Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00965

 

 

 

 

 

2024 05 06 210/МА2024/000965

 

 

ххххххххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01126 дугаар шийдвэртэй,

 

ххххххххххх-ийн нэхэмжлэлтэй,

ххххххд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96,490,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, З.Анхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

ххххххххххх нь ххххххтай 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр АҮ/2102 дугаартай үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээний дагуу тухайн үеийн хххххх буюу одоогийн Хөдөө аж аж ахуйг дэмжих корпорацид 2,000 тонн улаан буудайг 1 кг-ийг 1,450 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцож байсан.

Дээрх гэрээний дагуу нийлүүлсэн 964,9 тонн үрийн улаан буудай нийлүүлсэн, нийт үнэ нь 1,000,399,105 төгрөг болсон байдаг. Үүнээс хххххх нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 357,725,250 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 944,889,750 төгрөгийг тус тус төлсөн. Нийт төлбөр болох 1,000,399,105 төгрөгөөс 1,000,302,615 төгрөгийг төлсөн.

Үүнээс үлдэгдэл төлбөр болох 96,490,000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хөдөө аж ахуйг дэмжих корпораци төрийн өмчит компани нь төрөөс хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх дэмжлэгийг хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлэх, зээлийн бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлийн үйл ажиллагааны байгууллага.

Манай байгууллага нь ххххххххххх-тай 2010 оноос хойш хамтран ажиллаж, хэд хэдэн удаагийн хүсэлтийн дагуу урт хугацааны дэмжлэг олгож, зарим төсөлд хамтран ажиллаж ирсэн.

Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан АҮ/2102 дугаартай үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба тус гэрээнд 2000 тонн үрийн улаан буудайг нийт 1 тонн тутмыг 1,450,000 төгрөгөөр худалдан авч, нийт 2,900,000,000 төгрөг төлөхөөр болсон.

Гэрээний нийт үрийн улаан буудайн үнийг Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит компани гэрээнд заасны дагуу тус компанийн олон жилийн төлбөрийг бүгдийг нь суутгаж авахгүйгээр уян хатан нөхцөлөөр нийтдээ 1,302,000,615 төгрөг шилжүүлж өгсөн ба үлдэгдэл 96,494,000, төгрөгийг 548,324,180 төгрөгөөс хасаж тооцож суутгаж авсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. хххххх нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, хөрөнгө, өртөг, авлага нь Хөдөө аж ахуйг корпораци төрийн өмчит компанид шилжсэн, эрх залгамжлан авагч юм.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Үрийн буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96,400,000 төгрөгийг хариуцагч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ххххххххххх-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 640,400 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Талуудын маргаан нь ххххххххххх нь ххххххгийн хооронд өмнө өр төлбөртэй байсан эсэх асуудал байх бөгөөд хэрэгт авагдсан ххххххххххх-ийн төлөөлөгчийн газартай байгуулсан гэрээгээр ххххххд өр төлбөрийн асуудал байгаа нь тогтоогддог.

Нэхэмжлэгч талаас нэхэмжпэл гаргахдаа энэ талаар дурдаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад ххххххххххх-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа гэх баримтыг нотлох баримтаар гаргаж, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Санхүүгийн түрээс, Өр төлбөр шилжүүлэх гэрээг ххххххххххх байгуулж байгаагүй, ххххххххххх нь төлөөлөгчийн газартай байгаагүй, Н.Цэрэнбат гэж захирал байгаагүй гэх тайлбарыг хурлын явцад гаргаж мэтгэлцжээ.

Эндээс үзэхэд нэхэмжпэгч нь нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гэх эргэлзээтэй баримтыг үндэслэн төлөөлөгчийн газар байгаагүй, өр төлбөргүй гэх мэт худал тайлбар гаргаж бодит байдлыг нуун дарагдуулсан, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байдалд нөлөөлсөн байна. Энэхүү эргэлзээ бүхий байдал шүүх хуралдааны явцад гаргасан шинэ баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үүссэн байхад Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж зааснаар шалгаагүй байна. Харин тус баримт тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасныг зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Талууд гэрээний дагуу авсан, өгсөн талаар маргахгүй байгаа. Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгож болно. Хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ххххххгийн Ажлын албанаас Санхүү хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн албан бичигт ххххххххххх нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тус санд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болно гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзвэл ххххххххххх нь 2020 онд ямар нэгэн төлбөргүй байсан. Гэтэл төлбөртэй мэтээр тайлбарлаад байгаа тайлбар үндэслэлгүй юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдсан. Хэрэв салбар, төлөөлөгчийн газартай байсан бол нэмэлт мэдээлэлд салбар, төлөөлөгчийн газар нь хаана, хэзээ байгуулагдсан, хэзээ татан буугдсан талаар мэдээлэл байх ёстой. Салбар, төлөөлөгчийн газар огт байгаагүй учраас ийм мэдээлэл байхгүй. Салбартай байсан эсэхийг шалгах ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. ххххххххххх-ийн төлөөлөгчийн газрын захирал Н.ХХХХ гээд гарын үсэг зурсан хүн нь манай компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаагүй, тухайн хүнтэй хөдөлмөрийн гэрээний харилцаа байгаагүй. Гэтэл салбар, төлөөлөгчийн газартай мэтээр тайлбарлаж хийсэн гэрээ нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2011, 2012 оны гэрээнүүдэд суутган тооцсон гэдэг. хххххх 2011, 2012 оны гэрээний төлбөрийг яагаад 2024 он хүртэл шаардаагүй юм бэ, энэ өр төлбөрийн талаар яагаад өмнө нь мэдэгдээгүй юм бэ. 2020 онд төлбөргүй гэснээ 2024 онд гэнэт төлбөртэй болох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ххххххххххх нь хариуцагч ххххххд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96,490,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаар ххххххг тодорхойлсон байх ба анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчийг хххххх гэж заажээ. /хх-11/

 

4. Хариуцагч тал тайлбар гаргахдаа эрх зүйн байдлаа ХХХХХХХХХ гэж тодорхойлж, улсын бүртэлийн гэрчилгээ болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/553 тоот тушаалыг баримтаар гаргаж өгсөн байна. Энэ тохиолдолд хариуцагчаар тодорхойлсон Хөдөө аж ахуйн дэмжих сан байгаа эсэх, байхгүй бол эрх, үүргийг нь шилжүүлж авсан этгээдээр хариуцагчийг солих эсэх асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэх байтал шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй болжээ.

 

5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Ийнхүү хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгдтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА