Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00825

 

 

 

 

 

2024 04 19 210/МА2024/00825

 

 

хххххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/04299 дугаар шийдвэртэй,

 

хххххххх-ийн нэхэмжлэлтэй,

ххххххх-д холбогдох,

 

693,957,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. хххххххх нь ххххххх-тай 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Арматур худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 2.1.1-д зааснаар нийт 1,200 тонн арматурыг 2,640,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах мөн гэрээний 5.2.1-д зааснаар барааг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. хххххххх нь Хаан банк дахь хххххх тоот данснаас ххххххх-ийн данс руу хоёр хувааж шилжүүлсэн.

1.2. Гэтэл ххххххх нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүлээлгэн ёстой 1,200 тонн арматур төмрөөс өнөөдрийг хүртэл 390,456,200 төгрөгийн үнэ бүхий 177.48 тонн арматур төмрийг нийлүүлэхгүй манай компанийг хохироож байгаа тул гэрээг цуцалсан.

1.3. Түүнчлэн, Монгол улсад 2002 оноос эхлэн барилгын төмөр бетон бүтээцийн ган туйвангийн талаар MNS JIS G 3112:2002 стандартыг мөрдөж эхэлсэн бөгөөд энэхүү стандарт нь ган туйван буюу хэлж заншсанаар арматур төмрийн хатуулаг, орц найрлага, гангийн хэмжээ, 1 мерт эзлэх жин зэрэг үзүүлэлтүүдийг журамласан байдаг. ххххххх-ийн нийлүүлсэн арматур нь стандартад нийцсэн боловч хүлээлгэн өгсөн баримт дээр арматурын 1 метрт эзлэх жинг зориудаар өсгөж тавьсан учир 990.369 тонныг нийлүүлсэн мэт тооцоо гарч байна. Бодит байдал дээр стандартын дагуу тооцоход нийт 921,369 тонн арматур нийлүүлсэн байна. Иймд ххххххх-ийн дутуу нийлүүлсэн 278.631 тн арматурын 1 тонныг нь 200,000,000 төгрөгөөр тооцвол 612,988,200 төгрөг болж байгаа. Үүнээс өмнө нь эргүүлэн авсан 150,000,000 төгрөг болон тээврийн зардал 350,000 төгрөгийг хасаж тооцон 462,638,200 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй байна.

1.4. Гэрээний 6.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс давж байгаа тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 231,319,100 төгрөгийн алдангийг нэмж, нийт 693,957,300 төгрөгийг ххххххх-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1. хххххххх-д 1 тонн арматур төмрийг 2,400,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, нийлүүлэлт хийгдсэн. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр [email protected] и-мэйл хаягаас манай хххххаяг руу 749.79 тонн арматурыг 1,799,496,000 төгрөгт авсан талаарх тооцоо нийлэхээр манай компанид хандсан. Үүнээс хойш манай компани 1 тонн арматурыг харилцан тохиролцсоны дагуу 2,400,000 төгрөгөөр тооцож, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн нийлүүлэлтээр 240.579 тонн буюу 577,389,600 төгрөгийн арматур нийлүүлсэн.

2.2. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг бол арматур нийлүүлэх байсан. Харин гэрээнд заасны дагуу урьдчилан 3 хоногийн өмнө нэхэмжлэгч захиалгаа өгсний дагуу арматурыг нийлүүлэхээр үүрэг гүйцэтгэх хугацааг тохирсон тул хариуцагчийн зүгээс үүргийн зөрчил гаргаагүй болно. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг буцаан төлсөн. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нэхэмжлэгч арматур авах захиалга өгөөгүй. Мөнгөө авахаар шаардсан. Энэ үйлдлээс нь гэрээнээс татгалзсан болохыг хариуцагч ойлгож, хүлээн зөвшөөрсөн.

2.3. Манайх нэхэмжлэгчид 112,764,400 төгрөг төлөх үлдэгдэлтэй. Гэвч нэхэмжлэгч нь ххххх-д бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 387,349,500 төгрөгийн өртэй. Энэхүү төлбөрийг хүлээн авах эрхийг ххххх-аас ххххххх-д Эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлсэн. Иймд 387,349,500 төгрөгийн авлагаасаа манай компани нэхэмжлэгчид төлбөл зохих 112,764,400 төгрөгийг хасч, харин нэхэмжлэгчээс 274,585,100 төгрөгийн авлагатай юм.

2.4. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж төлсөн мөнгөө шаардаж байгаа энэ тохиолдолд гэрээний 6.1-д заасан алдангийг шаардах эрхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ххххххх-аас 112,764,400 төгрөг гаргуулан нэхэмжпэгч хххххххх-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 581,192,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжпэгч хххххххх-аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 3,785,686 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ххххххх-аас 721,772 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй байна.

4.1. Гэрээнд талууд мөрдөх стандартын талаар техникийн алдаа гаргаж стандартын дугаарыг МNS4241:200 гэж буруу бичсэн нь одоо Монгол улсад нийтээрээ мөрдөж байгаа стандартыг дагаж мөрдөхгүй байх үндэслэл болохгүй юм. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Стандарт, хэмжил зүйн газар болон Барилга, Хот байгуулалтын яам-аас нэхэмжлэгч талд хандаж ирүүлсэн MNS JIS G 3112:2002 дугаартай стандартыг 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэсэн агуулгатай нотлох баримтууд, нэхэмжлэгч талаас гаргасан MNS JIS G 3112:2002 стандартын дагуу бодож гаргасан инженерийн тооцоолсон баримт, арматур нийлүүлсэн санхүүгийн анхан шатны баримт, түүнд нийцүүлэн гаргасан нэмэгдүүлсэн шаардлага зэрэг нотлох баримтуудаар гэрээгээр тохирсон стандартад нийцэхгүй байгааг нотолсон байдаг. Харин хариуцагч талын нийлүүлсэн гэх 990.369 тонн арматурыг MNS JIS G 3112:2002 стандартын дагуу бодож үзвэл 69 тонн арматурын зөрүү гарч байна. Хариуцагч талын тооцооллоор 1,200 тонн арматур нийлүүлэхээс 990.369 тонн арматур нийлүүлсэн гэж тооцож байгаа бол нийлүүлээгүй үлдсэн арматур нь 209.631 тонн арматур дутуу нийлүүлсэн гэсэн тооцоо гарч байна. Нийлүүлээгүй үлдсэн 209.631 тонн арматурыг гэрээнд заасан үнэ болох 2,200,000 төгрөгөөр тооцож үзвэл 461,188,200 төгрөг байна. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн нийлүүлсэн гэх 990.369 тонн арматур нь Монгол улсад мөрдөж байгаа MNS JIS G 3112:2002 стандартын дагуу тооцож үзвэл сортоментийн зөрүү болох 69 тонн арматурыг хасаж тооцоод 921.369 тонн нийлүүлсэн гэж үзнэ. Иймд хариуцагч 1,200 тонн арматур нийлүүлэхээс 921.369 тонн арматур нийлүүлсэн бол нийлүүлээгүй үлдсэн нийт арматур нь 278.631 тонн арматур байна. Нийлүүлээгүй үлдсэн 278.631 тонн арматурыг гэрээнд заасан үнэ болох 2,200,000 төгрөгөөр тооцож үзвэл 612,988,200 төгрөгийн арматур байна. Үүнээс эргүүлэн авсан 150,000,000 төгрөг, тээврийн зардал 350,000 төгрөг, нийт 150,350,000 төгрөгийг хасаж тооцоод 462,638,200 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэрээнд заасан арматурын үнийг бүтнээр урьдчилж төлсөн байхад хариуцагч тал нь арматураа бүрэн нийлүүлж чадаагүй бол үнийг нь эргүүлж төлөх нь хуульд нийцнэ. Харин шүүх энэхүү нийлүүлээгүй үлдсэн арматурын үнэ буюу 462,638,200 төгрөгийн нэхэмжлэлээс Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг болон гэрээний үнийг өөрчилсөн нь тогтоогдсон гэж үзэж /2,640,000,000- 2,376,885,600=263,114,400-150,350,000=112,764,400/ буцаан авсан 150,000,000 төгрөг, тээврийн зардал 350,000 төгрөгийг хасаж, 112,764,400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, гэрээгээр тогтоосон тоо, хэмжээгээр арматурыг нийлүүлээгүй буюу сортоментийн зөрүү гаргаж хууран мэхэлсэн тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэхгүй.

4.2. Мөн анхан шатны шүүх гэрээний үнийг 2,200,000 төгрөг байсныг 2,400,000 төгрөг болгон өөрчилсөн нь нотлогдсон гэж үзээд нийлүүлсэн 990.369 тонн арматурын үнийг 2,376,885,600 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй. Эдгээр хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийгдээгүй хэлцэл гэж үзнэ. Зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр буюу нөгөө талынхаа зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр илгээсэн цахим захидал, үнийг өсгөж бичсэн зарлагын баримт зэрэг нь хуулийн хүчин төгөлдөр хэлцэлд тооцохгүй ёсгүй юм.

4.3. Талууд гэрээнээс татгалзах талаар ямар нэгэн санал гаргаагүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх гэрээг цуцалсантай холбоотойгоор гэрээнээс үүсэх үр дагавар буюу гэрээгээр тохиролцсон алдангийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Энэхүү гэрээ нь барааны үнийг бүрэн төлсөн, барааг бүрэн нийлүүлснээр дуусгавар болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцлах агуулгаар гаргаагүй бөгөөд харин нийлүүлээгүй барааны үнийг гаргуулан, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас төлбөл зохих анзыг шаардан гаргуулж гэрээг дуусгавар болгох агуулгаар гаргасан. Иргэний хууль болон Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмжид гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тохиолдолд анз шаардах эрхгүй байхаар заасан. Иймд өнөөдөр гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээний үүргийг шаардах нь зүйн хэрэг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан арматур худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч талын хүсэлтээр цуцалж дуусгавар болгосон. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 150,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан өгсөн, үлдэгдэл 112,000,000 төгрөгийн өглөгтэй байсан. Нэхэмжлэгч шүүхэд мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээ дуусгавар болсон байхад алданги шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

5.2. 1 тонн тутмыг 2,400,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцоогүй гэж анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч тал тайлбарласан. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэйлд үзлэг хийгээд 2,400,000 төгрөгөөр тохиролцсон гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгч өөрөө 2,400,000 төгрөгөөр тооцоо нийлье гээд санхүүгийн тамга тэмдгээ дараад тооцооны үлдэгдлийн баталгаа явуулсныг бид хүлээн зөвшөөрсөн. Учир нь гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа арматурын зах зээлийн үнэ 3,200,000 төгрөг болсон. Бид 2,200,000 төгрөгөөр тохиролцоод хэрэв зах зээлийн үнэ нэмэгдэх юм бол талууд харилцан зөвшилцөж шийднэ гэж гэрээнд заасан. Арматурын зах зээлийн үнэ нэмэгдлээ, ковид цар тахлын нөхцөл байдал нөлөөлчихлөө гэдэг байдлаар харилцан тохиролцоонд хүрэхийг санал болгосон. Үүний хариуд 1 тонн тутмыг 2,400,000 төгрөгөөр тооцъё гэдэг байдлаар нэхэмжлэгч мэйлээр саналаа тавиад бид хүлээн зөвшөөрөөд үлдэгдэл мөнгөнөөс нь 150,000,000 төгрөгийг бэлнээр төлөөд 112,000,000 төгрөгийн өглөгтэй явж байсан. Үүний дараа нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч компаниас 387,000,000 төгрөгийн авлагатай гэдэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх энэ баримтыг хэрхэн дүгнэсэн талаар шийдвэрт дурдаагүй. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 387,000,000 төгрөгөөс 112,000,000 төгрөгийг тооцуулъя гэсэн тайлбар гаргаж байсан. Бид энэ асуудлаар давж заалдах гомдол гаргах байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эвлэрье гэсэн санал тавиад гомдол гаргуулаагүй. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэзээ ч эвлэрэх боломжтой учраас нэхэмжлэгч талд итгэсэн. Нэхэмжлэгч компани шударга ёсны зарчимд нийцэхгүй үйлдэл гаргаж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч хххххххх нь хариуцагч ххххххх-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 693,957,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. хххххххх, ххххххх-ийн хооронд 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21/02 дугаартай Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч ххххххх нь худалдан авагч хххххххх-д HRB400 маркийн 1 тонн арматурыг 2,200,000 төгрөгөөр тооцож нийт 1,200 тонн арматурыг 2,640,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр болох талаар зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагч талд 1,200 тонн арматурын үнэ 2,640,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд нийт 990,369 тонн арматур нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

5.1. Нэхэмжлэгч талаас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид цахимаар хүргүүлсэн арматурын тооцоолол гэх баримтыг үндэслэн талууд 1 тонн арматурын нэгжийн үнийг 2,400,000 төгрөг болгон өөрчилсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцжээ. Цахим баримтад анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тул баримтаар үнэлэх боломжтой. Иймд гэрээнд өөрчлөлт ороогүй байхад нотлох баримтыг буруу үнэлсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

5.2. Түүнчлэн, хариуцагчийн нийлүүлсэн арматур гэрээгээр тохиролцсон стандартад нийцэхгүйн улмаас 69 тонноор дутсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн. Өөрөөр хэлбэл Үүр тээл ХХК-ийн зарлагын баримтуудад нийлүүлсэн арматурын хэмжээг буруу гэж хүлээн авагч болон нэхэмжлэгч тал тодорхойлоогүйгээс гадна тухай бүрт нь сортоментийн зөрүүгийн талаар мэдэгдэж байгаагүй байна. Гэрээ аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгч тал холбдогдох баримтыг үйлдэж нөгөө талдаа мэдэгдэх боломжтой байсан гэж дүгнэнэ. Иймд нэхэмжлэгч талын гаргасан холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.3. Зохигчдын тайлбар, маргаагүй үйл баримт болох хариуцагч нь нэхэмжлэгчээс 150,000,000 төгрөгийг буцаан авсан, мөн гэрээний дагуу төлбөрөө гаргуулахаар буцаан шаардсан зэргээс дүгнэвэл талууд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалсан тул мөн хуулийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нийлүүлэгдээгүй барааны үнийг буцаан шаардах эрхтэй. Анхан шатны шүүх гэрээ цуцлагдснаар худалдах, худалдан авах гэрээний үнийг буцаан шаардах эрхийг буруу тайлбарласнаас хууль хэрэглээний алдаа гарсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах үндэслэлийг гэрээнд илүү төлсөн үнийг шаардах эрхээр тодорхойлж шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

5.4. Харин гэрээ цуцлагдаж, барааны үнэд төлсөн төлбөрийг буцаан шаардаж буй тохиолдолд үндсэн үүргийн гүйцэтгэлд чиглэгдсэн хариуцлагыг тооцох үндэслэлгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгч талын энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6. Анхан шатны шүүх дээрх байдлаар талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаж буй үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт буруу баримтласан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/04299 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...254 дүгээр зүйлийн 254.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,063,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЗОЛЗАЯА