Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0430

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч У.Э нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 122/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Д.М-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 122/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.12, 10.12.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э-т холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/01 тоот Төсвийн хөрөнгийг буцаан төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М давж заалдах гомдолдоо: “...     1. СХАА-ны Улсын байцаагч нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны 31-01/01 тоот актаа Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалтыг үндэслэл болгосон байдаг. Гэтэл энэ заалтаар аливаа хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар өөрөөр хэлбэл хууль бус тушаал гаргасан албан тушаалтнаар төлүүлэхээр заасан байтал 3 шатны шүүхээр илт хууль бус болох нь тогтоогдсон, тушаалыг гаргасан гэм буруутай албан тушаалтанд бус уг тушаалын улмаас хохирч ажлаасаа үндэслэлгүй халагдаж 15 сар ажилгүй байж хохирсон миний биеийг хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй, хууль тэгж зохицуулахгүй, би гэм буруутай албан тушаалтан, хариуцагч биш. 3 шатны шүүх уг ажлаас чөлөөлсөн, тэтгэлэг олгосон тушаалыг илт хууль бус гэж тогтоочхоод байхад яагаад би буруутай болов? Дураараа авирлаж, хууль бус буруу тушаал гаргаж төсөвт хохирол учруулж тэр нь нотлогдсон хүн яагаад буруугүй болж байгаа юм бэ? шүүгч ч шүүх хуралдааны явцад болсон, шүүхийн шийдвэртээ төлбөр тогтоосон актын үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 гэсэн нь гэм буруутай албан тушаалтантай холбоотой заалт, хуулийн үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрч дүгнэлт гаргачхаад түүнийхээ эсрэг шийдвэр гаргажээ. Шүүгчийн дүгнэлт ойлгомжгүй хоёрдсон утгатай байна.

      2. Цалин тэтгэмж давхардсан төсөвт хохирол учирсан гэж үзжээ. Хэрвээ цалин тэтгэмж давхардсан, төсөвт хохирол учирсан гэж үзэж байгаа бол дураараа авирлан, хууль зөрчиж, хууль бусаар ажлаас чөлөөлж, хувь хүнийг хохироож, төсөвт давхар зардал гаргаж хохирол учруулсан гэм буруутай албан тушаалтан хариуцах ёстой. Миний бие уг тушаалыг үйлдээгүй.

      3. Д.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг 3 шатны шүүхийн шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон учраас тушаал гарсан цагаасаа эрх зүйн үндэслэлгүй гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Уг тушаал хууль бус болох нь тогтоогдсоноор гэм буруутай этгээд нь би болох ёсгүй. Уг хууль бус тушаалын үр дагаврыг үйлдсэн этгээд нь хариуцах ёстой.

     4. Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч нь төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрхтэй гэсэн атлаа хууль зөрчин гэм буруутай албан тушаалтан, хариуцагчийг буруу тогтоож, хууль бус тушаалын улмаас хохирсон иргэнийг гэм буруутай албан тушаалтан болгож мушгин гуйвуулж, иргэнийг хохироож тогтоосон актыг зөв гэж үзсэнд гомдолтой байна.

     Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 122/ШШ2019/0010 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/01 дугаартай актаар “ажлаас чөлөөлөхөд олгосон 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 5 421 624 төгрөгийг Д.М-аар төлүүлэхээр акт тогтоожээ.

Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.М нь “...хууль бус тушаал гаргасан буруутай албан тушаалтан уг тушаалынхаа үр дагаврыг хариуцах ёстой учраас би энэ мөнгийг буцаан төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Д.М-ыг ажлаас чөлөөлж, үүнтэй холбогдуулан түүнд ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул нэгэнт түүнд нэг удаагийн тэтгэлэг олгосон Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг илт хууль бус болох нь тогтоогдсон учраас нэхэмжлэгч Д.Мд анхнаасаа 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5 421 624 төгрөг олгогдох ёсгүй байсан гэж үзнэ, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч улсын байцаагчаас актыг гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалтыг баримталсан нь буруу боловч энэ үндэслэл нь тухайн актыг хүчингүй болгох, эсхүл тушаал гаргасан этгээд актад заасан мөнгийг төлөх үүргийг хүлээнэ гэж үзэх боломжгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 122/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН