Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1474

 

                                   

Т.Занаширын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00050 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Занаширын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Алтай констракшн” ХХК-д холбогдох

 

Хохирол 25 378 241 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадоржийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Занашир,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Занашир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Алтай констракшн” ХХК-тай харилцан тохиролцож, “Газар эзэмших эрхийг шилжүүлэх, үүсэх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх” тухай гэрээг 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ “Алтай констракшн” ХХК биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцэж “Алтай констракшн” ХХК-иас 242 375 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Занаширт олгох, мөн улсын тэмдэгтийн хураамжид 1 369 825 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэр гаргасан. Хариуцагч тал давж заалдсаны дагуу Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал янз бүрийн худлаа шалтаг тоочиж, шүүхийн ажиллагааг удаашруулж байсан тул би арга буюу хууль зүйн мэргэжлийн туслалцаа авахад хүрч, “Цогц-Эрх партнерс” ХХК-тай гэрээ байгуулж өмгөөллийн туслалцаа авснаар шүүхэд асуудал шийдвэрлэгдсэн юм. Ингэхдээ гэрээний дагуу өмгөөллийн хөлсөнд 13 200 000 төгрөгийг төлсөн. Хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэн боловч сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал болох “Алтай констракшн” ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс татгалзаж байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Би холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албатай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14/8311 тоот гэрээ”, “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14/3310 тоот гэрээг тус тус байгуулсан бөгөөд эдгээр гэрээнд заасан ёсоор шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн 5% буюу 12 187 241 төгрөгийг төлбөрт авсан мөнгөнөөсөө суутгуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу надад олгогдох ёстой төлбөрөөс өмгөөллийн хөлс болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд нийт 25 387 241 төгрөгийг би хариуцагчийн буруугаас зарцуулсан. Иймд “Алтай констракшн” ХХК-иас 25 387 241 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Алтай констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Алтай констракшн” ХХК нь Т.Занаширтай 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Газар эзэмших эрхийг шилжүүлэх, үүсэх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх” тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр Т.Занаширийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3.695 м.кв газрын эзэмших эрхийг “Алтай констракшн” ХХК-д шилжүүлэх, үүний төлбөрт “Алтай констракшн” ХХК-иас тухайн газарт баригдах орон сууцны барилгаас 70 м.кв талбай бүхий орон сууцыг автомашины зогсоолын хамт өгөхөөр тохиролцсон. Тодорхой шалтгааны улмаас “Алтай констракшн” ХХК нь барилгыг хугацаанд нь ашиглалтанд оруулж чадаагүй бөгөөд дээрх асуудлаар талуудын хооронд маргаан үүсч шүүхээр шийдвэрлүүлсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр нийт 242 375 000 төгрөгийг “Алтай констракшн” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Т.Занаширт олгосон. “Алтай констракшн” ХХК-ийн хувьд тус шүүхийн шийдвэрийн дагуу Т.Занаширт дээрх төлбөрийг талуудын хэлэлцэж тохиролцсоноор тодорхой хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулсан. Гэтэл Т.Занашир нь дээрх мөнгөн төлбөрийг авсны дараагаар энэ бүх хугацааны дараа “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол” нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасныг зөрчиж байна. Мөн түүнчлэн “Алтай констракшн” ХХК Т.Занаширт сайн дураараа хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахаар танилцуулж байсан ч Т.Занашир шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулахаар заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Алтай констракшн” ХХК-иас 12 187 241 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Занаширт олгож, нэхэмжлэлээс 13 200 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Занаширын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 284 886 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтай констракшн” ХХК-иас 209 946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Занаширт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. "Алтай констракшн" ХХК нь 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Газар эзэмших эрхийг шилжүүлэх, үүсэх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх" тухай гэрээний дагуу Т.Занашираас түүний эзэмшлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 6006/0008 дугаар бүхий 3.695 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан ба төлбөрт тооцон тухайн газарт баригдах орон сууцны барилгаас 70 м.к талбай бүхий орон сууцыг автомашины зогсоолын хамт өгөхөөр тохиролцсон. Гэрээний хэрэгжилтийн явцад Т.Занаширын буруутай үйл ажиллагаанаас болж шилжүүлэн авсан газрын нэг хэсгийг бусдад алдсан, орон сууцны хотхон барилга байгууламжид зайлшгүй шаардлагатай орц, гарцын асуудлаар хөрш газар эзэмшигчидтэй удаан хугацаанд маргалдсан зэрэг шалтгааны улмаас төлбөр тооцон өгөх орон сууцыг ашиглалтад өгөх хугацааг хожимдуулсан явдал гарсан бөгөөд уг асуудлаар маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн. Уг маргааныг шийдвэрлэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2527/с дугаар шийдвэрээр орон сууц, автомашины зогсоолын үнэд 193 900 000 төгрөг, алдангид тооцож 4 8475 000 төгрөг, бүгд 242 375 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүх нэхэмжлэгчийн алдангид тооцож нэхэмжилсэн 101 000 000 төгрөг хангаагүй, харин гүйцэтгээгүй үүрэг болох орон сууц, авто зогсоолын үнийн дүн 193 000 000 төгрөгт ногдох алдангийг 50 хувиар бууруулж дээрх хэмжээний алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ тухай шүүх шийдвэрт. "...газрын орц, гарцын талаар маргаан үүсч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан байдал, уг маргаан шийдвэрлэгдэж, барилга ашиглалтад орсон хэдий ч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байдал, орон сууц, авто зогсоолын үнийг өнөөгийн зах зээлийн үнэлгээний дагуу тооцсон нөхцөл байдлуудыг харгалзан, алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг 193 900 000 төгрөгийн 50 хувиас багасгаж 48 475 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна" гэж дүгнэсэн.

Үүнээс үзэхэд гэрээний хэрэгжилтээс үүдэлтэй хохирол төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу "Алтай консракшн" ХХК бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн хариуцагч нь анхан шатны болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаагүй, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж төлбөр төлүүлэх ажиллагааг явуулна гэсэн тул түүнтэй тохиролцож тогтоосон төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн дүгнэхэд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Бусдаас төрийн байгууллагад хандаж үйлчилгээ авсаныхаа төлөө хуулийн дагуу төлбөл зохих төлбөрийг "хохирол" гэж үзэж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрвээ хохирол гэж үзэж нэхэмжлэх эрхийг нь баталгаажуулах байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас бус харин төлбөр төлөгчөөс гаргуулахаар хуульчлах байсан.

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ч шүүхээс өнгөрсөн хугацаанд өмгөөлөгч авах боломжтой байсан мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг төлөөлөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн тул шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй хэмээн үзэж тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулсан хариуцагч талын өмгөөлүүлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хариуцагч тал 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хариу тайлбар гаргаснаас хойш тус шүүх хуралдааныг cap гаруй хугацааны дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зарлан хуралдуулсан, энэ нь өмгөөлөгч авахад боломжтой хугацаа байсан гэж шүүхээс үзсэн ч, шүүх хуралдааныг зарлан хуралдуулах нь биднээс хамаарах зүйл биш бөгөөд магадгүй дээрх шүүх хуралдаан болсон өдрөөс эрт ч зарлан хуралдуулж ч болох байсан. Өнгөрсөн хугацаанд бидний зүгээс өмгөөлөгч авах талаар хэлэлцэн, аман байдлаар ярилцаж байсан ч шүүх хуралдаан болсон өдрийн байдлаар хараахан албан ёсоор гэрээ байгуулж амжаагүй байсан. Хэрэв шүүх бидний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж улмаар дараагийн шүүх хуралдаанд хариуцагч тал мэргэжлийн туршлагатай хуульчийн хамт шүүх хуралдаанд оролцон, мэргэжлийн хуульч тайлбар гарган мэтгэлцсэн бол илүү үндэслэлтэй тайлбар хийх байсан. Ингэснээр магадгүй шүүх хэрэг маргааныг өөрөөр шийдвэрлэхийг ч үгүйсгэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Занашир нь хариуцагч “Алтай констракшн” ХХК-д холбогдуулан хохирол 25 387 241 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн байна.                                        /хх-36-39 дүгээр тал/

 

Дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ