Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. Номин-Эрдэнэ,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч М.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0547 60337 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Г

Холбогдсон хэргийн талаар:

М.Гнь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн төмөрт” ХХК-ийн хашааны үүдэнд иргэн Б.Болдтөмөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гмэдүүлэхдээ: Би “Цайз” захын урд талын Түмэн Төмөртөөс төмөр авах гээд хоёр найзын хамт явж байгаад төмөр авахаа болиод буцаад гараад явж байтал бидний зам дээр нэг машин байхаар нь гаръя гээд сингалдахад нэг хүн машины ард хаалгаа онгойлгоод зогсож байснаа замаас холдохгүй байсан. Бид нар гаръя гэж машиныхаа цонхоор хэлэхэд хаалгаа хааж ирээд машины урдуур цохиод яасан сүртэй пизда вэ гэхээр нь би буугаад очсон чинь намайг өөдөөс цохихоор нь би бултаад өөрийг нь цохичихсон нь цааш унахдаа цементэн шалан дээр шанаагаа халзалчихсан. Тэгээд би хохирогчийг согтуу байгааг тухайн үед мэдээгүй. Манай найз ирээд бид хоёрыг салгасан. Цаанаа бас дугуйтай явсан залуу ирээд биднийг салгахад мөн тэр салгасан залуутай бас муудалцаж зодоон хийгээд байсан. Тэгээд бид нар за за бүтэхгүй юм байна гээд  явцгаасан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болдтөмөрийн өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” захын уулзварын урд байрлах Түмэн төмөрт ХХК-ийн хашаанд төмөр авахаар очсон юм. Тэгээд төмөр тасдуулчихаад ачих гэхэд машинаа ухраагаад оруулаад ир гэсэн. Тэгтэл манай эхнэр машинаа ухраагаад ороод ирсэн. Тэгэхээр нь би буугаад төмрөө аччихаад хаалгыг нь хаах гэхэд хажуу талд байсан машины толь тулаад байсан тэгэхээр нь манай эхнэр урагшилчих гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгтэл нөгөө машинаас жолооч нь бууж ирээд намайг зодсон юм шиг байна лээ. Тухайн үед би архи уусан байсан болохоор яг сайн санахгүй байна, босоод ирэхэд миний баруун нүд хөхөрчихсөн хамарны дээд хэсгээс цус гарчихсан байсан. Тэгээд эгч, эхнэр нараасаа асуухад эгч болохоор надад тухайн машинаас жолооч нь бууж ирээд чамайг цохисон тэгээд чамайг унахад нүд рүү чинь өшиглөсөн. Тэгээд чи босоод ирэхэд нүүрнээс чинь цус гарсан байсан гэж хэлж байсан. Тэгээд манай эхнэр болон эгч нар тэр хүмүүсийг салгаад байхад намайг эргэж очоод зодоод байсан гэж хэлсэн. Миний баруун нүд хажуудаа баруун шанаа хөхөрсөн, хамар дээрээ шалбарсан байсан, зүүн чих рүү өшиглөсөн юм шиг байна лээ, зүүн чих өвдөөд байсан одоо гайгүй байна. Мөн цээж гол хэсэгтээ хөндүүрлээд байсан одоо зүгээр байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй...

...Нүүрний шарх, сорви арилсан. Одоо миний нүд л жоохон өвдөөд байгаа. Миний тархины зураг авахуулсан мөнгийг гаргаад өгчихвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ариунтуяагийн өгсөн: ...Тэгээд Түмэн төмөрт гэдэг газар дээр очоод төмөр авах гээд машинаа хашааных нь үүдэн дээр тулгаж тавиад төмрөө машин дээрээ тавих гээд байж байсан чинь дээрээ мод аччихсан Портер машин ирээд гарах гээд сигналаа дуугаргаад байсан. Тэгсэн би Дашцэрмааг машинаа урагшлуулчих гээд явуулсан чинь Болдтөмөр машинаасаа гарч ирээд миний хажууд зогсож байгаад сүртэй пизда вэ гээд тэр машины жолооч руу хараад зогсоод байж байсан чинь тэр машины жолооч гэх махлагдуу залуу бууж ирээд Болдтөмөрийг заамдах шиг болоод дугтарсан чинь Болдтөмөр шууд газар унаад эргэж босч ирж уурлаад шууд тэр залуутай хоёулаа барьцалдаад тэр залуу Болдтөмөрийг гараараа шанаа хэсэгт нилээн хэд цохисон чинь Болдтөмөр согтуу байсан болохоор хүрэх болгонд нь газар унаад тэр залуу дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би Дашцэрмаатай хамт бид хоёр очиж салгасан чинь тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн. Болдтөмөр хүний өөдөөс зодолдох тэнхэлгүй согтуу байсан. Тэр залууг зодож цохисон зүйл байхгүй. Цохиулж унаж босч ирчихээд уурандаа дайраад тэр залуу руу сарваганаснаас өөр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7729 дугаартай шинжээчийн:

            1. Б.Болдтөмөрийн биед баруун нүдний гадна булан болон хамар, зовхинд зулгаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

            2. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

            3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,

            - Хохирлын баримт /хх-ийн 23-24, 26, 27 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Г: ...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би найзуудтайгаа төмөр авах гэж явж байгаад больчихоод Түмэн төмөртийн хашаанаас гарах гэж байсан чинь хаалгыг нь нэг цагаан өнгийн жижиг тэрэг хаагаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь би ард нь нилээн удаан зогсож хүлээгээд гарах гэсэн чинь жолооч нь олдохгүй байсан. Дотор нь нэг залуу байхаар нь би гаръя гэж хэлсэн чинь тэр залуу бууж ирээд машиныхаа арын хаалгаар миний машины урд тал руу цохичихоор нь би яаж байна аа гэсэн чинь тэр залуу өөдөөс яадаг юм пизда минь гэсэн. Би буугаад очсон чинь миний урдаас тэр залуу цохихоор нь би бултаад цээж рүү нь нэг удаа цохичихсон чинь тэр залуу цаашаа хараад унасан. Унаад босч ирэхдээ нүүр нь цус болчихсон над руу дайрахаар нь би зөрүүлээд хөл рүү нь нэгээс хоёр удаа өшиглөсөн. Тэгээд энд тэндээс хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгацгаасан. Тэгээд тэр хавьд нэг дугуйтай залуутай бас маргалдаж зодолдоод үлдсэн, тэр хооронд бид нар хөдлөөд явсан. Нэг удаа гараараа цээж рүү нь цохисон, бас нэгээс хоёр удаа зүүн хөл рүү нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/,

            - Шүүгдэгч М.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38, 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            М.Гнь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн төмөрт” ХХК-ийн хашааны үүдэнд иргэн Б.Болдтөмөрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Болдтөмөр, гэрч Ц.Ариунтуяа, яллагдагчаар өгсөн М.Гнарын мэдүүлэг болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7729 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ганзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогч Б.Болдтөмөр хохирлын 120.000+8000=128.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 23-24, 26, 27 дугаар тал/

            Шүүгдэгч М.Гхохирогч Б.Болдтөмөрт 120.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 8000 төгрөгийг төлөөгүй байх тул М.Г гаргуулж шийдвэрлэх  үндэслэлтэй байна. /хх-ийн 58 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Гэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Гнь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. М.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.Гоногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

           4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Г-с 8000 /найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Болдхүрэлийн Болдтөмөрт /РД:ЖВ77092616/ олгосугай.                  

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Гнь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  14 давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ