Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0050/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                  Я.Сансар,

Хохирогч                                                           Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөрсайхан,

Иргэний нэхэмжлэгч                                       Д.Энхчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч                                  Ч.Эрдэнэбат,

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                                Г.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч                                       Б.Баяртуяа,

Иргэний хариуцагчийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч                              Г.Энхжавхлан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Бадамгэрэл, Т.Ариунболд,

Шүүгдэгч                                                          Б. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох 1839003490182 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Залуус 17-р гудамжны 06 тоотод оршин суух хаягтай, Б. /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Дамбо” дэлгүүрийн орчимд Б.Нэрэн, Б.Цогтсайхан нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар авч явсан 4 литрийн маслоны савтай бензинээ хоёр ба түүнээс дээш хүнийг буюу Б.Нэрэн, Б.Цогтсайхан нар руу цацаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар Б.Цогтсайханы амь насыг хохироосон, Б.Нэрэнг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 11-13 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 22 тал/,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD дээрх бичлэг,

Хохирогч Б.Нэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид хэд дээр гартаа 4 литрийн савтай бензин барьсан хар өнгийн савхин куртиктэй залуу хагасаас доогуур “Түмний хишиг” нэртэй архитай ирсэн. ...намайг дэлгүүрээс хүнсээ аваад гарч ирэхэд нөгөө савтай бензин авч явж байсан залуу дэлгүүр рүү алхаад араас нь Цогтсайхан ирж явсан. Тэгээд би дэлгүүрийн гадаа тэр залууд хандан “хөгшөөн чи согтуу байж хамаагүй бензин барьж явж болохгүй, одоо харь гээд Дамбо дэлгүүрээс зүүн тийш авч яваад миний араас Цогтсайхан ирж байх шиг байсан. Тэгтэл тэр залуу уурлаад савтай бензинээ миний дээрээс асгаад Цогтсайхан араас гүйж ирэхэд бас тэр залуу Цогтсайхан руу бензин асгаад удалгүй гал гарч эхэлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна... галыг талийгаач Цогтсайхан, бид хоёр гаргаагүй, Б. л гаргасан. Талийгаач бид хоёр дээрээс бензин асгасныг мэдсээр байж юу гэж гал асааж байхавдээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-35 тал/,

Хохирогч Б.Өнөрсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг хөдөө гэртээ байхад 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Нэрэнгийн төрсөн дүү Ганзориг гэдэг залуу над руу утсаар яриад Өмнөдэлгэр суманд миний төрсөн ах Цогтсайханыг түлэгдчихлээ гэж хэлсэн. ...2018 оны 7 дугаар сарын 15-ны өглөө Улаанбаатар хотод очоод шууд гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасгийн сэхээн амьдруулахад хэвтэж байсан Цогтсайхан ах дээрээ очсон. Ах дээрээ ирэхэд манай ахын биеийн байдал маш хүнд байсан, надтай юм ярьж чадахгүй байсан. Миний дохио зангаа, үйлдэл, яриаг ойлгож байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан. Ийм тийшээ хараад юм ярихгүй байсан. ...Тэгээд хэвтэж эмчлүүлж байгаад 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр арьс нөхөх хагалгаанд орсон. ...Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өглөө биеийн байдал нь улам дордож сандаргаад үзүүлэхэд өрөөсөн бөөр нь ажиллагаагүй болсон байна, бөөрний дутагдалд орсон байна гээд улсын 3 дугаар эмнэлэгт хүргэгдэж аппаратанд орж цусаа шүүлгэсэн. Тэгээд ухаангүй байж байгаад 2018 оны 7 дугаар сарын 21-ний өглөө 6 цагийн үед амьсгал хураасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41 тал/,

Гэрч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад өдөр 14 цагийн үед шиг санаж байна, манай дэлгүүрийн урд талд хэдэн согтуу хүмүүс хоорондоо хэрэлдээд зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь би дэлгүүрийн гадаа гарч ирээд цагдаа дуудах гэж байсан чинь тэр дээлтэй Б.Нэрэн гэх хүн нь Б. гэх хүнтэй маргалдаад хүзүү амыг нь боогоод хэрүүл маргаан үүсгээд манай дэлгүүрийн зүүн талын хүрэн өнгийн модон байшингийн урд бас шатаж түлэгдсэн Б.Цогтсайхан гэдэг хүнтэй хамт очоод Б.тэй маргалдсан чинь Б. гэдэг хүн нь уурлаад барьж явсан цагаан өнгийн савтай зүйлээ нөгөө маргалдаад байсан Нэрэн, Цогтсайхан нарын дээрээс нь асгасан, удалгүй гэнэт л нөгөө хоёр хүнээс гал гарч шатаж түлэгдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 тал/,

Гэрч П.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хохирогч Б.Нэрэн нь миний хамгийн том хүү байгаа юм. ...би сумын төвийн “Дамбо” дэлгүүрийн ойролцоо явж байсан чинь манай хүү Б.Нэрэн нь хар өнгийн савхин куртиктэй хүнтэй маргалдаж байсан. Тэгээд би эргэж хараад удалгүй буцаад хүү рүүгээ харахад манай хүү болон хамаатан Цогтсайханы биеэс гал гарч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56 тал/,

Гэрч У.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр дэлгүүрийнхээ гаднах талбайн хогийг цэвэрлэж байхад нэг чирнээлэн ягаан өнгийн дээлтэй архи хэрэглэсэн залуу дэлгүүрийн урд үүдэнд шахуу хар өнгийн савхин куртка өмссөн, гартаа цагаан өнгийн 4 литрийн маслоны сав барьсан залуутай маргалдаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан чинь дээлтэй залуу нь эргэж очоод нөгөө залуутай маргалдаад араас нь бас нэг дээгүүрээ нүцгэн залуу ирээд дээлтэй нөхөртэй цуг хар савхин курткатай залуутай маргалдсан чинь нөгөө хар савхитай залуу уурлаад барьж явсан цагаан өнгийн савныхаа амсрыг нээгээд нөгөө ноцолдоод байсан 2 залуугийн дээрээс асгаж өгсөн. Тэгээд удалгүй юу болсныг сайн мэдэхгүй, намайг хараагүй байхад нөгөө 2 залуу гэнэт шатаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59 тал/,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №2018.340 дугаартай дүгнэлт /1хх-ийн 75 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9131 дугаартай дүгнэлт /1хх-ийн 87-88 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 96-99 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1625 дугаартай дүгнэлт /1хх-ийн 100-103 тал/,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөрсайханы хэрэгт хавсаргасан хохирлын талаар нотлох баримтууд,

Иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэгийн хэрэгт хавсаргасан хохирлын талаар нотлох баримтууд,

Хохирогч Б.Нэрэнгийн хэрэгт хавсаргасан хохирлын талаар нотлох баримтууд,

Иргэний хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд,

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тэгэхэд 4 хуруу хэртэй архи үлдсэн байсан, тэгээд доошоо алхаж явтал хашааны ард 3-4 хүн сууж байсан. Дуудахаар нь яваад очтол хохирогч Нэрэн, талийгаач Цогтсайхан нар байсан. Намайг яваад очтол хохирогч Нэрэн “чи хаанахын хүн бэ хараагүй хулгайч байна. Чи энэ Өмнөдэлгэрийнх биш биздээ...” гэхэд нь би мэдэхгүй ээ гээд авч явсан архиа өгсөн. Нөгөө улсууд нь шилээр нь уусан. Нэг нь би ийм архи уудаггүй гээд тэнд жаахан маргаад, нэг нь гэнэт чи архи ууж чадах уу аманд чинь архи цутгаж ална гээд талийгаач Цогтсайханаас 2 ширхэг 10.000 төгрөг аваад дэлгүүр явсан. Дэлгүүр явах хооронд нь би явах гэсэн чинь талийгаач Цогтсайхан намайг бариад авсан. Тэгэхээр нь би гарыг нь татаад явах гэсэн чинь барьцалдаж авахад дэлгүүрийн үйлчлэгч Хүрэлбаатар ах ирж салгасан. Би Хүрэлбаатар ахыг дагаад, бараадаад дэлгүүр рүү явж байсан чинь нэг нь урдаас гарч ирсэн. Намайг барьж аваад зууралдаад, багалзуурдаад түлхэхээр нь савтай бензинээрээ цохьсон. Тэгтэл савтай бензин Нэрэнгийн дээрээс асгарсан. Тэгээд боолттой явж байхад араас Цогтсайхан боогоод авсан тэгээд би ухаан балраад унасан. Тэгэхдээ яг юу болсныг сайн санахгүй байна... Би савтай бензиний таг онгойлгоогүй, эргэддэг таглаа биш, дардаг тагтай байсан. Савтай бензинээр Нэрэн, Цогтсайхан нарыг даллаж цохиход савтай бензиний таг нь онгойсон байх, би шүдэнз зурснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Нэрэнгийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 7 сарын 13-ны өдөр Цогтсайхан дүүгээ хот руу хүргэж өгөх гээд “Талын булаг” гэдэг газраас Өмнөдэлгэр суманд ирсэн. Тэр хугацаанд бид 2 гадуур гарч унаа тэрэг хайхад олдохгүй байсан. Тэгээд эргэж очиж Хэрлэн сумаас хот руу явахаар болоод дэлгүүр орчихоод буцах гээд дэлгүүрийн зүүн талд зогсож байтал, урд 4 залуу аймаг явна гэж ярьж байсан. Гүйгээд очиход танихгүй 4 хүн архи уугаад сууж байсан. Тэнд байж байтал Б. нэг хүнтэй ирсэн. Гялгар цаасаар амыг нь тагласан бензинтэй сав барьчихсан явсан. Тэгээд би эхнэрийн захисан юмыг авахаар дэлгүүр орсон. Гараад иртэл Б. бензинээ барьчихсан, Цогтсайхан араас нь хэдэн хүнтэй дэлгүүр орох гээд явж байсан. Би бензин тостой олон нийтийн газар ингэж явж болохгүй гэж хэлсэн. Тэгтэл чамд хамаагүй чи зайл гээд хүлээж авахгүй байсан. Би энгэрээс нь бариад, чи согтуу явж байна амар гэхэд дээрээс бензин хийсэн. Эргээд хартал гал гарсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Одоо би эмчилгээний зардал 10.387.000 төгрөг, гоо сайхны хагалгааны зардал  60.000.000 төгрөг, нийт 70.387.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөрсайханы шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 7 сарын 15-ны өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход талийгаач Цогтсайханы биеийн байдал маш хүнд байсан. Одоо би сэтгэл санааны хохирол 35.000.000 төгрөг, бодит учирсан хохирол 6.000.000 төгрөг, нийт 41.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэгийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 8 сарын 14-ний өглөө хадам аавын төрсөн ах нь над руу  залгаж хэлсэн. Хүнтэй ч ярих сөхөөгүй эмнэлэгт очсон. Би байнгын охиноо асардаг, ажил төрөл хийж чадахгүй. Бид нарыг тэжээдэг хүн байсан. Би маш их гомдолтой. Хохирол төлбөрийн хувьд 2 хүүхдийнхээ 18 насанд хүртэлх хохирол 15.500.000 төгрөг, замын зардал 420.000 төгрөг, мөн охиныхоо эмчилгээний зардал 30.000.000, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг гээд нийт 60.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэхүү хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хувааж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн шүүх хуралдаанд гаргасан: Хохирогч нар нь шүүгчдэгч болон шатахуун худалдсан шатахуун түгээх газраас хохирол төлбөрийг хуваан гаргуулъя гэж байна. Тухайн шатахуун түгээх станцаас нэхэмжлээд байна уу, эсвэл “Магнай трейд” ХХК-иас нэхэмжлээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Батширээт суманд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станц нь “Магнай трейд” ХХК-ийн өмчлөлийнх боловч У.Намдаг гэх хувь хүнтэй түрээсийн гэрээгээр 2015 оноос хойш түрээслүүлсэн. Уг гэрээний 5.5 дугаар зүйлд тухайн шатахуун түгээх станц нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа, галын аюулгүй байдлын дүрмийг чанд сахихаар гэрээнд заасан байдаг. Иймд тухайн шатахуун түгээх станцыг ажиллуулж буй хүн галын аюулгүй байдал, үйлчилгээний журам, зориулалтын саванд шатахуун олгох үүргийг хүлээж манай компанитай гэрээ байгуулсан. Уг дүрэм журмыг шатахуун түгээх станц нь баримталж ажиллах ёстой. “МТ петролиум” компаний нэр логог ашиглаж, тэндээс бөөнөөр шатахуун худалдаж авах гэрээ шүүхэд гаргаж өгсөн байгаа. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд бол “Магнай трейд” компани биш юм” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Б. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Дамбо” дэлгүүрийн орчимд Б.Нэрэн, Б.Цогтсайхан нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар авч явсан 4 литрийн маслоны савтай бензинээ хоёр ба түүнээс дээш хүнийг буюу Б.Нэрэн, Б.Цогтсайхан нар руу цацаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар Б.Цогтсайханы амь насыг хохироосон, Б.Нэрэнг алахыг завдсан болох нь хохирогч Б.Нэрэнгийн мэдүүлэг, гэрч Ц.Оюунцэцэг, гэрч У.Хүрэлбаатар, гэрч Ю.Наранцацрал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар хураагдсан DVD дээрх дүрс бичлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан арга замаар цуглуулж бэхжүүлсэн хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Бат-эрдэнийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Б.д  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б. мэдүүлэхдээ болон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, Г.Бадамгэрэл нар нь өмгөөлөл явуулахдаа Б. нь Б.Нэрэн, Б.Цогтсайхан нарын боолтонд орсны улмаас өөрийн үйлдлийг хянах чадваргүй болж, аргагүй хамгаалалт хийсэн гэж байгаа боловч энэ нь гэрч  Ц.Оюунцэцэгийн “....Нэрэн нь Цогтсайхан гэдэг хүнтэй хамт очоод Б.тэй маргалдсан чинь Б. гэдэг хүн нь уурлаад барьж явсан цагаан өнгийн савтай зүйлээ нөгөө маргалдаад байсан Нэрэн, Цогтсайхан нарын дээрээс нь асгасан, удалгүй гэнэт л нөгөө хоёр хүнээс гал гарч шатаж түлэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч У.Хүрэлбаатарын “...дээлтэй залуу нь эргэж очоод нөгөө залуутай маргалдаад араас нь бас нэг дээгүүрээ нүцгэн залуу ирээд дээлтэй нөхөртэй цуг хар савхин курткатай залуутай маргалдсан чинь нөгөө хар савхитай залуу уурлаад барьж явсан цагаан өнгийн савныхаа амсрыг нээгээд нөгөө ноцолдоод байсан 2 залуугийн дээрээс асгаж өгсөн. Тэгээд удалгүй юу болсныг сайн мэдэхгүй, намайг хараагүй байхад нөгөө 2 залуу гэнэт шатаад эхэлсэн...” гэх мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий DVD дээрх дүрс бичлэг зэргээр няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл Г.Бат-Эрдэнийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хохирогч нараас ямар довтолгоо ирсэн нь тодорхойгүй, амь нас, эрүүл мэндийх нь эсрэг заналхийлсэн, айлган сүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Б. нь намайг хохирогч нар боосон, боолтонд ороод ухаан манарсан, савтай бензин цацаагүй, өөрийгөө хамгаалж цохиход асгарсан гэж байгаа боловч эд мөрийн баримтаар хураагдсан DVD дээрх камерын бичлэгийг шинжлэн судлахад Б. нь хохирогч нарын дээрээс савтай бензинийг санаатай асгасан нөхцөл байдал харагдаж байх тул үүнийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй бөгөөд Б. нь өөрийн ухамсарт үйлдлийн улмаас хууль бус шинжтэй үйлдлийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын хувьд шүүгдэгч Б. нь хохирогч Б.Нэрэн, Б.Цогтсайхан нарыг өөрийг нь хоргоогоод явуулахгүй байсан, тэндээс зугтах боломжгүй байсан гэж мэдүүлж байгаа боловч тийм нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг зэргээр тогтоогдохгүй байх бөгөөд хэрэв тийм нөхцөл байдал байсан гэж байгаа бол хохирогч нарыг өөрөөсөө түлхэх, цохих зэргээр өөр байдлаар эсэргүүцэх, зугтах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч би бензин асгаагүй, хохирогч нартай зууралдаж байгаад тэднийг цохих явцад бензин асгарсан, шүдэнз зурсан эсэхээ санахгүй байна гэх зэргээр мэдүүлдэг боловч хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр Б.эс “ФЭСКО” нэртэй шүдэнз хураагдсан; мөн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болсон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн “...хашааны буланд очоод намайг боосон. Би хүн танихгүй газар намайг алах нь гэж бодоод бензин асгасан. Нэг нь урдаас боогоод, нөгөөдөх нь араас боогоод унагаахаар нь айсандаа шүдэнз зурсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 4 тал/;

шүүгч С.Насанбуянгийн асуусан “...Та шатаана гэсэн зорилгогүй байсан гэж байна. Яагаад шүдэнз зурсан юм бэ” гэх асуултанд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн “Би боолтонд орсон байсан болохоор ухаан балартсан байсан. Эдгээр хүмүүсийг айлгах зорилготой байсан болохоор асна гэж бодоогүй” гэх хариулт /2хх-ийн 7 тал/;

шүүгч Р.Батбаярын асуусан “Та юугаар асаасан юм бэ” гэх асуултанд “миний халаасанд шүдэнз байсан” гэх хариулт /2хх-ийн 7 тал/;

даргалагч шүүгчийн асуусан “та бензин дээр шүдэнз зурвал гал гарна гэдгийг мэдэж байсан уу” гэх асуултанд “мэдэж байсан”, “яагаад шүдэнз зурсан юм бэ” гэж асуухад “би их айсан байсан” гэх хариулт /2хх-ийн 7 тал/;

мөн өмгөөлөгч нарын асуултанд хариулахдаа “...би бензин асгаж байхдаа тэдгээр хүмүүс шатна гэж айгаад надаас холдоно гэж бодсон, Нэрэнг намайг боож байхад ноцолдож байгаад дээрээс нь бензин асгасан. Цогтсайхан намайг араас боогоод унагахад нь унахдаа дээрээс нь асгасан байх...” гэх мэдүүлэг /2хх-ийн 5 тал/;

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын асуусан “...Тухайн үед амь нас хохирох юм байна гэсэн бодол төрсөн үү” гэж асуухад “тийм”, “Танд тийм бодол төрсөн болохоор шүдэнз зурсан уу” гэж асуухад “тийм” гэж тус тус хариулсан хариулт /2хх-ийн 6 тал/ зэрэг мэдүүлгүүдээр дээрх байдал тус тус няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хоёр ба түүнээс олон хүнийг, онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар 1 хүний амь насыг хохироосон, 1 хүнийг алахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.д хохирогч Нэрэнг алахаар завдсан үйлдэлд нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2,2, 2.6 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн Цогтсайханы амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2,2, 2.6 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгээд нийт 12 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь Б.Нэрэнг алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээг заагаагүй тул 06 сарын хорих ял, Б.Цогтсайханыг алсан үйлдэлд 12 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгээд нийт 12 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэжээ.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэх тухай заалт юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг төрлийн гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хохирогчийн өмгөөлөгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч “Магнай Трейд” ХХК нь хувааж төлж барагдуулах ёстой,  Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд заасан шаардлагыг иргэний хариуцагч бүрэн хангаж байгаа, тус компани нь эрхгүй этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан, түрээслүүлэгч хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын журмыг хангах үүргээ биелүүлээгүй, түрээслэгчдээ хяналт тавьж ажиллаагүй тул тус компани хохирлыг хариуцан арилгах ёстой гэсэн өмгөөллийг явуулжээ.

Иргэний хариуцагч “Магнай Трейд” ХХК нь иргэн У.Намдагтай шатахуун түгээх станцыг түрээслэх гэрээ байгуулсан байх бөгөөд зориулалтын бус саванд шатах, тослох материал буюу бензин өгсөн гэх шатахуун түгээх станцын ажилтан Л.Энхцэцэгийг түрээслэгч У.Намдаг нь ажиллуулж байсан, Л.Энхцэцэг болон иргэний хариуцагч “Магнай Трейд” ХХК-ийн хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Магнай Трейд” ХХК хууль ёсоор хариуцвал зохих этгээд биш гэж дүгнэв.

Хохирогч Б.Нэрэн болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эмчилгээний зардал 10.387.000 төгрөг, гоо сайхны хагалгааны зардал  60.000.000 төгрөг, нийт 70.387.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хохирогч Б.Нэрэнгийн нэхэмжилсэн хохирлын хувьд хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардал, унааны зардал зэрэг бодит зардлууд буюу 2-р хавтаст хэргийн 28-36 дугаар талд авагдсан эмчилгээний зардлын баримтаар тогтоогдсон 3.340.990 төгрөг, шүүх хуралдаанд ирж буцсан зардалд 2-р хавтаст хэргийн 134-р талд авагдсан баримтаар нотлогдох 107.010 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудаар нотлогдох 58.100 төгрөг, 75.000 төгрөг, 30.000 төгрөг буюу нийт 3.611.100 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Үүнээс 1-р хавтаст хэргийн 200 тал, 2-р хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдох, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн Б.Нэрэнд төлсөн гэх 400.000 төгрөгийг хасаж, 3.211.100 төгрөгийг Б.эс гаргуулж, Б.Нэрэнд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Нэрэн нь   нөхөн сэргээх болон гоо сайхны хагалгааны зардалд 60.000.000 төгрөг нэхэмжилснийг  ба энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд цаашид эмчлүүлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөрсайхан, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар нь шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд 35.000.000 төгрөг, бодит учирсан хохирол 6.000.000 төгрөг, нийт 41.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 183-194 дүгээр талд авагдсан нотлох баримтуудаас юу худалдаж авсан нь тодорхой бус, бүдэг нотлох баримтын шаардлага хангаагүй  баримтуудыг хасаж, нотлогдож буй 4.230.308 төгрөг, унааны зардалд 309.933 төгрөгийн баримтууд, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн унааны зардлын баримтуудаар нотлогдох 452.290 төгрөг буюу нийт 4.992.531 төгрөгийг шүүгдэгч Б.эс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Үүнээс 1-р хавтаст хэргийн 200 дугаар талд авагдсан баримтаар нотлогдох Г.Бат-Эрдэнийн төлсөн гэх 200.000 төгрөгийг хасаж, 4.792.531 төгрөгийг шүүгдэгч Б.эс гаргуулж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөрсайханд олгох, хохирлоос үлдэх хэсэг болон Б.Өнөрсайхан нь сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 35.000.000 төгрөгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар гаргуулах боломжгүй, сэтгэл санааны хохирлыг тооцож гаргах арга, хуулийн зохицуулалт байхгүй тул тус тус хангахгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэг болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирол төлбөрийн хувьд 2 хүүхдийнхээ 18 насанд хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмж хүүхэд тус бүрээр 5.115.000 төгрөг, 11.381.000 төгрөг, замын зардал 420.000 төгрөг, мөн охиныхоо цаашид гарах эмчилгээний зардалд 30.000.000, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг, талийгаачтай хамтран авсан байсан зээлийн төлбөр 3 сая төгрөг тус тус нэхэмжилж байна... гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, иргэний нэхэмжлэгчид учирсан бодит зардал буюу унааны зардал, буудлын зардал буюу нийт 486.497 төгрөгийг шүүгдэгч Б.эс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэгт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

- иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэгийн нэхэмжилсэн бусад хохирол буюу “Сум хөгжүүлэх сан”-гаас талийгаач Цогтсайхантай хамтран авсан байсан 3.000.000 төгрөгийн зээлийн хувьд 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тус зээлийг 3 жилийн хугацаагаар авсан, 2016 онд төлөгдөж дуусах байсан гэх бөгөөд, Б.Цогтсайханыг нас барахаас өмнө авсан, уг хэрэгт хамааралгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш  гэж үзсэн тул шүүгдэгч Б.эс гаргуулах боломжгүй, цаашид нэхэмжлэх эрхгүй;

- хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэлэг, хүүхдийн асаргааны мөнгө гээд нийт 16.496.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.эс гаргуулах боломжгүй, шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Дорноговь аймгийн Иххэт сумын Засаг даргын 2019.3.26-ны №05/129 дугаартай албан бичигт “...Энхчимэгийн Одбаяр, Цогтсайханы Эмүүжин нар нь 0071113 дугаартай дэвтрээр тэжээгчээ алдсаны нийт 155.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сараас 2029 оны 10 дугаар сарыг дуустал сар бүр авахаар тогтоолгон авч байгаа...” гэсэн байх бөгөөд олгогч байгууллага буюу хаанаас авч байгаа нь тодорхойгүй, дээрх байдлын талаар сумын засаг даргын тодорхойлолт хангалтгүй, эрх бүхий байгууллагын тодорхойлолт байхгүй нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул  шүүгдэгчээс гаргуулах боломжгүй, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй;

- мөн хүүхдийн эмчилгээний зардалд 30 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд яг ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй, уг зардал одоогийн байдлаар иргэний нэхэмжлэгчээс гарсан бодит зардал биш байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй;

- сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 35.000.000 төгрөгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар гаргуулах боломжгүй, сэтгэл санааны хохирлыг тооцож гаргах арга, хуулийн зохицуулалт байхгүй тул хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б. нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс баривчлагдаж, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 256 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD-г хэргийн  хэрэгт хадгалан үлдээж, нимгэн дээл, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн шоотой цамц, “ФЭСКО” нэртэй шүдэнз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.эс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-г онц харгис хэрцгийгээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар 2 хүнийг алах, алахаар завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 256 /хоёр зуун тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нимгэн дээл, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн шоотой цамц, “ФЭСКО” нэртэй шүдэнз зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, DVD-г  хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 507 дугаар зүйлийн 507.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.с 3.211.100 /гурван сая хоёр зуун арван нэгэн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Нэрэнд, 4.792.531 /дөрвөн сая долоон зуун ерэн хоёр мянга таван зуун гучин нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөрсайханд, 486.497 /дөрвөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэгт тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Д.Энхчимэгийн “Сум хөгжүүлэх сан”-аас авсан зээл 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, цаашид нэхэмжлэл гаргах эрхгүй; хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан бусад хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардал, хүүхдийн тэтгэмж, хүүхдийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид Б.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

                        

                              ШҮҮГЧ                                                Э.ОДХҮҮ

                               ШҮҮГЧ                                                Х.САНЖИДМАА