Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00816

 

 

2024 04 19 210/МА2024/00816

 

хххххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

ХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/00391 дугаар шийдвэртэй,

 

хххххххх-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 180/01, 180/02 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 150/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23280174/180-03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ХХХХдугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2022/01792 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2022/01322 дугаар тогтоолын дагуу хххххххх нь Чингисхаан банк ХХК-д 2,200,000,000 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд ХХХХ тохижилт ХХК, хххх нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

1.2. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Учир нь төлбөр төлөгч биш хххххыг дуудаж мэдэгдэл өгөх, түүний ээжийн амьдарч байгаа /барьцаа хөрөнгө/ орон сууцанд очиж ээжийг нь байлцуулан хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг тус тус явуулсан. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл болон эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ төлбөр төлөгч биш этгээдэд танилцуулж, тэмдэглэл үйлдэх байдлаар хураах, битүүмжлэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөж, төлбөр төлөгч биш этгээдийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг сэргээх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үндэс болно.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 180/01, 180/02 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн болон 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 150/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ыг тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны 1384 дүгээр шийдвэрээр хххххххх-аас 2,270,623,858 төгрөгийг гаргуулж ХХХ-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаарх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгч хххххххх-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ххххгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2204038175 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол улс гудамж, 412 дугаар байрны 245 тоот хххх орон сууц, "ХХХХ тохижилт" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын ХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХ дүүрэг, 01 дүгээр хороо, 5 дугаар хороолол /14251/, Нарны зам гудамж, 3 тоот хаягт байрлах, 1260,6 м.кв талбайтай контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 000318659 дугаар гэрчилгээтэй, 3,652 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газрыг хамт битүүмжлэн хураасан.

2.2. ххххх гэж хүнд мэдэгдэл хүргүүлж байгаагүй. Харин хххх, хххх нарыг дуудах ажиллагаа хийсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нэхэмжлэгч хххххххх-ийн гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.10-ны өдрийн 180/01, 180/02 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.03.14 болон 2023.04.06-ны өдрийн 150/03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.03.14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч биш хххххыг дуудах мэдэгдэл өгөх, түүний ээжийн амьдарч байгаа барьцаа хөрөнгө орон сууцанд очиж ээжийг нь байлцуулан хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн талаар анхан шатны шүүхэд тайлбарласан боловч анхаарч үзээгүй.

4.2. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан. Тус хүсэлтийг шүүх хүлээн авсан. Бидний хувьд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан болох хүртэл хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаж, харилцан ярилцсан боловч өмгөөлөгчийн хөлс өндөр байснаас өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд энэ талаараа шүүхэд тайлбарлаж заавал өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргахад хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгч авах нь хувь хүний өөрийнх нь зохион байгуулалтын асуудал. Энэ хугацаанд өмгөөлөгч авна гэж шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хууль зүйн мэдлэгтэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлж оролцож байж дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч хххххххх нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 180/01 дугаар Зарлан дуудах мэдэгдэл, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 180/02 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн болон 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 150/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 41/

 

 

 

3. ХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ХХХХдугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2022/01792 дугаар магадлалаар хххххххх-аас 2,259,187,967.05 төгрөг гаргуулж Чингисхаан банк ХХК‑д олгож, үүрэг гүйцэтгэгч сайн дураар үүрээр гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ХХХХ тохижилт ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын ХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХ дүүрэг, 01 дүгээр хороо, 5 дугаар хороолол /14251/, Нарны зам гудамж, 3 тоот хаягт байрлах, 1,260.6 м.кв талбайтай контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ХХХХ тохижилт ХХК-ийн өмчлөлийн газар эзэмших эрхийн 000318659 дугаарын гэрчилгээтэй, ХХХХ дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, 3,649 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар, ххххгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2204038157 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол улс гудамж, 412 дугаар байрны 245 тоот хаягт байрлах, хххх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх44-54/

 

3.1. хххххххх нь дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн гүйцэтгэх баримтыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23280174 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч нарыг зарлан дуудах, төлбөрөө төлөх талаарх мэдэгдлүүдийг хүргүүлж, улмаар барьцаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулсныг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ. /хх55, 71-73/

 

4. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээдэд төлбөр төлөх талаарх мэдэгдэл хүргүүлсэн, барьцаа хөрөнгийг битүүмжлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4.1. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 180/01, 180/02 дугаар Зарлан дуудах мэдэгдэл-ээр төлбөр төлөгч хххххххх-ийн гүйцэтгэх захирал хххх, хувьцаа эзэмшигч Б.Ундраа нарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудсан байна. /хх63-65/

 

4.2. Мөн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 150/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл-ийг төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч хххх нарт хаяглан, мэдэгдсэн байна. /хх69, 72/ Иймд тухайн мэдэгдлүүдийг ххххх гэх төлбөр төлөгч бус этгээдэд мэдэгдсэн талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

 

4.3. Түүнчлэн, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23280174/180-03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ын дагуу барьцаа хөрөнгийг битүүмжлэхдээ, тухайн хөрөнгийг эзэмшиж буй этгээдийг уг ажиллагаанд байлцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд төлбөр төлөгч биш хххххыг дуудах мэдэгдэл өгөх, түүний ээжийн амьдарч байгаа барьцаа хөрөнгө орон сууцанд очиж ээжийг нь байлцуулан хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах тухай хүсэлтийг хангаагүй, эрхийг нь зөрчсөн гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/01909 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Иймд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6. Харин давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заахыг хуульчлан тогтоосон.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч хххххххх-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ямар хуулийн, зүйл, хэсэг, заалтыг баримталсан болохоо шийдвэрийн тогтоох хэсэгт огт тусгаагүй байна. Энэ нь тухайн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй учраас давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, шийдэлд үндэслэн шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

6.2. Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал, үндэслэх нь хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг Максимус капитал ХХК гэж буруу бичсэн байгааг зөвтгөн хххххххх гэсэн өөрчлөлт оруулж байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/00391 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 180/01, 180/02 дугаар Зарлан дуудах мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 150/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23280174/180-03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ыг тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээхийг даалгах тухай нэхэмжлэгч хххххххх-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА