Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/05435/и |
Дугаар | 21 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж, 160 тоотод оршин суух, эмэгтэй, ЧЕ82011500 дугаарын регистртэй, Хатгин овогт Шагдарсүрэнгийн Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж, 160 тоотод оршин суух, эрэгтэй, ЖЮ82061679 дугаарын регистртэй, Моодгон харган овогт Төмөрбаатарын Нэмэхбаярт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 02-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Нарангэрэл, хариуцагч Т.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Нарангэрэлээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Т.Нэмэхбаяртай 2000 онд танилцаж, 2003 оноос хамт амьдраад 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хадам аавынд хамт амьдарч байсан. Бидний дундаас 2009 оны 6 дугаар сарын 11-нд хүү төрсөн боловч 5 хоноод нас барсан. Нөхөр маань 2010 онд Солонгос улс руу сургуульд явсан. Ингээд ирэн очин л явж байсан. 2012 оны 5 дугаар сарын 07-нд охин Н.Ундрам төрсөн, тэгээд өвчний улмаас 10 дугаар сарын 11-нд нас барсан. Нөхөр маань 2014 оны 6 дугаар сард сургуулиа төгсөж ирсэн. Би жирэмсэн байсан ба 2014 оны 10 дугаар сарын 22-нд охин Н.Сүндэръяа төрсөн. Энэ охиныгоо төрөхөөс өмнө би өөрийнхөө ээж дээр очсон байсан. Бид 2014 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Цаашдаа бид хамт амьдрах боломжгүй, нөхөр өөр гэр бүлтэй болсон. Бид ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон. Би охиноо өөрийн асрамжинд авч, хүүхэддээ оногдох тэтгэлгийг хуулийн дагуу тогтоолгоно. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдээ цаашид аавтай нь холбоотой байлгана гэв.
Хариуцагч Т.Нэмэхбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 оноос хамт амьдарч гэр бүл болсон. 2010 онд би Солонгос улсад явж маркетингийн менежерийн магистрын зэрэг хамгаалсан. Бид 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 3 хүүхэд төрсөн боловч анхны хүү, охин 2 маань хүн болж чадаагүй нас барсан. Охин Сүндэръяаг төрөхөөс өмнө би эхнэрээсээ салж өөр амьдралтай болсон байсан. 2014 оноос хойш бид хамт амьдраагүй. Би нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хуулинд зааснаар би охиндоо төлөх тэтгэлгийг төлнө. Бид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Нарангэрэл нь хариуцагч Т.Нэмэхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.Нарангэрэл, хариуцагч Т.Нэмэхбаяр нар 2003 оноос эхлэн хамтран амьдарч, тэдний дундаас 3 хүүхэд төрсөн боловч 2009 оны 6 дугаар сарын 11-нд төрсөн хүү, 2012 оны 5 дугаар сарын 07-нд төрсөн охин Н.Ундрам нар нас барсан байна.
Гэрлэгчид нь 2008 оны 8 дугаар сарын 20-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, 2014 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн охин Н.Сүндэръяа нь эх Ш.Нарангэрэлийн асрамжинд амьдарч байгаа болох нь 1125003953 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, Г-1452 тоот гэрлэлтийн гэрчилгээ, Н.Ундрамын Г-2825 тоот төрсний болон 0000106126 тоот нас барсны гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.
Гэрлэгчид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа, хариуцагч Т.Нэмэхбаяр нь бусадтай гэр бүлийн харьцаатай болсон зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэн гэрлэгчдийн гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид охин Н.Сүндэръяаг ээжийнх нь асрамжинд байлгах талаар харилцан тохиролцож маргаагүй болно.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эх Ш.Нарангэрэлийн асрамжинд үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг эх нь насанд хүрээгүй….хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь өөрийн охин Сүндэръяагтэжээн тэтгэх үүрэгтэй.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31 003 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.4.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч Хатгин овогт Шагдарсүрэнгийн Нарангэрэл, хариуцагч Моодгон харган овогт Төмөрбаатарын Нэмэхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2014 оны 10 дүгээр сарын 22-нд төрсөн охин Н.Сүндэръяаг эх Ш.Нарангэрэлийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар охин Н.Сүндэръяаг 11 нас хүртэл нь тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Нэмэхбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг гэснийг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хурамжид 31 003 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.