Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Б.О,

хохирогч П.Уран-Уянга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О холбогдох эрүүгийн 1706 0247 80347 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.О

Холбогдсон хэргийн талаар:

Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Касабланка” бааранд иргэн П.Уран-Уянгын гар цүнхнээс “Самсунг 7 Эдж” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:  2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр багш нарын баяр болоод бид нар хуучин ажлыхантайгаа уригдаж очсон. Би утсыг нь үүдний буйдан дээрээс зураг авахуулж яваад олсон. Тухайн үед машиныхаа урд хайрцаганд хийчихсэн байсан. Маргааш нь Дархан- Уул аймаг руу Ш.Билгүүтэй ажилд орно гээд цуг явсан. Тэр өдрийх нь орой цасаар шуурч байсан. Утсыг нь зарж үрнэ гэсэн бодолгүй байсан. Утсыг нь буцааж өгнө гэж бодож байсан. Тэр үед Билгүүтэй утасгүй байсан. Сэлэнгэд очоод эгчээсээ мөнгө авна гэж хэлж байсан. Билгүүтэйд утсыг нь өгч оруулах даа буцааж авна шүү гэж хэлээрэй гэж хэлээд оруулсан. Тэгэхэд шууд зарчихсан байсан. Тийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Хохирогчид утсыг нь буцааж өгсөн. Дансаар 150.000 төгрөг, бэлэн 300.000 төгрөг Дархан-Уул аймагт утас зарсан газартаа төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Уран-Уянга мэдүүлэхдээ: Б.О, Ш.Билгүүтэй хоёрыг авчихна гэж бодоогүй. Б.Оыг утас олсон гэдгийг сая л мэдсэн. Ш.Билгүүтэй цааш нь зарсан байсан. Дархан-Уул аймгийн “Тэди” дээр 500.000 төгрөгөөр зарсан байсан. Утсаа буцаан авсан тул гомдол саналгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Уран-Уянгын өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 06-ны 17:00 цагийн үед би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Касабланка” бааранд өөрийн хуучин ажиллаж байсан “Өнөр бүл” хүүхдийн төвийнхөнтэйгээ хамт багш нарын баярыг тэмдэглэхээр орсон юм. Тэгээд миний гар утас цэнэггүй болох гээд байхаар нь цүнх рүүгээ хийгээд сууж байсан суудал дээрээ үлдээгээд шоудсан юм. Гарах хүртлээ би утсаа ашиглаагүй юм. 23:00 цаг өнгөрөөгөөд бид бүгдээрээ гарцгаасан юм. Гарч байхаа би цүнхнээсээ утсаа үзтэл цүнхэнд минь байхгүй болсон байсан юм. Тэр үедээ хэн нэг нь аваад хямгадсан байх гээд нээх тоогоогүй юм. Дараа нь харин асуутал хараагүй, үзээгүй мөн мэдэхгүй гэсэн учир би цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэр өдөр манай байгууллагын хүмүүс болон баарны ажилчдаас өөр хүмүүс байгаагүй юм. Миний суусан ширээнд жижүүр Гантуяа, гал тогооны туслах Лхагвасүрэн, үйлчлэгч Мягмарсүрэн, хоёр цомхотголоор гарсан тогооч Билгүүтэй, Б.Отэгээд би сууж байсан юм. Нийтдээ 100 гаруй байсан юм. Өмнө нь байсан болоод одоо ажиллаж байгаа гээд...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн О.Мягмарсүрэнгийн: ...Тухайн үед П.Уран-Уянгыг гар утсаа алдсан баарнаас гарах үед мэдсэн. П.Уран-Уянга миний гар утас алга болчихлоо гэж хэлж байсан. Түүнээс бол тэр гар утсыг хэн авсан хараагүй. Баарнаас гарахаас өмнө П.Уран-Уянга нь манай ширээн дээр архи авч ирээд бид нартай тулгаж уусан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Ш.Лхамсүрэнгийн: ...Тухайн үед П.Уран-Уянгыг гар утсаа хулгайд алдсаныг мэдээгүй ба сүүлд ажил дээр байхдаа ажлын хүмүүсийн ярьж байхаас сонссон. Би П.Уран-Уянгыг гар утас барьдагийг бол мэднэ. Гэхдээ ямар маркийн гар утас болох тухайн үед гар утсаа авч явж байсан эсэхийг бол би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Болор-Эрдэнийн өгсөн: ...Ингээд Билгүүтэй, Б.Онар цаашаа Сэлэнгэ явна гээд Билгүүтэй гэх залуу өөрт нь байсан “Самсунг Эс-7 Эдж” маркийн гар утсаа зарна, хямдхан энэ  утсыг авчихаач мөнгөө хуваагаад өгч болно гэж замдаа ярьж байсан...Маргааш нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө Билгүүтэй, н.Б.Онар намайг гэрийн гаднаас ирж аваад н.Билгүүтэй утсаа зарна, хаана утас гайгүй боломжийн үнээр авах газар байна гэж асуухаар нь би Дархан-Уул аймгийн иргэн учраас Дарханд байдаг Тэди гар утас худалдааны төвийг зааж өгсөн. Тэгтэл Билгүүтэй гэх залуу би ганцаараа мэдэхгүй шүү дээ хамт оръё гээд намайг хань татаад байхаар нь би хамт ороод гар утасны лангуугаар явж байгаад гар утас худалдаж авна гэсэн лангуун дээр очоод утас авах уу гээд өөрийнхөө сим картыг Билгүүтэй “Самсунг Эс-7 Эдж” маркийн гар утаснаас гаргаж ирээд утас авна гэсэн худалдагч эрэгтэйд гар утсыг үзүүлээд худалдагч Билгүүтэйгээс гар утасны код gmail зэргийг асуугаад асуудалгүй утас нь холбогдохгүй байгаа юм би эгчээсээ авсан утас гэж хэлэхэд худалдагч залуу дараа нь ямар нэг юм болох юм бол чам руу ярина гээд Билгүүтэйгийн утасны дугаарыг авч үлдэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч  А. Гантөмөрийн :...Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө  ажил дээрээ  дархан-уул аймгийн Тэди  төвийн гурван давхарт  байх 7дугаар  нойморын павилонд  ажлаа хийж байхад  гаднаас 11 цагийн орчим үл таних 22-25 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирээд утас худалдан авах уу 550.000 төгрөгөөр” Самсунг-7 Эджи” маркын утас авах уу нь кодтой гэхээр нь гар утсыг нь үзэхэд гар утас   нь кодтой байсан. тэгэхээр  тухайн бор царайтай 22-25 насны залуутай гар утас худалдан авах  үнээ ярилцаж байгаад 500.000 төгрөгөөр худалдан авахаар  болоод  бэлэн 500.000 төгрөг өгсөн юм. Тухайн залуутай хамт 22-25  орчим насны  эмэгтэй нь  хамт павилонд цуг орж ирсэн.Тухайн эмэгтэй, эрэгтэй нар “Самсунг-7 Эджи” маркын голд өнгийн  гар утас манай эгчийн утас байгаа юм. Улаанбаатар хотоос цас ороод 10 хэдэн цаг явж ирлээ.замд машин эвдэрлээ гэж хэлсэн юм. Согтуу машин  барьж явж байгаад эрхээ хасуулсан гээд л их асуудал тулгарсан юм шиг эмэгтэй нь  утсаар яриад байсан. гэх мэдүүлэг / хх-н 43-44-р тал/

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н гар утсыг  720.000 төгрөгөөр үнэлсэн  тайлан /хх-ийн 57-58 -р тал/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 166 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Оын: ...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ба йх “Касабланка” нэртэй бааранд “Өнөр бүл”-д өмнө хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ багш нарын баяр тэмдэглэж байгаад Ш.Билгүүтэй, П.Уран-Уянга бид нарын сууж байсан баарны сандал дээр гар утас байхаар нь аваад халаасандаа хийгээд явсан юм. Ингээд маргааш нь Дархан-Уул аймаг руу Ш.Билгүүтэйгийн хамт явахдаа мөнгөний хэрэг гараад Дарханд байх Тэди төд гар утсыг 500.000 төгрөгөөр зарсан юм. Намайг гар утас олсон талаар Ш.Билгүүтэй мэдэж байсан, гар утас зарсан мөнгөнөөс Ш.Билгүүтэй хамт хэрэглэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 149-151 дүгээр тал/,

- Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92, 132 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Касабланка” бааранд иргэн П.Уран-Уянгын гар цүнхнээс “Самсунг 7 Эдж” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад  720.000 төгрөгийн  хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Уран-Уянга, яллагдагч Б.О нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч П.Уран-Уянга гар утсыг биет байдлаар буцаан авсан бөгөөд хохирол нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.О нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Оод оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Оын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ