Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00925

 

 

 

 

 

2024 05 01 210/МА2024/000992

 

 

хххххх, ххххххххх, ххххххх

нарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01227 дугаар шийдвэртэй,

 

хххххх, ххххххххх, ххххххх нарын нэхэмжлэлтэй,

хххххх-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 47,419,357 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч ХХХХХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ххххххххх, ххххххххх, хххххх нар тус тус хххххх-тай түрээсийн гэрээ байгуулан Таван толгой Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын тээврийн авто зам байгуулах төсөлд барилгын ажил гүйцэтгэхээр болсон.

Бид 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дуустал хугацаанд ажилласан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 сарын дуустал хугацааны түрээсийн төлбөрөө авсан бөгөөд 8 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдрийг дуустал хугацааны түрээсийг төлбөрийг бидэнд төлөөгүй.

2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийг хххххххад түрээсийн төлбөр 20,322,581 төгрөг, хххххххххт төлбөр 6,774,194 төгрөг ххххххд түрээсийн төлбөр 6,774,14 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бид автогрейдер түрээсээр ажиллуулах тухай гэрээг байгуулсан. ххххххх нь 2022 оны 07 дугаар сард 19 хоног ажиллаж Үндэсний их баяр наадмаар 10 хоног бүх нийтээрээ амарч ажиллаагүй хэдий ч инженерүүдийн хүссэнээр бүтнээр олгон 8 сарын төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон.

Гэтэл ххххххх нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 156 литр түлш авсан байсан мөртлөө 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 184 литр түлш нэмж, нийт 402 литр түлш /402х3,500 төгрөгөөр бодоод 1,407,000 төгрөг/ манай компаниас авсан хэдий ч гэрээний ямар ч ажлыг хийж гүйцэтгээгүй.

2.2. ххххххххх 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр түрээсээр ажиллах гэрээг манай компанитай байгуулсан. 2022 оны 8 сарын түрээсийн төлбөрт 18,387,096 төгрөг төлөх ёстой байсан, тэрээр 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлаа орхин явсан болно.

2.3. хххххх 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай компанитай түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн төлбөрийг 19 хоног ажилласан 6,129,032 төгрөгийг олгохоор тооцсон.

2.4. ххххххх, ххххххххх, хххххх нар нь 2022 оны 8 дугаар сарын 19, 21-ний өдөр ажлаа орхин явцгаасан. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-д Түрээслүүлэгч нь гэрээний хугацаагаа дуусгахгүй ажлын талбайгаас буцсан тохиолдолд түрээсийн төлбөрийг олгохгүй гэж харилцан тохиролцож заасан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч хххххх-иас түрээсийн гэрээний үүрэгт ххххххх /Сон и эн си ХХК/-д 20,322,582 төгрөгийг, ххххххххх /Прайд транс ХХК/-т 20,322,582 төгрөгийг, хххххх /Хаан банк ХХК/-д 6,129,026 төгрөгийг, нийт 46,774,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч ххххххгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 645,167 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 391,821 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Автомашин түрээсийн гэрээний 5.4-т түрээслэгчийн эрх, үүрэгт ажил хаяад явах юм бол түрээсийг олгохгүй гэж заасан. Нэхэмжлэгч нар 2 хоногийн шатахуунаа хангаж аваад ажлыг хаяж явсан. Үүний улмаас бид төсөл хэрэгжүүлэх боломжгүй болж гэрээ байгуулсан компанитай тооцоо нийлээд төслийг дуусгаж чадалгүй явсан. Гэрээний 5.4-т зааснаар түрээсийн төлбөрийг өгөх боломжгүй гэж гомдол гаргасан, үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна гэв.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч хххххх, ххххххххх, ххххххх нар нь хариуцагч хххххх-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 47,419,357 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Хариуцагч хххххх-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 47,419,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч хххххх, ххххххххх, ххххххх нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01227 дугаар шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч нарыг иргэн ххххххх, ххххххххх, хххххх нараар тодорхойлсон атлаа Сон и эн си ХХК, Прайд транс ХХК, Хаан банк ХХК-ийг тус тус дурдсан нь ойлгомжгүй, тодорхойгүй болжээ.

 

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ учиртай бөгөөд ийнхүү биелэгдэх нь тодорхойгүй болгожээ.

 

4. Түүчнлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч хххххх, ххххххххх, ххххххх нар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй эсэх, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулах ажиллагаа хийгээгүй байна.

Учир нь маргаан бүхий түрээсийн гэрээнүүдийг нэг талаас иргэд нөгөө талаас хуулийн этгээд байгуулсан байх боловч түрээсийн гэрээнд хавсаргасан итгэмжлэлийн агуулгыг тус тус тодорхойлж хэргийг шийдвэрлэх байжээ.

 

4.а. Тухайлбал Сон и эн си ХХК-иас иргэн хххххххад 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлд автогрейдерийг түрээслэх, төлбөр тооцоог нэхэмжлэхийг итгэмжилж байна гэж заасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон эсэх, түрээсийн зүйл болсон автогрейдерын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Сон и эн си ХХК-ийг өмчлөгчөөр 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн байдал өөрчлөгдсөн эсэх, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж буй эсэхийг тус тус тодруулах учиртай.

 

4.б. хххххххххтай байгуулсан түрээсийн гэрээнд заасан түрээсийн зүйл болох 70-36 УНТ, 76-57 УАА, 71-96 УНВ гэж тодорхойлсон улсын дугаатай тээврийн хэрэгслүүд нь гэрчилгээгээр Прайд транс ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүйгээс давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна. /1 хх 134-136 дахь тал/

 

4.в. ххххххтай байгуулсан түрээсийн гэрээний зүйл болох 98-66 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрчилгээгээрээ Хаан банк ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй гэж тодорхойлогдохоор боловч уг гэрчилгээ нь хуулбар баримтаар хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримт нь эх хувь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагад нийцээгүй. Энэ зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. /1 хх 70 дахь тал/

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр хэргийг дахин шийвэрлүүлэхээр болсон тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,821 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА