Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00834

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/000834

 

 

хххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00257 дугаар шийдвэртэй,

 

хххххх-ийн нэхэмжлэлтэй,

ххххх-д холбогдох,

 

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210,275,224 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зуучлалын хөлс 4,250 ам.доллар буюу 14,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч ххххх-тай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулсан. Бид ийнхүү дээрх гэрээний хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод байрлах Shanghai Jielong Industry group Co Itd компаниас 2022 оны 06 дугаар сард нийт 59,875,56 ам.долларын үнэ бүхий ХХХны хайрцгийг захиалсан, захиалгыг хариуцагч ххххх нь Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлэн бидэнд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

Гэвч тухайн ачаа нь Тианжин боомтод устаж, хэрэглэх боломжгүй болсон. Иймд манай компанид учирсан нийт 210,275,224 төгрөгийг хариуцагч ххххх-иас гаргуулж өгнө үү. Үүнд ачааны үнэ 197,948,602 төгрөг, нийлүүлэгчид төлсөн төлбөрийн хүүний зардал 7,926,622 төгрөг, өөр нийлүүлэгчээс авсан худалдан авалт 4,400,000 төгрөг багтаж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. ХХХны хайрцаг захиалагчийн захиалсан тоо ёсоор Тянжин боомтод ирсэн байгаа хугацаагаа тогтоочихвол хүлээлгэн өгч чадна.

Нэхэмжлэгчийн захиалгын дагуу Хятад улсаас авч ирсэн 2 чингэлэг ачааны тээврийн зардал манайхаас төлсөн төлбөрийг нэхэмжлэгч тал төлөх ёстой. Гэрээнд зааснаар зуучлалын хөлс 4,250 ам.доллар буюу 14,940,000 төгрөг болно. Үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 413 дугаар зүйлийн 413.1, 413.11-д зааснаар хариуцагч ххххх-иас ачааны үнэ 197,948,602 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххххх-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,326,622 төгрөгийг, хариуцагч ххххх-ийн нэхэмжлэгч хххххх-нд холбогдуулан гаргасан зуучлалын хөлс төлбөрт 4,250 ам.доллар буюу 14,620,000 төгрөг, ачааны төлбөр 320,000 төгрөг, нийт 14,940,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч хххххх-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,209,327 төгрөг, хариуцагч ххххх-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,800 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ххххх-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,147,693 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххххх-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрх эдэлнэ", 25.1.1- д Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх гэж тус тус заасан.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад 2023 оны 04 дүгээр сард олгосон итгэмжлэлээс татгалзаж ажлаа хүлээлгэн өгсөн. Тус хугацаанд өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад хурлын өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин шинэ итгэмжлэл авч хуралдаанд очсон байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид сүүлд ирсэн баримтуудыг танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг.

Миний бие 2023 оны 04 дүгээр сараас хойш 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хэрэгт цугларсан баримт материалтай танилцах боломжгүйгээр шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж чадаагүй.

Ийнхүү хэргийн оролцогчийн хувиар хуульд заасан эрхээ эдэлж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагад тайлбар өгөх, нэхэмжлэгчээс асуулт асуух, нотлох баримт шинжлэх судлуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тайлбарлаж мэтгэлцэх

зэрэг боломжоор хангагдаж чадаагүй тул дээрх шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХийн хариу тайлбарын агуулга: 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгтэй танилцсан баримтад гарын үсэг зуран баталгаажуулсан нь хэргийн 163 дахь талд авагдсан. Мөн тус шүүх хуралдаан хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч талаас хэргийн материалтай танилцах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Хэргийн 120 дахь талд авагдсан хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу цахим шууданд үзлэг хийсний үндсэн дээр нэхэмжлэгчийн зүгээс дахин үзлэг хийх шаардлагагүй гэж үзэн 2023 оны 03 дугаар сард гаргасан хүсэлтээсээ татгалзсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч ххххх-д холбогдуулан 210,275,224 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ххххх эс зөвшөөрч 14,940,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ.

3.1. Хариуцагч ххххх-аас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ххххд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг олгосон байна. /хх 46/

3.2. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.1-д зааснаар төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхээс татгалзсан. /хх 73/ 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч компаниас ххх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй итгэмжлэлийг олгожээ. /хх 76/

3.3. Улмаар хариуцагч ххххх нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ххх олгосон итгэмжлэлээсээ татгалзсан байна. /хх 115/

3.4. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч ххххх-ийн гүйцэтгэх захирал ххххгаас дахин ххххд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн компанийг төлөөлөн оролцуулахаар итгэмжлэлийг дахин олгосон байна. /хх 162/

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххаас шүүх хуралдаанд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04334 дугаартай захирамжийн биелэлт хангагдаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүх 04334 дугаар захирамжийн 6 дахь заалтад цахим хаяг, захиалгын хуудас, гар утсаар харилцсан бичвэр үзлэх хийхээр шийдвэрлэсэн, захирамжийн энэ заалт биелэгдээгүй байна. Нэхэмжлэгч талаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтэндээ үзлэг хийлгэхээс татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй гэснийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр авсан итгэмжлэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх тухай хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.

4. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын цахим шууданд үзлэг хийлгүүлэхтэй холбоотой хэсэгт эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,147,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА