төгрөгийн үнэтэй 2 жил ажиллах гэрээ байгуулан үнэгүй сургаж авсан. Гэвч О.Н- нь 06 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажиллаж үүнээс хойш ажилдаа ирээгүй. Гэрээний үүрэгт 2 жил ажиллаагүй тохиолдолд сургалтын төлбөр болох 500,000 төгрөг өгнө гэж заасан. Хариуцагч О.Н-т мэдэгдсэн одоог хүртэл хариу өгөөгүй тул сургалтын төлбөр болох 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие тус салон 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 14 хоног дагалдангаар ажиллаж, 06 дугаар сарын 28-ны өдөр эхлэн үндсэн ажилчнаар ажиллах болсон. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр чамтай гэрээ хийнэ гээд өмнө нь огт уншиж танилцуулахгүйгээр ажил тарж байхад дуудаж 4 гэрээнд гарын үсэг зуруулсан. Уншиж танилцах боломж байгаагүй. 1 хувь гэрээг өгнө гээд удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. Удирдлагын ёс зүйгүй байдлаас үүдэн цаашид ажиллах боломжгүй гэж үзээд 08 дугаар сарын 27-ны өдөр ажлаас гарах шийдвэр гаргаж 1 хувь гэрээгээ авъя гэхэд өгөөгүй.

Захирал Н.О- зөвхөн надтай биш бүх ажилчидтай ёс зүйгүй дорд үзэж, хэл амаар доромжилж харьцдаг учир удирдлагын буруутай үйлдлээс болж ажлаасаа гарах шийдвэрийг гаргасан.

H.О захирал нь надтай хийсэн гэрээгээ өгөхгүй байсан учир түүний хэл амнаас айгаад арга буюу ээжийгээ дагуулан, гэрээ хийж юун мөнгө нэхээд байгааг мэдэхгүй байсан учир гэрээнүүдийг авахаар очсон. Гэтэл захирал Н.О-, түүний эгч Н.Н-ийн хамт цагдаа дууд, шүүхэд өгнө гэсэн.

Гэрээтэй танилцаад үзэхэд ямар ч сургалт явуулаагүй байж сургалт явуулсан мэтээр гэрээ хийж гарын үсэг зуруулсан учир сургалтын төлбөр төлөх үндэслэлгүй, харин дагалдангаар 14 хоног бол ажилласан. Үндэслэлгүйгээр албадлагаар хууль зөрчин, хүнийг барьцаалах үүднээс хийсэн гэрээ байна гэж үзсэн учраас 500,000 төгрөгийг төлөөгүй.

Ажилд орсон, гарсан байгууллагын даргын тушаал шийдвэр байхгүй. Мэргэжилгүй хүнийг сургаж ажиллуулдаг болохоос мэргэжилтэй хүнийг сургаж авдаггүй, дадлагажуулж ажиллуулдаг. Байгууллагын дотоод журам гэж байхгүй. Сургалтын гэрээний 1.1-д Монгол улсын хууль, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг баримтална гэжээ. Хөдөлмөрийн гэрээнд сургалтын гэрээ байгуулах тухай 1 ч заалт байхгүй. Сургалт явуулдаг танхим ч байхгүй. Сургалтын гэрээний агуулга удирдлагын буруутай үйлдэл огт байхгүй зөвхөн ажилтан сайн дураар ажлаас гарвал... гээд нэг талыг барьж хууль зөрчиж гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ төөрөгдүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байна. Н.О-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч О.Н-т холбогдуулан гаргасан 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Сургалтын гэрээний 2.2.5-д Суралцагч нь сургалтад хамрагдсанаас хойш 2 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах ба 2 жилийн хугацаа дуусахаас өмнө өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувь С-нд төлөх үүргийг хүлээсэн. Нөгөө талаас сургалтын гэрээний 2.5-д Суралцагч О.Н- нь сургалтад хамрагдсанаас хойш 2 жилийн дотор өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд суралцагчаас сургалтыг төлбөрийн 100 хувь нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу сургалтын төлбөрөө нэхэмжилсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх огт дүгнээгүй. Мөн хариуцагчийн нэхэмжлэгч байгууллагын захиралд шалгуулснаас бус сургалт ороогүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь 2023 оны 06 сарын 12-ны өдөр сургалт эхэлж, 14 хоногийн хугацаанд хариуцагч О.Н-т маникюр хийхэд хэрэглэх зүйлсийн тайлбар, хумсны уусгалттай будаг, тархаалт, педикюр, спа, смарт уусгалт, педикюр будалт, смарт будалт, энгийн будалт, маникюр смарт, смарт хумс, 6 модель дээр практик сургалт, хумс будалт хийж, дээрх сэдвүүдээр хичээл зааж, практикт, онол хослуулан хангалттай олон зүйлийг сургаж, сургалтын хугацаанд сургалтын багшийн хөлс, материалын зардлыг гэрээний дагуу манай байгууллага хариуцан гаргасан.

О.Н- анх манай байгууллагад ирээд надтай уулзахдаа ур чадвар хангалттай эзэмшээгүй, учраас сургалтад сууя гэсэн санал гаргаж манай байгууллагатай сургалтын гэрээ байгуулж, гэрээний болзол нөхцөлөө маш сайн ойлгож, гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагчийн тайлбарлаад байгаа үйлчлүүлэгч гээд байгаа хүмүүс нь бүгд модель буюу хариуцагчийг практикт суралцуулах зорилгоор үнэ төлбөргүй будуулж байсан хүмүүс бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 12-ноос 26-ны өдөр сургалт явуулж байсан учраас үйлчлүүлэгчид гээд байгаа моделиудаас хариуцагчийн данс руу ямар ч төлбөр мөнгө ороогүй. Харин 14 хоногийн сургалтад суугаад хангалттай чадвар эзэмшсэн гэж үзээд манай байгууллага О.Н-ийг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь өөрөө тухайн чиглэлээр 3, 4 жилийн хугацаанд суралцаж төгссөн байсан, мөн ахисан түвшингийн 24 хоногийн сургалтад сууж төгссөн хүнийг сургаж авна гэдэг нь үндэслэлгүй. Хариуцагч өөрийн сургалтын материалуудыг үзүүлэн сурч төгссөн сургалтуудын талаарх нотлох баримт сертификатаа үзүүлэхэд нэхэмжлэгч тал сургаж авах талаар яриагүй, мөн сургалт гэх 14 хоногийн хугацаанд нэхэмжлэгч байгууллагаас албан ёсны ямар нэгэн сургалт зохион байгуулаагүй нь хавтаст хэргийн 41 дэх талд авагдсан нотлох баримт буюу хариуцагчийн гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно. Тухайн баримтад хариуцагч 4 удаа л өөрийн гарын үсэг зурж 4 моделийн хумсыг будсан байхад түүнээс хойшхи өдрүүдэд өөр хүний гарын үсэг зурсан эсхүл хариуцагчийн гарын үсгийг дуурайлган зурсан. Иймд ямар нэгэн сургалт явуулсан зүйл байхгүй, нэхэмжлэгч компаниас гарсан зардал байхгүй, мөн нэхэмжлэгч нь өөрөө харилцааны доголдолтой, өсвөр насны хүүхдийг хэл амаар доромжлон шүүх, цагдаагийн байгууллагаар сүрдүүлэн айлгаж, дарамталж байсан. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч О.Н-т холбогдуулан гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэх журмыг зөрчиж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийн нотлох баримтыг үндэслэн анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэж, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Талууд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж, О.Н- нь С-н-д 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14 хоног дагалднаар ажиллаж байгаад мөн сарын 28-ны өдрөөс үндсэн ажилтнаар буюу маниюкрийн ажил үүрэг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

3.1. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Иймд талууд хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулах нь зүйтэй.

 

4. С ХХК нь О.Н-тэй Сургалтын гэрээ нэртэй гэрээ байгуулж, салон нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд 500,000 төгрөгийн үнэ бүхий, Маникюр сэдэвт сургалтыг заах, сургалттай холбогдон гарсан бүх зардлыг хариуцах, О.Н- нь сургалтад хамрагдсанаас хойш 2 жилийн дотор өөрийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувь нэхэмжлэх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх3-4/

 

4.1. Дээрх гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно гэж заасантай нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нь ... багшид сургалтын төлбөр төлсөн учир тодорхой хэмжээний зардал гарсан гэж тайлбарлах боловч энэ үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, мөн сургалтын зардалд 500,000 төгрөг зарцуулсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч С ХХК нь Үсчин, гоо сайхны түр сургалт үйл ажиллагаа-ны эрхийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны авсан болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 2023 онд сургалтын үйл ажиллагаа явуулах эрхгүй байжээ. /хх47/

 

6. Иймд нэхэмжлэгч нь 500,000 төгрөгийн сургалтын зардал гарсан, хариуцагчийн ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт болон хууль хэрэглээнд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00555 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 73 дугаар зүйлийн 73.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ