Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00856

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 24 210/МА2024/00856

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/0784 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Э-эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,833,292 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Э- нь Т ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цахим зээлийн дэд гэрээг байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Д.Э- нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 364,628 төгрөг, хүү 2,033,194 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,759.93 төгрөг, нийт 2,475,583.08 төгрөг төлсөн. Энэ хугацаанаас хойш огт төлөлт хийгээгүй тул цахим зээлийн эрх нээлгэх гэрээ болон цахим зээлийн дэд гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 9,635,371 төгрөг, хүү 3,137,253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,667 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг, нийт 12,833,292 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь зээлийн Д.Э-ийн зээлийн эрхээр түүний эхнэр байсан н.З аваад захиран царцуулсан байдаг. Уг зээлийн төлөлтийг З төлөөд явж байсан үйл баримт байдаг. Энэ зээлийн мөнгийг Д.Э- хэрэглээгүй тул хариуцагчгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1109171 тоот цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 28966 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус цуцалж, хариуцагч Д.Э-ээс 12,820,292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 220,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. гэж заасныг зөрчиж хариуцагчийн эхнэр Н.З-г гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ буюу татгалзлаа нотлох үүрэгтэй. Шүүх татгалзлаа нотлох боломжоор хангаж өгөөгүй буюу нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Мөн Хаан банкнаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж, нэхэмжлэгчид илтэд давуу байдал олгож, хуульд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Э-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,833,292 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1109171 тоот цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 28966 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус цуцалж, хариуцагч Д.Э-ээс 12,820,292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгсөн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд Хариуцагч Д.Э- нь нэхэмжлэлийн үнийн дүн 12,820,292 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлөхийг зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөгөөр хуваан нэхэмжлэгч Т ХХК-д төлнө гэж тохиролцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, зохигч талууд болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/0784 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Э- нь нэхэмжлэлийн үнийн дүн 12,820,292 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлөхийг зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,136,715.33 төгрөгөөр хуваан нэхэмжлэгч Т ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ