Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 413

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Д.Ренченхорол, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр 3 дугаар хэсэг, 8-2 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт гэх Боржигон овогт Дагвадоржийн Ренчинхандын  /МЮ-60061461/ нэхэмжлэлтэй;

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 4 дүгээр хэсэг, 156 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч ажилтай  Боржигон овогт Энхбаярын Наранбаяр /МС-88060418/ /Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст/ холбогдох

            “Гэм хорын хохирол 3.336.800 төгрөг гаргуулах тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Ренчинханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранбаяр, иргэдийн төлөөлөгч Д.Бадарч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

                                              Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч Д.Ренчинханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     ... Би 1978 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл улсад ажилласан. Сүүлийн 3 жил гэхээр 1991 оноос 07 дугаар сарын 01-ний өдөр би ахуйн үйлчилгээний кабинетын даргын тушаалаар хорооллын ахуй үйлчилгээний хоршооны салбарт шилжин очсон. Миний өөрийн хөдөлмөрийн дэвтэр дээр энэ талаар тэмдэглэгдсэн байсан.Тэгээд үүнээс хойш би 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан.   Яагаад би ажлаасаа гарсан бэ гэвэл хүүхэд маань ослоор нас бараад сэтгэл санаа маань хүнд байсан өөрийн хүсэлтээр 1995 онд ажлаас гарсан.  Тэгээд энэ хугацааны ажилласан жилийг би 2008 онд шүүхээр тогтоолгохдоо хамт ажиллаж байсан улсад ажилласан 3 хүнээр  тодорхойлолт гаргуулж, мэдүүлэг өгч 3 жил 6 сарын ажилласан хугацаагаа тогтоолгож байсан.

            Тухайн үед манай байгууллагын нягтлан миний цалин дээрээс нийгмийн даатгалын шимтгэл  авдаг байсан.1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл шилжүүлж байсан баримт байдаг. Тэгэхээр миний хувьд энэ байдлыг дүгнэхдээ нийгмийн даатгалын байгууллага өөрөө хууль зөрчиж ажилласан гэж үзэж байна. Яагаад гэвэл сар бүр ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа нь тодорхой харагдаж байгаа.

            Хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл сар бүр орж ирэхгүй бол нийгмийн даатгал яагаад шимтгэл орж ирэхгүй байгаа талаар хяналт тавих эрх нь байгаа. Нийгмийн даатгалын байгууллагын үндсэн үүрэг нь тухайн байгууллага бол ажилчдаасаа нийгмийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн төсөв бүрдүүлэх үйл ажиллагааг хангаж ажиллах үндсэн гол үүрэгтэй. Ерөөсөө нийгмийн даатгалын байцаагч болон байгууллагын нягтлан нарын хооронд маш олон иргэн хохирсон. Үүнийг миний хувьд нийгмийн даатгалын буруутай үйл ажиллагаа гэж боддог.

            Миний улсад ажилласан 3 жил 6 сар 30 хоногийг шүүх тогтоож, шийдвэр гаргаад байхад нийгмийн даатгал ажилласан жилийг хасч тооцоод байдаг.

            Би тухайн үед тэтгэврээ нөхөн тооцуулах гээд нийгмийн даатгал дээр очоод 78000 гаруй төгрөг тушаахад үдээс хойш нь нийгмийн даатгалын байцаагч нь над руу утастаад 78120 төгрөгөө ав гэж хэлсэн. Тэгээд л би авсан. Дээрх мөнгийг нийгмийн даатгалын байцаагч нар ташаарсан орлого  нэрээр гаргасан. Түүнээс би  байгууллагын дансанд мөнгө шилжүүлээд буцаагаад авъя гэж хэлж байгууллагаар тоглох хүн биш.  

             Нийгмийн даатгалынхан хэлэхдээ хуурамч нотлох баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гээд  5 дугаар сараас тэтгэврийг цуцалсан.

           Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Наранбаяр өмнөх   шүүх хурал дээр хэлэхдээ “над дээр 2.527.000 төгрөгний акт тогтоосон уг мөнгийг би төлж байна” гэж хэлсэн. Гэтэл Наранбаяр уг мөнгийг төлөх биш уг акт нь уг мөнгийг барагдуулж ажиллана уу гэж даалгасан акт байдаг. Гэтэл уг актыг уншаад ойлгохгүй байгаа хүн нийгмийн даатгалын том багц хуулийг уншаад ойлгохгүй юм байна гэж би бодож байна.  Ер нь нийгмийн даатгалын хэлтсийнхэн өндөр настангуудын тэтгэврийг их будлиантуулж байна.  Хуулиа уншаад ойлгохгүй байгаа хүмүүс ард иргэдэд яаж үйлчлэх гэсэн юм бэ... наад зах нь хуулиа сайн уншаад ард иргэддээ уг хуулийн талаар ойлгуулах ёстой гэж бодож байна.

           Төрийн албан хаагч хүн байж дандаа болохгүй талаас нь ярьдаг, аль болох болох талаас нь ерөөсөө ярьдаггүй. Яагаад 10 жил ажиллаагүй хүний улсад ажилласан 10 жилийг тогтоодог байж миний 3 жил 6 сар ажилласан жилийг тогтоогоод тэтгэвэрт гаргаж болдоггүй юм бэ гэж би боддог. Би нийгмийн даатгалын хэлтсийн тоглоом л болж байна. Би нийгмийн даатгалын хэлтэс дээр ороод “та нар энэ гаргасан актыг буруу ойлгосон байна, Наранбаяр дээр төлбөр төлөхийг тавиагүй төлбөр хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа учраас энэ акт хүчин төгөлдөр акт биш байна” гэж хэлэхээр намайг гар зайл гэж хөөдөг.Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагын дагуу 3.336.800 төгрөг нэхэмжилж байна гэхдээ нийгмийн даатгалын байгууллага болохоор 3.100.000 төгрөгөөр бодож анхан шатны шүүх хуралдаанд бодсон байсан.  Тэтгэврийн байцаагч Наранбаярын хувьд шүүх хуралдаан дээр хэлэхдээ манай байгууллагаас болоод энэ хүн хохирсон байна гэдгээ хүртэл хэлсэн. Би 2010 онд 4 хүүхэдтэй гэж хуулиараа тэтгэвэрт гарах ёстой байсан. 2014 он хүртэлх тэтгэвэрт гарах байсан тэтгэврийн хохирол гэж бодож байна. Хэрвээ би 4 хүүхэдтэй гээд тэтгэвэрт гарсан бол энэ хэмжээний мөнгийг авах байсан. Миний хувьд үнэний төлөө явж байгаа учраас энэ талаар хөөцөлдөж байна. Хэрвээ би тухайн үед тогтоолгоод мөнгөө авсан бол амьдралаа залгуулаад явж байх байсан. Миний хувьд тэтгэвэрт орох эрх болон авах эрх минь зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг минь ханган шийдвэрлэж өгнө үү гэх.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Д.Ренчинханд гуай бол 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өндөр насны тэтгэвэртэй гарсан. Тэрнээс өмнө 2010 онд 50 нас хүрсэн гэдгээр тэтгэврээ авч түүнээс өмнөх мөнгөө нэхэмжилж байна. Энэ хүний мөнгө хөдөлмөрийн дэвтэр дээр 12 жил 8 сарын өмнө орсон байгаа.  Үүн дээр “Холбоо толгой” болон “Од” ХЭАА холбоо хоёрын жилийг нэмж оруулсан.

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно” гэж заасан байдаг.

 Мөн нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байдаг.Энэ асуудал бол манай даргын буруутай үйл ажиллагаанаас болоод энэ асуудал үүссэн.

Манайх Ренчинханд гуайн тэтгэврийг тогтоосондоо буруутаад байгаа. Уг нь нэхэмжлэгчийн тэтгэврийг 55 нас хүрэхэд нь тогтоох ёстой байсан. Харин 4 хүүхэдтэйгээр тэтгэвэрт гаргахад 20 жилээр гаргах ёстой байтал 3 жилийн ажилласан хугацааг нь дутаад байсан. Шимтгэл төлөлтийн хувьд бол шимтгэл төлөхгүй байгаа байгууллага л хариуцлага хүлээх ёстой.

Манай байгууллага тухайн аж ахуй нэгжид шимтгэлээ төлөөгүй бол ямар нэгэн акт, торгууль тавьдаг.

“Холбоо толгой” гэх байгууллага бол ерөөсөө нийгмийн даатгал төлөөгүй байсан. 2000 оноос хойших нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлдөг. Д.Ренчинханд гуайн хувьд ажилласан гэдгээ шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Гэтэл энэ хүний шимтгэлийг байгууллага нь 11 хувь, өөрөө 10 хувиа хийж шимтгэл нь 500 гаруй төгрөг орох ёстой байсан. Энэ хүн бол өөрийнхөө аваад хэрэглэсэн шимтгэлийн мөнгийг төлөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд байгууллагын оруулсан 11 хувийн шимтгэлийг буцаагаад авсан.

 “Холбоо толгой” ХХК –аас төлсөн шимтгэлийн 248000 төгрөгийг болон 10 жил ажилласан хугацааны шимтгэл 78.120 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө өргөдөл бичээд авсан тул нэхэмжлэгчийн гол шаардлага болох өмнөх ажилласан жилийн мөнгийг өгөх боломжгүй байна гэх.    

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ренчинханд нь шүүхэд гаргасан “... 2010 оны 06-р сарын 14-нөөс 2014 оны 08-р сарын 22-ныг хүртэл авах ёстой байсан гэм хорын хохирол 3.336.800 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Ренчинханд нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 404 дугаартай шийдвэрээр “Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний “Од” салбарт үсчнээр 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 3 жил 6 сар 30 хоног ажиллаж байснаа тогтоолгосноор 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэж нийгмийн даатгалын хэлтэст олон хүүхэдтэй 50 нас хүрсэн, хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэврээ тогтоолгохоор хандсан боловч Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний “Од” салбар нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль болон засгийн газрын тогтоолын дагуу ажилчдад олгосон цалингийн сангаасаа 13.5 хувиар тооцож ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 1991 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд төлж, түүнээс хойших хугацааны шимтгэл төлөөгүйгээс зохигчдын хооронд маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч Д.Ренчинханд нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар ... “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” хэдий ч “Од” ХЭАА нь 1991 оны 7 сараас 1995 он хүртэлх хугацаанд тухайн үед мөрдөгдөж байсан.

 БНМАУ-ын Бага хурлаас 1991 онд баталсан Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль болон Засгийн газрын 1991 оны 166 дугаар тогтоолын дагуу аж ахуй нэг байгууллага, иргэн нь цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах бусад сан /орлого/ -гаас нийгмийн даатгалын шимтгэлийг “Од” ХЭАА нь 1991 оны 7 дугаар сараас 1995 он хүртэлх хугацаанд 13.5 хувиар тооцон тэтгэврийн санд сар бүр төлж тооцоо хийгээгүй болох нь:  Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3/784 дугаартай Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн “Мэдэгдлийн хариу” /хх-ийн 92-93 хуудас/, Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 189 дугаартай “Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн албан бичгийн хариу /хх-ийн 198 хуудас/, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 241 тоот  Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн мэдэгдлийн хариу /хх-ийн 100 хуудас/, БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаартай “Нийгмийн даатгалын хувь хэмжээг тогтоох” тухай тогтоол /хх-ийн 102 хуудас/, гэрч Ч.Энхтуяагийн ... 1992 оны 1,2,3,4,5,6,7 саруудыг Д.Ренчинхандын ажилласан хугацаанд тооцож бусдыг нь тооцох ... боломжгүй. Яагаад гэвэл “Од” ХЭАА тухайн үед ажил эрхэлж байсан иргэдийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд аж ахуй нэгжээс 1995 оноос өмнөх ажилласан хугацааг шимтгэл төлснөөр тооцож, тэтгэвэр тэтгэмж тогтоох, олгоход мөрдөнө гэсэн нь тухайн аж ахуй нэгж заавал шимтгэл төлсөн тохиолдолд тооцно, төлөөгүй бол тооцохгүй юм гэх... мэдүүлэг /хх-ийн 104 хуудас/, гэрч Г.Сэржмядагийн ... Д.Ренчинханд өөрийн ажиллаж байсан жилийг 1991 оны 1 сараас 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл тогтоолгосон байгаа бөгөөд энэ тогтоосон ажилласан жилийн тэтгэвэр тогтоох жилд нь тооцоход 1991 оны 1 сараас 7 сар нь тооцогдож, үлдсэн хугацааг тооцох боломжгүй. Яагаад гэвэл “Од” ХЭАА нь нийгмийн даатгалын шимтгэл 13.5 хувийг төлөөгүй тул тооцож болохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 105 хуудас/, гэрч Ж.Урантөгсийн ...  Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 зүйлд зааснаар шимтгэл төлсөн хугацааг тэтгэвэр тогтоолгох жилд тооцно гэсэн учраас Д.Ренчинхандын шимтгэл төлөөгүй хугацааг тооцох боломжгүй гэх мэдүүлэг /хх-ийн 106 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-ийн 107 хуудас/ зэрэг бусад баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Ренчинханд нь ...”Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд заасны дагуу 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хамрагдах хүсэлтийг Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 5 дугаар сарын 30-нд гаргасан хэдий ч тэрээр  2014 оны 08-р сарын 22-ны өдөр “ ... миний бие өөрийн ажиллаж байсан жилээрээ тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон тул нөхөн даатгалын шимтгэлд төлсөн 78120 төгрөгийг буцаан олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр буцаан авсан болох нь нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 482446 дугаартай төлбөрийн даалгавар./ХХ-ийн 85 хуудас/, гэрч Ч.Байгалмаагийн ... Ажилласан жил  тэтгэврийн  даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд иргэн Д.Ренчинханд нь 2014 оны 5 дугаар сарын 30-нд 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааг хамааруулж өгнө үү гэсэн өргөдөл бичиг баримтаа ирүүлсэн.

Үүнийг үндэслэн программд 9 жил 5 сар нөхөн даатгалаар баталгаажсан байгаа. Иймд дээрх хугацаанд шимтгэл төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч ажилласан жилээ нөхөн даатгалд хамруулсан гэж үзэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 112 хуудас/, нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 482445 дугаартай төлбөрийн даалгавар /ХХ-ийн 86 хуудас/, мөн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаартай шүүгчийн захирамж, Д.Ренчинхандын хувийн өргөдлийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Холбоо толгой” ХХК-нд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн улсын байцаагчийн “нийгмийн даатгал 588.555 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай” акт тавьснаар “Холбоо толгой” ХХК нь уг мөнгийг төлснөөр нэхэмжлэгч ... “Холбоо толгой” ХХК-наас төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг нийгмийн даатгалын хэлтэст эргүүлэн тушааж тэтгэврээ тогтоолгоно. Иймд “Холбоо толгой” ХХК-наас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд тушаасан нийгмийн даатгалын шимтгэл 248.000 төгрөгийг гаргуулж олгоно уу” гэх хүсэлтүүд /ХХ-ийн 84 хуудас ар талд/-ийг үндэслэн мөн өдрөө 248.000 төгрөгийг Д.Ренчинханд буцаан авсан гэх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон бусад баримтаар нотлогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “ энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно” гэж зааснаас үзвэл тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх тэдгээрийн хэмжээг тогтооход нийгмийн даатгалын шимтгэлийг хэдий хугацаанд төлсөн байх нь ач холбогдолтой байна.

 Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т ... “төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн боловч энэ талаараа нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, тэтгэврийн даатгалын шимтгэлээ дутуу төлсөн байх тул тэтгэвэр авах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Д.Ренчинхандын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 3.336.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                        

Харин нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох хугацаа нь 2015 онд үүссэн атал Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 онд тэтгэвэр тогтоосон асуудалд тухайн байгууллагын ажилтны буруутай ажиллагаа байсан талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчдын өгсөн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй нэхэмжлэгч нь гомдлоо тухайн байгууллагад холбогдуулан жич нэхэмжлэх эрхтэй тул энэ асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т тус тус зааснаар Д.Ренчинхандын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох гэм хорын хохирол 3.336.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан хугацаа  өнгөрснөөс хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн   шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай .

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Л.СОЁЛМАА

                                                ШҮҮГЧИД                          Д.РЕНЧЕНХОРОЛ

                                                                                           Б.МӨНХЗУЛ