Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00833

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/000833

 

 

хххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2023/02810 дугаар шийдвэртэй,

хххххгийн нэхэмжлэлтэй,

хххххд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, хариуцагч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ххххх нь хххххд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. ххххх нь зээлийн хүүд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11,12 дугаар сарын хүү, алданги 1,775,000 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлж, 5 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

1.2. Талууд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэмэлтээр гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 5,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр нэмж зээлсэн. Зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг болсон. Энэ гэрээнд зээлийн хүүг төлөөгүй бол талууд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

ххххх нь зээлийн хүүд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 5,6 дугаар сарын хүү 1,500,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг тус тус төлсөн.

1.3. Иймд нэг жилийн хугацаанд хүү төлснийг хүлээн зөвшөөрч, үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, түүний хүү болон алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч хххххаас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххх нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр автомашины гарааш худалдан авахаар хххххгаас 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Тус зээлийг 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн санхүүгийн боломжоороо 1,000,000 төгрөгөөр төлөөд явсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг төлөөд 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

2.2. Гэтэл ххххх намайг ажил дээрээ дуудаад мөнгө хэрэгтэй бол нэмж авч болно гэсэн. Нэмэлт гэрээ хийгээд 5,000,000 төгрөг авахад 1,775,000 төгрөгийг надаас буцааж авсан. Ковидын маш хүнд 2021, 2022 онд чадлаараа төлсөн. 10 хувийг 5 хувь болгож бууруулах боломж байна уу гэж тайлбарлаад байна.

2.3.хххххгаас 13,225,000 төгрөг авсан. Нийт 17,775,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч хххххаас 337,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххххд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,662,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 10,775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххххд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. ххххх нь тухайн зээлийн хүүд 2021 оны 07 дугаар сараас 10 дугаар cap хүртэл cap бүр 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11,12 сарын хүү, алданги 1,775,000 төгрөгийг тус тус төлж үндсэн зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг үлдсэн. Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дээрхи зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан нэмж 5,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээг байгуулсан.

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний 7-д 2021.12.13-ны өдрийн байдлаар 10 сая төгрөг зээлсэн байгаа ... гэсэн байх бөгөөд зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 4 сарын хугацаанд хүү болон алданги төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн үүнийг үгүйсгээгүй, нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Энэ заалтаар зээлдэгч хүү төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв, бусад нотлох баримт болон хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй хамаарал бүхий эсэх зэргийг үнэлээгүйд гомдолтой байна.

4.2. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 5 дахь хэсэгт ...Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчид Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг үндэслэн гэрээний 2 дахь хэсэгт заасан хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг 1 жилийн хугацаатай байхаар тохиролцов... хэмээн гэрээний хугацаа болон хүү төлөх үүргийн талаар тодорхой дурдсан байхад анхан шатны шүүхээс дээрх заалт ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцэхгүй юм... хэмээн дүгнэсэн нь Иргэний хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн хариуцагч ххххх нь зээлийн гэрээний хүүг 1 жилийн хугацаатай гэдгийг хүлээн зөвшөөрч 05, 06, 07 саруудын хүүг төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа билээ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. гэж заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан.

Хариуцагч нь 10,000,000 төгрөгийг нийт 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд үүнээс сарын хүүг 10 хувь байхаар тохиролцож cap бүр 1,000,000 төгрөгийг төлж байсан. Ингэхдээ 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар cap хүртэлх хугацаанд хүү төлсөн бөгөөд үүнээс хойш үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг болон нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл 08 болон 09 сарын хүүг төлөөгүй юм. Үүнээс үзвэл хариуцагч ххххх нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй тул хүү төлөх үүрэгтэй юм. Энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасанчлан талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан нь хүү шаардах эрхтэй гэж үзэж байна. Бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт заасны дагуу хүү төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг зөрчсөн мэтээр тайлбарласан нь илтэд үндэслэлгүй шийдвэр юм. Талууд гэрээг хууль заасан бичгээр байгуулах шаардлагыг хангаж гэрээний дагуу хүү тооцож төлөхөөр харилцан тохиролцож төлсөн байхад бичгээр гэрээ байгуулаагүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй юм.

4.3. Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ...гэрээг тайлбарлахдаа түүний үгийг шууд утгаар анхаарна... гэж дүгнэсэн атлаа аль үгийг буруугаар тайлбарласан талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл, ямар үгийн агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа тухай шийдвэрт дурдаагүй. Талууд гэрээний хугацааг 1 ба 4 сарын хугацаатай байхаар тохиролцсон талаар маргаагүй бөгөөд гэрээний 5 дахь хэсэгт заасан үгийн утга нь ...гэрээний хугацааг зээлдэгч зөрчсөн тохиолдолд гэрээний дагуу хүү төлөх хугацааг сунгах...-тай холбоотой талуудын тохиролцоо байхад шүүх илтэд үндэслэлгүйгээр тайлбарлан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй юм хэмээн хуулийг илтэд буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. Шүүх хэргийг үнэн зөв талаас нь шийдээгүй, хариуцагч үндсэн зээлээс төлөлт хийгээгүй байхад хийсэн мэтээр тайлбарлаж үндсэн зээлийг төлсөн болон нэхэмжлэгчийг хүү,алданги авах эрхгүй хэмээн үзэж хариуцагчийн үндэслэлгүй тайлбарт үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараа дэмжиж байна. хххххгаас 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Мөн нэмэлт гэрээгээр 5,000,000 төгрөгийг зээлсэн боловч 1,775,000 төгрөгийг алданги, хүүгийн төлбөрт авсан тул 3,200,000 төгрөг гэж тооцож, нийт 13,200,000 төгрөгийн зээл авсан. 2021, 2022 онд зээлийн төлбөрийг сар бүр төлж, нийт 17,500,000 төгрөгийг хххххгийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед ковид-19 цар тахлаас болж, миний цалин 50 хувиар буурсан тул 10 хувийн хүүг бууруулах хүсэлтийг гаргаж байсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххххаас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. ххххх, ххххх нар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ххххх нь 10,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, ххххх нь гэрээгээр тохирсон хугацаанд зээл, зээлийн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Зээлийн гэрээний 5 дахь хэсэгт зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчид Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д хэсгийг үндэслэн гэрээний 2 дахь хэсэгт заасан хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг 1 жилийн хугацаатай байхаар тохиролцов гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Учир нь зээлийн гэрээнд зээлийн хүү төлөхөөр тохиролцож буй тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүүг, хүүг тогтоосон бол мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар бичгээр гэрээг хийсэн байх учиртай.

Гэтэл гэрээний 5 дахь заалтад зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн хариуцлага ногдуулахаар заажээ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан тогтоосон хүү-г гэдгийг иргэний эрх зүйн хариуцлагын хувьд талууд тогтоож тодорхойлохгүй юм.

 

3.2. Иймд талууд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа гэрээний хугацааг 1 сар гэж тогтоосон бөгөөд энэ хугацаагаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрх нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгөөр тодорхойлогдоно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

3.3. Сугарням нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөнийг зээлийн гэрээний үүргээс хасвал 10,000,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлөх үүрэгтэй болжээ.

Тэрээр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,775,000 төгрөгийг төлөхдөө 11,12 дугаар сарын хүү гэж хүлээн зөвшөөрч төлбөр хийснийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн, хүүгийн төлбөрт тооцож үндсэн зээлийн 10,000,000 төгрөгөөс хасч тооцохгүй гэж дүгнэлээ.

Иймд хххххаас 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөг төлснийг зээлийн гэрээний үүрэг болох 10,000,000 төгрөгөөс хасвал энэ зээлийн гэрээнийн дагуу төлөгдөөгүй төлбөр 2,000,000 төгрөгөөр тодорхойлогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн хүү шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тохиолдолд хүү шаардах эрхгүйг тодорхойлсон мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг зээлийн хүү шаардах эрхээр тодорхойлсон хууль хэрэглээний алдаатай болжээ. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

3.3.Гэрээнд талууд алдангийн талаар тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг заасантай нийцсэн, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр үйлдсэн байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хязгаарлаж 2,000,000 төгрөгийн 50 хувиар тооцвол 1,000,000 төгрөгөөр болж байна.

3.4. Иймд нэхэмжлэгч ххххх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу хариуцагч хххххаас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.

 

4.1. ххххх болон ххххх нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр огноолж байгуулагдсан зээлийн гэрээгээр ххххх нь 5,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, ххххх нь зээл, хүүгийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4.2. Нэхэмжлэгч ххххх нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,000,000 /5,000,000*10 хувь * 4 сар/ төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг хариуцагч хххххаас шаардах эрхтэй.

4.3.Хариуцагч ххххх нь гэрээний хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг төлсөн. /хх 42, 43, 46/

Харин гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 5,6 дугаар сарын хүү 1,500,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг тус тус төлсөн байна. /хх 45, 47, 49-50/

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж зохицуулсан. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 3,000,000 төгрөгийг үндсэн төлбөрт төлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.4.Иймд нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2023/02810 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 282 дугаар зүйлийн 282.3 гэснийг 282 дугаар зүйлийн 282.1 гэж, 337 500 гэснийг 3,000,000 гэж, 14 662 500 гэснийг 12,000,000 гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дах заалтын 10,775 гэснийг 62,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,263 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЗОЛЗАЯА