Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч О.М, Б.Б, И.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар О.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар И.М тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0908 12028 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б.Б

2. Монгол улсын иргэн, О.М

3. Монгол улсын иргэн, И.М

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь О.Мтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал тауны 801 дүгээр байрны 104 тоотод оршин суух М.Очийн гэрээс хөөрөг 5 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, гар утас, үүргэвч, мөнгөн аяга, хаш пайз, үзэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,

О.М нь Б.Бтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал тауны 801 дүгээр байрны 104 тоотод оршин суух М.Очийн гэрээс хөөрөг 5 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, гар утас, үүргэвч, мөнгөн аяга, хаш пайз, үзэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,

мөн И.Мтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Учрал” нэртэй караокед иргэн Б.Болдбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

И.Мнь О.Мтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Учрал” нэртэй караокед иргэн Б.Болдбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд холбогдсон хэргийнхээ талаар ярьсан тул хэргийн талаар ярихгүй гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Ммэдүүлэхдээ: Хэргийн талаар ярихгүй гэв.

          Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Очийн өгсөн: ...Тэгээд хаалга хаагаад, түгжээд бүх цонхоо хаагаад унтлагын өрөөнөөс бусад өрөөний бүх хөшгөө нээгээд явсан. Тэгсэн эхнэр Янжинлхам хаалга онгойхгүй байна гэхээр нь би 94893533 гэсэн цоож онгойлгоно гэсэн фэйсбүүк зар хараад залгаад гэрийн хаяг зааж өгсөн. Тэгээд 22 цагийн үед дахиж эхнэр Янжинлхам над руу залгаад гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Манай гэрээс өв залгамжлан ирсэн дунд гарын халтар манан, энгийн толгойтой хөөрөг 1 ширхэг 10.000.000 төгрөг, 2014 онд хувь хүнээс тахтай дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг 40.000.000 төгрөг, 2014 онд хувь хүнээс гартаам жижиг гарын шүрэн толгойтой хөөрөг 1 ширхэг 15.000.000 төгрөг, 2016 онд эмээ бэлэглэж байсан ногоон хаш, ногоон хаш толгойтой хөөрөг 1 ширхэг 2.000.000 төгрөг, 2017 онд ээж бэлэглэж байсан их гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг 5.000.000 төгрөг, Macbook Pro брэндийн зөөврийн компьютер  2017 онд Шанхайгаас 4.000.000 төгрөг, Monblanc брэндийн эрэгтэй, хар өнгийн арьсан үүргэвч 2017 оны 01 сард ХонгКонгоос 2.500.000 төгрөг, Adidas үүргэвч 2018 онд 400.000 төгрөг, IPod брэндийн 2016 онд хувь хүнээс 1.700.000 төгрөг, Huawei брэндийн гар утас 2018 онд Мобикомоос 1.300.000 төгрөг, “Хаш пайз” Богдын хэрэглэж байсан хуучин эдлэл үнэлж мэдэхгүй байна. Гэхдээ би 100.000.000.000 төгрөгөөр үнэлж байна. Их гарын мөнгөн аяга 4 ширхэг тус бүрийг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Их гарын мөнгөн аяганы 1 ширхэгт Ж.Бадрал эмчид гэсэн бичигтэй, мөн дахин 1 ширхэг мөнгөн аяга дээр Т.Төмөртогоо гэсэн бичигтэй байсан. Дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг тус бүрийг 250.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг тус бүрийг 150.000 төгрөгөөр үнэлж байна. Monblanc брэндийн үзэг 2017 онд Япон улсаас 1.800.000 төгрөгөөр үнэлнэ. Уг үзэг дээр М.Оч гэсэн бичигтэй...

            ...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай Кристал тауны 801-104 тоот гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. Сүүлд эд зүйлсээ бүртгэхэд хар өнгийн 2 мөрөвчтэй цүнх алдагдсан байсан. Тэр 2 цүнхтэй таны үзүүлсэн гэрэл зурган дээрх 2 цүнх мөн байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-62, 63-64 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болдбаатарын өгсөн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Учрал” нэртэй караокед хаалга будаж байсан. Энэ үед 5-6 хүн караокены 1 өрөөнд үйлчлүүлж байгаад гараад хоёр нь текэн дээр тооцоо хийхээр үлдсэн. Энэ үед хажууд нь байж байсан зөөгч Туул гэх эмэгтэй рүү хоёулаа хашгираад пизда минь ална шүү гээд орилоод байхаар нь та хоёр боль эмэгтэй хүн рүү агсрахаа боль гэж хэлсэн. Тэр хоёр хүн хоёулаа ирээд миний өмсөж байсан хүрэмнээс барьж аваад чи юу юм хамгаалагч юм бол үнэмлэхээ гаргаад ир гэхээр нь би хамгаалагч биш ажилтан нь байна гэж хэлээд цааш өрөөнд орж будагны ажлаа хийж эхэлсэн. Энэ үед тэр хоёр залуугийн өндөр нь миний араас орж ирээд үүдэн хэсэгт тавьсан баттерей, дрилл аваад над руу чи муу юу юм ална гээд далайгаад ирсэн. Тэр хүн миний гар мөр хэсэгт баттерей, дриллээр хальт цохиод би гараас нь дриллыг нь салгаж аваад ноцолдож байтал нөгөө намхан залуу нь хүрч ирээд ууж байсан пивоны шилээрээ миний толгой хэсэгт нэг цохисон. Миний толгойноос цус гараад толгойгоо бариад доош тонгойтол хэн нь мэдэхгүй байна, хоёулаа миний зүүн шанаа, бэлэг эрхтэн гэх мэт биеийн бүх хэсэгт хойно урдаас өшиглөж эхэлсэн. Энэ үед гаднаас манай ажлын залуу Сүхтулга орж ирээд намайг тэр хоёр залуугаас салгасан. Манай зөөгч нар цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн...

            ...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг тэр хоёр залуугийн намхан нь буюу Мөнхнасан нь учруулсан. Өндөр залуу намайг заамдаад бариад байж байхад Мөнхнасан пивоны шилээр толгой руу цохисон. Би толгойны гэмтэлдээ 100.000 төгрөгний эм тариа хэрэглэсэн. 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би өдөрт 25.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Би 5 өдөр ажилдаа явж чадаагүй 125.000 төгрөг. Нийт 250.000 төгрөг нэхэмжилж байна. Надад учирсан гомдлыг барагдуулбал надад ямар нэгэн санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213-214, 215 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Янжинлхамын өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед нөхөр Оч бага охины хамт гэрээсээ гарсан. Гэрээсээ гарах үедээ хаалга үүдээ цоожилсон. Тэгээд би бага охиноо аваад аав, ээжийн гэр рүү явсан. Тэгээд 20 цаг 50 минутанд гэртээ иртэл хаалга гаднаасаа онгойхгүй байсан тул нөхөр Оч руу залгаад хаалга онгойлгодог хүн дуудуулаад 22 цагийн үед хаалга онгойлготол гэрийн дотор талд хав харанхуй тэгээд би дотор гэрлээ асаатал гэрт хүйтэн, гал тогооны өрөөний вакум цонх онгорхой, гэрт бүх зүйлс эмх цэгцгүй болчихсон байсан. Тэгээд нөхөр Оч руу би залгаад хулгай орсон талаар хэлсэн. Манай нөхөр Оч алдагдсан зүйлсийг бүгдийг хэлсэн тул надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Түмэнжаргалын өгсөн: ...Би одоогоос нэг сар орчмын өмнө /тухайн өдрөө мартсан байна/ ажил дээрээ байж байхад хажуу өрөөний дархан хийдэг Уртбаяр гэдэг залуу надад нэг ширхэг шүрэн толгой үзүүлээд энийг худалдаж авах уу гэж хэлэхээр нь би үнэ өртөг нь тохироод авч болно, хэнийх юм бэ гэж асуухад зүгээр ээ, манай ах зараад өгөөч гэсэн юм гэж хэлэхээр нь би үзэж хараад 1.400.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд 7 хоногийн дараа цагдаагаас ирээд уг хөөрөгний толгойг хурааж авсан юм. Би Б.Б, О.М нарын иргэний үнэмлэхний зургийг үзлээ. Би эдгээр хүнээс ямар нэгэн эд зүйл авч байгаагүй. Би хулгайнх гэдгийг мэдээгүй, мэдэж байсан бол авахгүй байсан. Мэдэх боломж байгаагүй, Уртбаярт итгээд худалдаж авсан. Би цагдаагийн байгууллагад уг хөөрөгний толгойг хүлээлгэж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Тунгалагийн өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талбай дээр жижиг дунд үйлдвэрийн жагсаал цуглаан болоод байсан тэр өдөр шиг санагдаж байна, яг хэд дэх өдррийг санахгүй байна. 27-28 орчим насны туранхай 170 см орчим өндөртэй, харааны нүдний шил зүүсэн саравчтай малгайтай, цайвар шаргал өнгийн ханцуй хэсэгтээ судал орж богино куртиктай эрэгтэй хүн үдээс хойш шиг санагдаж байна над дээр ирээд хөөрөг зарна гэхээр нь Урт цагаанд дархан хийдэг Ананд гэдэг танил залуу руу залгаад хөөрөг зарна гээд хүн явж байна чи сонирхох юм уу гэж асуусан. Тэгтэл үзэж харна, ямар юм байгаа бол ирэхээр нь би очоод үзнэ гэж хэлэхээр нь удалгүй хүрээд ирэхээр нь нөгөө хөөрөг зарах залуу хүрээд ирсэн үзэх үү гэж өөрийнхөө барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газар дуудахад Ананд ирж үзээд үнээ тохироод 2 сая төгрөгөөр 4 ширхэг хөөрөг авсан. Хөөрөг зарсан залуу хэлэхдээ буруу гарын зүйл биш, миний зүгээс янз бүрийн зүйл байхгүй, мөрийтэй тоглоомын газар тоглуулдаг учраас хүмүүс барьцаанд тавьж тоглоод алдсан эд зүйлүүд гэж байсан. Тэгээд хэдэн цагийн дараа буцаж орж ирээд би мөнгөө үрчих гээд байна, манай найзын төрсөн өдөр та 930.000 төгрөгийг түр хадгалж байгаач гэж хэлээд үлдээж яваад маргааш үдээс хойш утсаар ярьж байгаад ирээд мөнгө аваад явсан өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Анандын өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг санахгүй байна, манай Урт цагаан дээр ломбард ажиллуулдаг Тунгалаг эгч өөрийн дугаараас өглөөгүүр залгаж яриад нэг залуу хөөрөг зарах гээд явж байна, чи үзэх үү гэж хэлсэн. Тэгээд би үзье гээд хамт ажилладаг Даваачулуун ахтай хамт Тунгалаг эгчийн ломбардны өрөөнд очиж үзсэн, тэгсэн чинь нүдний шилтэй туранхай цагаан 25-30 орчим насны 165-170 см орчим өндөртэй залуу 5 ширхэг хөөрөг барьчихсан явж байсан, тэгээд хөөргүүдийг нийлүүлээд 20.000.000 төгрөгөөр зарна гээд явж байсан. Тэгэхээр нь тийм юм байхгүй, наад хөөрөгнүүдээс чинь 2 толгойг нь салгаж авбал авъя нэг нь Хятад хөөрөг байна, нэг нь шинэ цагийн хөөрөг байна гээд явуулсан юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед Тунгалаг эгч над руу залгаад нөгөө залуу чинь над руу залгаад байна, хөөрөгөө 5 саяар авах уу гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгж авахгүй, наадахыг чинь 2 саяар авна гэж хэлсэн, тэгсэн чинь нөгөө залуу жаахан байж байгаад очъё гэсэн. Тэгээд ажил дээрээ сууж байсан чинь Тунгалаг эгч залгаад нөгөө хүн чинь ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд ажлынхан Даваачулуун ахтай хамт очсон, тэгээд тэр залуугаас өшөө доошоо жоохон буулгачих гэсэн чинь буулгахгүй байсан. Тэгээд Даваачулуун бид 2 мөнгө нийлүүлээд тус бүр 1 сая төгрөг гаргаж 2 сая төгрөгөөр 4 хөөрөг худалдан авсан, өмнөх үзүүлж байсан 5 хөөрөгнөөс Хятад хөөрөг байхгүй байсан, худалдаж авсан 4 хөөрөгөнд дайлан байгаагүй, тэгээд Даваачулуун бид хоёр миний ажлын сейфэнд хийсэн. Тэгээд 3-4 хоногийн дараа манан хөөрөгний шүрэн толгойг салгаад Урт цагааны алт мөнгө авдаг Түмээ /бүтэн нэрийг мэдэхгүй/ гэдэг залууд 1.400.000 төгрөгөөр Даваачулуун зарсан. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад тухайн хөөрөгнүүдийг хураалгасан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Батболдын өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төв дотор хувийн ажлаар явж байхад захын зүүн хаалганы хажууд байрлах хувцас зарж байсан лангуунууд дунд явж байтал өмнө манай хэлтэс дээр шалгагдаж байсан зүс таних залуу явж байсан ба анхаарал татаад хартал цагаан өнгийн нимгэн торонд хийсэн хувцас мэтийн зүйлийг хажуу талд  байрлах контейнерийн дээвэр рүү шидчихээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Ганзоригийн өгсөн: ...Б.Б ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай гэрт ирээд надтай уулзаад надад хөөрөг байна, энийг нэг зарах арга байна уу гэхээр нь би наадах чинь хаана зардаг талаар мэдэхгүй байна зах дээр авдаг байх гэж хэлсэн чинь зөөврийн компьютер үзүүлсэн. Тэгээд Батбаатар манайхаас яваад өгсөн. Тэрний дараа Б.Б 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр утсаар яриад эхнэр чинь төрсөн юм уу баяр хүргэе, нөгөө хөөргийг зармаар байна Мөнхбаатарт өгсөн байгаа, та хоёр  зараад өгөөч гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд Мөнхбаатарын дугаарыг аваад Мөнхбаатартай утсаар 13-ын буудал дээр уулзсан. Тэгээд бид хоёр “Нарантуул зах” ороод зарах гэсэн чинь авах хүн олдоогүй. Тэгээд буцаагаад Батбаатарт зарагдахгүй юм байна гэж хэлээд өгсөн...Манай гэрт Батбаатар 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед ганцаараа ирсэн. Батбаатар надад зөөврийн компьютер, таблет, 4 ширхэг хөөрөг үзүүлсэн. Надад хэлэхдээ Мөнхбаатартай явж ийм юм хулгай хийсэн гэж хэлсэн. Түүнээс бол тухайн эд зүйлийг хаанаас авснаа хэлээгүй. Би бодохдоо тэрийг хулгайлсан байна гэж бодсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Даваачулууны өгсөн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байхад ломбардны Тунгалаг гэх хүүхэн Ананд бид  хоёрыг дуудаад та хоёр  хөөрөг үзэх үү, хүүхэд дөрвөн  ширхэг барьсан зарах гэж явна гэж хэлэхээр нь Ананд бид хоёр  тухайн ломбарданд очиход нэг эрэгтэй хүн ширхэг  ширхэг хөөрөг үзүүлсэн. Тэгээд бид хоёр  үзэхэд хоёр  нь шүрэн толгойтой хоёр  нь шүрэн толгойгүй байхаар нь тухайн залуутай үнэ тохироод Ананд бид хоёр  мөнгөө хувааж гаргаад тухайн залуугаас 4 ширхэгийн хөөргийг 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би нэг шүрэн толгойг хөөрөгнөөс нь салгаж аваад тэнд байх Түмэнжаргал гэдэг залууд 1.400.000 төгрөгөөр зарсан байгаа. Тэгээд хэд хоногийн дараа цагдаа нар ирээд хурааж авсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уртбаярын өгсөн: ...Би ажил дээрээ байж байгаад Даваачулуун ахын ажил руу ороход Даваачулуун ах надад нэг хөөрөгний толгой өгөөд ахдаа энэ толгойг зараад өгчих гэж хэлээд өгөхөөр нь за гэж хэлээд би уг толгойг аваад хажуудаа суудаг Түмэнжаргалд үзүүлэхэд дээд тал нь 1.400.000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь би тухайн үнэнд нь зараад мөнгийг нь Даваачулуун ахад өгсөн. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Түвшинцэнгэлийн өгсөн: ...Хөрөнгийн үнэлгээний хуульд заасны дагуу үнэлгээний мэргэжлийн байгууллага нь мэдээллийн сантай байдаг. Манай байгууллагын хувьд 2006 оноос хойш дүгнэлт гаргасан 60.000 орчим мэдээллийн сан үүссэн байдаг. Дээрх хөрөнгүүдийг компанийн дотоодын мэдээллийн сан болон өнөөдрийн зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг харьцуулж үнэлгээний тайлан гаргасан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7 дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.Мын өгсөн:... 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Батбаатар манай гэрт ганцаараа ирээд хоёулаа доошлох уу гэхээр нь би тэгье гэж хэлээд бид хоёр Кристалл Тауны 801 дүгээр байрны гадаа ирэхэд орой бүрэнхий нар жаргах гэж байхад нэг давхарын нэг айлын гэрэл нь асаагүй байхаар нь Батбаатар цонхон дээр гараад хамгаалалтын төмрийг нь татаж хүн орохоор болгоод цонхыг түлхэж онгойлгож орсон. Тэгээд би араас нь ороход Батбаатар мөнгөн аягануудыг ширээн дээр тавьсан байсан. Батбаатар надад чи цүнх олоодох гэж хэлэхээр нь би хайх гэтэл Батбаатар өөрөө “өө энд байна” гэж хэлээд хар өнгийн үүргэвчтэй цүнх гаргаж ирээд мөнгөн аягануудаа хийгээд надад өгөхөөр нь би үүрсэн. Тэгээд Батбаатар цаана байсан өрөө рүү ороод дахиж нэг хар өнгийн цүнхэнд нөүтбүүк, гар утас, айпад, 4 ширхэг хөөрөг хийгээд Батбаатар тэр цүнхээ өөрөө үүрээд тэр айлын цонхоор буцаад гарсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164 дүгээр тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Бын өгсөн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найз Мөнхбаатарын гэрт очоод уулзаад юм ярьж сууж байгаад гэрээс нь гарсан юм. Тэгээд би найзтайгаа уулзах ёстой байсан боловч найз ирэх боломжгүй байна гээд наад хавиараа хүлээж байгаач гэж хэлэхээр нь тухайн үед надад мөнгөний хэрэгцээ гарсан байсан учир хамт явсан О.Мт найзад нь хэдэн төгрөгийн хэрэг гарчихлаа. Найз хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болоод байна. Хоёулаа урагшаа яваад нэг айл байвал ороод эд зүйл аваад мөнгөтэй болъё гэж хэлэхэд Мөнхбаатар надад ямар нэгэн зүйл хэлээгүй цуг дагаад явсан. Ингээд бид хоёр “Кристалл Таун”-ы гадаа 18 цагийн орчим очоод ертөнцийн зүгээр зүүн талаас хашааг нь давж ороод байрныхаа ар талаар яваад төмөр сараалжин тортой нэг давхарын айлын гэрэл асаагүй, эзэнгүй байх шиг байхаар нь би тэр цонхон дээр гараад төмөр торыг тэлж байгаад зай гаргаад вакум цонхыг түлхээд тухайн айл руу би эхэлж ороод ажлын өрөөн дотроос нь 5 ширхэг хөөрөг аваад зочны өрөөний шүүгээнд байсан 7 ширхэг мөнгө аягыг аваад үүдний өрөөнд байсан хар үүргэвчтэй цүнхийг аваад мөнгөн аягануудаа хийгээд мөн зочны өрөөнөөс МАСВООК нэртэй зөөврийн компьютер 1 ширхэгийг, Айпад, гар утас 1 ширхэг, “Хуавэй” нэртэй гар утас 1 ширхэг зэргийг аваад мөнгөн аяга хийсэн байсан цүнхэндээ хийсэн. Хөөрөгнүүдээ нөгөө цүнхэнд хийсэн байсан. Тэгээд Мөнхбаатар бид хоёр нэг нэгээр нь үүрээд тэр айлаас гарсан. Тэгээд буцаж Сансарын Түнел хүртэл алхаад тэндээсээ салсан. Салахдаа эд зүйлээ нэг цүнхэнд үлдээгээд, нөгөө цүнхээ хоосонгоор Сансарын тэнд байх байрны голын сандал дээр үлдээгээд явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-171 дүгээр тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн И.М: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хамт ажилладаг Мөнхбаатар, Ариунболд, Амарбаясгалан, Баттулга, Отгонбаатар нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, хуучин эцсийн автобусны буудлын орчим караокед орж үйлчлүүлсэн. Би караокед орсноо санаж байна. Бид нар орохдоо 0.75 граммын шил архи авч уусан. Дотор орж 55.000 төгрөгийн сэт буюу 1 шил архи, 3 шил пиво ундаатай сэт авч уусан. Шөнө хэдэн цагт сэрсэнээ санахгүй байна. Би эрүүлжүүлэх байранд сэргэсэн. Найз Мөнхбаатар намайг чи хүний толгой хагалсан байна лээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233 дугаар тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 30 дугаар тал/,

            - Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 38-41 дүгээр тал/,

            - Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 48-51 дүгээр тал/,

            - Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-53 дугаар тал/,

            - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 54-57 дугаар тал/,

            - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 118-123 дугаар тал/,

            - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 11-12 дугаар тал/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13349 дугаартай дүгнэлтэнд:

            1. Б.Болдбаатарын биед тархи доргилт, хуйханд шарх, зүүн хөмсөгний гадна хэсэг, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт /1-р хх-ийн 221 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 182, 188, 239-247 дугаар тал/,

            - Шүүгдэгч О.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 184, 187, 191-192, 193-206 дугаар тал/,

            - Шүүгдэгч И.М иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 236, 237 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх баримтууд /1-р хх-ийн 136-137, 141-143, 148-149 дүгээр тал/,

            - Шүүгдэгч О.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх баримтууд /1-р хх-ийн 151-153, 158-159 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.Б нь О.Мтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал Тауны 801 дүгээр байрны 104 тоотод оршин суух М.Очийн гэрээс хөөрөг 5 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, гар утас, үүргэвч, мөнгөн аяга, хаш пайз, үзэг зэрэг 19 нэр төрлийн 20.345.148 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг,

О.М нь Б.Бтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал тауны 801 дүгээр байрны 104 тоотод оршин суух М.Очийн гэрээс хөөрөг 5 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, гар утас, үүргэвч, мөнгөн аяга, хаш пайз, үзэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг,

мөн И.М бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Учрал” нэртэй караокед иргэн Б.Болдбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

И.Мнь О.Мтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Учрал” нэртэй караокед иргэн Б.Болдбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Оч, Б.Болдбаатар, гэрч нарын мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2 удаагийн тайлан, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 13349 дугаартай дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, дүрс бичлэгт үзлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Б.Б нь О.М нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал Тауны 801 дүгээр байрны 104 тоотод оршин суух М.Очийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хөөрөг 5 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, гар утас, үүргэвч, мөнгөн аяга, хаш пайз, үзэг зэрэг 19 нэр төрлийн  20.345.148 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 118-123 дугаар тал, 2-р хх-ийн 11-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Очид учруулсан хохирол эд зүйлээс 1. Дунд гарын халтар манан, шүрэн толгойтой алтан нуухтай, оюу хавчуургатай хөөрөг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, 2. Гартаам жижиг гарын шүрэн толгойтой хөөрөг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр 2.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн, 3. Ногоон хаш алтан нуухтай хөөрөг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, 4. Их гарын цагаан шүрэн хөөрөг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр 1.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн, 5. Зөөврийн компьютер, Хөрөнгийн үнэлгээний  “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 2.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн, Айпад, Хөрөнгийн үнэлгээний  “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр 446.440 төгрөгөөр үнэлэгдсэн, 6-н төрлийн нийт 10.746.440 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн байна.

Шүүх хуралдааны шатанд:

1. Үүргэвч 1 ширхэг - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 819.000 төгрөгөөр үнэлэгдсэн,

2. Үзэг 1 ширхэг - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 407.548 төгрөгөөр үнэлэгдсэн,

3. Сваровский хүзүүний зүүлт 1 ширхэг - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 280.000 төгрөгөөр үнэлэгдсэн,

4. Эмэгтэй хүний Сваровский ээмэг хос - Хөрөнгийн үнэлгээний  “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 180.000 төгрөгөөр үнэлэгдсэн,

5. Зүү ороож хийсэн хөөрөгний даалин 2 ширхэг - Хөрөнгийн үнэлгээний  “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр нэг бүрийг нь 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн,  

6. Үүргэвч 1 ширхэг - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр 819.000 төгрөгөөр үнэлэгдсэн,

7. Үзэг 1 ширхэг - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 407.548 төгрөгөөр үнэлэгдсэн бүгд 13 нэр төрлийн 13.312.988 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 24-30, 2-р хх-ийн 64 дүгээр тал/

Хохирогч М.Очийн үлдэх хохирол төлбөр болох 7.032.160 төгрөгийг Б.Б, О.М нараас хувь тэнцүүлэн хуваахад нэг 3.516.080 төгрөг болж байна.

Хохирогч Б.Болдбаатар нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.М, И.Мнарыг хохирогч Б.Болдбаатарт төлөх төлбөргүй гэж үзлээ. /2-р хх-ийн 17 дугаар тал/

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг  ялгамжтай оногдуулах  нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч И.М, О.М нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Учрал” нэртэй караокед иргэн Б.Болдбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болдбаатарын өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Учрал” нэртэй караокед хаалга будаж байсан. Энэ үед 5-6 хүн караокены 1 өрөөнд үйлчлүүлж байгаад гараад хоёр нь текэн дээр тооцоо хийхээр үлдсэн. Энэ үед хажууд нь байж байсан зөөгч Туул гэх эмэгтэй рүү хоёулаа хашгираад пизда минь ална шүү гээд орилоод байхаар нь та хоёр боль эмэгтэй хүн рүү агсрахаа боль гэж хэлсэн. Тэр хоёр хүн хоёулаа ирээд миний өмсөж байсан хүрэмнээс барьж аваад чи юу юм хамгаалагч юм бол үнэмлэхээ гаргаад ир гэхээр нь би хамгаалагч биш ажилтан нь байна гэж хэлээд цааш өрөөнд орж будагны ажлаа хийж эхэлсэн. Энэ үед тэр хоёр залуугийн өндөр нь миний араас орж ирээд үүдэн хэсэгт тавьсан баттерей, дрилл аваад над руу чи муу юу юм ална гээд далайгаад ирсэн. Тэр хүн миний гар мөр хэсэгт баттерей, дриллээр хальт цохиод би гараас нь дриллыг нь салгаж аваад ноцолдож байтал нөгөө намхан залуу нь хүрч ирээд ууж байсан пивоны шилээрээ миний толгой хэсэгт нэг цохисон. Миний толгойноос цус гараад толгойгоо бариад доош тонгойтол хэн нь мэдэхгүй байна, хоёулаа миний зүүн шанаа, бэлэг эрхтэн гэх мэт биеийн бүх хэсэгт хойно урдаас өшиглөж эхэлсэн. Энэ үед гаднаас манай ажлын залуу Сүхтулга орж ирээд намайг тэр хоёр залуугаас салгасан. Манай зөөгч нар цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн...

...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг тэр хоёр залуугийн намхан нь буюу Мөнхнасан нь учруулсан. Өндөр залуу намайг заамдаад бариад байж байхад Мөнхнасан пивоны шилээр толгой руу цохисон...гэх мэдүүлэг,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13349 дугаартай дүгнэлтэнд:

            1. Б.Болдбаатарын биед тархи доргилт, хуйханд шарх, зүүн хөмсөгний гадна хэсэг, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд И.Мнь согтуурсан мансуурсан үедээ шаардлага тавьсан хохирогч Б.Болдбаатарын толгойг архины шилээр цохин хагалж амь насанд аюул учирч болохуйц идэвхтэй үйлдэл хийснийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулав.

Шүүгдэгч Б.Б, О.М, И.Мнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, И.Мнь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэжлээгүй байна.

Шүүгдэгч Б.Б 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 87 хоног цагдан хоригдсон, О.М 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй  баривчилсан тухай тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн  захирамж зэргээр тогтоогдож байх тул эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв. /1-р хх-ийн 136-137, 142-145, 148-159 дүгээр тал/

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргаж, Dsquared гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн саравчтай малгай, цагаан саарал өнгийн эрэгтэй богино куртик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б.Б, О.М нарыг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг, О.М, И.М нарыг  бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар, О.М 4 /дөрвөн/ жилийн хорих ялаар,

            - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.М 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, И.М 720 /долоон зуун хорин /цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар О.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 /найман/ цагийг хоногт шилжүүлэн 50 /тавь/ хоног болж байгааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрвөн/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.       

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг, О.Мт оногдуулсан 4 /дөрвөн/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 87 хоногийг, О.Мын цагдан хоригдсон 81 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсгуай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Мнь 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  Б.Б-с /РД:ОС89120317/ 3.516.080 /гурван сая таван зуун арван зургаан мянга наян/ төгрөгийг, О.М-с /РД:УК89031118/ 3.516.080 /гурван сая таван зуун арван зургаан мянга наян/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Маядаагийн Очид /РД:УП89083177/ олгосугай.

            8. Шүүгдэгч И.Мбусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч И.М, Б.Б, О.М нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч И.Мг 1 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хягаарласугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, Dsquared гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн саравчтай малгай, цагаан саарал өнгийн эрэгтэй богино куртик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

            11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Б.Б, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, И.Мд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, И.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ