Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 222

 

                                         

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                            

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар байрны 65 тоотод оршин суух, эмэгтэй, ЦЗ52082501 дугаарын регистртэй, Хүрд овогт Тодын Оюунцэцэгийн,

хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 8 573 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 18-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаа, иргэдийн төлөөлөгч Д.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.                                                                 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:      

                                                                    

Нэхэмжлэгч Т.Оюунцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нараас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Оюунцэцэг нь “Нью Линк интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба ингэж ажиллаж байхад нь 2012 оны 8 дугаар сарын 01-нд нэр бүхий 28 иргэнээс тус компанийн нэрээр Америкийн Нэгдсэн Улс, Голланд, Бүгд Найрамдах Солонгос Улсад оюутан суралцуулах, ажиллах хөтөлбөрт хамруулна гэж гэрээ байгуулах нэрийдлээр халхавчлан залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэ компани нь 1999 онд байгуулагдсан, түүнээс хойш оюутан гадаадад зуучлах үйл ажиллагааг тогтмол эрхэлж байсан ба нийтдээ 5000 орчим оюутанд зуучилж гадаадад явуулсан байдаг. 2012 оны 8 дугаар сарын 14-нд сэжигтнээр тооцож, 2012 оны 11 дүгээр сарын 05-нд яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. 2013 оны 6 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 191/Я тоот захирамжаар Т.Оюунцэцэгийг цагдан хорьсон. Ингээд 2013 оны 7 дугаар сарын 22-нд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгчийн захирамжаар хорихоос гаргасан. Нийт 2013 оны 6 дугаар сарын 17-ноос 7 дугаар сарын 22-ныг хүртэл 34 хоног цагдан хоригдсон. 2014 оны 6 дугаар сарын 02-нд Дүүгийн 1 дүгээр Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны 975 дугаартай цагаатгах тогтоолоор Т.Оюунцэцэгийг цагаатгасан. Гэтэл Цогтгэрэл гэгчийн нэхэмжлэлээр Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 114 тоот магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан байдаг. Ингээд холбогдох шалгалт хийж 2015 оны 5 дугаар сарын 27-нд Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурорын 495 тоот тогтоолоор Т.Оюунцэцэг, Ц.Ариунболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс нэхэмжлэгч нь 34 хоног хууль бусаар цагдан хоригдсон хохиролд 4 773 600 төгрөг, мөн өмгөөллийн хөлсөнд төлсөн 3 800 000 төгрөг, бүгд 8 573 600 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед Т.Оюунцэцэг нь хоригдож байсан учраас өөрийг нь төлөөлж гэр бүлийн гишүүд болох түүний хүү М.Гантулга нь өмгөөлөгч Ч.Отгонбаатартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, охин М.Уянга нь уг мөнгийг өмгөөлөгчид хүлээлгэн өгсөн. Өмгөөлөгч Ч.Отгонбаатар нь шүүх хуралдаанд оролцсон, прокурорт олон удаа байцаан шийтгэх ажиллагаатай холбоотойгоор хүсэлт гаргаж өмгөөлөх эрх, үүргээ хэрэгжүүлж байсан нь нотлогддог. Иймд нэхэмжлэгч Т.Оюунцэцэгт хууль бусаар цагдан хоригдож хохирсон тул төрийн сангаас 8 573 600 төгрөгийг гаргуулж олгон нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

           

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Б.Байгалмаагаас тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Оюунцэцэг нь 2013 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 22-ныг хүртэл цагдан хоригдсон болох нь цагдан хорьсон болон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсэн тухай шүүгчийн захирамжуудаар нотлогдсон. Т.Оюунцэцэгт холбогдох хэргийг хамгийн сүүлд Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Дэлгэрмөнх ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1., 208 дугаар зүйлийн 208.1.1.-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон 495 тоот прокурорын тогтоолоор шийдвэрлэсэн байна. Т.Оюунцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчөөр Ч.Отгонбаатарыг авч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Түүний хүү М.Гантулга гэрээг хийсэн, охин М.Уянга нь өмгөөллийн хөлсөнд 3 800 000 төгрөг төлсөн нь мөнгө хүлээж авсан баримт, өмгөөллийн гэрээ зэргээр нотлогдсон байна. Иймд хохиролд нийт 8 573 600 төгрөгийг гаргуулан Т.Оюунцэцэгт олгон шийдвэрлэх хууль үндэслэлтэй үзэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.Оюунцэцэг нь эрүүгийн хэрэгт хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд 4 773 600 төгрөг, өмгөөллийн хөлс 3 800 000 төгрөг, бүгд 8 573 600 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3.-т….”Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана” гэж заасан бөгөөд Т.Оюунцэцэг нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлагаа гаргасан байна.

 

Т.Оюунцэцэгийг “Нью Линк интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2007 оноос 2013 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үссгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

 

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-т заасан гэмт хэрэгт ял сонсгон, яллагдагчаар татаж, 2013 оны 6 дугаар сарын 14-нд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, 2013 оны 7 дугаар сарын 22-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.

 

Дээрх үйл баримтууд нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 201201041146, 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 201301040153 тоот эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолууд, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, яллагдагчаар цагдан хорих тухай” 191\Я дугаартай, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” 191\Ө дугаартай захирамжууд зэргээр нотлогджээ.

 

Т.Оюунцэцэгт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснээр 2014 оны 8 дугаар сарын 25-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 975 дугаартай цагаатгах тогтоолоор түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4.-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байх ба 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 114 дүгээр магадлалаар 975 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгон Т.Оюунцэцэг нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн байна.

 

Үүний дагуу уг хэрэгт дахин мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1., 208 дугаар зүйлийн 208.1.1.-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 495 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Т.Оюунцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Уг  прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

    

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “….Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасан ба дээрх баримтуудаас үзэхэд Т.Оюунцэцэг  нь онц хүнд гэмт хэрэгт үндэслэлгүйгээр, хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар татагдан улмаар түүнд яллах дүгнэлт үйлдэн, 2013 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 22-ныг хүртэл 34 хоног цагдан хоригдсон байна.

 

    Иймд Т.Оюунцэцэг нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “… Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т  “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан... этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасны дагуу өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3., 389.4., 390 дүгээр зүйлийн 390.1.1., 390.1.5.-т тус тус заасны дагуу эд хөрөнгийн хохиролд хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс, олох байсан орлого зэргийг оруулан тооцохоор зохицуулжээ.

 

   Иймээс Т.Оюунцэцэгийн хууль бусаар цагдан хоригдсон 34 хоногийг,  Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасан цагдан хоригдсон 1 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэх зарчмыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 400 төгрөгөөр тэнцүүлэн,  4 773 600 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах боломжтой гэж үзлээ.

 

Түүнчлэн Т.Оюунцэцэг нь эрүүгийн хэрэгт шалгагдан цагдан хоригдож  байхдаа эрх зүйн туслалцаа авахаар өөрийн хүү М.Гантулгаар дамжуулан өмгөөлөгч Ч.Отгонбаатартай 2013 оны 6 дугаар 20-нд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, охин М.Уянгаар дамжуулан өмгөөллийн хөлсөнд 3 800 000 төгрөгийг төлсөн болох нь М.Уянгаас Ч.Отгонбаатарт дээрх мөнгийг хүлээлгэн өгсөн тухай 2013 оны 6 дугаар 20-ны өдрийн тасалбар, 2013 оны 7 дугаар сарын 01, 15-ны өдрүүдэд өмгөөлөгч Ч.Отгонбаатараас мөрдөн байцаагчид гаргаж байсан хүсэлтүүд, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 975 дугаартай цагаатгах тогтоол зэргээр нотлогдсон байх тул 3 800 000 төрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган нийт 8 573 600 төгрөгийг олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

                                                                                                                        ТОГТООХ нь:

       

 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.4., Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7.-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 8 573 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Оюунцэцэгт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш оролоцгчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.