Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00818

 

 

 

 

 

2024 04 19 210/МА2024/000818

 

 

ХХХХ, ХХХХ, Д.ХХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/00578 дугаар шийдвэртэй,

 

ХХХХ, ХХХХ, Д.ХХХХ нарын нэхэмжлэлтэй,

ХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХ нарт холбогдох,

 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

ХХХХ миний бие 2003 онд АНУ-д суралцахаар явж өнөөдрийн байдлаар тус улсад ажиллаж, амьдарч байна.

Миний өмчлөлийн Улаанбаатар хот,*******,*******,*******, ХХ байр, ХХХод байрлах ХХХХ дугаарын үл хөдлөх хөрөнгө байсан. Гэвч намайг АНУ-д ажиллаж амьдарч байх хугацаанд буюу өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр дээрх орон сууцыг бусдад шилжүүлсэн байсан. Энэ тухай би 2022 оны 09 дүгээр сард орон сууцаа хүнд түрээслүүлэх гэж байгаад олж мэдсэн.

Ингээд би өөрийн дүүд АНУ-аас итгэмжлэл олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ нь итгэмжлэлийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Улаанбаатар хот,*******,*******,*******, хх байр, ХХХод байрлах ХХХХ дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авсан. Дээрх лавлагаанд: нотариатч ХХХХХХгийн үйлдлээр ХХХХХХХХт Баянзүрх дүүргийн*******,*******, ХХ байр, 0ХХХ хаягт байрлалтай, 40 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай, 0105443 тоот гэрчилгээний дугаартай, ХХХХ тоот бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ хийх, барьцааны болон барьцаалбарт гарын үсэг зурах, үл хөдлөхөд барьцаалбарыг бүртгүүлэх, хүлээн авах, уг үл хөдлөх хөрөнгө бусдын барьцаанд байгаа болон үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдсэн талаарх лавлагааг Сүхбаатар дүүргийн бүртгэлийн сангаас хүлээн авах эрхийг олгож байна гэх, мөн үргэлжлүүлэн бичгэн хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөх гэсэн утгатай үгийг нэмж бичин хуурамч итгэмжлэл олгосон байсан.

Энэхүү итгэмжлэл дзэр миний аав ХХХХ, ээж Д.ХХХХ болоод миний бие гарын үсэг зураагүй байтал дээрх итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн бидний гарын үсгийг дурайлган зурсан байна. Мөн нотариатч ХХХХХХгийн итгэмжпэл олгосон цаг хугацаанд миний бие АНУ-д байсан бөгөөд ХХХХХХХХт бид өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор ямар ч итгэмжлэл олгоогүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат ХХХХХХгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бүртгэлийн №964 нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ХХХ, ХХХХХХХ нарын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Хариуцагч ХХХХХХ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй болно.

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Нотариатын тухай хуулийн дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ХХХХХХХ, ХХХХХХХХ нарт холбогдох 2018 оны 09 сарын 05-ны өдөр*******, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, хх-ХХХ хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, ХХХХ тоот бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ хийх, барьцааны болон барыдаалбарт гарын үсэг зурах, үл хөдлөхөд барьцаалбарыг бүртгүүлэх, хүлээн авах, уг үл хөдлөх хөрөнгө бусдын барьцаанд байгаа болон үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн талаар лавлагаа Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсээс авах эрхийг ХХХХ, ХХХХ, Д.ХХХХ нараас ХХХХХХХХт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ, Д.ХХХХ нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ, Д.ХХХХ нар нь хариуцагч ХХХХХХд холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ, Д.ХХХХ нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэргийг бүрэн дүүрэн бодитой дүгнэж чадаагүй нэхэмжпэгч талын эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гарсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаарт Нэхэмжлэгч нар нь хариуцагч ХХХХХХгээс татгалзсан тул... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч ХХХХХХгээс татгалзсан хүсэлт гаргаагүй бөгөөд ямар нэгэн байдлаар хариуцагчаас татгалзаагүй байтал шүүх ингэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

5.2. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Отгонжаргалд эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан талаарх баримт дээр гарын үсэг зуруулаагүй нь шүүх процессын алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ, Д.ХХХХ нар нь хариуцагч ХХХХХХд холбогдуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нотариатч ХХХХХХгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бүртгэлийн 964 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. /хх1-2/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь ХХХХХХХ, ХХХХХХХХыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг /хх17-18/ шүүх хүлээн авч, ХХХХХХХ, ХХХХХХХХ нарыг татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан байна. /хх22-23, 33-34/

Нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХХХХХХХ, ХХХХХХХХ нар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /хх 49-50/

3. Хариуцагч ХХХХХХ шүүхээс хүргүүлсэн мэдэгдэх хуудсыг удаа дараа хүлээн авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнийг албадан ирүүлэхийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2023/09237 дугаартай шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна. Тус шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага ажиллагаа явуулахад хариуцагч ХХХХХХ нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд өөрийн биеэр очих боломжгүй байдалтай байгааг олж илрүүлж, энэ талаар тэмдэглэл үйлджээ. Түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Эмнэлгийн магадлагаа-аар ХХХХХХ нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгт харвалтын нэгжид хэвтэн эмчлүүлж байгаа нь тогдоогджээ. /хх27, 31, 35/

3.1. Иймд анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2023/10978 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар хариуцагч ХХХХХХ нь хүнд өвчний учир эмчлүүлж байгаа гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна. /хх36/

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан болох хариуцагч ХХХХХХгийн өвчний байдал шүүгчийн тогтоосон 2 сарын хугацаанд арилаагүй боловч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн үндэслэлийг хугацаатай холбож тайлбарлажээ. Харин хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар захирамжид тусгаагүй нь алдаатай болжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч ХХХХХХ хүнд өвчтэй байгаагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа явуулах боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

4. Түүнчлэн, нэхэмжлэгч тал хариуцагч ХХХХХХд холбогдох нэхэмжлэлээсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан дээр татгалзаж байгаа бол шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүх явуулах учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас татгалзлыг бичгээр гаргуулах, мөн зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар тайлбарлаж өгнө. Энэ талаар ажиллагаа хийсэн баримтгүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж дүгнэнэ.

 

4.1. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ нь хариуцагч ХХХХХХ шүүх хуралдаанд оролцох боломжгүй юм байна. Гэрээсээ гарах боломжгүй, хэвтрийн байдалтай байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу нэг хариуцагчаас татгалзах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг бичгээр болон амаар гаргасан боловч нэхэмжлэгч ХХХХаас ХХХд олгосон итгэмжлэлд хариуцагчаас татгалзах эрхийг олгоогүй байна. /хх 52-53/.

5. Түүнчлэн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Отгонжаргалд нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулаагүй нь нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад гарын үсэг зуруулаагүй байдлаар тогтоогдож байх тул нөлөөллийн мэдүүлгийг танилцуулах ажиллагаа нь буруу болжээ.

6. Дээр дурдснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүх процессийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх замаар шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/00578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА