| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0233/Э |
| Дугаар | 331 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг ҮД:03-02,
хохирогч Т.Буяннэмэх, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир ҮД:19-81
шинжээч эмч М.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н холбогдох эрүүгийн 1806 0354 02085 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Н
Холбогдсон хэргийн талаар:
А.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” нэртэй баарны гадна хохирогч Т.Буяннэмэхийн нүүрэн тус газар гараараа цохин эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: Шүүгдэгч: Тухайн өдөр Борбаатар, Амартүвшин, Түвшинсанаа, Тамир нарын хамт явж байхад зүүн талд машины зогсоол дээр 4 залуу 2 хүүхнийг авч явах гээд зодоон цохион болж байсан. Миний өөдөөс хохирогчийн найз ирсэн. Би тэр залуутай мууцалдаж байх үед миний араас Борбаатар, Амартүвшин нар ирсэн. Хохирогчийн найз нь Борбаатарыг эхэлж цохиход зөрүүлээд Борбаатар тухайн залууг өвдгөлсөн. Машины ард очиход хохирогч, том биетэй найзын хамт Борбаатар, Амартүвшин, бид гурав луу дайрсан. Би зугтаасан. Гэтэл хохирогч, найзын хамт Борбаатарыг голдоо хийгээд цохиж байсан. Би найз Борбаатарыг цохиулахыг болиулах гэж хохирогчийг цохисон. Би хохирогчийн хохиролд 6.500.000 төгрөгийг төлсөн гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Буяннэмэх мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрхэстэй хамт Мөнхбаатарыг Зүүн дөрвөн замд байх гэрээс нь очиж авсан. Тухайн баарны гадна Эрхэс, Мөнхбаатар, бид гурав такси барьж очсон. Эхлээд Мөнхбаатар явсан. Түүнээс араас Эрхэс таксинаас бууж, би таксины мөнгө төлөөд баарны зүг алхаж явахад машины зогсоол дээр хүмүүс зодолдоод байсан. Намайг яваад очиход Мөнхбаатарыг 4 залуу цохиж байсан. Би зодооныг салгах гэж оролдоход араас 2 залуу ирээд бөөн бужигнаан болж, намайг энд тэндээс цохихоор нь машины зүг зугтаасан. Би тэдгээр хүмүүсийн араас машины хойд талд очиход олон хүн байсан. Тухайн үед миний хажуугаас хүн цохисон. Би шууд газарт унаж ухаан алдсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Буяннэмэхийн өгсөн: ...тэгээд архи ууж дуусаад би найз Эрхэстэй хамт гэртээ орж байж байгаад шөнө 03 цаг өнгөрөөд Эрхэс бид хоёр хамт гарч Мөөжиг буюу Мөнхбаатартай уулзаад 13-р хороололын зүүн талд “Кемпински” зочид буудлын тийшээ бааранд орох санаатай такси барьж явсан юм. Тэгээд таксинаас буугаад замд зогсож байсан 8-9 залуутай гэнэт тэр голд хоёр талаас зодоон болсон ба тэр залуучууд их олуулаа байсан учир манай хоёр найз болон намайг зодсон ба нэг мэдэхэд би газар унаж ухаан алдсан ба миний мэдэж байгаагаар 3-4 хүн нийлээд намайг зодсон юм. Тэгээд л нэг мэдэхэд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч ирсэн. Миний тархи цуурсан байна гэсэн. 2 чихнээс цус гараад тогтохгүй байсан...
...зүүн дөрвөн замын дэргэдэх “Kempinski” зочид буудлын ард байрлах баарны харалдаа зам дээр таксинаас бууж Мөнхбаатар түрүүлэн баарны үүд рүү явж араас нь Эрхэсийн хамт очтол Мөнхбаатарыг үл таних залуу цохиж харагдахаар нь би явж очиж яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд нэг залууг нь барьж автал араас 2-3 залуу толгой руу цохиж бөөнөөрөө дайрч бид нар цагдаа нар байна, та нар амжих уу гээд машин зогсоолд зогсож байсан машины араар оруулж хэдэн талаас бүгдээрээ бүлэглэж цохиж зодоод өндийж бостол бүгд зайгаа аваад холдоод араас цохиод эргээд харахаар зугтаад нэг мэдсэн би Гэмтлийн эмнэлэгт ухаан орж гараад сэрсэн. Шүүх эмнэлгийн эмч Гэмтлийн эмнэлэгт байхад ирж үзээд явсны дараа 3-р эмнэлгээс элэгний нарийн мэргэжлийн эмчид элгээ үзүүлэхэд битүү цохилтоос үүссэн элэгний зөөлөн эдийн бяцрал үүссэн байна гэж хэлсэн бөгөөд мөн миний хамарны яс хугарсан, хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул дээрх гэмтлүүдийг Шүүх эмнэлэгт дахин үзүүлэн баруун чих сонсохгүй байгааг мөн үзүүлэх хүсэлтэй байна...баримтаараа надад 5.000.000 гаран төгрөг байгаа. Эдгээр баримтаа хүлээлгэн өгч болно...гэх мэдүүлэг /хх-ийн 11, 12-14, 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Эрхэсийн өгсөн: ...Тэгээд хойшоо Сансар руу эргэж “Кемпински” зочид буудлын хойд талд” Парис” нэртэй баарны гадна очиж таксинаас буусан ба энэ үед шөнө 04 цаг орчим болж байсан юм. Тэгээд манай хоёр найз түрүүлээд машинаас буусан ба би таксинд үлдэж тооцоогоо хийчихээд тооцоогоо хийчихээд машинаас буугаад хартал “Парис” баарны үүдэнд 10 гаруй залуу нийлээд манай хоёр найзыг зодож байсан юм. Тэгээд би гүйгээд очиход манай найз хоёулаа газар хэвтчихсэн нөгөө залуучууд нь дээрээс нь өшиглөөд зодож байсан юм. Тэр үед Мөөжиг нь наад талд нь зодуулаад Буяннэмэх нь хоёр машины цаад талд зодуулаад хэвтэж байсан юм. Тэгээд би түрүүлээд Мөөжигийг салгаж авчихаад цаашаа Буяннэмэх дээр гүйж очоод түүнийг зодож байсан 5-6 залууд хандаж та нар хүн аллаа шүү дээ гэж хэлээд бараг дээр нь хэвтэж байгаад биеэрээ хамгаалж байтал “Парис” баарны хамгаалагч гурван залуу гарч ирээд нөгөө бид нарыг зодоод байгаа залуучуудыг салгасан юм. Тэр манай найз Буяннэмэх ухаангүй болчихсон, толгой, чих, хамарнаас нь битүү цус гарсан байдалтай ухаангүй газар хэвтэж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Борбаатарын өгсөн: ...Тэгтэл гаднаас ирсэн Сэргэлэн гэх залуу согтоод машинд суухгүй бид нар баарны гадаа автомашины зогсоолын хажууд миний машинд суулгах гээд байж байтал талбай дээр үл таних хоёр эмэгтэй хоорондоо маргалдаж зодолдох гээд хоёр биенийгээ өшиглөөд байхаар нь би очиж салгаад эргээд иртэл А.Нүл таних цагаан пальто өмссөн залуутай маргалдаж байхаар нь би очиж боль гэтэл нөгөө залуу өөдөөс юм яриад байхаар нь би хөлөөрөө өвдөглөөд яв гэтэл намайг шууд шанаадаад би унах алдаад босч ирэхэд хохирогч гэх Буяннэмэх гэх залуу шууд намайг заамдаж аваад намайг боож түлхээд хоёр машины голоор оруулж газар унагаад би босч ирэн түлхэлцэж найзууд болох хохирогчийн найз нар ирэн баахан залуус энэ тэндээс татаж юу болсныг би бас сайн мэдэхгүй байна. Миний нүүр рүү цохиод би харилцан цохиж салсан. Ингээд машины голоос гарч иртэл хохирогч болон түүний найз нэг том биетэй залуу хохирогчийн хамт А.Н, Түвшинсанаа хоёрыг зодох гээд хөөж байхаар нь би хохирогчийг заамдаж барьж авахад хохирогчийн найз залуу мөн намайг хоёулаа нийлж цохиод энэ үед А.Нхажуунаас намайг өмөөрч хохирогчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохитол газар унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Амартүвшингийн өгсөн: ...Бид долоо нийлж баарнаас 0,75 литрийн “Чингис” архи 1 ширхэгийг авч хувааж уугаад бүжиглэж байгаад шөнө 03:00 цагийн үед баарнаас гарч явах гэтэл Сэргэлэн согтоод машинд суухгүй Тамир суулгах гээд зууралдаад би очоогүй хүлээж байтал А.Нүл таних цагаан шаргал өнгийн пальто өмссөн залуутай муудалцах шиг болохоор нь би очиж салгах гэтэл Борбаатар цаанаас ирэн цагаан пальто өмссөн залууг хөлөөрөө өвдөглөхөд нөгөө залуу зөрүүлэн шанаа руу нь нэг шанаадаж цохиод цаанаас нь хоёр том биетэй залуу гарч ирэн хохирогч болох Буяннэмэх, Борбаатар нартай харилцан заамдалцаж аваад машины араар орсон. Энэ үед хохирогчтой хамт явсан өндөр залуутай А.Н, Түвшинсанаа хоёр маргалдаад байхаар нь би очиж боль гээд салгаж байсан. Тэгтэл дахин бүгдээрээ машины араар орон харилцан хэд хэд цохилцоод би хохирогчийн найз болох том биетэй ажлын хантааз өмссөн залууг нэг удаа өшиглөөд буцахад хохирогч нөгөө залуугийн хамт дайрч гарч ирэн бид нар бүгд ухарсан. Тэгтэл би зам тавьж өгч зайлаад цаана үлдээд байж байтал хажуугаар Борбаатар гарч ирэн хохирогчийг шууд очоод хий цохиж хохирогч Борбаатарыг зуурч авч цохисон. Энэ үед А.Нхохирогчийг гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиж хохирогч газар унаад бүгд маргалдахаа больж баарны хамгаалагч залуучууд гарч ирэн больцгоо гээд бид салсан. А.Нгараараа цохиж газар унагаж гэмтээсийг би харсан. Шаргал өнгийн пальто өмссөн залуу А.Нтэй үл ойлголцож маргаж, Борбаатар нөгөө залууг өвдөглөж дээрх залуу зөрүүлэн шанаадаж улмаар зодоон эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Мөнхбаатарын өгсөн: ...Би баарны үүд рүү алхаад явж байхад нэг савхин куртиктай, өндөр биетэй давхраатай алаг нүдтэй залуу дөхөж ирээд шууд надад хандаж чи энд юу хийж яваад байгаа пизда вэ гэж хэлсэн. Би бааранд орох гэж байна гэж хариу хэлээд зогсож байхад уг залуугийн араас гурван залуу хүрч ирээд намайг дөрвүүлээ тойроод зогссон. Тэр үед нэг залуу /шоотой цэнхэр өнгийн цамцтай нь/ чамд юу байгаа юм бэ гээд миний төмсөг хавьцаа өшиглөсөн. Тэр үед би зөрүүлээд шоотой цамцтай залууг цохисон. Ингээд маргаан эхлээд намайг дөрвөн залуу хөөгөөд цаана байсан машины ард аваачаад газар унагаагаад дээрээс өшиглөж, цохиж зодсон. Энэ үйл явдал удаагүй байж байхад нэг залуу одоо боль боль гэсэн хүн хэлэх дуу гарсан. Тэр үед би босох гээд байж байхад цаана Эрхэсийн хоолой гарсан. Та нар боль хүн аллаа шүү дээ гэж хэлж байсан. Би босоод яваад очтол Буяннэмэх газар унасан байдалтай байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Машины ард болж байсан маргаан зогссон боловч нааш гарч ирэхдээ дахин хоорондоо маргалдаж нэг нэгнээ цохин авч байгаа боловч хохирогч Т.Буяннэмэх найзыгаа гэрч Борбаатартай хамт салгаж байгааг харуулав...Гэрч Борбаатарыг хохирогч Буяннэмэх найзын хамт зодож байхад яллагдагч А.Н буцаж ирээд хохирогч Т.Буяннэмэхийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход хохирогч Т.Буяннэмэх шууд газарт унаад босохгүй байгаа зургийг харуулав...гэжээ /хх-ийн 119-125 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5165 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.Буяннэмэхийн биед баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины няцралт, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч М.Энхбаяр гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч М.Энхбаярын өгсөн: ...Би гэмтлийн хүнд зэрэг гарах гэмтлүүдээ бариад хамрын хөнгөн гэмтлийг орхигдуулж бичсэн. Хамрын гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Буяннэмэхийн нүүрэнд учирсан гэмтлүүд нь бүгд нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 116 дугаар тал/,
- Хохирлын баримтууд: /хх-ийн 64-71, 167-170 дугаар тал/
- Шүүгдэгч А.Н нь хохирогч Т.Буяннэмэхэд 2.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 128 дугаар тал/
- Шүүгдэгч А.Н иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44, 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” нэртэй баарны гадна хохирогч Т.Буяннэмэхийн нүүрэн тус газар гараараа цохин эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Буяннэмэхийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Борбаатарын өгсөн “...Ингээд машины голоос гарч иртэл хохирогч болон түүний найз нэг том биетэй залуу хохирогчийн хамт А.Н, Түвшинсанаа хоёрыг зодох гээд хөөж байхаар нь би хохирогчийг заамдаж барьж авахад хохирогчийн найз залуу мөн намайг хоёулаа нийлж цохиод энэ үед А.Нхажуунаас намайг өмөөрч хохирогчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохитол газар унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Амартүвшингийн өгсөн “...Тэгтэл би зам тавьж өгч зайлаад цаана үлдээд байж байтал хажуугаар Борбаатар гарч ирэн хохирогчийг шууд очоод хий цохиж хохирогч Борбаатарыг зуурч авч цохисон. Энэ үед А.Нхохирогчийг гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиж хохирогч газар унаад бүгд маргалдахаа больж баарны хамгаалагч залуучууд гарч ирэн больцгоо гээд бид салсан. А.Нгараараа цохиж газар унагаж гэмтээсийг би харсан. Шаргал өнгийн пальто өмссөн залуу А.Нтэй үл ойлголцож маргаж, Борбаатар нөгөө залууг өвдөглөж дээрх залуу зөрүүлэн шанаадаж улмаар зодоон эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Машины ард болж байсан маргаан зогссон боловч нааш гарч ирэхдээ дахин хоорондоо маргалдаж нэг нэгнээ цохин авч байгаа боловч хохирогч Т.Буяннэмэх найзыгаа гэрч Борбаатартай хамт салгаж байгааг харуулав...Гэрч Борбаатарыг хохирогч Буяннэмэх найзын хамт зодож байхад яллагдагч А.Н буцаж ирээд хохирогч Т.Буяннэмэхийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход хохирогч Т.Буяннэмэх шууд газарт унаад босохгүй байгаа зургийг харуулав...гэх /хх-ийн 119-125 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5165 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Н хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Н гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчийн А.Н гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Т.Буяннэмэх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өөрт учирсан хохирлын талаарх 4.954.380 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг ирүүлснээс шүүгдэгч А.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.500.000 төгрөгийг, шүүхийн шатанд 4.000.000 төгрөгийг нийт 6.500.000 төгрөгийг төлсөн байх ба илүү 2.317.332 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 64-71, 167-170, 128, 189 дүгээр тал/
Мөн Т.Буяннэмэх нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг нэхэмжилж байна.
Хохирогч Т.Буяннэмэх нь “Ган хийц” ХХК-д хөдөлмөр-хамгааллын инженер албан тушаалд сарын 990.000 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан болох нь “Ган хийц” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №12 тоот болон Нийгмийн даатгалын №0261169 дугаартай дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 150-151 дүгээр тал/
Шүүгдэгч А.Нгэмт үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл группэд орж сарын 281.616 төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авч байгаа болох нь тэтгэвэр тэтгэмжийн №0335505 дугаартай дэвтэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон №0199356 тоот акт, Нийгмийн даатгалын хэлтэсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын №199356 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 149-150, 153 дугаар тал/
Иймд хохирогч Т.Буяннэмэхийн цалин тэтгэмжийн зөрүүг тооцоход:
990.000-281.616 =708.384 төгрөг болж байна.
Шүүгдэгч А.Нэс цалин тэтгэмжийн зөрүүг 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл гаргуулахаар тооцоход:
11 сар х 708.384 =7.792.224 төгрөг болж байх ба шүүгдэгч А.Нэс хохиролд илүү төлсөн 7.792.224-2.317.332=5.474.892 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Буяннэмэхэд олгох үндэслэлтэй байна. Мөн хохирогч Т.Буяннэмэхийн цалин тэтгэмжийн зөрүүг 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарыг дуустал сар бүр 708.384 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Буяннэмэх нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан зэргийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 47 дугаар тал/
Шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Н хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Нд оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Нд оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нэн даруй барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар А.Нэс /РД:МЮ96012711/ 5.474.892 /таван сая дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч Т.Буяннэмэхэд олгох, мөн 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар дуустал сар бүр 708.384 /долоон зуун найман мянга гурван зуун наян дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.
8. Хохирогч Т.Буяннэмэх нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ