Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Д.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдуулан Д.Х-д холбогдох эрүүгийн 1806 03932 0135 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Х

Холбогдсон хэргийн талаар:

Д.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчин дээд сургуулийн орчим иргэн М.Мөнхдалайн “Рэдим нөүт” маркийн гар утсыг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж худал хэлж авч залилж бусдад 416.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Хохирлоо бага багаар төлөх гэсэн боловч хохирогч бүгдийг нь нэг дор төлүүлж авна гээд байсан тул төлж чадаагүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнхдалайн өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 20-ны оройн 21 цагийн орчимд “Их засаг” их сургуулийн ойролцоо машинтайгаа явж байтал зүс таних Д.Х замын хажууд зогсож байхаар нь машиндаа суулгаж гэрт нь хүргэж өгөхөөр болоод “Газарчин” дээд сургуулийн чигт явсан. Газарчин сургуулийн үүдэнд ирээд надаас миний гар утсыг гуйж нэг яриулчих гэхээр нь өгтөл авч буун бие засангаа хүнтэй яриад 15 минут орчмын дараа буцаж орж ирсэн. Тэгээд  би гар утсаа буцаагаад авах гэтэл надад би бие засаж байгаад хаячихсан байна гэхээр нь бид  хоёр  бууж түүний бие зассан гэх” Газарчин” дээд сургуулийн урд байрлах хогийн пункер хэсэгт хайсан олдоогүй. Би яагаад 15 минут болсон талаар асуутал ээж доороос ирээд би гэртээ оруулж өгчихөөд гарч ирлээ гэсэн ба миний гар утсыг ойрын хугацаанд төлж өгнө гэдгээ хэлээд бид  хоёр салсан ба түүнээс хойш залгахад утас нь холбогдохгүй болчихсон гэрт нь удаа дараа очиход гэртээ байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Х : ...Би 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найз Мөнхдалайгийн гар утсыг худлаа алга болгочихсон гэж хэлээд дэлгүүрт тавьчихсан юм. Одоо тэр дэлгүүрийнх нь хүн байхгүй болохоор утсыг нь буцааж авч чадахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

- Шүүгдэгч Д.Х  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Д.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчин дээд сургуулийн орчим иргэн М.Мөнхдалайн “Рэдим нөүт” маркийн гар утсыг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж худал хэлж авч залилж бусдад 416.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Мөнхдалай, яллагдагчаар өгсөн Д.Хнарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Х бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч М.Мөнхдалайд хохирол төлбөр төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Хнь цагдан хоригдсон хоноггүй байна

Шүүгдэгч Д.Х нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 803 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялаас зайлхийсэн тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №762 дугаартай шүүгчийн захирамжаар 1 сар 17 хоногийн хорих ялаар сольж биеэр эдэлсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 27, 65-67 дугаар тал/

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Х-г 07 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Х 07 /долоон/ сарын хугацаагар оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Х-с /РД:ДС99031671/ 416.000 /дөрвөн зуун арван зургаан мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Мөнхөөгийн Мөнхдалайд /РД:АЯ95032730/ олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Х цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ