Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 020/2013/0482/з |
Дугаар | 001/ХТ2019/0058 |
Огноо | 2019-03-04 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2019/0058
Б.Баасанцэрэнгийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар иргэн Б.Пунцагт газар эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Б.Пунцагт олгосон улсын бүртгэлийн Y-2201030386 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0632 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0001 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Баасанцэрэн,
Гуравдагч Б.Пунцаг нарыг оролцуулж,
Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0632 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 18 дугаар зүйлийн 18.4.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Баасанцэрэнгийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар иргэн Б.Пунцагт газар эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Б.Пунцагт олгосон улсын бүртгэлийн Y-2201030386 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн хавсралтын 27 дахь хэсгийн гуравдагч этгээд Б.Пунцагт холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Б.Пунцагт олгосон улсын бүртгэлийн Y-2201030386 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0001 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхгэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0632 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0001 дугаарын магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.4, 52 дугаар зүйл, 53.4, 53 дугаар зүйлийн заалтыг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан байна.
5. Мөн Иргэний хэргийн Улсын дээд шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны 001/хт2018/00310 тоот тогтоолын дагуу Б.Баасанцэрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Б.Баасанцэрэнгийн 2013 оны 7 дугаар сард Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн 098 тоот өвлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 1 дүгээр сарын 22-нд хүчин төгөлдөр бусад тооцуулсан шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан байгаа билээ.
6. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Баасанцэрэн маргаан бүхий газрыг өөрийн болгох зорилгоор нийт 3 удаа нотариатын үйлдэл хууль бусаар хийлгэсэн нь илчлэгдсэн бөгөөд дээрх нотариатын үйлдлүүдийг тухай бүр шүүхийн байгууллагаар хүчингүйд тооцуулсан баримт мөн хавтаст хэрэгт байгаа болно.
7. Дээрх Б.Баасанцэрэнгийн хийлгэсэн хууль бус баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байхад түүний нэхэмжлэлийг хангасан байна.
8. Мөн Иргэний хэргийн Улсын дээд шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны 001/хт2018/00310 тоот тогтоол уншиж сонсгосон нь бичгийн хэлбэр зөрүүтэй байх тул Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан байгаа, энэхүү асуудлын шийдвэр эцэслэн гараагүй байгаа бөгөөд шийдвэр гарсан даруйд УДШ-ийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах юм. Иймд Б.Баасанцэрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Иргэн Б.Баасанцэрэнгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийг иргэн Б.Пунцагт газар эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Б.Пунцагт олгосон улсын бүртгэлийн Y-2201030386 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
10. Нэхэмжлэгчээс “Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоолоор ...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаяг бүхий 3 давхар үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Баасанцэрэн, Я.Цоодормон, Б.Пунцаг нарыг тогтоосон учир...” гэж үндэслэлээ тайлбарлажээ.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
12. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Я.Цоодормон, Б.Баасанцэрэн нарын нэхэмжлэлээр “Нотариатч Д.Цолмонгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Пунцагт олгосон 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Баасанцэрэнг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цоодормонг тус тус тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м2 талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Баасанцэрэн болон Я.Цоодормон нарыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын зоорийн өмчлөгчөөр Б.Баасанцэрэнг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд авагджээ.
13. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.Баасанцэрэнг, мөн барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.Цоодормонг тус тус тогтоосугай”...“Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаяг бүхий 3 давхар үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Баасанцэрэн, Я.Цоодормон, Б.Пунцаг нарыг тогтоож” магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн; Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрийн...тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хууль ёсны” гэсний дараа “хамтран” гэж нэмж...”...шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн; Дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаягт байрлах 140 м2 талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Баасанцэрэн болон Я.Цоодормон нарыг тогтоосон” байна.
14. Эдгээр иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгч эзэмшигчийг тогтоохдоо хэн алиныг дангаар нь тогтоогоогүй, маргаан бүхий газрыг Б.Баасанцэрэн, Я.Цоодормон нар эзэмшихээр, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Б.Баасанцэрэн, Я.Цоодормон, Б.Пунцаг нарын өмчлөлд байхаар тус тус тогтоосон байхад тэдгээрийн эзэмших болон өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй юм.
15. Шүүхийн шийдвэрт нэр заагдсан этгээдүүд нь холбогдох хууль болон дүрэм, журамд нийцүүлэн эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ авах, өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох захиргааны байгууллага хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуваарьт хөрөнгийг оролцуулан дахин шинэ акт гаргах боломжтой, гэхдээ дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжгүй, энэ тохиолдолд шүүх хэргийн агуулгаас хэтэрсэн асуудлыг шийдвэрлэхэд хүрнэ.
16. Тухайн тохиолдолд шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байжээ.
17. Тиймээс хяналтын шатны шүүх шүүхийн шийдвэрт дурдсан этгээдүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хуульд нийцүүлэн бүртгэх боломжийг олгож, маргаан бүхий бүртгэлийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна. Шүүхээс тогтоосон энэхүү хугацаанд хариуцагч захиргааны байгууллагууд нь маргаан бүхий гэрчилгээ, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан шинэ захиргааны акт гаргах нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрт нийцнэ.
18. Иймд, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0632 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0001 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар иргэн Б.Пунцагт газар эзэмшүүлэхээр олгосон хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Б.Пунцагт олгосон улсын бүртгэлийн Y-201030386 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН