Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 280

 

                                                                                                                                                                                                                                                                                                                    

                                                                                                                    

 

 

                                                                                                     

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, 14 дүгээр багийн Говилын хонхор, 30 дугаар гудамж, 05 тоотод оршин суух, эмэгтэй, ФД82050804 дугаарын регистртэй, Боржигон овогт Уламбаярын Болортуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 1 дугаар хороо, ТЕГ-ын 50 дугаар байрны 07 тоотод оршин суух, эрэгтэй, ЦГ81072572 дугаарын регистртэй, Газарч овогт Болдбаатарын Насанжаргалд холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 16-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Болортуяа, хариуцагч Б.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Болортуяагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Насанжаргалтай 1999 онд танилцаж үерхэн, тэдний аавынд хамтдаа амьдарч байсан ба бидний дундаас охин Анударь 2001 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн юм.  Охин маань одоо 15 настай, 10 дугаар ангид суралцах гэж байна. Хүүхэд төрсний дараа бид хэсэг хугацаанд хамт амьдарч байгаад Насанжаргал хот орж ажил хийхээр явсан ба түүнээс хойш хамтдаа амьдахгүй болсон. Охиныг төрснөөс хойш хуульд заасан 14 хоногийн хугацаанд гэрчилгээг нь авах ёстой байсан тул би өөрийн нэрээр овоглож гэрчилгээг нь авсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охин маань төрснөөсөө хойш надтай хамт амьдарч өсч бойжиж байгаа. Насанжаргал охинтойгоо уулздаггүй. Би цаашид охиноо аавтай нь байнга холбоотой байлгаж байна. Охин маань Насанжаргалын хүүхэд мөн ба түүнийг хариуцагч зөвшөөрсөн. Охин маань аавынхаа талаар мэддэг, харин охинд янз бүрийн буруу зүйл ярихгүй, архи дарс уусан үедээ түүнтэй харилцахгүй байхыг хариуцагчаас хүсч байна. Иймд охиноо өөрийн асрамжиндаа үлдээж, түүний хууль ёсны эцэг нь Б.Насанжаргал мөн болохыг тогтоолгож, хуульд заасны дагуу оногдох тэтгэлгийг гаргуулах хүсэлттэй байна. Мөн 14 нас хүртэлх хугацааны тэтгэлэгийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлээ дэмжиж байна. Бидэнд өөр маргаан байхгүй болно гэв.

 

Хариуцагч Б.Насанжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охин Анударь нь Болортуяа бид нарын дундаас төрсөн бөгөөд миний охин мөн юм. Нэхэмжлэгч Болортуяа нь нэхэмжлэл дээрээ худлаа зүйлийг их бичсэн байна. Охин маань анх төрөхдөө л тархины даралттай төрж би эмнэлэгт сахиж, өөрийн цусаа өгч байсан юм. Бид охиныг төрснөөс хойш 1 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Би хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг төлнө. Ер нь Болортуяа надад охиноо эцгийн хайраар хайрлах боломж олгож байгаагүй, охиныг надтай уулзуулдаггүй. Би ч гэсэн энэ хугацаанд уулзах гэж санал тавьж байгаагүй. Анударийн талаар надад ямар ч мэдээлэл дуудлгаж байгаагүй, хаана байгаа нь ч мэдэгддэггүй. Гэтэл олон жилийн дараа заавал шүүхээр явж ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь харамсалтай байна. Анударийг 2-3 настай байхад нь нэг удаа л уулзуулсан байх, өөрөөр огт уулзлууж байгаагүй. Би охиноо өөрийнхөө асрамжинд авахад ч болохгүй зүйл байхгүй. Цаашид охин ээжийнхээ асрамжид өссөн учраас ээжтэйгээ байхад нь татгалзах зүйл байхгүй. Шаардлагатай гэж үзвэл би охиныхоо асрамжийг өөрийн асрамжинд авч болно гэж бодож байна. Би эцэг нь мөн учраас намайг эцгээр тогтоолгох гэснийг зөвшөөрч байна. Харин 14 нас хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн төлөх боломжгүй гэж үзэж байна. Цаашдаа би охинтойгоо уулзаж,  өөрийн боломжийн хэмжээгээр тусалж дэмжиж байх болно. Бидэнд өөр маргаантай зүйл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Болортуяа нь хариуцагч Б.Насанжаргалд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч У.Болортуяа, хариуцагч Б.Насанжаргал нар нь 1999 онд танилцаж үерхэн хоорондоо дотно харьцаатай болж хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд  тэдний дундаас охин Б.Анударь 2001 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн болох нь 1180 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

Хариуцагч Б.Насанжаргал нь охин Б. Анударийг өөрийн хүүхэд мөн гэж зөвшөөрсөн байх бөгөөд Б.Анударь нь төрснөөсөө хойш эх У.Болотуяагийн асрамжинд өсч бойжсон талаар болон түүнийг ээжийнх нь асрамжид байлгах талаар хариуцагч маргаагүй байна.

    

Иймд Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасны дагуу хариуцагч Б.Насанжаргалыг охин Б.Анудрийн эцэг мөн болохыг тогтоож,  эцгээс нь сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж охиныг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь охин Б.Анударийн 14 нас хүртэлх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулахаар нэхэмжилсэн боловч өмнө нь хариуцагч Б.Насанжаргалаар охин Анударьд оногдох хүүхдийн тэтгэлгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн тухай шүүхийн шийдвэр гараагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлин 49.1.-д заасан тэтгэлэг нхөн гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацааны /шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацааны/ тэтгэлгийг нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14 нас хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50 220 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар хариуцагч Газарч овогт Болдбаатарын Насанжаргалыг 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Анударийн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар охин Б.Анударийг эх У.Болортуяагийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Б.Анудрийг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Насанжаргалаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Нэхэмжлэгч У.Болортуяагийн нэхэмжлэлээс охин Б.Анударийн 14 нас хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50 220 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.