Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/05052/и |
Дугаар | 221 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, “Монре даатгал”-ын байр, 506 тоот, “Дөрвөн талст экологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-18, Цагдаагийн ерөнхий газар,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-18, Мөрдөн байцаах газарт холбогдох,
Гэрээний үүрэгт буюу шинжээчийн ажлын хөлсөнд 27 293 025 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 22-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмлэгдсэн төлөөлөгч Б.Онон, Мөрдөн байцаах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч “Дөрвөн талст экологи” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, өмгөөлөгч Б.Батбаяр нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Дөрвөн талст экологи” ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, газрын нөхөн сэргээлт, газрын төлөв байдал, чанарын хяналт баталгаа болон байгаль орчны цогц үйлчилгээг хүргэх зорилготойгоор Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын тушаал болон Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын тушаалаар тус тус мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж, хамтрагч, түнш байгууллага, аж ахуйн нэгж, компаниудад чанартай ажил үйлчилгээ үзүүлэн ажиллаж ирсэн. Манай компани нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (одоогийн Улсын Мөрдөн байцаах газар)-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Мөнхбатын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч томилон шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу “Алтандорнод Монгол” ХХК-ийн эзэмшдэг Төв аймгийн Заамар сумын нутагт орших МV-012439, МV-004411, МV-005028, МV-000129, МV-000213, МV-000290 тоот, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших МV-001410 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хээрийн хэмжилтийн ажлыг өндөр нарийвчлал бүхий хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэж шинжээчийн дүгнэлт гаргасан юм. “Дөрвөн талст экологи” ХХК нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46.2.-т “Шинжээч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, тавигдсан асуултын дагуу дүгнэлт гаргана” гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хийж гүйцэтгэн мөрдөн байцаагчид хүргүүлсэн боловч шинжээчийн дүгнэлтийг гаргахад зарцуулсан зардал, ажлын хөлсийг тус байгууллагууд өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Манай компани тухайн ажлын хөлсийг холбогдох байгууллагаас баталсан жишиг үнийг удирдлага болгон тооцсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1.-д байцаан шийтгэх ажиллгааны зардлыг “хохирогч, түүний төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчид төлсөн зардал” гэж тодорхойлсон ба 99.2.-т “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах бөгөөд шүүх энэ хуулийн 100.1., 101.1., 101.2., 101.4., 101.5.-д заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэнэ” гэж, 101.3.-т “Уг хэргийг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан, түүнчлэн шийтгэгдсэн этгээд эд хөрөнгөгүй болох нь тогтоогдвол байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна” гэж заасан. Улсын Дээд Шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зөвлөмжийн 5 дугаар зүйлд “Шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдсон л бол тэрээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөгдөж байгаа эсэхийг үл харгалзан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг түүгээр нөхөн төлүүлнэ ”, 8 дугаар зүйлд “Харин хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.-д заасан үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан, түүнчлэн шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдсон хэдий ч өөрийн гэсэн эд хөрөнгөгүй бол байцаан шийтгэх ажшлагааны зардлыг нөхөн төлүүлэхгүй”,“байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тус тусын хэрэгжүүлж буй байцаан шийтгэх ажиллагааны чиг үүргийн дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүх өөрсдийн төсвийн хөрөнгөөр хариуцна” гэж тус тус заасан байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байхаар заасан. Цагдаагийн байгууллага нь төсвийн байгууллага бөгөөд төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ явуулдаг тул төсвөө захиран зарцуулах эрх нь тус хуулиар олгогдсон байна. Нэхэмжлэгчийн зүтээс хариуцагчид хандан шинжилгээний ажлын хөлсийг барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч хариуцагч нь одоог хүртэл ямар нэгэн тодорхой үйлдэл хийхгүй, манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тул шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлсний үлдэгдэл болох 27 293 025 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газар болон Улсын Мөрдөн байцаах газраас гаргуулж өгнө үү. “Алтандорнод монгол” ХХК нь шинжээчийн ажлын хөлснөөс 10 000 000 төгрөг төлсөн ба түүнийг бид хасч тооцон 27 293 025 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононгоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дөрвөн талст экологи" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын /хуучнаар/ Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн 2014250005042 тоот хэрэгт байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн болон нөхөн сэргээлтийн зардлыг тооцуулж, хохирлын үнэлгээ тогтоолгохоор “Дөрвөн талст экологи” ХХК-ийг дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилсон. Цагдаагийн байгууллагын 2014, 2015 оны төсвийн саналд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд 3,1 тэрбум төгрөг тусгуулахаар манайхаас саналаа хүргүүлсэн боловч Сангийн яамнаас дээрх зардлыг хасч баталсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5.-д зааснаар төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх зжиллагааны зардлыг төр хариуцахаар заасан. Цагдаагийн байгууллага нь Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7-д заасан нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй тохируулагч агентлаг бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, мөн зүйлийн 2-т “Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д “Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна” гэж заасан. Цагдаагийн байгууллагын төсөвт эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан зардал тусгагдаагүй. Бид 2012-2016 онуудын төсвийн гүйцэтгэлийн тайланг хэрэгт баримтаар өгсөн. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын Хууль зүйн сайдад хандан байцаан шийтгэх ажиллагааны зардалд 1 жилд 4,9 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлэх арга хэмжээ авахыг хүсч албан бичиг явуулж байсан. Уг шинжээчийн ажлын хөлс нь төлөх ёстой төлбөр гэдгийг бид ойлгож байгаа, мөнгөн дүн дээр бид маргахгүй. Хамгийн гол нь цагдаагийн байгууллагын төсөвт тусгагдаагүй учир төлөх ямар ч боломжгүй байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар, Сангийн яамны холбогдох албан тушаалтныг хамтран хариуцагчаар оролцуулан “Дөрвөн талст экологи” ХХК-ийн нэхэмжилсэн 27 293 025 төгрөгийг Засгийн газраас гаргуулж, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нөгөө талаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Улсын Мөрдөн байцаах газар нь манай байгууллагын харъяа нэгж ба тусдаа бие дааж санхүүгийн асуудал шийдвэрлэх эрхгүй, манай Цагдаагийн ерөнхий газраас санхүүлжилт нь хангагддаг юм гэв.
Хариуцагч Мөрдөн байцаах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын /хуучнаар/ Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн 201425000504 дугаартай хэрэгт байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн болон нөхөн сэргээлтийн зардлыг тооцуулж, хохирлын үнэлгээг тогтоолгохоор “Дөрвөн талст экологи” ХХК-ийг шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцахаар заасан. Цагдаагийн байгууллагын 2014, 2015 оны төсвийн саналд байцаан шийтгэх ажиллагааны зардалд 3,1 тэрбум төгрөг тусгуулахаар саналаа хүргүүлж байсан боловч Сангийн яамнаас дээрх зардлыг хасаж баталсан байна. Мөрдөн байцаах газар нь төсөв захиран зарцуулах эрхгүй, Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5.-д зааснаар төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Иймд Сангийн яамны холбогдох албан тушаалтныг хамтран хариуцагчаар оролцуулан “Дөрвөн талст экологи” ХХК-ийн нэхэмжилсэн 27 293 025 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулан, Мөрдөн байцаах газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч компани нь тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн нь үнэн. Бид шинжээчийн ажлын хөлсний хэмжээн дээр маргаан байхгүй, уг мөнгийг төлөх ёстой. Уг хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн, прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, одоо хүчин төгөлдөр болсон гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дөрвөн талст экологи” ХХК нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газар болон Мөрдөн байцаах газарт тус тус холбогдуулан шинжээчийн дүгнэлт гаргаж хүргүүлэхэд гарсан зардал буюу шинжээчийн ажлын хөлсөнд 27 293 025 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Мөрдөн байцаах газраас, манай газар нь төсөв захиран зарцуулах эрхгүй, Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж, төсөвт тусгагдаагүй тул шинжээчийн ажлын хөлсийг төлөх боломжгүй гэж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд 3,1 тэрбум төгрөг тусгуулахаар саналаа хүргүүлсэн боловч Сангийн яамнаас дээрх зардлыг хасч баталсан, төсөвт тусгагдаагүй тул төлөх боломжгүй, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5.-д зааснаар төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй, дээрх шинжээчийн ажлын хөлс 27 293 025 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулах ёстой хэмээн тус тус тайлбарлан 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/116 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын даргын “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, 2012-2015 онуудын Цагдаагийн ерөнхий газрын “Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн гүйцэтгэлийн тайлан”, 2016 оны Цагдаагийн ерөнхий газрын төсвийн санал, 2016 оны 5 дугаар сарын байдлаарх төсвийн хуваарь зэрэг баримтуудыг нотлох баримтаар гарган нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрөн маргаж байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харъяа нэгжээс бүрдэнэ” гэж заасан байх ба хариуцагч Мөрдөн байцаах газар нь Цагдаагийн ерөнхий газрын харъяа нэгжид хамаарч тус газраас үйл ажиллагааны санхүүжилтийг нь хариуцдаг болох нь хариуцагч нарын тайлбар, 2012-2015 онуудын Цагдаагийн ерөнхий газрын “Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн гүйцэтгэлийн тайлан”, 2016 оны Цагдаагийн ерөнхий газрын төсвийн санал, төсвийн хуваарь зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын харъяа нэгж болох Мөрдөн байцаах газар /Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс/-ын мөрдөн байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол”-р эрүүгийн 2014250005042 дугаартай “Алтандорнод монгол” ХХК /Т.Ганболд/-д холбогдох хэрэгт тус компанийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших МV-012439, МV-004411, МV-005028, МV-000129, МV-000213, МV-000290 дугаартай, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших МV-001410 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоох, байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн болон нөхөн сэргээлтийн зардлыг тооцож, хохирлын үнэлгээг тогтоолгон шинжилгээ хийлгэхээр нэхэмжлэгч “Дөрвөн талст экологи” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Мөрдөн байцаагчийн дээрх тогтоолын дагуу нэхэмжлэгч нь шинжилгээг явуулж “Төв аймгийн Заамар сум, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах “Алтандорнод монгол” ХХК-ийн МV-012439, МV-004411, МV-005028, МV-000129, МV-000213, МV-000290, МV-001410 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад хийсэн шинжээчийн дүгнэлт”-ийг үйлдэн, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчид шинжилгээний ажлын зардал 37 293 025 төгрөг болсон тухай төсөвт өртгийн задаргааны тооцоолол, нэхэмжлэхийн хамт уг шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол”, нийт 22 хуудас, 7 хувь байр зүйн зураг бүхий шинжээчийн дүгнэлт, “Дөрвөн талст экологи” ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15/1-30-07 тоот албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож, талууд энэ талаар болон шинжилгээний ажлын зардлын хэмжээ /37 293 025 төгрөг/, түүнийг тооцсон талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн...гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын харъяа, хариуцагч Мөрдөн байцаах газрын захиалгаар нэхэмжлэгч нь мөрдөн байцаагчийн тогтоолд заасан шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр уг тогтоолтой танилцаж хүлээн авснаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.3.-т заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь мөрдөн байцаагчийн тогтоолд заасан, хариуцагчийн захиалсан ажлыг гүйцэтгэн, ажлын үр дүн болох дээрх шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагчид хүлээлгэн өгч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2.-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заажээ.
Хэдийгээр талууд гүйцэтгэсэн ажлын хөлсийг тохиролцоогүй, хэрэгт хариуцагчийн захиалсан, мөрдөн байцаагчийн тогтоолд заасан ажлыг гүйцэтгэхэд мөрдөх жишиг үнэлгээний жагсаалт авагдаагүй байх боловч “Дөрвөн талст экологи” ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15\1-30-07 тоот албан бичигт “...шинжээчээр ажиллахад гарсан холбогдох зардлыг яаралтай барагдуулж өгнө үү...” гэж, шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан “Төсөвт өртөгийн задаргаа” гэсэн баримтанд “...Нийт дүн...37 293 025, Баримталсан ном: Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ БД 81-103-13, Ажлын зэрэг: 3.1.11 т IV зэрэг, 1 гектарын жишиг үнэ 64 975 төгрөг” гэж тус тус дурдсан, үүнийг тухайн үед хариуцагч тал хүлээн зөвшөөрч ажлын хөлс нийтдээ 37 293 025 төгрөг болсон талаар, уг ажлыг хөлсийг тооцсон аргачлалын талаар маргаагүй нь зохигчдын тайлбараар нотлогдсон байна.
Дээрх хуулийн заалтын дагуу захиалагч буюу хариуцагч байгууллага нь шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл болох 27 293 025 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
2014, 2015 онуудад Цагдаагийн ерөнхий газраас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд 3,1 тэрбум төгрөгийг төсөвтөө тусгаж байсан гэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны “Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн гүйцэтгэлийн тайлан” болон 2016 оны төсвийн саналд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал тусгагдаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй буюу хариуцагч байгууллагаас гаргасан 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/116 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын даргын “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, 2012-2015 онуудын Цагдаагийн ерөнхий газрын “Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн гүйцэтгэлийн тайлан”, 2016 оны Цагдаагийн ерөнхий газрын төсвийн санал, 2016 оны 5 дугаар сарын байдлаарх төсвийн хуваарь зэрэг баримтууд нь хариуцагч байгууллагуудыг гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэлийг буюу шинжээчийн ажлын хөлс төлөхөөс чөлөөлөх үндэслэлийг нотлохгүй болно.
Мөн түүнчлэн эрүүгийн 2014250005042 дугаартай “Алтандорнод монгол” ХХК /Т.Ганболд/-д холбогдох хэргийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурорын 859 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1., 208 дугаар зүйлийн 208.1.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1.-д шинжээчид төлсөн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарах ба мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3.-д “уг хэргийг энэ хуулийн 24.1.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгосон...нь тогтоогдвол байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна” заасан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д зааснаар цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэхээр, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34.-д зааснаар цагдаагийн байгууллага нь төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээгээ явуулдаг төсвийн байгууллага тул эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны чиг үүргийнхээ дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг өөрийн төсөвтөө тусгаж, төсвийн хөрөнгөөр хариуцах үүрэгтэйг ч давхар дурдах нь зүйтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч Мөрдөн байцаах газар нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын харъяа нэгж байх тул Мөрдөн байцаах газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 27 293 025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дөрвөн талст экологи” ХХК-д олгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 344 дүгээр зүйлийн 344.2.-т заасныг баримтлан хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 27 293 025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дөрвөн талст экологи” ХХК-д олгож, хариуцагч Мөрдөн байцаах газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 294 420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.