Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 4776

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, 2 байрны 507 тоотод оршин суух, Жинчин овогт Михлайн Идэрбат /Регистрийн дугаар ТИ71101515/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөөнд   байрлах “Монголросцветмет” ХХК  /Улсын бүртгэлийн дугаар 901902907, Регистрийн дугаар 2550466/-д холбогдох,

 

“Монголросцветмет” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Идэрбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“М.Идэрбат нь “Монголросцветмет” ХХК-ийн Зэрэгцээ нэртэй алтны уурхайн захирлаар ажиллаж байгаад “Монголросцветмет” ХХК-ийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 40к дугаар тушаалаар өөрийн эрхэлж буй ажлаас хууль зүйн үндэслэлгүй халагдсан.

М.Идэрбат өөрийн зөрчигдсэн эрхийг сэргээлгэхээр шүүхэд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5081 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч М.Идэрбатыг “Монголросцветмет” ХХК-ийн Зэрэгцээ уурхайн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,977,179 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч М.Идэрбатад олгосугай...” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Үүнийг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн болон 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хяналтын шатны шүүхийн хуралдаанаар тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод 2 сар болж байна. Энэ хугацаанд “Монголросцветмет” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзсаар ирсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн удирдлагатай уулзахад шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүйгээ дахин нотолсон.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан цалин хөлсийг болон түүнээс хойш өнөөдрийг хүртэлх 7 сарын цалинг нэмж олгохгүй байгаа нь хууль бусаар халагдсаны улмаас ажилгүй байгаа, энэ хугацаанд ямар ч орлогогүй байгаа ажилтны эрхийг дахин дахин хохироож байна.

Иймд ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 34,230,000 төгрөгийг “Монголросцветмет” ХХК-аас гаргуулж М.Идэрбатад олгуулах, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3 сарын хугацаа нэмэгдэж өнгөрөөд байгаа ба нэхэмжилсэн хугацаан дээр энэ хугацааны цалинг нэмж хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны буюу тус анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулж М.Идэрбатад олгуулах, холбогдох хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баяраа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“М.Идэрбат нь “Монголросцветмет” ХХК-ийн Зэрэгцээ нэртэй алтны уурхайн захирлаар ажиллаж байгаад тус компанийн ерөнхий захирлын 2015 оны 05 сарын 05-ны өдрийн 40к тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан байдаг. Уг асуудлаар нэхэмжлэл гаргаж 2015 оны 07 сарын 24-ний өдрийн 5081 гэсэн дугаартай шүүхийн шийдвэрээр М.Идэрбатыг ажилд нь эгүүлэн тогтоосон. Ингээд шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай шүүхийн шийдвэрт заасан байдаг. Шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах, хяналтын шатны журмаар хариуцагчийн зүгээс гомдол гаргаад шат шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш М.Идэрбатыг ажилд нь эгүүлэн аваагүй, цалин хөлсийг нь олгоогүй явж ирсэн байдаг. 2016 оны 02 сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрт заасан хугацаанаас хойшхи хугацаанд ахин цалин хөлсөө нэхэмжлэх шаардлага гарсан учраас шүүхэд ахин нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 24-ны өдрийн 5081 дугаартай шийдвэрт заасан цалин хөлсийг олгосон байна. 2016 оны 05 сарын 06-ны өдөр М.Идэрбатыг ажилд нь эгүүлэн авсан байх тул Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн авсан 2016 оны 05 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч М.Идэрбатад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг хариуцагч тал олгох үүрэгтэй байхад, энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй зөвхөн шүүхийн шийдвэр гарах хүртэл хүлээж байгаа нь үндэслэлгүй юм. Дээр дурдсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагч талд шүүхээс даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нь “Монголросцветмет” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 34,230,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. “Монголросцветмет” ХХК нь иргэн М.Идэрбатыг тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан холбогдох бичиг баримт, цалингийн хуулга зэргийг бүрдүүлж, судалж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн болох 34,230,000 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнтэй холбоотой нарийвчилсан тооцоолол, нотлох баримт болон нэмэлт тайлбарыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх болно” гэжээ.

Нэмэлт тайлбартаа “...Нэхэмжлэгч “...өнгөрсөн хугацаанд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, М.Идэрбатыг ажилд нь авсан шийдвэргүй байдаг...” гэжээ. “Монголросцветмет” ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5081 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1228 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 996 тоот тогтоолыг тус тус үндэслэн М.Идэрбатыг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 18к тушаалаар “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж 5081 тоот шийдвэрт заасан хэмжээний нөхөн олговрыг олгосон. Хэдий 3 шатны шүүхээс нэхэмжлэгч М.Идэрбатын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг боловч “Монголросцветмет” ХХК шүүхийн шийдвэрт гомдолтой явдаг. Тухайн үед М.Идэрбат нь “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөнөөс болж хэд хэдэн удаа сахилгын арга хэмжээ авахуулж байсан. Мөн “Монголросцветмет” ХХК санхүү, эдийн засгийн нэн хүнд нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм “гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Өмнө нь М.Идэрбаттай холбоотой иргэний хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн байдаг. 2015 оны 07 сарын 24-ны өдөр шүүхийн шийдвэр гарч хариуцагчийн зүгээс хэдий хоёр шатны шүүхэд давж заалдан гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс хариуцагч нь 2016 оны 05 сард 18К тоот тушаал гаргаж Зэрэгцээ алтны уурхайн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 10,000,000 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн. Хэдий гурван шатны шүүхээс нэхэмжлэгч М.Идэрбатын талд шийдвэрлэсэн байдаг ч “Монголросцветмет” ХХК нь шүүхийн шийдвэрт гомдолтой байдаг. Тухайн үед М.Идэрбат нь ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөнөөс болж хэд хэдэн удаа сахилгын арга хэмжээ авахуулж байсан. “Монголросцветмет” ХХК-ийн санхүү, нийгэм эдийн засгийн байдал, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал зэргээс шалтгаалан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайн үед нэхэмжлэгч М.Идэрбаттай ажилд орохоос нь өмнө уулзаж эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах талаар “Монголросцветмет” ХХК уулзаж ярилцсан боловч нэхэмжлэгч М.Идэрбат хүлээн зөвшөөрөөгүй байдаг.

2016 оны 05 сарын 06-ны өдөр ажилд нь эгүүлэн томилохоос өмнө  уулзаж дээрхи саналыг тавьсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 07 сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд дундаж цалин хөлс тооцохдоо 2015 оны 07 сарын 24-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож байна. Хариуцагчийн зүгээс хэргийн материалд М.Идэрбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавсаргасан байгаа. Хэрвээ дундаж цалин хөлс олгохоор тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд байгуулсны дагуу тооцож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Идэрбат “Монголросцветмет” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь компанийн санхүү, нийгэм эдийн засгийн байдал, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал зэргээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж татгалзсан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

М.Идэрбат нь “Монголросцветмет” ХХК-ийн Зэрэгцээ нэртэй алтны уурхайн захирлаар ажиллаж байгаад “Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 40к дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь  чөлөөлсөн байна.

М.Идэрбат нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5081 дугаар шийдвэрээр М.Идэрбатыг “Монголросцветмет” ХХК-ийн Зэрэгцээ уурхайн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,977,179 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч М.Идэрбатад олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-8-10 дугаар хуудас/ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1228 дугаар магадлал /хх-22-26 дугаар хуудас/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 996 дугаар тогтоол /хх-27-30 дугаар хуудас/-оор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Уг тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөний улмаас авах ёстой байсан цалин хөлсөөр хохирч, уг хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 34,230,000 төгрөгийг “Монголросцветмет” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Монголросцветмет” ХХК нь М.Идэрбатыг ажилд нь эгүүлэн томилсон тул шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн авсан 2016 оны 05 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээний талаар тоон илэрхийлэл гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд саад учруулахгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тодорхойлсон.

“Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 18к дугаартай тушаалаар М.Идэрбатыг “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5081 дугаар шийдвэрт заасан хэмжээний нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “Монголросцветмет” ХХК-аас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5081 дугаар шийдвэрт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож М.Идэрбатын ажиллаж байсан үеийн буюу 2015 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 15,414,780 төгрөгийг 3 сард тооцоод сарын дундаж цалин нь 5,138,260 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 5,138,260 төгрөгийг ажлын 22 хоногт тооцоод 233,557 төгрөг гэж тооцсон байна. /хх-10 дугаар хуудас/

2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын өдрийг тооцоход 200 хоног болж байх бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5081 дугаар шийдвэрт заасан нэг өдрийн дундаж цалин 233,557 төгрөгийг 200 хоногоор үржүүлэн тооцов.

Иймд нэхэмжлэгч М.Идэрбатын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч “Монголросцветмет” ХХК-аас 46,711,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Идэрбатад олгохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн зүгээс “...дундаж цалин хөлс олгохоор тохиолдолд М.Идэрбаттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тооцож шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг өгсөн.  Хариуцагч нотлох баримтаар ирүүлсэн MR-14-05-099 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ-Трудовой договор” /хх- 54-58 дугаар хуудас/ нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.Идэрбатын нэхэмжлэлтэй хэрэгт нотлох баримтаар авагдаж, судлагдсан, тус шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5081 дугаар шийдвэрт тусгагдсан байна. Уг шийдвэр нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар уг баримтыг шүүх дахин нотлохгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэсэн байдаг тул М.Идэрбатын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч “Монголросцветмет” ХХК-д даалган шийдвэрлэв.

Энэ хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч шүүхээс эрх зүйн үйлчилгээ үзүүлсний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч “Монголросцветмет” ХХК-д хариуцуулах бөгөөд ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д “”бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” нэхэмжлэлийн үнэ /тэмдэгтийн хураамжийн хэмжээ/ тодорхойлно гэсний дагуу нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрын хэмжээнд тус тус тооцож улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлов.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг баримтлан “Монголросцветмет” ХХК-аас 46,711,400 /дөчин зургаан сая долоон зуун арван нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Идэрбатад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Идэрбатыг ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Монголросцветмет” ХХК-д үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,100 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “Монголросцветмет” ХХК-аас  391,507 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР